| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2019/0003/э |
| Дугаар | 005 |
| Огноо | 2018-12-27 |
| Зүйл хэсэг | 114.1., |
| Улсын яллагч | Л.Оюунтуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 005
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж
Улсын яллагч Л.Оюунтуяа
Хохирогч Г.Б
Шүүгдэгч Б.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ц холбогдох эрүүгийн 1825 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Б.Ц
Шүүгдэгч Б.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр эхнэр Г.Б-г хардан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Яллах дүгнэлтэд дурьдагдсан зүйлүүд бүгд үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч Г.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.
Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би нөхөр Б.Ц-тай хадмындаа амьдарч байгаад 2018 оны 06 дугаар сард ээжиндээ ирсэн байсан, гэтэл Ц 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос ирээд хамт амьдаръя би дахиад хэрүүл маргаан хийхгүй гээд бид хоёр байр хөлсөлсөн. 2018 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр Ц караокед дуулж пиво ууж байгаад байрандаа ирсэн чинь миний утсанд эрэгтэй хүнээс чат ирсэн гэтэл намайг хардаж бид хоёр маргалдсан. Ц намайг чамайг алчинха шүү гээд тэр хүнтэй чинь очиж уулзъя гээд гарнаас татаад би явахгүй гэсэн чинь шкафнаас заазуур гаргаж ирээд чамайг ална шүү гэхээр нь би ноцолдож байгаад хэвлий гуя хэсэг, өвдөгний дээд хэсэгтээ 2-3 удаа жижигхэн зүсүүлсэн. Ц миний утсыг аваад над руу чат бичсэн хүн рүү хариу бичээд тэр хүнтэй хэрэлдээд байсан. Маргааш нь гэртээ байж байтал оройхон Ц намайг чи өөр хүнтэй болсон юм уу? гээд бас маргалдсан. Над руу сандал далайхаар нь гараараа хамгаалсан чинь миний гар руу сандлаар цохиод хөл рүү 2-3 удаа өшиглөсөн. Ц охиноо аваад явлаа гэхээр нь би охиноо өгөхгүй гээд түүнтэй зууралдсан чинь намайг паарнаас хүлчихээд унтаад өгсөн. Маргааш өглөө нь би ээжийндээ очтол ээж маань байхгүй байхаар нь эгч Б болсон зүйлийн талаар хэлтэл цагдаад өргөдөл өг гээд өгүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх 10-13 тал /
2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 803 дугаартай шинжээчийн:... “Г.Б-ийн биед зүүн гарын алганы шивнүүр ясны далд хугарал, хэвлий, зүүн гарын бугалга, баруун шилбэнд цус хуралт, хэвлий зүүн гуя өвдгөнд зулгаралт үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүссэн байхаар байна. Зүүн гарын алганы шивнүүр ясны далд хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, хэвлий зүүн гарын алга, зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэвлий, зүүн гуя, өвдгөнд зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинэ гэмтлүүд байна” гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар тал/
Шүүгдэгч Б.Ц яллагдагчаар өгсөн “ Г.Б утсанд эрэгтэй хүнээс чат ирснээс болж бид 2 маргалдсан. Г.Б над руу дайраад миний гарт байсан заазуурыг булаацалдаж байгаад гуя, хэвлий хэсгээ жижигхэн зүсүүлсэн. Бид 2 маргалдаж байгаад унтсан. Маргааш нь оройхон дахиад Б утсанд чат ирсэн ба дахин бид 2 хэрэлдэж байгаад Б утсаа надаас булааж авахаар нь би сандал бариад далайж байгаад цохиход Б гараараа хамгаалсан чинь зүүн талынх нь гарын ясыг хугалсан. Б-тэй маргалдаж байгаад охиноо аваад хот явлаа гэтэл охиноо өгч явуулахгүй гээд байхаар нь түүнийг орноос ороолтоор нь уячихаад нөгөө өрөөндөө ороод хэсэг тайвшираад байж байтал Б уяагаа тайлчихаад миний гар болохгүй байна гээд байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгосон бөгөөд шүүгдэгч Б.Ц гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр эхнэр Г.Б-г хардан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Б-ийн мэдүүлэг, 803 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ц үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч Г.Б нь шүүх хуралдаанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.