Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00540

 

  

Н ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2022/03410 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н ББСБ ХК-ийн хариуцагч Э.Н, Б.А нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 580,333,897 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Н ББСБ ХК-аас 1,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батсайхан, хариуцагч Б.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Н ББСБ ХК болон Б.А, Э.Н нар 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 200,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Б.Аийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан. Зээлдэгч нар зээлийн гэрээнд заасан үүргийг биелүүлээгүй тул үндсэн зээл 146,245,664 төгрөг, зээлийн хүү 370,605,199 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 63,483,034 төгрөг, нийт 580,333,897 төгрөгийг гаргуулна.

Зээлдэгч нар зээлийн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож хамтран зээлдэгч Баянзүрх дүүргийн 16 дугаар хороолол Дандарбаатарын гудамжны 48а байрны 1 тоот хаягт байрлах Б.Аийн өмчлөлийн Ү-2204086910 дугаартай 240,91 м.кв талбай байр, мөн дүүргийн 7 дугаар хороо 38а байрны тоот хаягт байрлах Ү-2204060000 улсын эрхийн бүртгэлийн дугаартай 46 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийн төлбөрийг төлөөгүй тул зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулна гэжээ.

 

2. Хариуцагч Э.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:

Н ББСБ ХК-ийг шударга хуулийн этгээд гэж итгэж зээл авахаар хандаж 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр B16080201 дугаар зээлийн гэрээг тус ББСБ-ын захирал Д.Баясгалан, Э.Н, Б.А нар байгуулсан. Тус гэрээгээр зээлдүүлэгч 200,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч нар гэрээнд заасан нөхцөлийн дагуу буцаан төлөхөөр талууд тохиролцсон. Гэтэл зээлдүүлэгч гэрээгээр тохирсон 200,000,000 төгрөгийг зээлдэгчид өгөөгүй 199,000,0000 төгрөгийг шилжүүлсэн атлаа 200,000,000 төгрөгөөс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон. Энэ нь аваагүй зээлд хүү төлөх үндэслэл болж байна. Н ББСБ ХК нь 199,000,000 төгрөг олгосон үндэслэлээ шимтгэлд 1,000,000 төгрөг суутгасан гэж тайлбарласан. Гэрээний 3.1.7-д зээл олгосны шимтгэл 0,5 хувь, 3.2-т зээлдэгч зээл олгосны шимтгэлийг зээл олгох гүйлгээ хийгдсэн өдөр төлнө. Шимтгэлийг төлөх арга: зээлээс суутгах" гэж заасан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 202 дугаар зүйлийн 202.5-т зааснаар хүчин төгөлдөр бус юм. Иймээс Н ББСБ ХК 1,000,000 төгрөгийг Э.Над шилжүүлэх үүрэгтэй. Түүнчлэн, Н ББСБ ХК 199,000,000 төгрөгт ногдох 12 сарын хүүг шаардах нь гэрээ болон хуульд нийцнэ. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1-т зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээнд зээлийн гэрээний хугацааг тогтоосон тул нэхэмжлэлийн хэмжээ хязгааргүй хүү тооцсон нь үндэслэлгүй.

Коронавируст цар тахлын улмаас хөл хорионы дэглэмд шилжсэн хугацаанд мөнгөн хөрөнгийг ашиглах боломжгүй. Гэтэл энэ хугацаанд хүү тооцсон нь үндэслэлгүй. Түүнчлэн, гэрээг 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаатай байгуулсан. Уг хугацаанаас хойш хөөн хэлэлцэх хугацааг тооцвол 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр дуусаж байна. Гэтэл Н ББСБ ХК хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш хүү тооцсон нь үндэслэлгүй. Шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн бол нэхэмжлэгч ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг нэмэх, ихэсгэх нөхцөл бүрдэхгүй. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн шүүхийн алдааны улмаас хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг хойшлуулж байсан. Гэтэл энэ бүх нөхцөл байдалд хариуцагч нар буруутай мэт тайлбарлаж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Н ББСБ ХК зээлийн гэрээний үүргийг шаардах үүргээ хэрэгжүүлээгүй зээлийн үүргийн зөрчлийг ихэсгэсэн нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй.

Хариуцагч нар 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 7,134,247 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 6,904,109.6 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 26,207,890 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 30,000,000 төгрөг, нийт 70,246,246.6 төгрөгийг төлсөн. Гэтэл дээрх төлбөрийг хүү, нэмэгдүүлсэн хүүгээс хасаж тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Н ББСБ ХК зээлдэгчид 199,000,000 төгрөгийг олгож, буцааж 124,000,582 төгрөгийг буцаан авсан. Өөрөөр хэлбэл, олгосон зээлийн ихэнхи хэсгийг буцаан авсан атлаа зээлийн төлбөрт 580,333,897 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 120,256,918.56 төгрөгөөс бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагч Б.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:

Зээлийн гэрээ бодитойгоор байгуулагдсан байх ёстой. Н ББСБ ХК Б.А, Э.Н нартай гэрээ байгуулаад мөнгөн хөрөнгийг Э.Над шилжүүлж өгсөн. Гэтэл Б.Аийг мөнгөн хөрөнгийг зарцуулах боломжтой байсан гэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуульд заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэх агуулга байгаа. Гэвч үүргийн гүйцэтгэлийн салшгүй шинж чанартай хамтран үүрэг гүйцэтгэгч тодорхойлогдох ёстой. Зээлийг зөвхөн Э.Над олгосон атлаа Б.Аөөс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлага хоёр хариуцагчид хэрхэн хуваагдаж байгаа нь тодорхойгүй. Зээлийн гэрээнд зааснаар сарын хүү 3,5 хувь бөгөөд 200,000,000 төгрөгөөс хүү тооцоход нийт төлбөр 280,000,000 төгрөг болж байна. Зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг бүрэн олгоогүй, шимтгэлд 1,000,000 төгрөгийг суутган авсан. Ашиглаагүй зээлд хүү тооцох үндэслэлгүй гэжээ.

 

4. Хариуцагч Э.Нын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Н ББСБ ХК болон Э.Н нарын байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн В1608021 дугаар зээлийн гэрээний 3.1.7-д зээл олгосны шимтгэл зээлийн хэмжээний 0,5 хувь, 3.2-т зээлдэгч зээл олгосны шимтгэлийг зээл олгох гүйлгээ хийгдсэн өдөр төлнө, шимтгэлийг зээлээс суутгах гэж заасан нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2, 202.2.5-т тус тус заасныг зөрчсөн. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байна. Н ББСБ ХК 200,000,000 төгрөгийг олгоогүй атлаа уг мөнгөн дүнгээс хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон. Зээлийн гэрээг байгуулсан бол зээлдүүлэгч нь гэрээгээр тохиролцсон мөнгөн төлбөрийг зээлдүүлэгчид өгөх, зээлдүүлэгч мөнгөн төлбөрийг шаардаж авах, мөн гэрээгээр тохирсон мөнгөн төлбөрийг төлөх үүрэг үүснэ. Иймд 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн В16080201 тоот зээлийн гэрээний 3.1.7, 3.2-т заасан хүчин төгөлдөр бус тул Н ББСБ ХК зээлийн шимтгэлд суутгасан 1,000,000 төгрөгийг Э.Над өгөх үүрэгтэй гэжээ.

 

5. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

Э.Н, Б.А нар Ивексор ББСБ ХК-тай 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 200,000,000 төгрөгийг зээлсэн. Зээлийн гэрээний 3.1.7-т заасны дагуу зээлдэгч нь зээлийн хэмжээний 0,5 хувьтай тэнцэх буюу 1,000,000 төгрөгтэй тэнцэх шимтгэл төлөх үүрэгтэй. Зээлийн гэрээний 3.2-т шимтгэлийг төлөх арга: зээлээс суутгах гэж заасны дагуу зээлийн шимтгэлийг зээлийн хэмжээнээс суутгаж, үлдэх 199,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн. Зээлийн шимтгэл нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 3 дахь заалтад заасан бусад нөхцөл гэдэгт хамаарах бөгөөд талууд зээлийн гэрээний 3.1.7-д зээлийн шимтгэл тооцож, зээлдэгч төлөхөөр харилцан тохиролцсон. Зээлдүүлэгч зээл олголтын шимтгэл тооцохыг хориглосон зохицуулалт хууль тогтоомжид байхгүй тул бусад нөхцөл буюу зээлийн шимтгэлийг талууд харилцан тохиролцсон нь хууль зөрчөөгүй. Түүнчлэн, шимтгэл төлөх аргыг зээлээс суутгах гэж зээлийн гэрээнд заасан бөгөөд зээлдэгч уг нөхцөлийг зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан тул түүний хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

6.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Н, Б.А нараас зээлийн гэрээний үүрэгт 331,548,263 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н ББСБ ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 248,785,639 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хариуцагч Э.Нын нэхэмжлэгч Н ББСБ ХК-д холбогдуулж гаргасан 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн B16080201 тоот Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.7 дугаар заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Н ББСБ ХК-аас 1,000,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

6.2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Н, Б.А нарыг үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж 48а байрны 1 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204086910 дугаарт бүртгэлтэй, 240,91 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 38а байрны м4 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204060000 дугаарт бүртгэлтэй 46 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

6.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н ББСБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,714,493 төгрөгийг, хариуцагч Э.Нын сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 168,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Н, Б.А нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,815,691 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н ББСБ ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Н ББСБ ХК нь Э.Н, Б.А нараас зээлийн гэрээний үүрэгт 580,333,897 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 248,785,639 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн гэрээний дагуу 199,000,000 төгрөг шилжүүлэн авснаа зөвшөөрсөн. Н ББСБ ХК 2019 оны 04 дүгээр сард нэхэмжлэл гаргасан. Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2 удаа нэмэгдүүлсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, мөн зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний 4.3-т Гэрээний хугацаа дуусгавар болсон нь зээлдэгчийг зээл, түүний үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан тул анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, Э.Н, Б.А нараас зээлийн гэрээний үүрэгт 580,333,897 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Б.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас хуралд оролцох боломжгүй, эвлэрэх хүсэлттэй, хэргийн материалтай танилцахаар удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулсан. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд тогтоосон журмаар нэхэмжлэл гаргаснаар хугацаа тасалдана. Н ББСБ ХК-ийн төлсөн зээлийг үндсэн зээлээс хасахгүй хүүг нэмж тооцсон. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүү тооцсон. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар зээлийг ашигласан хугацааны хүү төлөх үүрэгтэй. Коронавируст цар тахлын улмаас зээлийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан. Уг зээлийг ашиглаагүй байхад хүү тооцсон. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэжээ.

 

9. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Н ББСБ ХК 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 200,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэн өгөөгүй, шимтгэлд 1,000,000 төгрөгийг суутган авсан нь гэрээгээр тохирсон мөнгөн хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Талуудын байгуулсан гэрээний 3.1.7-д заасан нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-т зааснаар хүчин төгөлдөр бус юм. Банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн хариу төлбөр нь хүү байх ба гэрээний үүргийн зөрчлөөс шалтгаалан нэмэгдүүлсэн хүү эсвэл хэтэрсэн хугацааны хүү төлөхөөр хуульд заасан. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний агуулгаас харвал хуульд заасан журмын дагуу хариуцлагыг тохиролцсон гэж үзэх боломжгүй байна. Иргэний хуулийн хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар гэрээний заалтыг тайлбарлавал, Н ББСБ ХК 199,000,000 төгрөгт ногдох 12 сарын хүүг шаардах эрхтэй. Зээлдэгч зээлийг ашигласан хугацааны хүү төлөх үүрэгтэй. Коронавируст цар тахлын улмаас зээлдэгч зээлийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсныг харгалзан анхан шатны шүүх зээлийн хүүгийн тал хувийг хасаж шийдвэрлэснийг зөвшөөрч байна. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж шаардсан нь үндэслэлгүй. Зээлдэгч зээлийн гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй бол зээлдүүлэгч шүүхэд хандаж асуудлыг шийдвэрлүүлэх үүрэгтэй. Гэтэл Н ББСБ ХК нь зээлийн гэрээний үүргийг шаардах чиг үүргээ хэрэгжүүлээгүй зээлийн хүүг нэмэгдүүлж Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

Зээлдэгч нар нь 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 7,134,247 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 6,904,109.6 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 26,207,890 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 30,000,000 төгрөг, нийт 70,246,246.6 төгрөг төлсөн. Эдгээр төлбөрийг хүү, нэмэгдүүлсэн хүүгээс хасаж тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 216.4 дэх хэсэгт тус тус заасныг зөрчсөн. Түүнчлэн, 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 53,754,335.14 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцсон. Н ББСБ ХК нь Э.Н, Б.А нарт 199,000,000 төгрөгийг олгосон, зээлдэгч нар 124,000,582 төгрөгийг төлсөн.

Иргэний хуульд зааснаар зээлийн гэрээ бодитойгоор байгуулагдах ёстой. Гэтэл Б.Аөд мөнгөн хөрөнгийг олгоогүй байхад түүнээс зээлийн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь дутагдалтай болсон. Түүнчлэн, барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангаагүй тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүх хариуцагчаас 331,548,263 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг 120,256,918 төгрөг гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

10. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Талууд харилцан тохиролцож 199,000,000 төгрөг шилжүүлж, 1,000,000 төгрөгийг зээлийн шимтгэлд 1,000,000 төгрөг авсан. Зээлдэгч зөвшөөрөхгүй бол гэрээнээс татгалзах эрхтэй байсан. Зээлийн гэрээг Э.Н, Д.Батмөнх нар байгуулсан. Хариуцагч нараас зээлийн гэрээ байгуулахад мөнгөн хөрөнгө хувааж авах эсхүл хэсэгчилж авахаар тохиролцоогүй. Э.Нын дансанд мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн. Хамтран үүрэг гүйцэтгэгчээр Д.Батмөнх оролцож өөрийн хөрөнгөө барьцаанд тавьсан. Зээлийн төлбөрийг хариуцагч нараас шаардсан нь хууль зөрчөөгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг зохигчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаж, шүүх талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

1. Нэхэмжлэгч Н ББСБ ХК хариуцагч Б.А, Э.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 146,245,664 төгрөг, хүү 370,605,199 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 63,483,034 төгрөг, нийт 580,333,897 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргаснаас хариуцагч Э.Н 120,256,918 төгрөг төлөхийг зөвшөөрч, Б.А зээлийн гэрээний 3.1.7-т заасан хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

2. Талуудын хооронд 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр В16080201 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, энэхүү гэрээгээр зээлдүүлэгч Н ББСБ ХК зээлдэгч Э.Н, Б.А нарт 200,000,000 төгрөгийг шилжүүлэх, зээлдэгч нар 200,000,000 төгрөгийг 12 сарын хугацаанд сарын 3.5 хувийн хүүгийн хамт гэрээний хавсралтаар тогтоосон хуваарийн дагуу төлөхөөр тохиролцжээ. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. (1хх-ийн 5-7)

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Зээлдүүлэгч Н ББСБ ХХК нь зээлдэгч Э.Над дээрх зээлийн гэрээний дагуу 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 49,750,000 төгрөг, мөн оны 08 дугаар сарын 03-ны өдөр 149,250,000 төгрөг, нийт 199,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн талаар талууд маргаагүй байна.

 

Дээрх бичгээр үйлдсэн зээлийн гэрээнд зээлдэгч Э.Н, Б.А нар гарын үсэг зурсан тул тэдгээрийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ. Өөрөөр хэлбэл, хариуцагч Б.А зээлийн гэрээнд гарын үсэг зурсан тул зээлийн гэрээнээс үүсэх үр дагаврыг хамтран хариуцах үүрэг хүлээсэн байна. Түүнчлэн, зээлийн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулаагүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй ба тэрээр зээлийн мөнгөн хөрөнгийг өөрт нь олгох талаар зээлдүүлэгчид шаардлага гаргаж байгаагүй байна.

 

3. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолын 2.4-т Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү...төлөх үүрэгтэй гэдэг нь Зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ. Харин төлөх хугацаа болсон зээлийн өрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дарааллын дагуу буюу эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлнэ гэж тайлбарласан байна. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасан.

 

Иймд зээлдэгч Э.Н, Б.А нар зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн төлбөрийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаж тооцох нь дээрх хуулийн зохицуулалтад нийцнэ. Нэхэмжлэгч Н ББСБ ХК нь хариуцагч Э.Над 199,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн тул уг дүнгээс зээлийн гэрээний үүргийг тооцох нь үндэслэлтэй.

 

3.1. Зээлдэгч нь тус гэрээний хуваарийн дагуу 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээл 199,000,000 төгрөг, зээлийн хүү 83,580,000 төгрөг, нийт 282,580,000 төгрөг төлөх үүрэгтэй байжээ. Гэвч зээлдэгч нар зээлийн гэрээний хугацаанд 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 7,134,247 төгрөг, мөн 10 дугаар сарын 02-ны өдөр 6,904,109.60 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 26,207,890 төгрөг, нийт 40,246,246.6 төгрөг төлсөн ба зээлийн гэрээний хугацаа 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр дуусахад зээлдэгч үндсэн зээл 199,000,000 төгрөг, хүү 43,333,754 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,666,750 төгрөг, нийт 251,000,504 төгрөг төлөөгүй байна.

 

3.2. Хариуцагч нар зээлийн гэрээний хугацаа 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр дууссанаас хойш дараагийн төлөлт хийсэн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх үүргийг тооцвол, үндсэн зээл 199,000,000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 27,395,648 төгрөг, /199,000,000 х 3,5 = 6,965,000 төгрөг х 3 сар = 20,895,000 төгрөг, 6,965,000 төгрөг : 30 хоног =232,166 төгрөг х 28 хоног = 6,500,648 төгрөг/ төлөх үүрэг үүсжээ.

3.3. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 30,000,000 төгрөгийг үндсэн зээл 199,000,000 төгрөгөөс хасахад үндсэн зээл 169,000,000 төгрөг үлдсэн бөгөөд үүнээс дараагийн төлөлт хийсэн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хэтэрсэн хугацааны хүү (169,000,000 төгрөг х 3,5 хувь = 5,915,000 төгрөг (нэг сарын хүү), 5,915,000 төгрөг х 19 сар, 14 хоног = 115,145,332 төгрөг)

3.4. Хариуцагч 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 53,754,335 төгрөгийг төлсөн тул үндсэн зээл 169,000,000 төгрөгөөс хасахад 115,245,665 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 115,245,665 төгрөгөөс 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хэтэрсэн хүү 148,167,494 төгрөг. (115,245,665 х 3,5 хувь = 4,033,598 төгрөг х 36 сар =145,209,528 төгрөг, 22 хоногийн хүү 2,957,966 төгрөг, (4,033,598 : 30 = 134,453 төгрөг, 3 жил, 22 хоног))

 

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч нар үндсэн зээл 115,245,665 төгрөг, зээлийн хүү 334,042,228 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 66,808,445 төгрөг төлөх үүрэгтэй боловч нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүүд 63,483,034 төгрөг нэхэмжилсэн тул энэ хэмжээнд тооцож нийт 512,770,927 төгрөг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангав.

 

Учир нь: Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус заасан тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас хэтэрсэн хугацааны хүүг шаардах эрхтэй.

 

4. Талууд дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Н ББСБ ХК болон Б.А нарын Зээлийн барьцааны гэрээ байгуулагдаж, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, (13321) Дандарбаатарын гудамж 48а байр, 1 дүгээр давхрын 1 тоот хаягт байрлах Б.Аийн өмчлөлийн 240,91 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 38а байр м4 тоот хаягт байрлах Б.Аийн өмчлөлийн 46 м.кв орон сууцыг тус тус барьцаалжээ. (1хх-ийн 8-10)

 

Дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна. Тиймээс нэхэмжлэгч Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

5. Талууд зээлийн гэрээний 3.1.7-т Зээл олгосны шимтгэл: Зээлийн хэмжээний 0,5 хувь гэж тохиролцжээ. Зээлдүүлэгч Н ББСБ ХК нь зээлийн шимтгэлд 1,000,000 төгрөгийг суутган авсан байна.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан тул зээлдэгч Б.А мөнгөн хөрөнгө шилжүүлсэн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс зээлийн шимтгэлд тооцсон 1,000,000 төгрөгийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа тоологдох учиртай.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан тул мөнгөн хөрөнгө шилжүүлсэн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс зээлийн гэрээний дагуу гүйцэтгэх үүргийг шаардах эрхийн хугацааг тоолбол 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болсон тул шимтгэлд суутгасан 1,000,000 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний 3.1.7-т заасныг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардах эрхгүй. Иймд энэ талаар гаргасан Б.Аийн сөрөг нэхэмжлэл болон гомдол үндэслэлгүй.

 

Талууд зээлийн гэрээг 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаатай байгуулсан байна. Иймд Коронавируст цар тахлын улмаас зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй гэх хариуцагч талын тайлбар гомдол үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2022/03410 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 331,548,263 гэснийг 512,770,927 гэж, 248,785,639 гэснийг 67,562,970 гэж,

2 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Н, Б.А нар зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж 48а байрны 1 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204086910 дугаарт бүртгэлтэй, 240,91 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 38а байрны м4 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204060000 дугаарт бүртгэлтэй 46 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэж

3 дахь заалтын 1,815,691 гэснийг 2,721,805 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,401,879 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчийн төлсөн 1,284,610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Н.БАТЗОРИГ