Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 96

 

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж, Нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр Улсын яллагч Т.Дэлгэрсайхан Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******д холбогдох 1833001190087 дугаар тай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт Монгол улсын иргэн, Увс аймгийн Тэс суманд 1975 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл-8 эхнэр, 6 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2 дугаар баг, Талын цохио гэх газарт оршин суух, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Борлууд овогт ******* /РД:ОО-/ Холбогдсон хэргийн талаар Шүүгдэгч Сүхээ нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2 дугаар багийн нутаг, Мухар бүдүүн гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд мод, бэлтгэж, өөрийн эзэмшлийн 63-04 ДАР улсын дугаартай HYUNDAI Porter маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн байгаль экологид 25704 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай эсэх талаар: Шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 1833001190087 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд шилжүүлсэн хэргийг шүүх Эрүүгийн хуульд заасан Хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2 дугаар багийн нутаг Мухар бүдүүн гэх газраас хууль бусаар зөвшөөрөлгүйгээр 0.2м3 хуурай шинэс мод, 0.2м3 хуурай улиас, 0.03м3 нойтон шинэс мод нийт 0.43м3 модыг ойд бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг өөрийн эзэмшлийн 63-04 ДАР улсын дугаартай HYUNDAI Porter маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд экологи эдийн засгийн үнэлгээгээр 25704 төгрөгийн буюу ойн санд учруулсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлснээр тооцож 77112 төгрөгийг хохирлыг учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтаар тогтоогдсон, шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт холбогдсон хэргээ хүлээн мэдүүлсэн байх тул уг гэмт хэрэгт шүүгдэгч *******г гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар эрүүгийн 1833001190087 тоот хавтаст хэргээс шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би 2017 онд Төв аймгийн Цээл сумаас хонины хашаа худалдаж авсан юм. Уг хашааны хэдэн мод дутуу байсныг сэлбэж янзлахаар 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2 дугаар баг, Мухар бүдүүн гэх газраас ширхэг шинэс, улиас зэрэг нийт 14 ширхэг модыг бэлтгэж, өөрийн эзэмшлийн портер маркийн 63-04 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр ачиж яваад Мухар бүдүүний амнаас уруудаж яваад байгаль хамгаалагч нарт баригдсан. Би өөрийн гэм буруугаа ойлгож, холбогдсон хэргээ хүлээн зөвшөөрч байна. хуульд заасан ял шийтгэл хүлээхэд гомдолгүй. ...гэх мэдүүлэг, 1.Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/Хх-ийн 2 дугаар хуудас/ 2.Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэн/Хх-ийн 3-4 дүгээр хуудас/ 3.Шүүгдэгч *******гийн эзэмшлийн HYUNDAI Porter маркийн 63-04ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар/Хх-ийн 6 дугаар хуудас/ 4.Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын тамгын газрын үнэлгээ тогтоох комиссын акт/Хх-ийн 10 дугаар хуудас/ 5.Орхон бүсийн Сум дундын Ойн ангийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №05 дугаартай Экологи эдийн засгийн үнэлгээ: Тогтоох хэсэг: 1.Сэлэнгэ аймгийн Сант сумын иргэн *******гийн зөвшөөрөлгүй бэлтгэсэн хэрэглээний зориулалттай шинэс, улиангар төрлийн модонд хэмжилт хийхэд 0.43м3 хэмжээтэй байна. Үүнээс шинэс 0.2м3 хуурай мод, 0.03м3 хойтон шинэс мод, 0.2м3 хуурай улиангар мод тус тус байна. 2.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны №394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу экологи эдийн засгийн үнэлгээг тооцон үзэхэд: 3-р мужийн ойн сангийн 1м3 бүхий төрлийн хэрэглээний хуурай модны экологиэдийн засгийн үнэлгээ нь 28500 төгрөг байна. Нийт бэлтгэсэн шинэс,улиангар төрлийн модонд хэмжиж дүгнэхэд 0.4м3 х 28500 х 1.8=20520 төгрөг болно. Хэрэглээний нойтон шинэс модны 1м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 96000 төгрөг байна. Бэлтгэсэн нойтон модны үнэлгээ нь 0.03м3 х 96000 х 1.8=5184 төгрөг болж байна. Нийт 25704 төгрөг болж байна. 3.Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалт, Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг үндэслэн хууль бусаар мод бэлтгэсэн иргэн ******* нь экологи эдийн засгийн үнэлгээгээр нийт 25704 төгрөгийн хохирол учруулсан байна. 4.Ойн сангийн 1 шоо метр модны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтыг хавсаргав. ...гэх дүгнэлт/Хх-ийн 15 дугаар хуудас/ 6.Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №18-04-334/426 дугаартай Үнэлгээ баталгаажуулах тухай дүгнэлт: Дүгнэлт хэсэгт: 1.Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 3 дах заалтын дагуу байгаль орчинд учруулсан хохиролд нөхөн төлбөр оногдуулах үндэслэлтэй тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 1-д Ойн санд учруулсан хохиролд нөхөн төлбөрийг тооцоход Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заасан “Ойн санд учруулсан хохирлыг ойн экологи , эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж тооцохоор тогтоосон тул 25704 төгрөгийг нэмэгдүүлж 77112 төгрөг байна. 2.Иргэн *******гийн үйлдлээс ойн санд учруулсан хохирлын хэмжээг 77112 төгрөгөөр тогтоов. ...гэх дүгнэлт/Хх-ийн 23 дугаар хуудас/ 7. Шүүгдэгч *******гийн эзэмшлийн 63-04 ДАР улсын дугаартай HYUNDAI Porter маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тэмдэглэл/Хх-ийн 28 дугаар хуудас/ 8.Гэрч Ч.Төгсбаатар хэрэг бүртгэх ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр санагдаж байна. Сант сумын 2 дугаар багийн нутаг Мухар бүдүүн гэх газрын чиглэлд байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эргүүл шалгалтаар явж байсан юм. Тэгээд байгаль орчны хяналтын улсын байцаагч, нөгөө байгаль хамгаалагч нарын хамт явж байхад Мухар бүдүүний амнаас цагаан өнгийн портер уруудаж явахаар нь очоод шалгахад хойноо мод ачсан байсан. Тэгээд модыг нь шалгахад улиас, шинэс төрлийн мод байсан.******* нь мод бэлтгэх эрхийн бичиг байгаагүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 38 дугаар хуудас/ 9.Хохирогч Б.Мөнхдаваа хэрэг бүртгэх ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 10 дугаар сарын сүүлээр санагдаж байна. Сант сумын 2 дугаар багийн нутаг Мухар бүдүүн гэх газрын чиглэлд эргүүл шалгалтаар явж байсан юм. Тэгээд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөгөө байгаль хамгаалагч нарын хамт явж байхад Мухар бүдүүний амнаас цагаан өнгийн портер уруудаж явахаар нь очоод шалгахад хойноо мод ачсан байсан тэгээд модыг нь шалгахад улиас төрлийн мод байсан. Сүхээд мод бэлтгэх эрхийн бичиг байгаагүй, тухайн үед Сэлэнгэ аймгийн хэмжээнд ой хаачихсан байсан болохоор гоожин олгоогүй байсан. Ойн санд учруулсан хохирлыг нь төлүүлмээр байна. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 40 дүгээр хуудас/ 10.Шүүгдэгч ******* яллагдагчаар мэдүүлэгтээ:...Би 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дутуу барьсан өвөлжөөгөө дуусгах санаатай уул руу гарч мод бэлтгэхээр явсан. Манай дүү Сумъяа гээд залуу бид нар хамт өвөлждөг ба би Сумъяад хандаж би өвөлжөөгөө дуусгах гэж байна Мухар бүдүүнээс мод олж ирнэ гэж хэлсэн чинь тэгвэл би хамт яваад замдаа намаржаанд үлдээсэн жижиг машиныхаа кропыг авчихъя гээд хамт суусан. Бид миний эзэмшлийн портер маркийн 63-04 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суугаад би жолоодоод миний хажуугийн суудал дээр Сумъяа суугаад явсан. Бид хоёр явсаар байгаад Мухар бүдүүн гэх газарт очихоос өмнө наад талд Сумъяаг намаржаан дээр нь буулгаад би цаашаа ганцаараа явсан. Мухар бүдүүн гэх газарт унасан байсан 7 ширхэг улиангар, 1 ширхэг хуурай гишүү байсныг авч машиныхаа ачаан дээр тавиад дараа нь би сүхээ барьж байгаад мод бэлтгэхээр болсон. Би сүхээрээ үндэс хэсэг нь түймэрт автаж харласан ургаагүй босоо байсан нарийн шинэс төрлийн 8 ширхэг модыг цавчиж авсан. Уг 8 ширхэг шинэс төрлийн модыг голоор нь хуваагаад машиныхаа тэвш дээрээ ачсан. Уг моднуудыг ачаад буцах замдаа Сумъяаг суулгаад явсан. Тэгсэн замд цагдаа, ойн байцаагч нар таараад миний тээвэрлэж явсан моднуудыг хураасан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 47-48 дугаар хуудас/ 11.Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа/Хх-ийн 51 дүгээр хуудас/ 12.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/Хх-ийн 64 дүгээр хуудас/ 13.Шүүгдэгч *******гээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн 70 дугаар хуудас/ 14.Ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлсөн тухай Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт/Хх-ийн 71-72 дугаар хуудас/ 15.Хохирогч *******ийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэсэн хүсэлт./Хх-ийн 73 дугаар хуудас/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь зүйтэй гэж дүгнэлээ. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас нотлох чадвараа алдсан болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй байгаа, шүүгдэгч ******* шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хохирогч, гэрч нараас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр шүүгдэгчээс холбогдсон хэргээ үнэн зөв мэдүүлсэн болохыг давхар нотолсон ба шүүгдэгч холбогдсон хэргээ хүлээн мэдүүлсэн, хэргийн үйл баримт, зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, холбогдсон хэргээ хүлээн мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Б.Мөнхдаваа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, хуулийн зүйчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна. Хоёр: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тал Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргасан, мөн хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэн хэргийн зүйчлэл, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгож, шүүгдэгчээс 1000000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хэргийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн улсын яллагчийн саналын дагуу дээрх ял шийтгэлийг хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй сүхийг, шүүхэд шилжиж ирсэн шүүгдэгч *******гийн эзэмшлийн HYUNDAI Porter маркийн 63- 04ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаад, энэ гэмт хэргийн улмаас HYUNDAI Porter маркийн 63- 04ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан 0.2м3 хуурай шинэс мод, 0.03м3 хойтон шинэс мод, 0.2м3 хуурай улиангар модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжлэлээс чөлөөлж улсын орлого болох нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Борлууд овогт *******г хууль бусаар зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг тээвэрлэж ойн санд 77112 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000/дөрвөн зуун тавь/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* нь 450000 төгрөгөөр торгосон торгох ялыг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******гийн хөрөнгө, орлогоос 1000000/нэг сая/ төгрөгийг албадан гаргуулж улсын орлого болгосугай.

6.Шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас ойн санд учирсан 77112 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болохыг дурдсугай.

8.Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

9.Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй сүхийг, шүүхэд шилжиж ирсэн HYUNDAI Porter маркийн 63-04ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******д буцаан олгохыг шүүгчийн туслах Б.Үржинхандад даалгаж, гэмт хэргийн улмаас шүүгдэгч *******гийн эзэмшлийн HYUNDAI Porter маркийн 63-04ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдсан 0.2м3 хуурай шинэс мод, 0.03м3 хойтон шинэс мод, 0.2м3 хуурай улиангар модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжлэлээс чөлөөлж улсын орлого болгосугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

13.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ