| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2018/0001/э |
| Дугаар | 2019/ШЦТ/02 |
| Огноо | 2018-12-21 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2019/ШЦТ/02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч С.Алтай
Шүүгдэгч И.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.Г-д холбогдох 1821000000378 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ...... дугаар сарын .....-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхэд нарын хамт Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар баг, ........................ газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, И.Г. /РД: ...../
Шүүгдэгч И.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багийн нутаг “Лагийн хоолой” гэх газраас иргэн ******* 1 тооны үхрийг буюу алдуул малыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч И.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй, прокурорын санал болгож байгаа ялыг зөвшөөрч байна...гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Матад сумын 6 дугаар багийн нутагт Г гэдэг байлд хувийн ажлаар морьтой очсон юм. Гэтэл гэрээсээ урагшаа 300-400 метр газарт ногоон өнгийн төмрөөр хийсэн хашаанд хүмүүс байхаар нь очиход Г нь үл таних хүний хамт үхэр нядлаад байж байсан. Тэгээд Г нь жоохон сандарсан байдалтай намайг “гэр рүү” явъя гээд дагуулаад явсан. Би гэрт нь орж цай уучихаад эргээд үхэр нядалсан газарт нь очиход манай сарман нүүртэй хүрэн зүсмийн, буруу талын чих цуулбар имтэй шүдлэн эр үхрийг нядалсан байсан. Бид эвлэрсэн, гаргах гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй..” гэжээ. /хх-ийн 7-8 тал/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр үхрээ усалж байхад Г ах “Би хойшоо явлаа энд байгаа үхэрнээс алаг сарман нүүртэй хүрэн үнээг гэр рүүгээ туугаад очоорой, махлаж мөнгөтэй болох хэрэгтэй байна” гэж ярьж байсан. Би нөгөө үхрийг хашаанд оруулаад уяад орхисон. Тэгээд маргааш өглөө нь босоод Г ах намайг энэ үхрийг цохичих гэхээр нь цохиж өгсөн. Тэгээд махаа тавих төмөртэй газар очъё гээд машинаараа нөгөө үхрийг чирээд гэрээс урагш урд хашаанд аваачсан. Тэгээд тэнд арьсыг нь өвчөөд махыг нь салгаад байж байхад ******* гэдэг ах ирээд Г-тай гэр рүү нь явсан. Тэгээд ******* ах буцаж ирээд миний тамхинаас ороогоод сууж байснаа “энэ үхэр чинь манай үхэр шиг байна даа” гэхээр нь “дүү нь сайн мэдэхгүй байна. Энд малчнаар ирээд 10 гаруй хонож байна” гэсэн. Г нь ийм олон үхэртэй юм чинь өөр хүний үхэр гэж ерөөсөө бодоогүй. Г ах толгой хавьцаа нэг юм оролдоод байсан. Тэгэхдээ тэр чихийг нь тэгшилж хайчилсан байх. Шинээр хайчилсан ором байна лээ...” гэжээ. /хх-ийн 14-15 тал/
- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 9 тал/
- И.Г-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-20 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч И.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Матад смын 6 дугаар багийн нутаг “Лагийн хоолой” гэх газраас хохирогч ******* 1 тооны үхрийг буюу алдуул малыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, хохирогч *******, гэрч ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч И.Г-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч И.Г-г бусдын алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч И.Г-г бусдын алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч И.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч И.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.
Шүүгдэгч И.Г нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Хохирогч ******* нь шүүгдэгч И.Г-тай эвлэрсэн, гаргах гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч И.Г-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч И.Г-н ....... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И.Г-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Г-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Г-ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч И.Г-н ................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч И.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ