Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00617

 

 

 

 

 

 

 

 

 

     2023         03         23                                         210/МА2023/00617

 

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2022/03621 дугаар шийдвэртэй,

Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Х” ХХК-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 264,424,395 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т, түүний өмгөөлөгч А.З,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “Х” ХХК-тай 2022 оны 04 сарын 21-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр сэндвич дээвэр 10см 3,262м, сэндвич хана 15см 3,135.12м, дагалдах нугалаа 665.1 м.кв нийт 515,000,000 төгрөгийн бараа материалыг захиалсан. Захиалсан материалаас 2022 оны 04 сарын 29-ний өдрөөс 2022 оны 05 сарын 07-ны өдөр хүртэл 7 удаа 2,808.06м сэндвич хана, 1м-ийг 91,300 төгрөгөөр худалдан авсан. Нийт худалдан авсан сэндвич ханын үнэ 256,375,878 төгрөг болсноос 100,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 156,375,878 төгрөгийг өнөөдрийг хүртэл хариуцагч төлөөгүй байна.

Сэндвич хавтан худалдах, худалдан авах гэрээний 5.3-д зааснаар талууд гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол буруутай тал нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг хоног тутам төлнө. Гүйцэтгээгүй үүргийг тодорхойлох боломжгүй тохиолдолд гэрээний нийт дүнгээр тооцно гэж заасан. Хариуцагч нь гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрт 156,375,878 төгрөг, алданги 78,187,939 төгрөг, нийт 234,563,817 төгрөг төлөх үүрэгтэй байна.

Мөн “Х” ХХК нь Сэндвич дээвэр 10см 3,262м, сэндвич хана 15см 3,135.12м, дагалдах нугалаа 665.1 м.кв материалыг өөрсдийн хэмжээгээр зүсүүлэн захиалж бэлтгүүлсэн. Гэтэл Сэндвич ханаас 2,808.06 м-ийг авч үлдэгдэл 29,860,578 төгрөгийн үнэ бүхий 327.06 м сэндвич ханыг аваагүй, хэмжээг өгч захиалсан учир өөр зүйлд ашиглагдах боломжгүй, одоо хүртэл манай компанид байгаа учир хариуцагч “Х” ХХК-аас хохирол 29,860,578 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

Иймд гэрээний үүрэгт 234,563,817 төгрөг, мөн хохирол 29,860,578 төгрөг, нийт 264,424,395 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Манай компани “Т” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсныг зөвшөөрөх ба гэрээ бүрэн хэрэгжээгүй, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй шалтгаан нь үйлдвэрлэгчээс болсон. Т” ХХК нь чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн нийлүүлсэн учраас үлдэгдэл бараа, материалыг хүлээж аваагүй, манайхаас нэхэмжлэгчид албан бичиг явуулсан боловч ямар нэгэн байдлаар хариу ирүүлээгүй.  Тухайн материал шаардлага хангахгүй байсан ч бид аваад хэрэглэсэн учраас авсан барааныхаа мөнгийг төлье гэсэн.

Манай байгууллагын зүгээс “Танай компани бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй байна. Үлдсэн бүтээгдэхүүнээ чанарын шаардлага хангаж өг эсхүл гэрээгээ цуцалъя, бараа авах боломжгүй, нэгэнт авсан бүтээгдэхүүний үнийн дүнг бууруулах шаардлагатай байна” гэх шаардлага тавьсан ч хариу өгөхгүй 2-3 сарын хугацаа өнгөрсөн.

Иймд үндсэн төлбөрийг зөвшөөрөөд бусад төлбөрийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.5, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар хариуцагч “Х” ХХК-аас 225,963,143 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 38,461,252 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,638,040 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Х” ХХК-аас 1,287,765 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. “Т” ХХК нь гэрээнд заасан бараа, материалыг нийлүүлэхдээ Монгол Улсад мөрдөгдөж буй стандартын шаардлага хангахгүй, чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлсэн. Энэ тухай бид олж мэдмэгцээ тус байгууллагад албан бичгээр хандаж урьдчилж авсан бараа материалын үнийг чанар байдалд нь тохируулж бууруулж тооцох, үлдэгдэл бараа материалыг чанарын шаардлага хангуулах, шаардлага хангахгүй тохиолдолд гэрээг цуцлах, өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүнд албан ёсны чанар, стандартын гэрчилгээ хавсаргах зэрэг шаардлага тавьсан боловч хариу ирүүлээгүй. Дээрх байдлаас үүдэж бараа материалын үнийг хэрхэн тооцох, гэрээ үргэлжлэх эсэх, төлбөр хэзээ хэрхэн ямар дүнгээр барагдуулах бүхий л нөхцөл байдал тодорхойгүй байдалд шилжсэн. Бид эвийн журмаар асуудлыг шийдвэрлэх зорилгоор удаа дараа албан бичгээр хандсан боловч хариу ирүүлээгүй бөгөөд зөвхөн гэрээнд заасан дүнгээр мөнгө төлөхийг утсаар ярьж шаардаж байсан.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ бараа, материал доголдолтой байсан нь нотлогдсон, доголдолтой холбоотой худалдан авагчийн шаардлагыг худалдагч тал биелүүлээгүй нь тогтоогдсон тохиолдолд доголдлын талаархи тайлбарыг шүүх харгалзан үзнэ гэсэн ч уг асуудал нь нотлогдоогүй гэж үзсэн. Хариуцагчийн зүгээс доголдлыг олж мэдмэгцээ “Т” ХХК-д албан ёсоор хандсан бичгээ шүүхэд гаргаж шинжээч томилуулан нэхэмжлэгчийн үйлдвэрлэсэн барааны чанарын талаар дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан ч шүүх хүлээж аваагүй хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч нь анхан шатны шүүхэл үндсэн төлбөрийг зөвшөөрсөн гэж тайлбар гаргасан ч үгүйсгэсэн тайлбар гаргасан байна. Манайд ирүүлсэн албан бичгээр үнийн дүнг 1 м.кв 5,000 төгрөгөөр бууруулж өгнө үү, танайх доголдолтой байж магадгүй гэсэн байсан. Доголдолтой болохыг тогтоосон баримт байхгүй. Манай бараа, материалыг авч ашигласан ба мөнгө төлөхгүйн тулд доголдлын талаар ярьж байна.

Анхан шатны шүүхэд доголдлын талаар баримт гаргаж өгөөгүй. Хэрэв манайх доголдол гаргасан бол худалдах, худалдан авах гэрээний 5.2-д худалдагчаас бараа худалдаж авахад хүлээн авсан эсхүл зориулалтын дагуу ашиглахад чанарын шаардлага хангахгүй бараа нийлүүлсэн бол гэрээний үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх төлбөр төлж барааг 24 цагийн дотор сольж өгнө гэсэн эрхээ эдлээгүй, 5,000 төгрөгөөр бууруулах үндэслэлийг доголдолтой бараа нийлүүлсэн гэдэг ч манайх доголдолтой бараа нийлүүлснийг зөвшөөрөхгүй. Үүнийг нотолсон ямар ч баримт байхгүй.

Таван толгойд үйлдвэр барьж улсын комисст хүлээлгэж өгсөн гэдгээ хариуцагч шүүх хуралд хэлсэн. Хэрэв доголдолтой байсан бол гэрээнд зааснаар сольж өгөх боломжтой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

     

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөрт 156,375,878 төгрөг, алданги 78,187,939 төгрөг, хохиролд 29,860,578 төгрөг, нийт 264,424,395 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаснаас хариуцагч үндсэн төлбөр 156,375,878 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, нэхэмжлэлээс үлдэх 108,048,517 төгрөгийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

3. “Т” ХХК нь “Х” ХХК-тай 2022 оны 04 сарын 21-ний өдөр сэндвич хавтан худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч нь сэндвич дээвэр 10см 3,262м, сэндвич хана 15см 3,135м, дагалдах нугалаа 665,1м.кв бэлдэцийг худалдан авагчид нийлүүлэх, худалдан авагч нь 515,000,000 төгрөгийн үнийг төлөх үүргийг харилцан тохиролцсон байна./хх3-5/

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт  зөв болжээ.

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

 

5. “Т” ХХК нь 2,808.06м сэндвич хана нийлүүлсэн, “Х” ХХК 100,000,000 төгрөг төлсөн үйл баримтад талууд маргаагүй, харин худалдах-худалдан авах гэрээний зүйл болох сэндвич дээвэр, сэндвич хана, дагалдах нугалаа нь биет байдлын доголдолтой байсан эсэх, доголдлын улмаас үнийг бууруулах эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

5.1. Талууд гэрээндээ сэндвич дээвэр, хана, дагалдах нугалааны чанар, стандартын талаар тухайлан тохиролцоогүй, ерөнхий байдлаар тусгасан нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт “хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ” гэж зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК нь доголдолгүй эд хөрөнгийг хариуцагч “Х” ХХК-д нийлүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

5.2. Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “нийлүүлсэн сэндвич стандартын шаардлага хангахгүй болох нь тогтоогдсон, чанарын шаардлага хангахгүй сэндвич нийлүүлсэн учир үлдэгдэл материалыг аваагүй, харин авсан барааны үнийг төлж бусад төлбөрийг төлөхгүй” гэж алданги болон хохирлоос татгалзсан тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар  баримтаар нотлоогүй болно.

5.3. Учир нь нэхэмжлэгчийн хариуцагчид нийлүүлсэн сэндвич хавтангийн нягт нь Монгол Улсын стандарт MNS622752010, MNSEN13163:2011-д тодорхойлсноор 22.5-25 кг/м3 байхаас 14 кг/м3 байгааг хариуцагч тогтоосон гэх боловч энэ тухай баримтыг шүүхэд гаргаагүй, тухайн баримтыг хариуцагч өөрөө олж авах боломжгүй бол мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн журмаар бүрдүүлэхээр зохих хүсэлтийг шүүхэд гаргаагүй байна.

5.4. Мөн хариуцагчаас нэхэмжлэгчид 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 22/91 тоот, 17-ны өдөр 22/102 тоот, мөн 07 дугаар сарын 22-ны өдөр 22/120 тоот албан бичгээр харилцаж, нэхэмжлэгчийн нийлүүлсэн бүтээгдэхүүний чанарын доголдол болон үнийг бууруулахаар мэдэгдсэн гэх баримтыг нэхэмжлэгч хүлээн авсан  гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй . /хх69-71, 79/

5.5. Иймд нэхэмжлэгч нь гэрээний 4.1.1-д заасан үүргээ зөрчсөнгэж үзэхгүй, харин хариуцагч мөн гэрээний 4.2.2, 4.2.3-т заасан бүрэн эрхээ зохих ёсоор хэрэгжүүлсэн байдал хэргийн баримтаар тогтоогдоогүйг анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Х” ХХК-аас гэрээний төлбөрийн үлдэгдэл 156,375,878 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

6. Хариуцагч нь гэрээний 3.1-д зааснаар гэрээний үлдэгдэл төлбөрийг 2022 оны 05 сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэгчид бүрэн төлж дуусгах үүргийг хүлээсэн байна. Хариуцагч энэ үүргийг хугацаандаа биелүүлээгүй гэж нэхэмжлэгч мөн өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 08 сарын 22-ны өдөр хүртэлх 89 хоногийн алданги 78,187,939 төгрөгийг хариуцагчаас шаарджээ.

6.1. Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 5.3-т “...гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлнө...” гэж тохиролцсон нэхэмжлэгч нь алдангийг хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 156,375,878 төгрөгөөс тооцож (156,375,878/0.5=781,879. 781,879х89=69,587,265) 69,587,265 төгрөг гаргуулахаар шаардсан нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

6.2. Нэхэмжлэгч доголдолтой бүтээгдэхүүнийг хариуцагчид нийлүүлсэнтэй холбоотой хариуцагчийн гаргасан шаардлага, албан бичигт нэхэмжлэгч хариу өгөөгүйгээс төлбөр гүйцэтгэх хугацаа хойшилсон, тодорхойгүй байдал үүссэн, үүргээс чөлөөлөгдсөн гэх татгалзлаа хариуцагч нотлоогүй талаар дээр дүгнэсэн учир тэрээр алданги төлөх гэрээний хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.

6.3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хуульд заасны дагуу хариуцагчаас алданги 69,587,265 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй, хариуцагчийн шинжээч томилуулах хүсэлтийг хангаагүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй. Шүүх 2022 оны 10 сарын 31, 11 сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар хариуцагч, түүний төлөөлөгч нарт эрх, үүргийг нь тайлбарлаж өгсөн, мөн хариуцагчийн татгалзалд холбогдох “нэхэмжлэгчийн нийлүүлсэн сэндвич хавтан Монгол Улсын стандартад нийцээгүй” гэх утга бүхий 2022 оны 06 сарын 17-ны өдрийн 22/102 тоот албан бичгийг шүүхийн журмаар хариуцагчаас нотлох баримтаар гаргуулжээ. Гэвч хариуцагч уг албан бичигт дурдсан үндэслэлээ нотлоогүй байна. /хх 64-70/

Түүнчлэн шүүх 2022 оны 11 сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд, хариуцагчийн шинжээч томилуулах хүсэлтийн үндэслэлийг тодруулж, дээрх 22/102 албан бичигт дурдсан “сэндвич хавтангийн сорил шинжилгээний дүгнэлт”-ийг хариуцагч шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөх боломжтой эсэхийг тухайлан тодруулжээ. Гэвч хариуцагч нь дараагийн шүүх хуралдаанд хүртэлх 20 хоногийн хугацаанд эрх, үүргээ хэрэгжүүлээгүй байх тул шүүх хэргийн үйл баримтыг тодруулах үүргээ биелүүлээгүй, хариуцагчийн нотлох баримт бүрдүүлэх эрхийг хязгаарласан гэж үзэхгүй.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2022/03621 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,287,770 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                     ШҮҮГЧИД                          Н.БАТЗОРИГ

 

                                                                                                Э.ЭНЭБИШ