Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2017/00633

 

                                                        Т.Бахытгүлийн нэхэмжлэлтэй,

                                                                 иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 750 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 212/МА2017/00025 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Т.Бахытгүл,

Хариуцагч : Баян-Өлгий аймгийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага : Ажилд эгүүлэн тогтоолгох тухай

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Бахытгүл, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс зохион байгуулсан Удирдах албан тушаалтны шалгалтад орж тухайн ажлын байранд 1 дүгээр байранд орсны дагуу 2016.12.17-ны өдрийн 46 дугаар тогтоолоор нэр дэвшигдэн томилогдсон. Гэтэл шинээр томилогдсон аймгийн Засаг дарга А.Гылымхан нь 2016.9.26-ны өдрийн ажлаас халах тухай Б/517 захирамж гаргасныг  эс зөвшөөрч байна. Захирамжид Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29.2.4-т зааснаар Т.Бахытгүл нь албан үүргээ гүйцэтгэхдээ өөрт нь хамаарал бүхий этгээд болох Их түргэн уул хоршоотой цэцэрлэгт мах махан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулан  хуулийн 11.1-т  зөрчсөн гэжээ. Би цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа  хэн нэгэн  хамаарал бүхий этгээдтэй гэрээ байгуулж байгаагүй, хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж өндөр үнэлгээтэй дүгнүүлж ирсэн юм. Гэтэл хөдөлмөрийн гэрээний 4.2, 4.3, 4.8 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэх шалтгаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131.3-т заасныг үндэслэн намайг ажлаас халсан нь огт үндэслэлгүй. Би хөдөлмөрийн гэрээний заалтуудыг зөрчсөн үйлдэл хийгээгүй, харин ч Төсвийн тухай хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан аливаа дүрэм, журамд заасны дагуу хуваарилагдсан төсвийг тухайн жилд багтаан зарцуулж, өр төлбөр үүсгээгүй, дээд шатны байгууллагаас батлагдаж ирсэн бүтэц, орон тоог Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар мөрдөн ажиллаж ирсэн. Байгууллагын хүний нөөц, ажилтан албан хаагч нарыг Төрийн албаны болон бусад хууль тогтоомжид заасан баталгаагаар ханган ажиллаж болно. Иймд аймгийн Засаг даргын Б/517 тоот  захирамжийг  хүчингүй болгож, Ногооннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Т.Бахытгүл нь тус аймгийн Ногооннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр 2015 оны 12 дугаар сараас эхлэн томилогдон ажиллаж байсан. 2016.9.05-ны А/474 захирамжийн дагуу цэцэрлэгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн.  Шалгалтын дүнгээр  Т.Бахытгүлтэй  холбоотой хэд хэдэн зөрчил илэрсэн. Тухайлбал,  Т.Бахытгүл нь албан үүргээ гүйцэтгэхдээ өөртэй нь хамаарал бүхий этгээд болох Их түргэн уул хоршоотой цэцэрлэгт мах махан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулан хамтран ажиллаж байсан нь хууль зөрчсөн үйлдэл байсан. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29.2.4-д заасны дагуу ажлаас халах тухай сахилгын шийтгэл оногдуулахаар тусгасан байдаг. Цэцэрлэгийн хичээлийн жил  эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг дур мэдэн өөрчилдөг, стандартын шаардлага хангахгүй байранд цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон. Хөдөлмөрийн гэрээний  4.2, 4.3, 4.8-г зөрчсөн нь  сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болсон  гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 750 дугаартай шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016-09-26 ны өдрийн  Б/517 тоот захирамжийг хүчингүй болгож, Т.Бахытгүлийг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Т.Бахытгүл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 70.200 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 212/МА2017/00025 дугаартай магадлал гаргаж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 750 дугаар шийдвэрийг хэвээр нь үлдээжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1 дэх хэсгийг зөрчсөн үйлдэл гаргасан байсан. Учир нь, мөн хуулийн 3.1.5-д Хамаарал бүхий этгээд гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг ойлгоно. гэж заасан байдаг тул Т.Бахытгүл нөхөр болох н.Ерболттай ямар нэгэн гэрээ хэлцэл хийхийг хориглосон хуулийн заалттай гэдгийг мэдсээр байж гэрээ байгуулан төсвийн мөнгийг зүй бусаар зарцуулж ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байна. Т.Бахытгүл анхан шатны шүүх хурал дээр Их түргэх уул хоршоо нь малчдын эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллага учраас хамтран ажиллах гэрээ байгуулан ажилласан гэж тайлбарласан байна. Гэвч Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн  8.1, 8.2, 12.1-т заасныг тус тус зөрчиж хамтран ажиллах гэрээ байгуулсан, дээд шатны албан тушаалтанд бичгээр мэдэгдэж зөвшөөрөл аваагүй байна. Т.Бахытгүл нь 2016.6.20-ны өдөр Их түргэн уул хоршоотой байгуулсан хамтран ажиллах тухай гэрээг цуцалсан гэх боловч 2016.8.30-ны өдөр хүртэл өөрөө цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлөгдөх хүртэл уг хоршооны дансанд санхүүгийн баримтад гарын үсэг зурж, мөнгө шилжүүлж байсан нь хавтаст хэрэгт авагдсан аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс авсан төрийн сангийн хуулгаар нотлогдож байна. Анхан шатны шүүх Т.Бахытгүлийн аймгийн Засаг даргатай байгуулсан 2014 оны хөдөлмөрийн гэрээг нэхэмжлэгч нотлох баримтаар гаргаж өгсөн ба хариуцагч тал гаргаж өгөөгүй тул нотлох боломжгүй гэсэн байна. Бахытгүлийн гэрээ нь хугацаагүй байгуулагдсан гэрээ тул ажлаас халах тухай шийдвэрт аймгийн Засаг даргатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний ажилтны үүрэг болох 4.2-т заасан ажил үүрэгтэй холбоотой шаардлагыг бүрэн хангаж харилцана, 4.3-д байгууллагын эрх ашгийг хувийн эрх ашгаас нэн түрүүнд тавьж хамгаална, 4.8-д заасан холбогдох хууль тогтоомжийг бүрэн мөрдөж ажиллах үүргээ тус тус зөрчсөн тул хөдөлмөрийн гэрээний дээрхи заалтуудыг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Т.Бахытгүл цэцэрлэгийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг дур мэдэн өөрчилдөг, стандартын шаардлага хангахгүй байранд цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байсан нь ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөн нэхэмжлэгч болон анхан шатны шүүх аймгийн Засаг даргын захирамжийн үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 131.3 дахь заалт гэж бичигдсэнийг буруутгажээ. Тус захирамжийн үндэслэх хэсэгт бичигдсэн дээрх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3 дахь заалт гэж ойлгох нь зүйтэй бөгөөд бичилтийн алдаа гарсан байна гэж залруулга хийж, анхан шатны шүүх хуралд нотлох баримтаар өгсөн боловч шүүх үүнийг нотлох баримтаар авч үзэлгүйгээр нэг талыг баримтлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг алдагдуулсан хууль бус шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:  

Т.Бахытгүл нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Б/517 дугаар захирамжийг хүчингүй болгох, мөн аймгийн Ногооннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбоогдулан гаргасан байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх Т.Бахытгүлийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Баян-Өлгий аймгийн Засаг дарга 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Б/517 дугаар захирамж гаргаж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-г баримтлан “...албан үүргээ гүйцэтгэхдээ өөрт нь хамаарал бүхий этгээдтэй... гэрээ байгуулсан... хөдөлмөрийн гэрээний 4.2, 4.3, 4.8-г зөрчсөн...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг Ногооннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас халжээ. /хх 5/          

Хариуцагчийн 2016 оны  Б/517 дугаар захирамжийн үндэслэл тогтоогдоогүй талаар хоёр шатны шүүх Хөдөлмөрийн тухай хууль,  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нийцсэн дүгнэлт хийсэн байх тул хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй.  

Цэцэрлэгт мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ Т.Бахытгүл цэцэрлэгийг төлөөлөн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Их түргэн уул” хоршоотой  /захирал нь нэхэмжлэгчийн гэр бүл М.Ербол/ байгуулсан гэх боловч уг гэрээ нэхэмжлэлийн үндэслэл болсон 2016 оны Б/517 дугаар захирамжаас өмнө буюу 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр цуцлагдсан тухай М.Тилеужаны тодорхойлолтыг хариуцагч үгүйсгээгүй тул  Т.Бахытгүл “...албан үүргээ гүйцэтгэхдээ өөрт нь хамаарал бүхий этгээдтэй... гэрээ байгуулсан...” нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд хамаарахгүй. Хариуцагч нь Т.Бахытгүлийг ажлаас нь халахдаа хамаарал бүхий этгээдтэй холбоотой өөр үндэслэл дурдаагүй тул нэхэмжлэлийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-г зөрчөөгүй байна.    

Т.Бахытгүл  Хөдөлмөрийн гэрээний  4.2-н  “...ажил үүрэгтэй холбоотой шаардлагыг бүрэн хангаж хариуцах...”, 4.3-н “...байгууллагын эрх ашгийг хувийн эрх ашгаас нэн тэргүүнд тавьж хамгаалах...”, 4.8-н “...холбогдох хууль тогтоомжийг бүрэн мөрдөж ажиллах...”  үүргээ зөрчсөн гэх боловч эдгээрийг ноцтой зөрчилд тооцохоор зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд заасан нь нотлогдоогүй тул хариуцагчийн  захирамж Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4-т нийцээгүй гэж үзнэ. 

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны Б/517 дугаар захирамжид заагаагүй үндэслэл нь нэхэмжлэлийг үгүйсгэх нөхцөл болохгүй учир хариуцагчийн тайлбараар шийдвэр, магадлалыг өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй байна.

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээнэ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 750 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 212/МА2017/00025 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ