| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2019/0001/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/01 |
| Огноо | 2018-12-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Бат-Эрдэнэ |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2019/ШЦТ/01
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
Улсын яллагч Д.Бат-Эрдэнэ,
Шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Урианхай овогт Д-гийн Б-д холбогдох 1816002390113 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, халх, Говь-Алтай аймгийн Дарив сумын харьяат, Говь-Алтай аймгийн .... сумын ........ багт оршин суух, 1996 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 22 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эмээ, дүүгийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ....... регистрийн дугаартай, Урианхай овогт Д-гийн Б .
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 19-нээс хойш 2018 оны 09 дүгээр сарын 16-ныг хүртэл иргэн Ч.Ц-тай хамтран амьдарч байх хугацаандаа түүний 15 кг ноолуур, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, хуучны сухай модон ташуур зэргийг хулгайлсан гэмт хэрэгт холбогдож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 19-нээс хойш 2018 оны 09 дүгээр сарын 16-ныг хүртэл иргэн Ч.Ц-тай хамтран амьдарч байх хугацаандаа түүний 15 кг ноолуур, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, хуучны сухай модон ташуур зэргийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Д.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...01 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш хамтран амьдардаг байсан. Хамтран амьдрах хугацаандаа харанхуй өрөөнөөс нь ноолуур аваад, гал тогооны өрөөнөөс аяга, том өрөөнөөс ташуурыг Ц-д хэлэлгүй авсан. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Дахин ийм хэрэгт холбогдож ийм хэрэг хийхгүй... 1.600.000 төгрөг төлсөн. Адуу зарсан... Нагацаасаа адуу авч өгсөн... Ташуурыг адуучин тэмцээнд оролцох гэж, мөнгөн аяга нь хамт амьдардаг байхдаа цай уудаг байсан аяга учир гэртээ цай уух гэж авсан байгаа... гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна Дахин ийм хэрэг хийхгүй. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Ч.Ц-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Говь-Алтай аймгийн Дарив сумын иргэн Д.Б-той 2018 оны 01 дүгээр сарын 19-нээс хойш 2018 оны 09 дүгээр сарын 16-ныг хүртэл манай гэрт хамтран амьдардаг байсан. 2018 оны 06 сарын дундуур манай гэрээс 15 кг ноолуур алга болсон байхаар нь Д.Б-оос асуухад би авсан юм чамд эргүүлж өгнө гэсэн. Тэгээд 7 сарын 29-ний өдөр манай гэрээс шинэ цагийн бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, сухайн модтой ташуур зэрэг эд зүйлс байхгүй байхаар нь Д.Б-оос асуухад би авсан юм удахгүй адуу борлуулаад өгчихнө гэж хэлсэн. Миний банкны картнуудаас миний зөвшөөрөлтэйгээр эргүүлж өгнө гэж өдөр бүр 10.000 төгрөг, 20.000 төгрөгөөр авч нийтдээ 500.000 төгрөг авсан...15 кг ноолуур 2018 оны 6 сард 1 кг нь 100.000 төгрөг байсан учир 1.500.000 төгрөг болж байгаа юм. Шинэ цагийн бага гарын мөнгөн аягыг 120.000 төгрөгөөр, хуучны сухай модтой ташуураа 50.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. 15 кг ноолуурын үнэ гэж 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1.600.000 төгрөг өгсөн. Одоо мөнгөн аяга болон сухай модон ташуураа авчихвал гомдол санал болон нэхэмжлэх зүйл алга...” гэх мэдүүлэг/хх 11-12-рт/,
Хохирогч Ч.Ц-гийн мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн: “...Би Д.Б-оос миний данснаас авсан 500.000 төгрөгийг нэхэмжлэхгүй, яагаад гэвэл бид 2 хамтран амьдарч байхдаа Д.Б авсан болохоор...” гэх мэдүүлэг/хх 13-14-рт-рт/,
Шүүгдэгч Д.Б-ын мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлсэн: “...Ч.Ц гэх хүнийг 2016 оноос танина. 2018 оны 1 сараас 2018 оны 7 сарын 29-ныг хүртэл хамтран амьдарч байсан юм. Би Ч.Ц гэх хүний гэрийн харанхуй өрөөнөөс 15 кг ноолуур 2018 оны 06 сарын 26-нд авсан, мөн мөнгөн аяга 1 ширхэгийг 2018 оны 07 сарын 29-нд гэрийн гал тогооны өрөөнөөс нь авсан. Эдгээр эд зүйлсийг авахдаа Ч.Ц-д огт хэлээгүй. Би 15 кг ноолуурыг нь мотоцикль авах зорилгоор, мөнгөн аягыг нь гэртээ аваачиж цай уух гэж, ташуурыг нь адуучин тэмцээнд 2018 оны 09 сарын 19-нд хэрэглэх гэж авсан юм. 15 кг ноолуурыг 2018 оны 06 сарын 26-ны өдөр захын зүүн урд байдаг “Өгөөж” төв дээр тушаасан. Мөнгөн аяга, ташуур нь надад байгаа...” гэх мэдүүлэг/хх 16-рт/,
Шүүгдэгч Д.Б-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн: “...2018 оны 01-р сарын дунд үеэс эхлэн Ц-тай хамт Есөнбулаг сумын 48-р байранд хамтран амьдарч эхэлсэн ба 2018 оны 07 сарын 29-нөөс хойш Ц бид хоёр хамтран амьдрахаа больсон...15 кг ноолуурыг нь гэрийн харанхуй өрөөнөөс нь шинэ цагийн мөнгөн аягыг нь гал тогооны өрөөний ширээн дээрээс харин сухай модон ташуурыг гэрийн том өрөөний хананд өлгөж тавьсан байхад нь авсан юм...Би өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэх мэдүүлэг/хх 26-27-рт/
Ял шалгах хуудас/хх 30-рт/,
Хохирогч Ч.Ц-гийн Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт гаргасан “...аяга, ташуур хоёроо авсан тохиолдолд ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх нотариатаар батлуулсан хүсэлт/хх 42-рт/,
Хохирогч Ч.Ц-гийн хавтас хэргийн материалтай танилцахдаа гаргасан “...Санал хүсэлт байхгүй...” гэх хүсэлт/хх 46-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хохирогч Ц-гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-13-рт/ Говь-Алтай аймгийн Дарив сумын иргэн Д.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл хамтран амьдардаг байсан. 2018 оны 06 дугаар сарын дундуур манай гэрээс ноолуур алга болсон байхаар нь Д.Б-оос асуухад би авсан юм чамд эргүүлж өгнө гэж хэлсэн. 07 дугаар сарын 29-ний өдөр манай гэрээс шинэ цагийн бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, сухай модон ташуур 1 ширхэг байхгүй байхаар нь Д.Б-оос асуухад би авсан юм аваад өгчихнө гэж хэлсэн. 15 килограмм ноолуурыг нэг килограммыг нь 100.000 төгрөг байсан учир 1.500.000 төгрөг болсон. Шинэ цагийн бага гарын мөнгөн зэрэг нотлох баримтыг шинжлэн судлуулж байна гэв. Мөнгөн аягыг 120.000 төгрөг, хуучны сухай модон ташуураа 50.000 төгрөгөөр үнэлж байна. Д.Б-ыг 2016 оноос хойш таньдаг болсон. Би Б-той 2018 оны 01 сараас хойш хамтран амьдарч байгаа. Б-ын авсан мөнгөн аяга, сухай модон ташуур зэргийг олж авмаар байна гэх мэдүүлэг, бусад шинжлэн судлуулах нотлох баримтууд улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдагдсан нотлох баримтуудыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр: Хохирогчийн мэдүүлэг хх7-рт, хохирогчийн 2 дахь удаа өгсөн мэдүүлэг хх9-рт, Д.Б-ын гэрчээр өгсөн мэдүүлэг хх-16-рт, Д.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг хх26-рт, ял шалгах хуудас хх30-рт, хохирогчийн гаргаж өгсөн хүсэлт хх42-рт, хохирогч хэргийн материалтай танилцаад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тэмдэглэл хх46-рт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалж,
Эд мөрийн баримтаар хохирогчийн гэрээс авсан гэх хуучны сухай модон ташуур, шинэ цагийн мөнгөн аяга зэрэгт үзлэг хийв.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Д.Б-ыг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Говь-Алтай аймгийн прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй......” гэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрийн сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр хууль бусаар авч буй үйлдэл бөгөөд шүүгдэгч Д.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 19-нээс хойш 2018 оны 09 дүгээр сарын 16-ныг хүртэл иргэн Ч.Ц-тай хамтран амьдарч байх хугацаандаа түүний 15 кг ноолуур, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, хуучны сухай модон ташуур зэргийг Ч.Ц-д мэдэгдэхгүйгээр авсан үйлдэл нь уг гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байх тул бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Бат-Эрдэнийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнээд шүүхээс шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Б-ын хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.
Хохирогч Ч.Ц нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...15 кг ноолуурын үнэ гэж 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1.600.000 төгрөг өгсөн. Одоо мөнгөн аяга болон сухай модон ташуураа авчихвал гомдол санал болон нэхэмжлэх зүйл алга...” гэсэн байх тул шүүгдэгч Д.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч Д.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн байцаалтад мэдүүлсэн, прокурор 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, шүүгдэгч Д.Б-ыг яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахаар шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдэд хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаа зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байх бөгөөд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Д.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул учруулсан хохирлыг төлсөн гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял шийтгэл оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Б-ын гэмт хэрэг үйлдсэн байдал, мөн түүний хувийн байдал, прокурорын “...400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал...” гэх санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...Тухайн хэргийн нөхцөл байдлын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Нэг удаагийн үйлдлээр тухайн эд зүйлийг аваад явсан байдаг. Гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа учир ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэж өгнө үү...” гэх хүсэлт зэргийг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч Ч.Ц нь Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлт/хх 42-рт/ болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “...Одоо мөнгөн аяга болон сухай модон ташуураа авчихвал гомдол санал болон нэхэмжлэх зүйл алга...” гэсэн бөгөөд уг эд зүйлийн өмчлөгч болох нь нотлогдож байх тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан доороо ногоон шигтгээтэй шинэ цагийн мөнгөн аяга 1 ширхэг, сухай модон ташуур 1 ширхэгийг хохирогч Ч.Ц-д буцаан олгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хохирогчид 1.600.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Урианхай овогт Д-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ыг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг ялтан Д.Б-д мэдэгдсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, ялтнаас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ялтан цагдан хоригдоогүй, хохирогчид 1.600.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан доороо ногоон шигтгээтэй шинэ цагийн мөнгөн аяга 1 ширхэг, сухай модон ташуур 1 ширхэгийг хохирогч Ч.Ц-д буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА