Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2020/0038

 

Э д о у” ХХК-ийн

нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газарт

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:          Танхимын тэргүүн Ч.Тунгалаг,

Шүүгчид:              Д.Мөнхтуяа,

                               П.Соёл-Эрдэнэ,

                               Ц.Цогт,

Илтгэгч шүүгч:    М.Батсуурь,

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Оюуны өмчийн газрын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Тасалбар түгээх машин бүтээлд бүтээгдэхүүний загварын гэрчилгээ олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулж, Э д о у ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн анхдагч огноотой, 30-2017-0003477 дугаартай Тасалбар түгээх машин (ТТМ) нэртэйгээр өгсөн бүтээгдэхүүний загварын мэдүүлгийг хүлээн авч, бүтээгдэхүүний загварын патент олгохыг даалгуулах тухай”,

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2020/0462 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 569 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Онарыг оролцуулан,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2020/0462 дугаар шийдвэрээр: Патентийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 5 дугаар зүйлийн 5.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э д о у ХХК-иас Оюуны өмчийн газарт холбогдуулан гаргасан Оюуны өмчийн газрын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Тасалбар түгээх машин бүтээлд бүтээгдэхүүний загварын гэрчилгээ олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулж, Э д о у ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн анхдагч огноотой, 30-2017-0003477 дугаартай Тасалбар түгээх машин (ТТМ) нэртэйгээр өгсөн бүтээгдэхүүний загварын мэдүүлгийг хүлээн авч, бүтээгдэхүүний загварын патент олгохыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
  1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 569 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 462 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Патентийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 5 дугаар зүйлийн 5.2.1” гэснийг “Патентийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1, 11 дүгээр зүйлийн 11.9” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

  1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А хяналтын гомдолдоо: ... Тус компани бусдаас давхцалгүй, өвөрмөц шийдэл агуулсан тасалбар түгээх машин бүтээгдэхүүний загвар бий болгосон. Гэтэл Оюуны өмчийн газар 2 үндэслэлээр манай бүтээгдэхүүний загварыг бүртгэж гэрчилгээ олгохоос хууль бусаар татгалзсан. Тодруулбал, Патентын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.3-т заасан бусад этгээдийн бизнесийн үйл ажиллагаанд хохирол учруулахаар бол гэсэн үндэслэлийг баримталж манай бүтээлд гэрчилгээ олгохоос татгалзсан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэн гэж хуулийн этгээдийн ямар бизнесийн үйл ажиллагаанд, хэрхэн хохирол учруулж болох нь тогтоогдоогүй. Анхнаасаа Оюуны өмчийн газрын шинжээч энэ байдлыг огт шалгаагүй, цээжний пангаар манай загварт гэрчилгээ олгохоос татгалзсан. Хятад улсын тасалбар түгээж байгаа компанид хохирол учирна гэж үзсэн нь ямар ч үндэслэлгүй болсон. Учир нь бид Хятад улсад үйл ажиллагаа явуулахгүй юм.
  1. Давж заалдах шатны шүүх энэ байдлыг хүлээн зөвшөөрч буруу үндэслэлээр татгалзсан байна гэдгийг тогтоосон боловч зөрүүтэй дүгнэлт хийж, манай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөх боломжгүй. Давж заалдах шатны шүүх Хятад улсад ашиглаж байгаа гэх тасалбар түгээх машин гэдэг зүйлийн зургийг хараад өөр аль ч улсад тасалбар түгээх машин гэдэг зүйлийн шинэ загвар бүтээж болохгүй гэж дүгнэлт хийж байгаа нь дэндүү харамсалтай. Тухайлбал, магадлалд ... өөр улс оронд оюуны өмчийн хамгаалалт хийлгэсэн эсэх нь хамаагүй, тэр бүү хэл ... бүтээгдэхүүний загвараар бүртгэгдсэн эсэхийг шалган тогтоох шаардлагагүй гэж үзсэн нь дэндүү өрөөсгөл дүгнэлт юм.
  1. Манай зүгээс Хятад улсад ашиглаж байгаа Тасалбар түгээх машин гэдэг зүйл нь оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийлгэсэн эсэх, бүтээгдэхүүний загвараар бүртгэгдсэн эсэхийг шалгах ёстой гэдгийг удаа дараа илэрхийлж байхад анхан шатны шүүх нотлох үүргээ хэрэгжүүлээгүй энэ байдлыг давж заалдах шатны шүүх залруулаагүй нь магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэх боломжгүйг харуулж байна. Өөрөөр хэлбэл, хэн хаана ч тасалбар түгээх машины загварыг бүртгүүлээгүй байхад манай загварыг Монголд бүртгэхээс татгалзаад байж болохоор байна. Энэ байдлыг заавал шалган тогтоох ёстой байсан. Гэтэл Оюуны өмчийн газар энэ байдлыг шалган тогтоолгүй татгалзсан нь 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн тасалбар түгээх машин бүтээлд бүтээгдэхүүний загварын гэрчилгээ олгохоос татгалзсан шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан хуульд үндэслэх, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны актад тавигдах үндсэн шаардлагыг хангаагүй болохыг харуулж байна. Энгийн жишээ авч үзэхэд, Монгол Улсад Приус 20, 30, 40, 41 гэсэн загварын машинууд явж байна. Энэ бүх машиныг дэлхий нийтээр бүтээгдэхүүний шинэ загвар гэж хүлээн зөвшөөрч байна. Эдгээр нь урт болон өргөний хэмжээ, түүнчлэн өндөр, салхины шилний хэлбэр болон их гэрэл, дохионы гэрлийн байрлал зэргээрээ ялгарч байгаа юм. Үүнтэй адилхан гар утас гэдэг бүтээгдэхүүн, компьютер, нөүтбүүк гэдэг бүтээгдэхүүн өнгө, урт өргөний хэмжээ, товчны ерөнхий байрлал, өнцөг гэсэн зүйлээрээ л ялгараад тус тусдаа шинэ бүтээгдэхүүний загвар гэж тооцогдоод дэлхий даяараа хүлээн зөвшөөрөөд явж байгаа.
  1. Манай тасалбар түгээх машин нь оюуны өмчийн шинжээчийн иш татаад байгаа Хятадын тасалбар түгээх машин гэдгээс 1/ Хажуугийн бариултай, 2/ Дээрээ 3 ширхэг антен байрлуулсан, 3/ өндрийн хэмжээ өөр, үүнээс шалтгаалан дэлгэцийн байрлалын хувьд илүү их төвийн байрлалтай болж байгаа, 4/ өнгийн хувьд өөр байгаа юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх Патентын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, тухайн төрлийн бүтээгдэхүүний тухай ойлголт нийтэд огт түгээгүй байх ёстой гэсэн агуулгаар ойлгож хэрэглэлээ.
  1. Давж заалдах шатны шүүхийн энэ ойлголтоор бол хойшдоо ямар ч гар утас, авто машин, нөүтбүүк, компьютерийн загвар бүртгэгдэх ёсгүй болоод байна. Өөрөөр хэлбэл, шинэ гар утас хийхээр л нийтэд илэрхий гээд, шинэ машин хийхээр л нийтэд илэрхий гээд бүтээгдэхүүний загварын гэрчилгээ олгох ёсгүй болоод байна. Ийнхүү давж заалдах шатны шүүх Патентын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1 дэх заалтыг буруу ойлгож, хэт дэлгэрүүлж хэрэглэсэн байна. Мөн Дэлхийн худалдааны байгууллагын Оюуны өмчийн эрхийн худалдаанд хамаарах 1994 оны хэлэлцээрийн 25 дугаар зүйлийг буруу ойлгож, манай бүтээгдэхүүний загвар мэдэгдэхүйц ялгарахаар байхад шүүгч өөрөө мэдэгдэхүйц ялгарахгүй байна гэж хийсвэр дүгнэлт хийжээ. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

  1. Шүүхүүдийн шийдэл зөв байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
  1. Нэхэмжлэгч “Э д о у” ХХК нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Аж үйлдвэрийн өмчийн эрхийн газарт 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Тасалбар түгээх машин (ТТМ) нэртэй 30-2017-0003477 дугаартай бүтээгдэхүүний загварын мэдүүлэг гаргасан; тухайн бүтээгдэхүүний загвар нь Патентын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1, 5.4.3 (бусад этгээдийн бизнесийн үйл ажиллагаанд хохирол учруулахаар бол) заасан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр хариуцагчаас мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.9-д заасны дагуу 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр патент олгохоос татгалзсан; нэхэмжлэгчээс уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар дээд шатны байгууллагад хандаж гомдол гаргасныг Оюуны өмчийн газрын Маргаан шийдвэрлэх комиссын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 18 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчээс “... манай компани бусдаас давхцалгүй, өвөрмөц шийдэл агуулсан тасалбар түгээх машин бүтээгдэхүүний загварыг бий болгосон, Монголдоо анхдагч бөгөөд шинэ гэсэн шаардлагыг хангасан, ... уг машин нь оюуны өмчийн шинжээчийн иш татаад байгаа хятадын тасалбар түгээх машин гэдгээс хажуугийн бариултай, дээрээ 3 ширхэг антенн байрлуулсан, өндрийн хэмжээ өөр, үүнээс шалтгаалан дэлгэцийн байрлалын хувьд илүү их төвийн байрлалтай болж байгаа, өнгийн хувьд өөр буюу бүтээгдэхүүний загвар мэдэгдэхүйц ялгарахаар байхад бүтээгдэхүүний загварын патент олгохоос татгалзаж байгаа нь хууль зөрчсөн ...” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... бүтээгдэхүүний загвар гэдэг нь зөвхөн гадаад хэлбэр дүрс болон өнгө, өнгөний хослолын тухай яригддаг. Нэхэмжлэгч компанийн бүтээгдэхүүнд хайлт хийхэд Хятад улсын компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний мэдээлэл олдсон. Энэ мэдээллийг үндэслэн 2 бүтээгдэхүүнийг харьцуулан үзэхэд өнгө болон хэлбэрийн хувьд ялгарах ялгаа огт байгаагүй учраас уг бүтээгдэхүүний загварыг батлах боломжгүй гэдэг шийдвэрийг гаргасан...” гэж тус тус тайлбар гарган маргажээ.
  1. Патентын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д “бүтээгдэхүүний загвар” гэж бүтээгдэхүүний гадаад хэлбэр, хийцэд хамаарах гоёл чимэглэл, өнгө, өнгөний хослол агуулсан, шинээр зохион бүтээсэн, өвөрмөц шийдлийг” хэлнэ гэж, 5 дугаар зүйлийн 5.2-т “бүтээгдэхүүний загварыг хамгаалахад дараахь шинж чанаруудыг харгалзан үзнэ” гээд 5.2.1-д “бүтээгдэхүүний загварын шинж чанарууд нь мэдүүлгийн анхдагч огноо хүртэл нийтэд илэрхий болоогүй бол түүнийг “шинэ” гэж үзнэ” гэж; мөн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Мэдүүлгийн анхдагч огноог тогтоосны дараа оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шинжээч тухайн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар энэ хуулийн 4, 5 дугаар зүйлд заасан шалгуурыг хангасан эсэхэд мөн чанарын шүүлт хийнэ”, 11.9-д “оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага мэдүүлгийн анхдагч огнооноос хойш 9 сарын дотор шүүлтийн дүгнэлтийг үндэслэн патент олгох эсэх талаар шийдвэр гаргана” гэж тус тус зааснаар бүтээгдэхүүний загвар нь бүтээгдэхүүн гадаад хийц, хэлбэр, гоёл чимэглэл, өнгө зэрэгт хамаарах өвөрмөц шийдэл байж гэмээ нь шинээр зохион бүтээгдсэн гэж патент авах боломжтой; харин өмнө нь патент авсан, эсхүл нийтэд илэрхий болсон зэрэг загварт патент олгохгүй юм. 
  1.  Нэхэмжлэгчийн өөрөө зохион бүтээлгэсэн гэж патент авахаар хандсан бүтээгдэхүүний загварыг үзэхэд хариуцагч Оюуны өмчийн газрын шинжээчийн “... анхдагч огнооноос өмнө БНХАУ-д үйлдвэрлэгдсэн ижил төстэй бүтээгдэхүүн илэрсэн нь нийтэд илэрхий бөгөөд бүтээгдэхүүний загварт тавигдах шаардлагад нийцээгүй, шинээр зохион бүтээсэн байх, өвөрмөц байх, мэдүүлгийн анхдагч огноо хүртэл нийтэд илэрхий болоогүй байх шинжийг хангаагүй, түүнчлэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “Тасалбар түгээх машин”-ыг өндрийн хэмжээ болон өнгийг өөрчилж, дээр нь 3 ширхэг антенн байрлуулан хажуудаа бариултай загвараар тус улсад захиалан хийлгэснийг “шинээр зохион бүтээсэн өвөрмөц шийдэл” гэж үзэх боломжгүй ...” гэх тайлбарыг үгүйсгэж, няцаах үндэслэл тогтоогдохгүй байна.
  1. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн татгалзал хууль зөрчсөн байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...манай зүгээс Хятад улсад ашиглаж байгаа Тасалбар түгээх машин гэдэг зүйл нь оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийлгэсэн эсэх, бүтээгдэхүүний загвараар бүртгэгдсэн эсэхийг шалгах ёстой гэдгийг удаа дараа илэрхийлж байхад анхан шатны шүүх нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, энэ байдлыг давж заалдах шатны шүүх залруулаагүй нь магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэх боломжгүйг харуулж байна. Өөрөөр хэлбэл хэн, хаана ч тасалбар түгээх машины загварыг бүртгүүлээгүй байхад манай загварыг Монголд бүртгэхээс татгалзаад байж болохоор байна. Энэ байдлыг заавал шалган тогтоох ёстой байсан...” гэх хяналтын гомдлоор шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.
  1. Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э д о у” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалангийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 569 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар хяналтын журмаар нэхэмжлэгчээс гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Ч.ТУНГАЛАГ

  ШҮҮГЧ                                                                       М.БАТСУУРЬ