Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2018/ШЦТ/120

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагч Ц.Сайнхүү,

Хохирогч Х.Д, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм,

Шүүгдэгч Т.Ц , түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч  Т.Ц-т холбогдох 201707000023 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат, **** оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, **настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 1, ганцаараа Говь-Алтай аймгийн .......... сумын ........хорооны .......... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ........ регистрийн дугаартай, Х овогт Т-ийн Ц гэв.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.Ц  нь 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн ....сумын Т....... багийн ...... хороо *** тоот хашаанд иргэн А-ийн гэрт иргэн Х.Да-тай маргалдан зодож хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Сутайн хороо****тоот хашаанд 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр иргэн А-гийн гэрт Х.Д нь бусдад зодуулж биедээ хүнд зэргийн гэмтэл авсан гэмт хэрэг гарсан байна. Уг гэмт хэргийг шүүгдэгч Т.Ц   нь үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Т.Ц-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Д.А-гийнд ороход цэргийн баяр тэмдэглээд нэг шил архи уусан. Тэгээд Б  бид нар архи уугаад сууж байхад Д  согтуу орж ирсэн. Д-ыг согтуу орж ирэхэд Д  А  хоёр муудалцаад, Д.А   Д-ыг чи архи уухаараа гай болдог шүү гэж хэлээд хөөж гаргаад муудалцаад байсан. Тэгээд дахиж нэг шил архи авч ирж уусан. Намайг гарахад Д  нам унтсан байсан. Чи бид хоёрт маргалдах ямар ч шалтгаан байхгүй. Муудалцах зүйл байхгүй. Д.А  та хоёр өмнө нь ч гэсэн мөнгөнөөс болоод муудалцаад байдаг байсан. Би 5 цагийн үед гараад гэртээ очсон. Би Ч-жавыг аваад гарахад чи шалан дээр унтаж байсан. А  орон дээр байсан. Зуухан дээр унасан бол хоёулаа түлэгдэхээр байсан. Гал түлсэн аймаар халуун хаалга нээсэн байсан. чи бид хоёрт муудалцах шалтгаан байхгүй. Би 5 хоноод замд яваад 12 дугаар сард ирсэн. Намайг ирэхэд чи хэлж байсан. Чи намайг зодоогүй байх А  намайг ийм болгочих шиг болсон гэж хэлж байсан. Би чамайг зодоогүй, чамайг эмнэлэгт хэвтсэн гэхээр чинь мөнгө төгрөг өгнө гэж хэлж байсан. Би зодсон байвал мөнгө төгрөг өгөхгүй. Чи хэлж байсан А  намайг ийм болгочихлоо гэж хэлж байсан. Өмнө нь та хоёр зодолдоод байдаг байсан. Гэрч байхгүй болохоор болохгүй байна. Чамтай зодолдсон зүйл байхгүй хэрэлдэх шаардлага байхгүй. Хэдэн төгрөг өгвөл зүгээр санал гомдолгүй гэдэг зүйл хэлж байсан... 3 шил архи уусан болсон явдлыг санаж байгаа. Би Ч  гуайг хүргэж өгөөд явсан... Д  тасарсан байсан... Бид хоёрын хооронд мөнгө төгрөгийн асуудал байхгүй. А энэ хоёр мөнгө төгрөгийн тооцоотой байсан. А  энэ хоёр мөнгөнөөс болоод муудалцдаг байсан... Чи архи уухаар гай болдог шүү гэж хэлээд муудалцаж гараад буцаж орж ирээд байсан... Надад цохисон зүйл байхгүй. А  Д-ыг бялтаан шалан дээр дэвссэн байх гэж бодоод байна... Хохирол мөнгө төлөөгүй...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,  

Хохирогч Х.Д  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гэртээ байж байсан. С  яриад манайд хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгээд тэднийд очоод хоол унд хийж идээд нэг шил архи авсан байсан. Тэрийг хувааж уугаад дуусаж байхад багажаа өгөөч утсаар ярихаар нь би ажлын байрандаа ирж Д-нд багажаа гаргаж өгсөн. Тэгээд гэр рүүгээ шууд явах гэснээ болиод А  ахынд ороход А  ах, Т.Ц , Ч  ах гурав сууж байсан. Дундаа нэг архи тавьсан тэр нь бараг дуусаж байсан. Т.Ц  намайг Балбар занги дээшээ суу гэж хэлэхээр нь би нэрээр дуудаарай гэж хэлсэн. Тэгээд юм яриад сууж байхад Б орж ирсэн. Б А  ахыг торосоо өгөөч гэж хэлсэн. А  гараад торос өгөөдхье гэхээр нь Б бид гурав хамт гарсан. Тэгээд торос өгчихөөд буцаж орж ирж суусан. Тэгэхэд Ч  ах нилээд муудсан байсан. Бг торос аваад эргээд ирэхэд нь Б бид хоёр архинд яваад 2 шил архи авч ирсэн. Би гарч бие засахдаа ажлын байр руугаа орж нэг метр авч кармаалаад гэрт ороход Ц- Ч  ах хоёр байхгүй. А  ах орон дээрээ сууж байсан. Ц  Ч  ахыг хүргэж орж ирсэн. Тэгээд бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгээд Адилаа ах та хоёр гэрт маргалдахгүй шүү гарч маргалд гэж хэлсэн. Т.Ц  жоохон дайраад байхаар нь би би айгаад гэр рүү орох гэтэл араас ална шүү гэж хэлээд араас ороод ирсэн. Тэгээд хажуу та руу цохиход хүчиндээ зуух мөргөөд унахдаа ухаан алдаж унасан. А-тай мөнгө төгрөгийн маргаан байхгүй... Чи намайг ийм болгочихоод утсаар ярихгүй зугтаагаад алга болсон. Утсаар ярих гэтэл утсаа хаачихдаг. Зам ангид ажил хийж байгаа сураг гараад байна. Найз нөхөд байж намайг ингэчихээд надад мөнгө төгрөг асар их хохиролтой байна. Оюутан хүүхэдтэй төлбөр мөнгийг нь төлж чадахгүй байна гэж хэлэхэд цалин мөнгө буухгүй байна гэдэг зүйл ярьсан... Цалин мөнгө буухгүй байна гэж хэлсэн. Дараа нь он гаргаад Т.Ц-тай уулзахад А-тай уулз гэж хэлсэн. Тэгээд А  гурвуулаа уулзсан. Тэгэхэд Т.Ц  мөнгө төгрөг өгч чадахгүй өгдөг газар нь өг шоронд л явах байлгүй гэж хэлээд яваад өгсөн... : Би гомдолтой байна. Гэмтэл авсан талаараа унтаж болохгүй. Байнга тархи толгой өвддөг. Өдрөөс өдөрт чих хараа муудаад байна. Өвчин намдаах хүчтэй эм уусаар байгаад ходоод зүрх өвдөөд эмнэлэгт хэвтсэн. Үе үе болсон зүйлийг мартах юм. Шөнө нойр хүрэхгүй, хоол унд идэж ууж чадахгүй байгаа... Баруун тал руу цохисон... Зуух мөргөөд хажуу тийшээ унасанаа мэдэж байгаа...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Хохирогч Х.Д-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр би Сутайн хороо 3-1 тоот хашаанд хуурай ах болох А-бишийн гэрт очсон юм. Тухайн хашаанд миний ажлын байр мужааны цех байдаг юм. Тухайн үед би А  ахын гэрт яваад ороход Ц согтуу сууж байсан юм. Тухайн үед би айлд очиж нэг шил архи хувааж уучихаад тэнд очсон. Би согтоогүй болсон зүйлсээ бүгдийг санаж байгаа юм. Харин ухаан алдаж унаснаасаа хойш санахгүй байгаа юм. Тэгээд тухайн айлд яваад ороход хүмүүс мэнд ус мэдээд тухайн гэрт А , Ц , нар сууж байсан юм. Тэгээд орсны дараа намайг тоглоом хийгээд байгаа юм уу гэмээр янз янзын юм яриад Балбар занги юу байна гэх мэт зүйл яриад байхаар нь би нэртэй хүнийг нэрээр нь дуудаарай гэх мэт зүйл яриад маргалдсан. Тэгсэн А  ах та 2 гарч маргалдаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь бид 2 гадаа гараад бага зэрэг маргалдчихаад би чамтай юу ч ярихгүй гээд Адилаа ахын гэрт эргээд ороод үүдний хэсэгт зогсож байтал араас орж ирээд баруун шанаа руу гараараа цохисон юм. Би цохиулахдаа зүүн шанаагаараа гал түлсэн байсан пийшин лүү унаад ухаан алдаж унасан байсан. Тэгээд нэг мэдсэн гэртээ ирсэн ухаан орсон бараг өглөө үүрээр сэрсэн юм. Тэгээд би эхнэрээсээ яаж гэртээ ирсэн талаар асуусан чинь А  ах чамайг хүргэж ирчихээд явсан гэж хэлсэн. Тэгээд би 2 хоног гэртээ хэвтэж байгаад гар хөл татаад байхаар нь эмнэлэгт очоод үзүүлтэл яаралтай хагалгаанд орохоор болсон. Тэгээд хагалгаанд ороод зүрхний хэмнэл алдагдаад хагалгааг зогсоогоод 2 хоногийн дараа бас дахин хагалгаанд орсон юм. Тэгээд 10 гаран хоногийн дараа бас дахин хагалгаанд орж толгойныхоо зүүн шанааны цөмөрсөн ясыг түүлгэж авахуулсан. Тухайн зодуулснаас болж тархи толгойндоо гэмтэл авсан юм. Тэгээд тухайн хүнийг ирж уулзаад эм тарианы тусламж үзүүлчих болов уу гэж нэлээн хугацаанд харж явсан юм. Тэгээд ирэхгүй болохоор нь би очиж уулзахад эхэндээ мөнгө төгрөг өгөх талаар ярьж байсан боловч сүүлдээ би цохиж зодоогүй шүүх цагдаад өгч шалгуул гэдэг болсон юм. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэх мэдүүлэг/хх 13-14-рт/,

Хохирогч  Х.Д-ын мөрдөн байцаалтад 2 дахь удаагаа мэдүүлсэн: “...Тухайн  үед Т.Ц   бид  2  гадаа маргалдаад би чамтай маргалдмааргүй байна гээд гэрт ороход яг араас орж ирээд миний араас татаж зуурахад би тэр үед эргэж харсан юм. Тэгсэн чинь шууд баруун шанаа руу гараараа цохисон юм. Тэгээд би шууд газар дээрээ унаад зуух мөргөөд ухаан алдаад унасан юм...” гэх мэдүүлэг/хх 16-17-рт/,

Хохирогч Х.Д-ын мөрдөн байцаалтад 3 дахь удаагаа мэдүүлсэн: “...Би урьд өмнө нь А-гийн хашаанд банз буулгаж байгаад машины чиргүүл дээрээс хий гишгэж унаад хавирга хөндүүр болоод хугалчихлаа гэж бодож байсан. Тэгээд тухайн үед ямар нэгэн эмнэлэгт үзүүлээгүй гэрээр байж байгаад өвчин нь зүгээр болж эдгэж байсан. Тэгээд 2016 оны 03 сарын 16-ны өдөр А  ахын гэрт унахдаа тухайн хуучин хавиргаа гэмтээчихлээ гэж бодоод өнгөрсөн. Тухайн үед тархиндаа гэмтэл аваад хавирганы гэмтлийг тоогоогүй тухайн үед хавирга хөндүүр болоод байхаар нь эмчээр наалт наалгаж байсан. Одоо бодоход тархиндаа гэмтэл авахдаа тухайн 4-р хавирга хугарсан байсан...- гэх мэдүүлэг /2-р хх 8-9-рт/,

Гэрч Д.А-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “... Тухайн өдөр Т.Ц  манайд ирсэн юм. Тэгээд Ц  бид 2 эхлээд цэргийн баяр болох гэж байгаа гээд нэг шил архи хувааж уугаад сууж байсан чинь Д  гаднаас орж ирэхэд Ц  Д-т хандан Балбар занги гуай юу байна гэж мэндэлж байсан юм. Тухайн үедээ тэр 2 хоорондоо ямар нэгэн юм яриагүй. Тэгээд нөгөө архи дуусаад Д-ын мотоциклийг Ц  унаж яваад тэр 2 хамт нэг шил архи авч ирсэн. Тэгээд авч ирсэн нэг шил архийг хувааж ууж дуусаад Д , Ц  нар хоорондоо маргалдаад байсан яг юунаас болж маргалдсан талаар сайн мэдэхгүй байна одоо мартчихсан байна. Тэгээд тухайн үед би гарч хэрэлдэж маргалд гэж хэлээд гэрээсээ гаргасан юм. Тэгээд нэг их удалгүй тэр 2 ороод ирсэн орж ирэхэд заамдалцан орж ирсэн юм. Тэгээд Ц  заамдалцсан чигээрээ гэрийн үүдээр орж ирээд Д-ыг түлхсэн чинь Д унахдаа гэрийн зуух руу унасан. Тэгээд би босож ирээд Д-ыг татаад босгож суулгасан чинь Д-ын зүүн шанаа чихний орчим халуун зууханд түлэгдээд цус гарсан байсан тэгээд байж байгаад нэг их удалгүй Ц  яваад өгсөн юм. Д-ыг би гэрт нь хүргэж өгөх гэсэн боловч унаа байхгүй байсан юм. Тэгээд би орон дээр хэвтүүлсэн чинь орон дээрээс бууж 4 хөллөж уруугаа харж хэвтээд байсан. Д  манай гэрт уруугаа хараад хэвтэж байхад Ц  эргэж орж ирчихээд ямар нэгэн зүйл ярилгүй буцаад гараад явсан. Тэр үед Д  босдоггүй гээд хэлсэн. Тэгээд байж байгаад манай дүү Батааг ирэхээр нь 19 цагийн үед гэрт нь хүргүүлсэн юм. Эхнэрт нь хэлэхдээ Ц , Д  нар согтуу тэврэлдээд давхралдаад уначихлаа гэж хэлсэн. Тухайн үед Ц-ыг түлхэж унагаасныг хэлээгүй. Тэгээд 2 хоноод байж байтал Д-ын эхнэр яриад толгой өвдөөд байна гэж хэлж байсан тэгээд эмнэлэгт үзүүлээдэхмээр байна гэсэн тэгэхээр нь би гэрт нь очоод эхнэртэй нь цуг Д-ыг дагуулаад эмнэлэгт очиж зургийг нь авахуулсан чинь тухайн өдөр амралтын өдөр байсан санагдаж байна зургийг нь эмчид үзүүлсэн чинь сайн мэдэгдэхгүй байна нэг дэх өдөр компьютерт харуул гэж байсан. Тэгээд эмнэлэгт хэвтүүлээд явсан. Тэгээд дараа нь юу болсон талаар мэдэхэд шанааны яс цөмөрсөн байна гэж хэлж байсан тэгээд хагалгаанд орсон байсан...” гэх мэдүүлэг/1-р хх 18-20-рт/,

Гэрч Д.Ц-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Тухайн өдөр19 цагийн үед би захаас гэртээ ирээд галаа түлээд сууж байсан чинь С эгч орж ирээд Д-ыг гэрт хүргээд өг гэж хэлсэн. Тэгээд би араас нь А  ахын гэрт яваад орсон чинь Д гал тогооны өрөөнд нь санагдаж байна бөхийгөөд газар сууж байсан юм. Тэгээд тухайн үед би А  ах, С  эгч 2-н нэгэнтэй нь Д-ыг миний машинаар хүргэж өгч байсан яг хэнтэй нь цуг хүргэж өгснөө одоо сайн санахгүй байна. Тэгээд би Д-ыг гэрт хүргэж өгөөд буцсан өөр зүйл болоогүй. Дараа нь гэртээ ирээд байж байхад А  ах надад хэлэх дээ Ц , Д  2 зодолдсон гэж хэлж байсан...” /1-р хх 23-24-рт/,

Гэрч Ё.С-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “... 2016 оны 03 сарын 16-ны өдөр үдээс хойш гэртээ байж байгаад өөрийнхөө А-гийн хашаанд байх ажлын байран дээр очоод ирье гээд явсан юм. Тэгээд ирэхгүй нэлээн удаж байгаад 19 цаг өнгөрч байхад гэртээ ирэхгүй болохоор нь утсаар ярьсан чинь архи уусан бололтой утсаа авч байсан. Тэгээд хаана байгааг нь асуусан чинь хэлэхгүй байсан тэгэхээр нь би ахиж утсаар залгаагүй. Тэгээд байж байтал нэлээн орой Ц , А  2 гэрт машинаар хүргэж ирээд эхлээд надад хэлэхдээ мотоциклоос унасан гэж хэлээд явсан. Тэгээд би тухайн үед архи уусан болохоор нь газраар ор засаж өгөөд нэг их оошоолгүй унтуулчихсан юм. Тэгээд өглөө үүрээр Д  толгой хагарах гээд байна гээд эм уусан. Тэгээд би А  ахтай утсаар яриад хавирга нь хугарсан юм шиг байна хөдөлж чадахгүй байна гэж хэлсэн чинь А  ах наалт эм авчирч өгсөн юм. Тэгээд би гадуур явж байгаад орой гэртээ ирсэн чинь манай нөхөр Д  толгой өвдөөд байна гээд эм байнга уугаад байж байсан. Тэгээд маргааш нь би дүүтэйгээ эмнэлгээр явж байгаад үдээс хойш ирсэн чинь бүр тархиар нь хатгаад орилоод хэвтэж байсан. Тэгээд А  ах руу яриад унаа авчруулаад эмнэлэг рүү авч явсан. Тэгээд үзүүлсэн чинь тухайн өдөр амралтын өдөр байсан тул 2 хоног байж байгаад 1 дэх өдөр нь компьютерт харуулахад толгойны яс нь чамархайн хэсэгтээ цөмөрсөн байна гэж хэлсэн. Тэгээд 2 дахь өдөр хагалгаанд орсон боловч зүрх нь болохгүй байна гээд хагалгааг зогсоогоод гарч ирсэн. Тэгээд 2 хоног байлгаж байгаад дахиад хагалгаанд орсон юм. Тэгээд хэд хоногийн дараа оёдол нь задраад дахин хагалгаанд орсон юм. Анх гэртээ ирсэн шөнө надад ухаан ороод хэлэхдээ Ц , А  ахын гэрт байж байгаад намайг цохиод унагаасан би зуух руу нь унасан юу болсныг санахгүй байна сая гэртээ байгаагаа мэдлээ гэж хэлж байсан. Тэгээд би Ц-г нь маргааш өглөө хайгаад явсан боловч гэртээ байхгүй байсан. Харзат багт хамтран амьдардаг Б гэх хүнийх нь гэрт очоод болсон зүйлсийг ярьсан чинь Б  надад хэлэх дээ Ц  шөнө ирчихээд би Д-аа А  ахын зуух руу цохиод унагаачихлаа гэж үглэж байгаад унтаад өгсөн тэгээд өглөө эрт босоод гараад явсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 25-27-рт/,

Гэрч Д.С-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “... Тухайн өдөр 19 цагийн үед  ажлаа тараад гэртээ ирсэн чинь Д  манай гэрийн орны өмнө 4 хөллөөд доошоо хараад хэвтэж байсан юм. Манай нөхөр А  Д  2 байсан өөр хүн байгаагүй. Хүүе Д   яасан   юм   гээд   асуусан   чинь   Адилаа   надад   хэлэхдээ Ц  Д  2 маргалдаж хэрэлдэж орж ирээд Ц  түлхсэн чинь Д  унахдаа халуун зуух руу унасан юм гэж хэлж байсан. Тэгээд би Д-аас гэр оронд чинь хүргээд өгөх үү яаж байна гэж асуусан чинь жоохон байж байгаад явья гээд байсан тэгээд орон дээр гараад хэвт гэж хэлсэн чинь яах юм ингээд жоохон байя гээд газарт түрүүлгээ хараад хэвтээд байсан. Тэгээд нэлээн байж байгаад харанхуй болсон байсан учир А дүү Ц-тай Д-ыг хүргэж өгсөн юм. А  намайг орж ирэхэд бага зэрэг архи уусан бололтой согтоогүй гайгүй харагдсан. Тэгээд би маргааш нь ажлаасаа эрчүүдээ хүлээж авах гээд цүнхээ гэртээ тавиад явах гээд ирсэн чинь манай гэрт Ц , Бад  гэдэг хүнтэй ирсэн байхаар нь Д-ын толгой нь өвдөөд байна гэж байна та нар эмчид үзүүл гэж хэлсэн чинь Ц  дугарахгүй байсан. Гэрт зодоон болсон шинж тэмдэг байхгүй байсан. Гэхдээ Д  согтуу чих нь түлэгдсэн байсан...” гэх мэдүүлэг/1-р хх 30-31-рт/,

Гэрч Л.Б-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Тэр өдөр Д  манайд ганцаараа ирсэн юм. Тэгээд манайд нэг хоол унд хийж идчихээд нэг шил архи хувааж уусан. Тэгээд байж байтал Д  луу нэг хүн утсаар яриад багажаа өгөөч юм хийх гэсэн юм гэж байгаа бололтой байсан. Тэгээд манайхаас гараад урагшаа А-ийн хашаанд байх Д-ын ажлын байрны гадаа ирсэн Д  дотогш орсон. Би хашааны гадаа хүүхэдтэйгээ хүлээж байгаад удах шинжтэй болохоор нь яваад өгсөн юм. Тухайн үед тэр хашаанд Ц , А  нар байгаа харагдсан. Тэгээд би эргэж тэр хашаанд очоогүй...” гэх мэдүүлэг /2-р хх 19-20-рт/,

Гэрч Н.Д-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Тухайн өдөр би Д  луу утсаар яриад тасдагчаа өгч бай жоохон юм хийж байгаад өгье гэж ярьсан юм. Тэгсэн ажил дээрээс ирээд авчих гэсэн юм. Тэгээд ажил дээр нь яваад очиход бага зэрэг архи үнэртүүлчихсэн ажил дээрээ юм хийгээд ганцаараа сууж   байсан. Тэгээд тасдагчийг аваад шууд буцаад яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг /2-р хх 21-22-рт/,

Гэрч С.Б-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2016 оны 03 сарын 16-ны 20 цагийн үед би Говь-Алтай аймгийн төвд Харзат багийн 4-21 тоотод байж байхад Д-ыг А  Ц  нар гэх залуучууд Д ыг мотоциклоос уначихсан юм шиг байна гэж хэлж оруулж ирчихээд явсан. Би тэр залууг гэрээс нь явсаны дараа Д-ын эхнэрт энэ хүнд зодуулчихсан юм шиг байна мотоциклоос унасан хүн ийм байхгүй гэхэд Д-ын эхнэр болох С  нь нээрээ зодуулчихсан юм шиг байна гээд А  гэх залуугийн утас руу нь залгахад утас холбогдохгүй, Ц-ын гар утас руу нь холбогдож байхаар нь ярихад Ц  А  ах унтаж байна маргааш өглөө танайд яваад очъё гээл утсаа тасалсан. 2017 оны 03 сарын 17-ны өглөө 08 цагийн үед А  гэх залуу манай хүргэн ахынд ирээд Д  Ц  гэх залуутай муудалцаад байсан би яг цохиж зодолдсоныг мэдээгүй гэхдээ өнөө өглөө босоход манай гэрт байсан хүмүүс Ц  гэх залуу Д-ыг зуух руу цохиод унагасан гэж ярьж байсан гэж хэлээд Д-ын биеийг асуугаад наалт авчирч наагаад явсан. Тэгээд 2017 оны 03 сарын 18-ны өлөө би Д-ын эхнэр С-тай цуг Д-ыг Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн төвд очиж рентгэн зураг авахуулахад баруун шанааны яс бяцарсан байна гэж хэлээд яаралтай мэс засалд оруулсан...” гэх мэдүүлэг/2-р хх 26-27-рт/,

Гэрч Х.Ч-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2016 оны 03 сарын 16-ны өдөр намайг А-гийн гэрт очиход А , Ц , Б 3 байж байсан. Тэгээд би 1 шил архи авч очсон байсныг хувааж уугаад Б нэмж нэг шил архи аваад хувааж уугаад сууж байхад гаднаас Д , С  нар согтуу орж ирсэн. Тэгсэн А  тухайн үед Д-т хандан чи архи уухаараа гай болдог шүү гэж хэлээд хөөгөөд гаргаж байсан. Тэгээд тэр 2 намайг байх хугацаанд ахиж орж ирээгүй тэгээд би жоохон байж байгаад Ц-аар гэртээ хүргүүлээд очоод унтаад өгсөн юм. Харин намайг явснаас хойш тухайн газар юу болсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2-р хх 28-29-рт/,

Шинжээч эмч Д.Даваахүүгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “... Үзлэгт зовиур толгой өвдөнө, юм мартана, дүлийрнэ, нулимс гоожино. Хэсэг газрын үзлэгт зүүн чамархайд тах хэлбэрийн цайвар ягаан өнгийн хагалгааны сорвитой, зүүн зовхи доош бага зэрэг буусан. Эмнэлгийн бичиг баримтанд номер 1335 тоот өвчний түүхэнд хэвтэх үеийн онош тархины няцралт, доргилт, зүүн талын хавирганы хугарал, рентген зураг КТГ-р зүүн чамархайн яс цөмөрсөн хугарал, зүүн 4-р хавирганы хугарал, мэс засал хийсэн тэмдэглэлд ерөнхий унтуулгын доор хагалгааны талбай болон гарыг зохих ёсоор ариутгаж хуучин хагалгааны шархны доор бор шаргал өнгийн шингэн хуралдсан байсныг угааж шалгахад чамархайн доор доод үзүүр хэсэгт 2 ширхэг сул ясны сэтэрхий байсныг авч угааж тогтоон шалгахад хатуу хальснаас бага зэрэг цус шүүрч байгаа тул цус тогтоон гуурс тавьж үечлэн оёж хаалаа гэсэн байсныг үндэслэн дүгнэлт гаргахад иргэн Х.Д-ын чамархайн ясны хугарал, зүүн талын 4-р хавирганы хугарал, зүүн чамархайн тах хэлбэрийн хагалгааны сорив зүүн талын дээд зовхины буулт гэмтэл тогтоогдсон. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх мэдүүлэг /1-р хх 78-79-рт/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, ахлах дэслэгч Д.Даваахүүгийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №45 дугаартай “...1.Иргэн Д-ын биед чамархай ясны цөмөрсөн хугарал, зүүн талын 4-р хавирганы хугарал, зүүн чамархайд дах хэлбэрийн хагалгааны сорви, зүүн дээд зовхины буулт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл болно.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар  амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаана...” гэх шинжээчийн дүгнэлт/1-р хх 74-75-рт/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, ахлах дэслэгч Д.Даваахүүгийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Шүүх эмнэлгийн нэмэлтээр үзлэг хийсэн акт №217 дугаартай “...1.Иргэн Д-ын биед чамархай ясны цөмөрсөн хугарал, зүүн талын 4-р хавирганы хугарал, зүүн чамархайд дах хэлбэрийн хагалгааны сорви, зүүн дээд зовхины буулт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл болно.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар  амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5.Иргэн Д-ын биед үүссэн 4-р хавирганы хугарал гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх шинжээчийн дүгнэлт/2-р хх 11-12-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хохирогчийн мэдүүлэг 1хх13-15-рт, хохирогчийн 2 дахь удаа өгсөн мэдүүлэг 1хх16-17-рт, хохирогчийн 3 дахь удаагаа өгсөн мэдүүлэг 2хх8-9-рт, гэрч Д.А-гийн мэдүүлэг 1хх19-20-рт, гэрч Ц-ын мэдүүлэг 1хх-23-24-рт, гэрч Ч.С-гийн мэдүүлэг 1хх25-26-рт, эдгээр мэдүүлгүүд нь хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж болж байгаа учир шинжлэн судлуулж байна. Хэдийгээр болсон явдлыг хараагүй хэдий ч энэ хоёр хүний хэлсэн ярьсан зүйлийг нотолж байгаа. Гэрч Д.С-гийн мэдүүлэг 1хх-30-31-рт, гэрч Б-гийн мэдүүлэг, гэрч Д-гийн мэдүүлэг, гэрч Б-ийн мэдүүлэг 2хх-26-27-рт, гэрч Ч-ын мэдүүлэг 2хх-28-29-рт, шинжээч эмчийн мэдүүлэг 1хх-78-79-рт, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 45 дугаартай шинжээчийн дүгнэлт 1хх-74-75-рт, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 217 дугаартай нэмэлтээр гаргасан шинжээчийн дүгнэлт 2хх-11-12-рт, мэдүүлгийг газар шалгасан тэмдэглэл, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл 2хх-4-рт зэрэг нотлох баримтуудыг,

Хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр: Улсын яллагч холбогдох гэрчүүдийн мэдүүлгийг шинжлэн судлууллаа. Мөн шинжээчийн дүгнэлт давхцаж байна. 1хх33-72-рт хохирогчийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн карт, өвчтөний түүх, хохирлын баримт /1хх164-188-рт/ хохирогчийн өөрийн гаргасан баримтын жагсаалт хх-188 байна. Үүнд: Ор хоногийн мөнгө 24000 төгрөг 4 удаа хэвтсэн 96000 төгрөг, компьютер оношилгоо 150.000 төгрөг, эм тариа 647.200, хагалгаанд орохдоо 592.000 төгрөг, шүүхийн лавлагаа 70.200 төгрөг, хот руу эмчилгээнд явахад хувийн унаагаар явсан 45.000 төгрөг, хотоос ирэхдээ 46.800 төгрөгийн замын зардал, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг, хот руу эмчилгээнд явахдаа хувь хүнээс 1.650.000 төгрөг зээлсэн, үүнтэй холбоотой гэрээг хавсаргаж өгсөн. Х.Д  миний бие сарын дундаж орлого 400.000 төгрөг гэмтсэнээс хойш 12 сар болж байна. Энэ хугацаанд олох ёстой орлого буюу 6.350.000 төгрөг нэхэмжилж байна. Миний бие 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр сум хөгжүүлэх сангаас 12 сая төгрөгийн зээл авч мужааны цехээ үргэлжлүүлэн багаж техник авч ажилласан, сард зээлийн хүү 350.000 төгрөг хийдэг. Гэмтсэнээс хойших 14 сарын хүүг хийж чадаагүй. Энэ хугацааны нийт хийх хүү 4.900.000 төгрөг болж байна. 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай гээд групп тогтоолгосон. Д  миний бие шүүгдэгч Ц-т зодуулнаас хойш мөнгө төгрөг хэрэг болж гэрт байсан 5 ширхэг мөнгөн аяга, эхнэр С-гийн монетон ээмэг бөгжийг ломбарданд тавьж 445.000 төгрөг зээлсэн хүүнд нь 168.600 төгрөг төлсөн нийт 613.600 төгрөг миний нэхэмжилж байгаа мөнгө нийтдээ 20.860.200 төгрөгийг нэхэмжилсэн гэхдээ хавтас хэргийн материалаас харахад холбогдох зарим нотлох баримт байхгүй. Үүнийг шүүх бүрэлдэхүүн дотоод итгэлээр үнэлээд шийдвэр гаргах байх. Хэрэг гарснаас хойш хэсэг хугацааны дараа Цагдаагийн байгууллагад хандсан учир зарим баримтууд байхгүй. Өмгөөлөл хууль зүйн зөвлөгөөний гэрээ хавсаргасан. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн засаг даргын тодорхойлолт хх166, 613.600 төгрөг бүхий өөрт байгаа мөнгөн эдлэлийг тавьж эм тариандаа зарцуулсан гэх ломбардны баримт хавсаргасан хх167, хх168, хх169, хх170, Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэсэн замын зардал 46800 төгрөгийн баримт хх171-рт, шүүхээр ажилласан жил тогтоолгож байсан тэмдэгтийн хураамжийн 70200 төгрөгийн баримт хх172, эм тариа авч байсан нийт 647.200 төгрөгийн баримт хх173-176, хувь хүнээс 650.000 төгрөг зээлж авч эмчилгээнд зарцуулсан зээлийн гэрээ хх180, сум хөгжүүлэх сангаас 10 сая төгрөгийн зээл авсан баримт хх182-184, зээлийн эргэн төлөлтийн хуваарь хх184, группд 216.000 төгрөг авч байсан баримт хх186-рт зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр: Хохирогчийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр анх удаа цагдаад гаргаж өгсөн гомдол/хх 5-рт/, хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй зүйлүүд байгаа. Гэрч  Д.А-гийн мэдүүлэг 1хх-9-рт, шүүх хуралдааны тэмдэглэл 2хх-73-рт, гэрч болон шүүгдэгчийн мэдүүлэгт байдаг. Ч  бид гурвыг архи уугаад сууж байхад гаднаас Х.Д  орж ирсэн. Х.Д-рыг орж ирэхэд Ц Б занги гуай сайн уу? гэхэд нэртэй хүнийг нэрээр нь дуудаарай гэж маргалдсан. Тэгээд би маргалдахаар бол гарч маргалдаарай гэж хэлсэн гэдэг. Хохирогч болсон үйл явдлыг сайн санахгүй байгаа. Хохирогчийн мэдүүлэг 1хх-14-рт, хохирогч мэдүүлгийн эх сурвалжийг зааж чадахгүй байна. Эмчийн үзлэгийн өвчтөний түүх 1хх-70-рт, гэрч А-гийн мэдүүлэг 1хх-19-20-рт, гэрч С-гийн мэдүүлэг хх25-27-рт, Б-гийн 2016 оны 03 дугаар сарын 16-нд 20 цагийн үед А, Ц гэх 2 залуу Д-ыг мотоциклиос уначихсан юм шиг байна гэж хэлээд оруулж ирсэн. Тэгэхээр нь би энэ мотоциклиос унаагүй юм шиг байна хүнд зодуулчихсан юм биш үү гэхэд эхнэр нь нээрээ тийм юм биш үү гээд залгахад дүү нь утсыг нь аваад А  ах унтаж байна маргааш уулзъя гэж байна гэсэн маргааш нь Адилаа манай ахынд ирээд Х.Д  Т.Ц  2 муудалцаад байсан би яг цохиж зодохыг нь мэдэхгүй  гэх мэдүүлэг 2хх-26-27-рт,  халуун зуух мөргөж унаснаас ямар гэмтэл учирсан гэдэг нь гэрч нарын мэдүүлгээс харахад эргэлзээтэй энэ талаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт байхгүй. Шүүх хуралдааны тэмдэглэлүүд 1хх-218-рт, гэрч Б-гийн мэдүүлэг 1хх-222-рт, гэрч Ч-ын мэдүүлэг, гэрч Д.А-гийн өгсөн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлгүүд байдаг. А  болон хохирогч нарын мэдүүлэг гэрт орж ирээд энэ зодоон болсон мэтээр мэдүүлсэн байдаг. Анхан шатны шүүх хуралдаанаар 2 удаа давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2 удаа орсон мэдүүлэг байгаа. Хохирогч нь зөрүүтэй мэдүүлгүүдийг өгч байна. Шүүх хуралдааны тэмдэглэл дээр энэ хүмүүс хоорондоо мөнгөний тооцоотой талаар тодорхой ярьсан байдаг. 2017 оны 05 дугаар сарын 27-нд шүүх хуралдаан орж байхад энэ мөнгөө өгөөгүй гэж ярьж байсан. Шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад хохирогчийн хагалгаанд орсон зардлыг гэрч Д.А  өгөөд явж байсан талаар тодорхой бичсэн байдаг зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Т.Ц-ыг сэжигтэн, яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж бэхжүүлсэн, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байх бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэлээ.

Иймээс шүүгдэгч Т.Ц-ыг 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Сутайн хороо***тоот хашаанд иргэн Д.А-гийн гэрт иргэн Х.Д-тай маргалдан зодож хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирч байх бөгөөд Прокурорын шатанд анх шүүгдэгчид 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, улмаар 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаартай Прокурорын тогтоолоор Т.Ц-т холбогдох хэргийн зүйл, хэсгийг нь өөрчлөн 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 болгон шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн нь хуульд нийцэж байна гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Ц-ын өмгөөлөгч Ж.Мөнхнасан нь шүүхийн хэлэлцүүлэгт “..Гэрч А  өөр өөрөөр мэдүүлдэг. Хохирогч өөрөө хэнд зодуулсанаа мэддэггүй, гэрч тогтвортой мэдүүлэг өгсөн зүйл байдаггүй. Эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй, хохирогчийг мотоциклиос унасан  гэдэг, мөн эм тарианы мөнгийг А өгсөн байдаг, яагаад өгөх болов, бүхэл бүтэн 10 сарын дараа Цагдаагийн газарт хандсан, энэнээс өмнө шүүгдэгчтэй уулздаггүй бөгөөд хохирогч шүүх хуралдаанд орох болгондоо өөр өөрөөр мэдүүлэг өгдөг хохирогчид учирсан хүнд гэмтлийг хэн хаана үйлдсэн эсэхийг тогтоогоогүй. Хохирогч цохисон, цохих шиг болсон гэж мэдүүлдэг, гэрч түлхсэн гэдэг харин цохисныг хараагүй гэдэг иймд гэм буруугүйд тооцож өгнө үү...” гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь: Шүүх хуралдаанаар яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох мөрдөн байцаалтын шатанд тогтвортой мэдүүлсэн хохирогч Х.Д-ын “...А ахын гэрт эргээд ороод үүдний хэсэгт зогсож байтал араас орж ирээд баруун шанаа руу гараараа цохисон юм. Би цохиулахдаа зүүн шанаагаараа гал түлсэн байсан пийшин лүү унаад ухаан алдаж унасан байсан...” гэх мэдүүлэг/1-р хх 13-14-рт/, Хохирогч  Х.Д-ын мөрдөн байцаалтад 2 дахь удаагаа мэдүүлсэн: “...гэрт ороход яг араас орж ирээд миний араас татаж зуурахад би тэр үед эргэж харсан юм. Тэгсэн чинь шууд баруун шанаа руу гараараа цохисон юм. Тэгээд би шууд газар дээрээ унаад зуух мөргөөд ухаан алдаад унасан юм...” гэх мэдүүлэг/хх 16-17-рт/, гэрч Д.А-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “... Ц заамдалцсан чигээрээ гэрийн үүдээр орж ирээд Д-ыг түлхсэн чинь Д  унахдаа гэрийн зуух руу унасан. Тэгээд би босож ирээд Д-ыг татаад босгож суулгасан чинь Д-ын...” гэх мэдүүлэг/1-р хх 18-20-рт/, гэрч Д.Ц-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Адилаа ахын гэрт яваад орсон чинь Д  гал тогооны өрөөнд нь санагдаж байна бөхийгөөд газар сууж байсан юм...” гэх мэдүүлэг/1-р хх 23-24-рт/, Гэрч Ё.С-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “.... Анх гэртээ ирсэн шөнө надад ухаан ороод хэлэхдээ Ц , А ахын гэрт байж байгаад намайг цохиод унагаасан би зуух руу нь унасан юу болсныг санахгүй байна сая гэртээ байгаагаа мэдлээ гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг/1-р хх 25-27-рт/, гэрч Д.С-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...А    надад   хэлэхдээ Ц  Д  2 маргалдаж хэрэлдэж орж ирээд Ц  түлхсэн чинь Д  унахдаа халуун зуух руу унасан юм гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг/1-р хх 30-31-рт/, гэрч С.Б-ийн мөрдөн байцаалтад мэдүүлэн: “...Ц гэх залуу Д-ыг зуух руу цохиод унагасан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг/2-р хх 26-27-рт/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, ахлах дэслэгч Д.Даваахүүгийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Шүүх эмнэлгийн нэмэлтээр үзлэг хийсэн акт №217 дугаартай “...1.Иргэн Д-ын биед чамархай ясны цөмөрсөн хугарал, зүүн талын 4-р хавирганы хугарал, зүүн чамархайд дах хэлбэрийн хагалгааны сорви, зүүн дээд зовхины буулт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл болно.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар  амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5.Иргэн Д-ын биед үүссэн 4-р хавирганы хугарал гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх шинжээчийн дүгнэлт/2-р хх 11-12-рт/ зэрэг нотлох баримтуудад дүгнэлт хийхэд хохирогч нь тухайн өдөр тухайн цаг хугацаанд буюу шүүгдэгч Т.Ц-тай маргалдаж улмаар цохиулсаны улмаас хүнд гэмтэл авсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэв.

Харин мотоциклиос унаж гэмтэл авсан гэх талаар хавтаст хэрэгт ямарч нотлох баримт байхгүй, мөн хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өөр өөрөөр мэдүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Ц  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан... өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй..гэсэн эрхийнхээ дагуу мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд “...хохирогчийг цохиогүй би гэмтэл учруулаагүй...” гэж мэдүүлдэг боловч энэ нь бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх ба хохирогч Х.Д  нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Т.Ц-тай маргалдаж, цохиулсан талаар тогтвортой мэдүүлгүүдийг өгдөг бөгөөд уг гэмт хэрэг гарсан гэх өдрийн маргааш нь хохирогч Х.Д  нь шүүгдэгчид түүний үйлдлийн улмаас гэмтэл авсан талаараа хэлсэн болох нь шүүх хуралдаанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр давхар батлагдаж байна.

Иймд  шүүгдэгч Т.Ц-ыг гэм буруугүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн дээрх хүсэлтийг хангахаас татгалзах нь зүйтэй байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Т.Ц-т холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгч Т.Ц-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Т.Ц-ын хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал зэрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүх хуралдаанаар яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох мөрдөн байцаалтын шатанд тогтвортой мэдүүлсэн  хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Ц  нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэрэг 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр үйлдэгдсэн боловч 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт таваас дээш долоон жил хүртэл хугацаагаар хорих ялаар, 2017 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр заасан байх тул шүүх шүүгдэгчийн хувьд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буюу Говь-Алтай аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Ц  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг/ял шалгах хуудас 1-р хх 107-рт/  Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн “...Торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэх хүсэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан: “...Торгуулийн ял оногдуулж өгнө үү. Торгуулийн ялыг доогуур хэмжээгээр оногдуулж өгнө үү...” гэсэн хүсэлт, хохирогч Х.Д-ын шүүх хуралдаанд гаргасан: “...Т.Ц  өөрийн чадамжаар миний хохирлыг барагдуулж өгсөн хорих ялаас чөлөөлж өгнө үү...”, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан шүүх хуралдаанд гаргасан: “... шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж торгуулийн ял оногдуулж, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн учраас торгуулийн ялыг оногдуулахдаа хуулийн хэсэгчлэн төлөх боломжоор хангаж хамгийн доод торгуулийн ялыг оногдуулж өгнө үү...” гэх саналуудыг харгалзан шүүгдэгч Т.Ц-т торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Т.Ц-ыг гэм буруутай болохыг тогтоосон шийдвэр гаргасны дараа шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг шүүх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцоогүй бөгөөд харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Т.Ц-т Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван нэгэн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 11.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шүүгдэгч Т.Ц-ын хөрөнгө, орлого олох боломж, мөн шүүгдэгчийн хувийн байдал болон хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан “...Шүүгдэгчийн ажиллаж байгаа байдал болон хохирогчийн эмчилгээ сувилгаанд нэмэр болох үүднээс торгуулийн ял оногдуулахдаа хэсэгчлэн төлүүлэхээр хуульд заасан доод хэмжээгээр оногдуулж өгнө үү ...” гэх саналыг харгалзаж, уг торгуулийн ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд  нийт 20.860.200 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд  мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас эм тариа худалдан авсан хавтаст хэргийн 174-р байгаа 101.600 төгрөгийн баримт, 175-рт байгаа 95.800 төгрөгийн баримт, 176-рт байгаа 236.600 төгрөгийн баримт, 177-рт байгаа 203.700 төгрөгийн баримт, нийт 637.700 төгрөгийн баримтыг нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай гэж үнэлээд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжилсэн 20.860.200 төгрөгнөөс хангагдсан 637.700 төгрөгийг хасаж үлдсэн 20.222.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтын шаардлага хангаагүй, шүүх тухайн нотлох баримтыг үнэлэх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, цаашид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Ц  нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид хохирол төлөөгүй бөгөөд харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.15 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаан завсарлуулах хугацаанд хохирогч Х.Д-т 1.638.000 төгрөгийн хохиролыг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирсэн, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Мөн Говь-Алтай аймгийн Прокурорын газраас гэмт хэрэг гарсан газрыг “...Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Сутайн хороо 3-1 тоот хашаанд иргэн А-ийн гэрт...” үйлдэгдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэг авагдсан бусад нотлох баримтуудаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Сутайн хороо 3-1 тоот хашаанд иргэн Д.А-гийн гэрт үйлдэгдсэн болох нь тодорхой харагдаж байгааг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Хойд овогт Т-гийн Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-ыг арван нэгэн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 11.000.000/арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 1/нэг/ жил 6/зургаа/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Ц  нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийвэл торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Т.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, ялтан нь хохирогчид 1.638.000 төгрөг төлсөн, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ялтан нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирсэн, мөн хохирогч Х.Д  нь цаашид гарах эмчилгээний зардал болон хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.Ц-ын иргэний цахим үнэмлэхийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлсүгэй.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

14. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА