Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2019/0146

 

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар221/МА2019/0146

Улаанбаатар хот


Д.У-н нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

     Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Э.Халиунбаяр даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Д, түүний өмгөөлөгч В.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0015 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Я.Д, түүний өмгөөлөгч В.Э нарын гаргасан давж заалдах гомдлоор, Д.У-н  нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0015 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.У-с Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 185 дугаар захирамжийн иргэн Б.Д-д холбогдох хэсэгт иргэн Б.Д-н газрын эзэмших эрхийг 108 м.кв-аар анх захиргаанаас олгосон болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 295 дугаар захирамжаар иргэн Б.Д-с иргэн Н.О-д, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 494 дүгээр захирамжаар Н.О-с Б.Э-т тус тус 170 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлэхтэй холбогдох захиргааны актын 62 м.кв-д хамаарах хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “...нэхэмжлэгч Д.У анхнаасаа газар давхцалтай байна гэж маргаагүй болно. Нөгөө талаас, төрийн эрх бүхий байгууллагаас баталсан хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу хийсэн орц гарц болон тохижилтын ажлыг анхан шатны шүүхээс “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй дур мэдэн өөрийн эзэмшил газарт ороогүй газрыг тохижилт хийх төлөвлөгөө батлуулж, тохижуулсан” гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.

Учир нь иргэн Д.У-н хийсэн тохижилт, төлөвлөлтийн ажил нь тухайн үеийн төрийн эрх бүхий этгээдийн зүгээс батлагдсан төлөвлөгөө, зураг төслийн баримт бичиг бөгөөд үүнийг хариуцагчийн зүгээс хүчин төгөлдөр захиргааны акт болохыг өмнөх шүүхийн хэлэлцүүлгийн үеэр зөвшөөрсөн байдаг. Д.У нь энэхүү захиргааны актын дагуу барилга байгууламжаа барьж, өөрийн болон бусад этгээдэд зориулан орц гарцаа гаргасан байхад дээрх дүгнэлтээр түүнийг буруутгаж байгаа нь ойлгомжгүй байна.

Мөн анхан шатны шүүхийн зүгээс “өөрийн орц, гарцтай холбоотой асуудлаар төрийн захиргааны байгууллагад хандаж байгаагүй” гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Иргэн Д.У-н тохижилт хийсэн хэсгийг иргэн Б.Э хэсэгчлэн хүчээр нураасан даруй газрын маргаанаа шийдвэрлүүлэхээр эрх бүхий этгээдэд хандан гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн газрын газрын албаны 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 5/2994 дугаар албан бичгээр “холбогдох хурлаар хэлэлцүүлнэ” гэх хариу өгч байсан хэдий ч энэхүү хурал болоогүйгээс Б.Э түүний орц гарцыг хэсэгчлэн өөрийн мэдэлд авсан.

Гэтэл Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 11 сарын 24-ний өдрийн 09/4456 албан тоотод “Иргэн Д.У орц, гарцтай холбоотой гомдол гаргаж байгаагүй” гэх агуулгатай албан бичгийг үндэслэж түүнийг төрийн зохих байгууллагаар батлуулсан төлөвлөгөөг “зөвшөөрөлгүй, дур мэдэн .... батлуулсан” гэх дүгнэлт хийсэн нь шүүх маргааныг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэхэд хүргэж байна.

Анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгч Д.У-н орц гарц хаагаагүй тул түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй” гэж дүгнэхдээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “их тойруу гэж техникийн алдаа гарсан” гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэн энэхүү үндэслэлээ зөвтгөх нотлох баримтуудын хэргийн материалаас “илт сонгон түүвэрлэж” нотолсон байна.

Гэтэл “кадастрын зураг буруу, гараар засагдсан, мөн Б.Д-н газар эзэмших эрх шилжүүлэх өргөдөлд газрын хэмжээ 9x12 буюу 108 м.кв байгаа зэрэг нотлох баримтаар нотлогдож байгаа нөхцөл байдлыг зөвхөн Засаг даргын захирамжуудад 170 м.кв-аар газар эзэмших эрх олгогдсон тул эдгээр алдаатай байдал нь гуравдагч этгээдийн Газар эзэмших эрхийн хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий хууль ёсны байх зарчимд нийцэж чадахгүй байна.

Учир нь нэг талаас Б.Д-н газрын эрх шилжүүлэх “өргөдөл алдаатай” байгаагүй төдийгүй тэрээр захиргааны байгууллагад тухайн үед өөрт хадгалагдаж байсан газрын эрхээ 9x12 хэмжээтэй буюу 108 м.кв гэдгийг нотлон өөрөө хүсэл зоригоо бичгээр илэрхийлсэн байгааг шүүх бусад нотлох баримттай уялдаатайгаар авч үзэж дүгнэлгүй, зөвхөн “өргөдөл алдаатай” гэж шууд дүгнэсэн нь өрөөсгөл юм.

Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шүүхэд ирүүлсэн албан, бичиг түүнд хавсаргасан нотлох баримтад тухайн үед буюу анх 2005 онд Б.Д-н эзэмшлийн газрыг улсын бүртгэлд 108 м.кв-аар бүртгэгдсэн нөхцөл байдлын талаар шүүхээс огт авч үзээгүй буюу дүгнээгүй. Нийслэлийн газрын албаны зүгээс Б.Д-н газар эзэмших эрхийг улсын бүртгэлд бүртгэсэн гол нотлох баримт болох кадастрын зургийг удаа дараа санаатай будлиулж 108 м.кв-аар бүртгэгдэж, зураглагдсан энэхүү нэгж талбарыг 170 м.кв талбайтай мэтээр харуулахын тулд гараар засвар хийсэн, зохиомол эргэлтийн цэг нэмж 170 м.кв мэтээр удаа дараа дүрсэлж, зураглаж байсны эцэст бүр хожим улсын бүртгэлд өөрчлөлт оруулсны үндсэн дээр 170 м.кв-аар зураглаж бүртгэсэн байдаг.

Гэтэл шүүхээс нотлох баримтууд зөрчилдөөнтэй байгаа дээрх 3 нөхцөл байдлыг зөвхөн Нийслэлийн газрын албаны 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 02-04/5739 тоот албан бичигт "... иргэн Б.Д-н 170 м.кв эзэмшил газарт барилгын хэмжээ 108 м.кв”, Д.У-н 862 м.кв эзэмшил газарт баригдах барилгын хэмжээ 320 м.кв байхаар зааж тэмдэглэгдсэн” гэснийг үндэслэн үгүйсгэж байгаа нь ихээхэн хачирхалтай байна.

Учир нь нэг талаас нэгж талбарын кадастрын зурагт тухайн нэгж талбарт байгаа барилгын талбайг хэмжиж тодорхойлдоггүй, зөвхөн тухайн нэгж талбарын газрын талбайн хэмжээг тавьж байсан буюу тавьсаар ирсэн нь тогтсон практик болно.

Өөрөөр хэлбэл, Нийслэлийн газрын алба нь 02-04/5739 тоот албан бичигт өөрсдийн чиг үүрэгт хамаардаггүй барилгын суурийн талбайг газрын хэмжээтэй хамтад нь хэмжиж тодорхойлохдоо бодит нөхцөл байдлыг илт мушгин тайлбарласан байна. Нэхэмжлэгч Д.У-н барилгын суурийн талбайн хэмжээ 02-04/5739 тоот албан бичигт дурдсанчлан 320 м.кв биш бөгөөд энэхүү 320 м.кв хэмжээ нь иргэн Д.Уд анх захиргаанаас эзэмшүүлсэн газрын хэмжээ юм.

...Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д заасан “Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна" гэсэн хуулийн заалтыг Б.Д, Нийслэлийн Засаг дарга анхнаасаа биелүүлэлгүйгээр эзэмшилд олгосон 108 м.кв газрыг бүхэлд нь барилгажуулахаар барилгын суурь ухсан.

...Мөн Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газрын улсын кадастрын бүртгэл болон иргэн Б.Д-н хүсэлт үндэслэлтэй болохыг нотолсон өөр, хоорондоо шууд зөрчилтэй гурван кадастрын зураг хэргийн материалд авагдсан байгаад шүүхээс мөн ямар нэг дүгнэлт өгсөнгүй.

...Иргэн Н.О-н эзэмшлийн гэх 18643311060849 нэгж талбарын дугаартай кадастрын зураг дээр 5 ба 6 дугаар эргэлтийн цэгүүдийг дүрмийн дагуу бус буюу нар буруу нэмэх замаар талбайн хэмжээг 170 м.кв болгосон. Зүй нь энэхүү нэгж талбар геометрийн хувьд зөв дүрстэй тул 4 эргэлтийн цэгээр дүрсэлж, тодорхойлж болох байтал 5, 6 дугаар эргэлтийн цэгүүдийг зохиомлоор сүүлд нэмэх замаар түүний газрын хэмжээг 170 м.кв болгосон. Хожим нь Нийслэлийн газрын албаны 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 02/04/5551 тоот албан тоотоор саарал хэсэг нь барилгын талбайг дүрсэлсэн мэтээр илэрхий худлаа тайлбар өгсөн.

Учир нь газрын кадастрын зурагт барилга, байгууламжийг саарлаар дүрсэлдэг нь үнэн хэдий ч барилгын булангийн цэгүүдээр газрын эргэлтийн цэгийг хэзээ ч дүрсэлдэггүй болохыг Д.У-н нэгж талбар болон түүний барилгыг дүрсэлсэн байдлаас харж болно.

Улмаар уг кадастрын зураг хожим 2007 онд буцаад 4 эргэлтийн цэгтэй болж, талбайн хэмжээ 170 м.кв болж дүрслэгдсэн.

... нэхэмжлэгч хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй 862 м.кв газрыг эзэмшиж байгаа бөгөөд эрх бүхий байгууллагаас баталсан, өнөөг хүртэл хүчин төгөлдөр хэсэгчилсэн тохижилтын төлөвлөгөөний дагуу өөрийн эзэмшлийн газартаа хамаарах орц, гарцын асуудлыг орчны тохижилтын хамтаар шийдвэрлэснийг өнгөрсөн хугацаанд эрх бүхий захиргааны байгууллагаас буруутгаж байгаагүй эсхүл хөрш газар эзэмшигч Б.Д, Н.О, Б.Э нар ч буруутгаж гомдол, нэхэмжлэл гаргаж байгаагүй байдаг.

Харин шүүхийн зүгээс нэхэмжлэгчийг буруутгаж маргааныг шийдвэрлэж байгаа нь шударга бус буюу Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” гэсэн үндсэн зарчимтай нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг дарга болон түүний газрын алба нь иргэн Б.Д-н эзэмшлийн 108 м2 газрыг үндэслэлгүйгээр 170 м2 болгон нэмэгдүүлснээс гуравдагч этгээд Б.Э дураараа аашилж иргэн Д.У-н "шүүхээр хамгаалагдвал’’ зохих ашиг сонирхлыг зөрчиж, түүний мэдлийн хашааг хэсэгчлэн хүчээр буулгаж, улмаар Д.У-н эзэмшлийн газар руу том оврын машин (тухайлбал галын машин) чөлөөтэй нэвтрэх боломжгүй болсон зэрэг нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй хэргийг хэт нэг талыг барин шийдвэрлэсэн гэж үзэж байна

Иймд, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дугаар зүйлийн 121.1.2-д заасны дагуу анхан шатны шүүхийн 128/ШШ2018/0127 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-д заасныг зөрчиж орц гарцын тохижилт хийсэн газрыг эзэмшиж байгааг буруутгасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Бодит байдалд бидний зохих зургийн дагуу үйлдэж хөрөнгө оруулалт, тохижилт хийсэн нийтийн эзэмшлийн барилга руу орох орц гарцын хэсгээс 62 м.кв-ыг булхайтай материал бүрдүүлж, иргэн Б.Д түүнийг залгамжлагчид хууль бусаар эзэмшиж байна.

Харин нэхэмжлэгч болон тухайн байранд ажиллаж амьдарч байгаа иргэд зохих зөвшөөрлөөр ашиглаж байгаа нь тодорхой байна.Энэ ерөнхий шалтгааны улмаас дээрх хуулийн заалтыг ашиглаж гарсан шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч чадахгүй байна.

...Мөн шүүх “газрын давхцалгүй байна “ гэсэн мэдээжийн зүйлийг Б.Д-н газар сунгасан байдлыг зөвтгөхөд механикаар ашиглаж, харин Б.Д-д 170 м.кв газар эзэмшүүлэх шийдвэр үндэслэлгүй талаар холбогдох нотлох баримт буюу 108 м.кв-тай холбоотой баримт болон уг шийдвэр хууль бус гарсныг гэрчлэх бусад материалуудын талаар дүгнэлт хийгээгүйг хүлээн зөвшөөрөхгүй байна.

... шүүх гуравдагч этгээд 62 м.кв талбайг хүчлэн авахын тулд албан ёсоор зөвшөөрөгдөж барьсан барилгынхаа гудамж тал руу харсан фасадыг 2013 онд битүүлж арын жижиг хаалгаараа орж гардаг болгон өөрчилснийг анхааралдаа авсангүй.

...Хавтаст хэрэгт Улсын төв архивын газраас авсан нэхэмжлэгчийн Нийслэлийн Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын газарт 2004 онд хандаж орц гарц, орчны тохижилтын асуудлаа шийдүүлж авсан зураг, эскиз авагдсан байгаа.

Гэтэл шүүх “орц, гарцтай холбоотой асуудлаар төрийн захиргааны байгууллагад хандаж байгаагүй”, “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, дур мэдэн ...тохижилт хийх төлөвлөгөө батлуулж тохижуулсан“ хэмээн утга авцалдаагүй үг хэлхэж ингэснээрээ өөрт ногдсон чиг үүргийн дагуу орц, гарцын асуудлыг шийдсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг бүдүүлгээр үгүйсгэжээ.

...нэхэмжлэгчийн газрын хэмжээ 320 м.кв, харин барилгын суурийн хэмжээ 15:15 буюу 225 м.кв байсан. Харин Б.Д-н газрын хэмжээ эхнээсээ л 9:12 байсан бөгөөд талбайн хэмжээнээс арай бага, тодруулбал 11.5:8.8 гэсэн харьцаатай газарт барилгын сууриа багтаан барилгаа барьсан.

...Ийнхүү иргэн Б.Д, Н.О нар ийм хязгаарлагдмал жижиг талбай авч барилга барихыг өөрснөө сонгож зөвшөөрсөн учраас орон зайн хомстол амсахаас эхлээд ихээхэн хохирсон ч гэсэн энэ талаар захиргаанд болон шүүхэд гомдол гаргаж байгаагүй нь өөрсдийнхөө шударгаар олж авсан газрын бодит хэмжээг мэдэж байсны нотолгоо юм.

...Шүүх бол иргэдийн өргөдлийг засдаг, залруулдаг захиргаанаас гаргасан алдааг уучилж, нүд анин өнгөрөөдөг буруу шийдвэрийг нь зөвтгөхийн тулд огт логик холбоогүй баримтуудыг механикаар холбон дүгнэлт гаргадаг байгуулага биш, бодит баримтад тулгуурлан, рационал байдлаар хэргийг хууль, журмын дагуу таслан шийтгэх байгууллага.

Захиргаанаас алдаа гаргасан байдлыг шүүгч хүлээн зөвшөөрч байгаа атлаа эдгээр алдаатай байдал нь гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт гаргасан нөхцөл байдлуудаа дутуу харгалзаж алдаа гаргасан байна.

Чухамдаа алдаатай байдлаар Б.Д-н газрыг сунгасан 62 м.кв газар нь иргэн Д.У-н барилгын орц гарц, орчны тохижилтод зориулж Нийслэлийн хот байгуулалт, хөрөнгө оруулалтын газраас албан ёсоор баталж хөрөнгө оруулалт тохижилт хийлгэн гүйцэтгэлийг нь улсын комисс хүлээн авсан нийтийн эзэмшлийн газартай давхцаж, наанадаж, хот байгуулалт, орчны тохижилт орц гарцтай холбоотой хуулийн олон заалт, стандарт зөрчигдөх, цаанадаж орц гарц, орчны орон зай хумигдсанаар шаардлагатай үед гал команд, түргэн тусламжийн зэрэг тусгай үйлчилгээний машин техник саадгүй нэвтрэх боломж хумигдан энд ажиллаж амьдрах хүмүүсийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан “Эрүүл аюулгүй орчинд амьдрах” эрх-д эрсдэл бий болгож байгаа байдлыг тооцсонгүй.

...Бидний зүгээс “..Б.Д-н их тойрууд 2 жилийн хугацаатай 300.мк  талбай эзэмших эрх нь 2001 онд дуусч 2004 онд Бага тойрууд тэр үеийн тоглоомын талбайн зориулалтаар тохижуулсан байсан талбайг кадастрын зураг хийлгэн 2007 онд барилгын зургаа зуруулсан. Д.У-н хувьд Бага тойрууд 2001 онд газар аваад зохих төлөвлөлтийн дагуу барилга зам талбайгаа түүнээс өмнө 2003 онд барьж эхлээд 2004 онд дуусган 2006 онд улсын комисст хүлээлгэн өгсөн“ гэж цаг хугацааны хувьд харуулсан тодорхойлолтыг бүхэлд нь харж дүгнэлт хийлгүйгээр зөвхөн Б.Д-д 1999 онд олгосон 300 м.кв газар, түүний сунгалт болгож 2004 онд түүнд олгосон 170 м.кв газар хоёр ижилхэн юм гэдгийн нотолгоо болгож тайлбарлахдаа “Их тойруу гэж техникийн алдаа гарсан..” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласан нь үндэслэлтэй байна гэж захиргааны шийдвэр алдаатай гарсан ч аман тайлбараар зөвтгөж болно гэж шүүх үзэж байгаа нь буруу юм.

Энэ бол техникийн алдаа биш, техникийн алдаа байлаа ч гэсэн шүүх түүнийг ямар хуулиар зөвтгөдөг юм бол.

...Бага тойрууд олгогдсон уг газрын 2007, 2008, 2010 оны газрын зургуудад харагдаж буй 6 дугаар байрны зургийг 1999 оны гэх албан бус зурагт харагдаж байгаа мэтээр дүгнэж болохгүй.

...шүүгчийн дүгнэсэнчлэн маргаан бүхий газрыг 1999 оноос буюу анхнаасаа гуравдагч этгээд Б.Д, Н.О нар ашиглаж байсан нь огт худлаа юм. Маргааны бүхий газрыг эзэмших эрх Н.О-д зөвхөн 2008 онд Б.Д-н хотын захиргаанд “миний эзэмшиж байгаа 9:12 хэмжээний газрыг Н.О-д шилжүүлж өгнө үү” гэх өргөдөл гаргаснаар эхэлсэн байдаг. Уг нь Д.У бага тойрууд түрүүлж газар авсан, зураг, эскиз хийлгэсэн газар дээрээ орц гаргаж мод тарьж тохижилт хийсэн болохоос хариуцагч, гуравдагч этгээд шүүхийн нотолж байгаачлан Б.Д, Н.О нарын газар дээр орц гарц гарган тохижилт хийгээгүй гэдэг нь холбогдох баримт, үйлдлүүдээр тогтоогдож байгаа.

Харамсалтай нь шүүх эдгээр баримт, үйлдлүүдийг (Б.Д-н нэгж газрын хувийн хэрэгт агуулагдаж байгаа кадастрын зураг 2005 оны байдлаар, уг газрын хэмжээнд зориулж зурсан барилгын дэвсгэр зураг, барилгын хэмжээ, Б.Д-н нэхэмжлэгчид хандаж байсан гуйлт, Н.Огийи шүүхэд гаргаж өгсөн тодорхойлолт, Б.Д, Н.О нараас 2012 он хүртэл иргэн Д.Уд хандаж ямар ч гомдол санал гаргаагүй байдал, Б.Д-н газрын кадастрийн зураг үйлдэгдэж байх үед үүнийг хийхдээ Д.У-н газартай холбогдол бүхий эскизтэй уялдуулах тухай цохолт гэх мэт) тодорхойлох хэсэгтээ оруулж дүгнэлт шийдвэр гаргахдаа анзаарч, бүтээлчээр ажилласангүй хэт залхуурч хэлбэрджээ.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн Б.Д-д анх 1999 онд хоёр жилийн хугацаатай 300 м.кв газар Их тойрууд олгосон нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу 2001 онд газар эзэмших эрх нь дуусгавар болсон байхад шүүгч “1999 оны ...А\227 тоот захирамжаар үүссэн эзэмших эрх дуусгавар болсон шийдвэр гараагүй” хэмээн зөвтгөжээ. Захиргаа шийдвэр гаргаагүй нь захиргааны алдаа болохоос Б.Д-н газрыг сунгах үндэслэл болохгүй юм.

Тэгээд ч Б.Д 2004 оны 185 тоот захирамжаар Бага тойрууд газар авахдаа өмнөх гэрээгээ сунгах биш шинээр газар авах процедурийн дагуу материал бүрдүүлж шийдвэр гаргуулах ёстой байгаа нь илт байна. Газрын байршил ч өөрчлөгдөж, хэмжээ нь ч өөр, сунгах хугацаа ч хэтэрсэн байна.

...Энэ бүхнийг нягтлан шүүж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-д заасны дагуу анхан шатны шүүхийн 128/ШШ2018/0127 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.У-н нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.У-с нийслэлийн Засаг даргын 2004 оны 185 дугаар захирамжийн иргэн Б.Д-д холбогдох хэсэгт Б.Д-н газар эзэмших эрхийг 108 м.кв-аар анх захиргаанаас олгосон болохыг тогтоолгох, 2008 оны 295 дугаар захирамжаар иргэн Б.Д-с Н.О-д, 2011 оны 494 дүгээр захирамжаар Н.О-с Б.Э-т “170 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлэхтэй холбогдох захиргааны актын 62 м.кв-д хамаарах хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Анх нийслэлийн Засаг даргын 1999 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/227 дугаар захирамжаар иргэн Б.Д-д Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Их тойрууд 300 м.кв газрыг үйлчилгээний орон сууцны зориулалтаар 2 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсний дагуу 1999 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр газар ашиглах гэрээ байгуулагдсан байх бөгөөд улмаар нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 185 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” захирамжийн хавсралтаар иргэн Б.Д-д Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд үйлчилгээний зориулалтаар 170 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дагуу 2004 оны 05 дугаар сарын 11-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдаж, 2007 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 103/2007 дугаар “Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-өөр Б.Д-д тэнхлэгээрээ 12.8 x 9.8 м хэмжээтэй 5 давхар үйлчилгээ, oффиссын зориулалттай барилга барих зөвшөөрөл олгожээ.

Нийслэлийн Засаг даргын 2001 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 324 дүгээр захирамжаар иргэн Д.У-н үйлчилгээний барилгыг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүнсний дэлгүүрийн хойд талд байрлуулан 0,032 га-гаар олгож, улмаар Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 485 дугаар захирамжаар Д.Уд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд үйлчилгээний зориулалтаар 545 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байх бөгөөд Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2007 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 242/2007 дугаар актаар нэхэмжлэгч Д.У-н 1266 м.кв талбайтай үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилгыг ашиглалтад оруулсан, нийслэлийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 90 дүгээр захирамжаар Д.У-н эзэмшлийн 545 м.кв газрын хэмжээг 862 м.кв болгон өөрчилжээ.

Б.Д нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 170 м.кв газрыг Н.О-д шилжүүлэхээр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулсны үндсэн дээр нийслэлийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 295 дугаар захирамжаар уг 170 м.кв газрыг эзэмших эрхийг Н.О-д шилжүүлсэн, улмаар нийслэлийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 494 дүгээр захирамжаар уг 170 м.кв газрыг эзэмших эрхийг Н.О-с Б.Э-т шилжүүлж, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ”-ээр  Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, Сүхбаатар гудамж 6/5 тоот хаягт байрлах 1035,32 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг “Үлэмж ноёд” ХХК-д бэлэглэсний дагуу 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг тус компанийн өмчлөлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон үйл баримт тус тус тогтоогдсон байна.

Ийнхүү Б.Д-д 2004 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 0003574 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээгээр 170 м.кв газрыг эзэмших эрх,  Н.О-д 2008 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 0180989 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр 170 м.кв газрыг эзэмших эрх,  Б.Э-т 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1354388 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр 170 м.кв газрыг эзэмших эрх тус тус үүссэн байгаа нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”  гэж заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчээс “...Б.Д-д захиргаанаас анх олгосон буюу олгохоор төлөвлөгдөж байсан 108 м.кв /9x12/ газрын хувьд маргаан байхгүй, харин нийслэлийн Засаг дарга болон газрын албанаас Б.Д-д анх 170 м.кв газар эзэмшүүлсэн төдийгүй уг газрын эрхийг Н.О, Б.Э нарт 170 м.кв газар эзэмших эрх шилжүүлсэн мэтээр захиргааны акт үйлдсэн нь буруу. Б.Д-н газар анх 108 м.кв талбайтай, 4 эргэлтийн цэгтэй анх кадастрт тусгагдсан байсан бол Н.О-д шилжүүлэх явцад 6 эргэлтийн цэгтэй, 170 м.кв болж дахин кадастрын зураг үйлдэгдэж баталгаажсан нь үндэслэлгүй...” гэж маргажээ.

Б.Д, Н.О нарын хооронд 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 170 м.кв газрын эрхийг шилжүүлэх  гэрээ байгуулагдсан, уг гэрээг үндэслэн  Б.Д-с 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн газрын алба болон Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргад хандаж, “Тус хороонд 9x12 хэмжээний газрыг нийслэлийн Засаг даргын 2004 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 185 дугаар захирамжаар эзэмших болж, барилга эхлэх зөвшөөрлийг холбогдох бүх материалыг бүрдүүлсний үндсэн дээр миний нэр дээр гаргасан бөгөөд уг газрыг Н.О-д шилжүүлэх болсныг зөвшөөрнө үү” гэж гаргасан хүсэлтийг нь үндэслэн нийслэлийн Засаг даргын 2008 оны 295 дугаар захирамжаар Б.Д-н эзэмшлийн 170 м.кв газрыг Н.О-д шилжүүлсэн байхад Б.Дг өргөдөлдөө “...9x12 хэмжээний газрыг...” гэж бичсэн гэсэн үндэслэлээр 108 м.кв газар эзэмшдэг байсан гэж тогтоох боломжгүй.

Учир нь уг хүсэлтийг Б.Д захиргааны байгууллагад гаргахаас өмнө буюу 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн нийслэлийн Засаг даргын 185 дугаар захирамжаар Б.Д-д Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 170 м.кв газрын эзэмших эрх үүссэн гэж үзэхээр байна.

Түүнчлэн Б.Д-с Н.О-д газрыг шилжүүлэх үед кадастрын зураг дахь 4 эргэлтийн цэг, 6 болж өөрчлөгдсөн боловч талбайн хэмжээ өөрчлөгдөөгүй буюу 170 м.кв-аар шилжсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул эргэлтийн цэг өөрчлөгдсөн гэсэн үндэслэлээр анх захиргаанаас Б.Д-д 108 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэж байсан гэж дүгнэх боломжгүй юм.

Иймд ”...Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн бичиг бол Д.У-н орц, гарц, тохижилт хийсэн нийтийн эзэмшлийн газар нь Б.Д нарын газартай давхцалгүй байгааг нотолж өгсний зэрэгцээ 2005 онд Б.Д-н газар 108 м.кв-аар улсын бүртгэлд бүртгэгдсэн байна гэдгийг нотолж өгснөөрөө бидний маргаж буй нийслэлийн Засаг даргын 2004 оны 185 дугаар захирамжаар Б.Д-д олгосон гэх 170 м.кв газар үндэслэлгүй, харин 108 м.кв байх нь бодит байдалд нийцэж байна” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

Тодруулбал, Нийслэлийн газрын албаны дэргэдэх газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2007 оны хурлын тэмдэглэлээс үзэхэд 3/0015 дугаарт газрын бүртгэлтэй Н.О-н нэр дээр шилжүүлэх газрын хэмжээ нь 170 м.кв гэж тэмдэглэгдсэн байх ба түүний эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зургаар газрын хэмжээ 170 м.кв байна. Мөн хэрэгт авагдсан 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, Нийслэлийн газрын албаны дэргэдэх газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2011 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэлээс үзэхэд 3/0015 дугаарт газрын бүртгэлтэй Н.О-с Б.Э-т шилжүүлэх газрын хэмжээ 170 м.кв байх бөгөөд Б.Э-н эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зургаар газрын хэмжээ 170 м.кв байна.

Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 6/766 дугаар албан бичигт “иргэн Д.У-н газрын кадастрын зурагтай иргэн Б.Э-н кадастрын зураг нь давхцалгүй байгаа бөгөөд Н.О-д газар эзэмшүүлсэн эрхийг Б.Э-т шилжүүлснийг нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарцын асуудлыг шийдвэрлэн, дахин хянан үзэх боломжтой” гэж, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1/2426 дугаар албан бичигт “...2006 оны 09 дүгээр сарын архивын зурган мэдээлэлд нэгж талбарын 18643311055819 дугаар бүхий 752 м.кв талбайтай газар нь Д.У-н нэр дээр, нэгж талбарын 18643311063850 дугаар бүхий 108 м.кв талбайтай газар нь Б.Д-н нэр дээр 2012 оны 02 дугаар сарын архивын зурган мэдээлэлд нэгж талбарын 18643311060849 дугаар бүхий 170.4 м.кв талбайтай газар нь иргэн Б.Э-н нэр дээр 2015 оны 01 дүгээр сарын архивын зурган мэдээлэлд 18643311055819 дугаар бүхий 862 м.кв талбайтай газар нь Д.У-н нэр дээр газар эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн байна...” гэжээ.

Гэтэл Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 11  сарын 19-ний өдрийн 1/2426 дугаар албан бичигт “...дээрх газрын бүртгэлийг тухайн үеийн төслийн ажилтан Батзолбоо хийсэн байна. Иймд дээрх нэгж талбарыг захиргааны ямар актыг үндэслэж бүртгэсэн эсэх талаарх баримт бичгийг Газрын албанаас авна уу. Мөн тухайн үеийн төслийн ажилтны хаяг анкет нь тус газарт хадгалагддаггүй учраас мэдээллийг гаргаж өгөх боломжгүй...“ гэснээс үзэхэд хариуцагчийн “...108 м.кв гэдэг нь тухайн үеийн техникийн алдаа, барилгын суурийн хэмжээ байх магадлалтай...” гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй.

Нийслэлийн газрын албанаас шүүхэд ирүүлсэн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 02-04/5739 дүгээр албан бичигт “Эдэлбэр газрын схем зурагт Б.Д-н 170 м.кв эзэмшил газарт барилгын хэмжээ 108 м.кв, Д.У-н 862 м.кв эзэмшил газарт баригдах барилгын хэмжээ 320 м.кв байхаар зааж тэмдэглэгдсэн байна” гэжээ.

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч Д.У нь өөрийн эзэмшлийн газарт ороогүй газрыг хашаалж, уг газар дээр тохижилт хийсэн нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасан “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасантай нийцэхгүй байх бөгөөд “...хөрөнгө оруулалт хийж тохижуулсан орц, гарцын талбайг хааж, том оврын машин орох зайгүй болгосон...” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0015 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Д, түүний өмгөөлөгч В.Э нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

      2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                 ШҮҮГЧ                                                        Э.ХАЛИУНБАЯР

                                 ШҮҮГЧ                                                        Э.ЛХАГВАСҮРЭН

                                 ШҮҮГЧ                                                        Б.ТУНГАЛАГСАЙХАН