Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 1183

 

МАГАДЛАЛ

 

2016 оны 06 дугаар сарын 17                      Дугаар 1183                                   Улаанбаатар хот

 

ХХ-ийн нэхэмжлэлтэй

Иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2016/02829 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХ,

Хариуцагч ХХХ-д холбогдох,

 

Бараа дутагдуулсны 3.024.650 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ХХ,

Хариуцагч ХХХ,

Нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие 6 нэрийн дэлгүүрт худалдагч авна гэсэн зар өгч зарын дагуу 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ХХХ нь ирж уулзаад ажилд орохоор тохирч 2015 оны 01 дүгээр сарын 18-ны орой ирж дэлгүүрийн барааг өөрийн биеэр нэг бүрчлэн тоолж 3.086.000 төгрөгийн барааг хүлээж авсан юм. Ингээд 02 дугаар сарын 18-ны өдөр тооллого хийгээд дараа нь тооцоог бодож үзэхэд 1.555.020 төгрөгийн бараа болон бэлэн мөнгө аль аль нь байхгүй байсан бөгөөд миний бие тооцооны баримтаа ХХХтэй тулгаж үзсэн боловч тооцоо зөрүүтэй хэвээр гарч байсан. ХХХ нь тооцоо зөрч байгааг хүлээн зөвшөөрөхгүй дахин сайн бодож үзнэ гээд одоо болтол бодож гүйцээж өгөөгүй байна. Хэрэв зөвшөөрөхгүй бол хуулийн байгууллагад хандана гэхэд надад төлөх юм байхгүй, тэгээд ч би аваагүй. Гэхдээ яахав би танайд ажиллаж байж төлье. Учир нь надад төлбөр хийх аргагүй тул цаашид ажиллаж цалингаасаа суутгуулж төлье гэж гуйгаад байхаар нь дахин 20 хоног ажиллуулаад тоолоход 1.305.530 төгрөг нэмж дутаасан байсан. Үүний дараа тооцоо бодох хооронд 2 хоног ажиллуулсан боловч мөн орлого муу байна гээд надад 107.700 төгрөг тушаасан. Нийт дутагдал нь 3.024.650 төгрөг боллоо. Энэ хугацаанд хүний 1.500.000 төгрөгийн үнэ бүхий алтан эдлэл, 50 инчийн өөрийн зурагт, суудлын машин зэргийг барьцаанд тавьж авсан мөнгөөрөө зээл авсан барааныхаа үнийг төлж үлдсэн мөнгөөрөө дэлгүүртээ бараа татаж байсан боловч дээрх дутагдал, шамшигдлын улмаас эргэлтийн мөнгө үгүй болж, маш ихээр хохирлоо. Үүнээс гадна банк, ломбарднаас авсан зээл, түүний хүүг төлж чадахгүй байна. Үндсэн дутагдал болох 3.024.650 төгрөг бүхий, түүний хүү зах зээлийн ханшаар бодож хууль дүрмийн дагуу ХХХг шалгаж хариуцлага тооцон миний хохирлыг барагдуулж өгнө үү. Би маш их гомдолтой, сэтгэл санааны хувьд хүнд байдалд орсон. Манайд ажиллаж байхдаа удаа дараа дутагдал гаргаж, хэлэхээр урдаас янз бүрийн заль гаргаж, мэдэн будилж байсан. ХХХ нь манайд байх хугацаандаа ямар банкаар хаашаа гүйлгээ хийж байсныг шалгаж мөн хүүхдийн данс шалгуулмаар байна. Би ХХХг өөрийн хүү МУБИС-ийн Физикийн ангийн 4 дүгээр ангийн оюутан Х-ын сургалтын төлбөрт 1.100.000 төгрөгийг хийсэн байж магадгүй гэж бодож байна. Мөн байрны түрээсийн мөнгийг ч манай дэлгүүрийн орлогоос хийсэн гэж үзэж байна. Намайг ажилд аваач гэж гуйгаад байхаар нь ажилд авсан боловч миний итгэлийг эвдсэнд нь би маш их гомдолтой байна.

Иргэн ХХ нь ХХХгөөс 3.024.650 төгрөг нэхэмжилсэн бөгөөд нийт нэхэмжлэлийн шаардлагаас цалин болох 256.800 төгрөгийг хасч үлдэх төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би 1970 онд төрсөн, тусгай дунд боловсролтой, би сонины зарын дагуу очиж уулзсан. 1 дүгээр сарын 16-нд ирж уулзаад тохиролцсон. ХХ эгч аман гэрээ хийгээд тухайн үедээ боломжийн сайхан зантай юм шиг санагдаад би ажиллахаар болоод харьсан. Гэтэл би ирээд бараагаа авахад 2 000 000 гаруйтай л бараа байсан. Гэхдээ тухайн үед би тоолсон, өөрөө бичсэн. Бид хоёр тоолж авахдаа нарийн тооцоолж гарын үсэг зураагүй. Тухайн үедээ тоолж аваад 4-5 хоног тоолсон дэвтрээ ажил руугаа өөрөө аваад яваад байсан нь үнэн. Гэтэл би нэг өдөр дэвтрээ авна. Таны бараа ер нь 2 000 000 хүрэх үү гэхэд өөрөө дөхнө гэж ярьсан. Гэхдээ энэ ХХ гэдэг хүн өдөр болгон орлогоо авдаг, ойр ойр бараа татаж, банкинд мөнгө хийдэг байсан. Мөн нөхөр ХХХХХ нь маш их мөнгө аваад аваагүй гэж над руу дайрч давшилж байсан нь үнэн. Авсан мөнгөний тоо нь 1 дүгээр сарын 22-нд 520 000, мөн 1 дүгээр сарын 29-нд 386 000, нийт 906 000 төгрөг авчихаад аваагүй гэж гүжирдэж байсан. Тухайн үедээ энэ хүн гарын үсэг зур гэхээр, би хэдэн төгрөг гарын үсэг зурахгүй, бараанд яваад болдог байсан гэж хэлсэн. Мөн тухайн үедээ 50 000 төгрөг өгч явуулсан. Тухайн үедээ тооллогонд ямар нэгэн зөрчил байхгүй, орлого, зарлага хоёр таарсан нь үнэн. Энэ авгай над руу дансаар гүжирдэж байна. Би хэлэхээр өөрөө ааш муутай, нөхөр ХХХХХ хоёр дайрч давшлаад байна. Тухайн үед над руу дутаж байна гэхэд би хүлээхгүй та намайг гүтгэж байна гэж зөндөө хэлсэн боловч өөрөө намайг ажиллуулаад байсан. Би гаръя гэхэд намайг гаргадаггүй болохоор би аргагүй эрхэнд ажиллаж байсан. Би 31 хоног ажиллаад буучихаад дахин очихгүй гэж бодож байхад намайг өөрөө дуудсаар байж оруулсан. Гэхдээ энэ ХХ гэдэг хүн маш их дансны аргаар иддэг, мөн буруугаа хүлээдэггүй хүн байна лээ. Нөхөр ХХХХХ нь бүр харьцаагүй, дээрэлхүү, би энэ хоёр хүнээс салахын түүс болж байсан. Дахин тооллого хийхэд надад зөрүү гараагүй, гарах ч үгүй. Гэхдээ энэ авгай өөрөө яаж 1 305 530 төгрөг дутааж гаргасныг би мэдэхгүй, санхүүгийн мэргэжилтэй хүнээр эсвэл аудит санхүүгээр шалгуулмаар байна. Тухайн үед ХХ гуай намайг би нөхөртөө хэлэхгүй чи манайд ажиллаад бага багаар төл гэхээр нь би чадахгүй гэж хэлж байсан. Ер нь энэ эмэгтэй хүний хөдөлмөр шулж сурсан, мөн над шиг олон эмэгтэйг цалин өгөхгүй дандаа өрөнд оруулж байсан гэж ярьдаг. Мөн намайг сүүлд 25 хоног ажиллахад тухайн үед орлого маш муу байсан. Мөн намайг дахин ирж ороход энэ айлын орлого эрс муудсан байсан. Би энэ айлд үнэнч ажиллаж байхад намайг 3 024 650 төгрөг авсан гэж гүжирдэж байна. Надад тус болж миний дансны тооцоог шалгуулж өгнө үү. Энэ эмэгтэй миний дансны тооцоог үл тоож байгаа нь үнэн. Би хэзээ ч бараа, мөнгө аваагүй. Би 65 настай чавганц зодсон хэргээр 2 жил гаруй явж байгаа нь үнэн. Ер нь энэ эмэгтэй намайг цэвэр гүжирдэж мөн миний алдаа дээр дөрөөлж мөн ах дүү, аав нараас хөндийрүүлж, миний нэр хүндийг гутааж сэтгэл санаагаар дарамталж, мөн утсаар мессежээр доромжилж байгаад маш гомдолтой байна. Миний хүүгийн төлбөрийг аав ХХ, дүү ХХ, ХХ, ХХ нар хийдэг. Энэ эмэгтэй намайг гүжирдэж байгаад би гомдолтой, цаашид би энэ хүнээс хөдөлмөрийнхөө хөлс барагдуулж, мөн нөхөр ХХХХХ, авгай ХХ нараар гүжирдсэн нэр хүндээ сэргээлгэж авахыг хүсэж байна гэжээ.

Миний бие нь зарын дагуу 6 нэрийн дэлгүүрт худалдагчаар ажиллаж байх хугацаандаа цалин аваагүй нь үнэн болно. Би энэ дэлгүүрт өглөө 7-гоос орой 11 цаг хүртэл хүртэл ажиллаж байсан. Би өдөрт 8 цагийн ажил хийх ёстой байтал эднийд 16 цаг ажиллаж байсан. Тухайн үед надад 240 000 төгрөг өгнө гэж тохирсон мөн тамхины /ширхэгээр/ зарсан ашиг чи ав гэж оруулж байсан. Гэтэл тухайн үед энэ хүн намайг гүжирдэж, доромжилсонд гомдолтой байна. Хойшид би гомдлоо дахин дахин нэхэж явна. Мөн би энэ 2 хүнд 56 хоног ажилласан хөлсөө авна, мөн илүү цаг ажилласан хөдөлмөрийнхөө хөлсийг бодож авмаар байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХХгөөс 1.776.560 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч   ХХд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 991.290 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХгөөс 43.374 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч ХХ давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч ХХХ бид хоёр 2015 оны 01 дүгээр сарын 18-нд ажил хүлээлцэх тооллого хийж нэхэмжлэгч би 3.089.500 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн билээ. ХХХ нь хүлээж аваад барааг шалгаж, тулгаж, зөвлөөд 3500 төгрөгийн бараа хасаж тооцоод 3.086.000 төгрөгийн барааг хүлээн авсан нь үнэн. Дэвтрээс тулгаж авсан гэсэн гарын үсэг зурсан. Гэтэл 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шүүх хуралдаанд “би аваагүй” гэж гүтгээд 804.700, 332.400 төгрөгт хамаарах бараанаас 558.400 төгрөгийн барааг шүүгчид дуртай хэсгээс хасуулж 2.527.600 төгрөгийн бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгснөөр шүүхийн шийдвэр гаргасан. Мөн 2015 оны 01 дүгээр сарын 18-наас 2 дугаар сарын 18-ны хооронд хариуцагч ХХХ нь 31 хоног ажилласан байдаг. Үүнээс банкинд 21 удаа орлогын мөнгө тушаасан боловч 20 удаагийн банкинд тушаасан мөнгө тооцоонд давхар орж байхад шүүгч ганцхан 02 дугаар сарын 08-ны өдрийн зөв тэмдэглэсэн тооцоог шүүхийн шийдвэрт дурдсан байна.

Би шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 3.024.650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүхийн шийдвэрийн тогтоох нь хэсэгт “...ХХХгөөс 1.776.560 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаас 991.290 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Гэтэл 256.800 төгрөг хаачсан мэдэлгүй дүгнэлт хийсэн. Миний бие хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна. Иймээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

                                                       ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч ХХ нь хариуцагч ХХХ-д холбогдуулан бараа дутагдуулсны 3 024 650 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “...2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ХХХ дэлгүүрийн худалдагчийн ажилд орж, дэлгүүрийн барааг өөрийн биеэр нэг бүрчлэн тоолж 3 086 000 төгрөгийн барааг хүлээж авсан, дутагдуулсан барааны үнэ 3 024 650 төгрөгийг гаргуулах...” гэж үндэслэсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн цалин 256 800 төгрөгийг хасч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “:..би барааг авахад 2 000 000 гаруй төгрөгийн л бараа байсан, намайг 3 024 650 төгрөг авсан гэж гүжирдэж байна. Би дэлгүүрт худалдагчаар ажиллаж байх хугацаандаа цалин аваагүй...” гэжээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарын хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь үндэслэлтэй.

Шүүх хуралдааныг явуулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлж, талуудын гаргасан нотлох баримтыг нэг бүрчлэн шинжлэн судалснаар нэхэмжлэгч нь хариуцагчид 2 527 600 төгрөгийн бараа хүлээлгэн өгсөн гэж дүгнэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч нь “...нэхэмжлэлийн шаардлагаас 991 290 гаргуулахаар шийдвэрлэсэн байна, 256 800 төгрөг хаачсан нь мэдэхгүй дүгнэлт хийснийг зөвшөөрөхгүй...” гэж давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзнэ.

Учир нь шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 1 776 560 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч нь 256 800 төгрөгийг хариуцагчид олгогдоогүй цалин гэж тодорхойлон, нэхэмжлэлийн шаардлагаа энэ хэмжээгээр багасгасан баримт хэрэгт авагдсан ба шүүх хуралдааны тэмдэглэлд мөн тусгагдсан байна.

Иймд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2016/02829 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 28 341 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

 

             ШҮҮГЧИД                                     Ш.ОЮУНХАНД

 

                                                                      М.НАРАНЦЭЦЭГ