Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00490

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 06 210/МА2023/00490

 

 

Р.Эийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2022/03017 дугаар шийдвэртэй

Р.Эийн нэхэмжлэлтэй

НШШГГт холбогдох

Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/02046 дугаар захирамжаар Р.Эээс 47,588,139 төгрөг гаргуулж М.К ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, барьцаа хөрөнгийг битүүмжлэн шинжээч томилсон, уг тогтоол нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д үнэлгээчин нь Монгол Улсын иргэн байна гэсэн байхад шинжилгээ хийх эрхгүй хуулийн этгээд Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон.

1.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон Сэлэнгэ-Эстимэйт ХХК хөрөнгийг 61,030,599 төгрөгөөр, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн, 1 м.кв талбайг 1,415,671 төгрөгөөр үнэлсэн. Бид Ашид билгүүн ХХК-аар үнэлгээ тогтоолгоход 102,085,049 төгрөгөөр үнэлсэн.

1.3.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт тухайн хөрөнгийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байхаар заасан. Зах зээлийн бодит үнэлгээнд ямар нөхцөл байдал нөлөөлөхийг тусгасан. Жишээлбэл, байрны ашиглалтад орсон хугацаа нь ач холбогдолтой, барилгын хийц бүтээц, байршил, өрөө танхимын тоо, инженерийн бүтэц, шугамд холбогдсон байдал, гадна тохижилт, цэцэрлэгжилт, хүүхдийн тоглоом, биеийн тамирын талбай, байрны дотор засал, тохижилт зэрэг нөлөөлдөг гэдгийг үндэслэл бүхий нотлох баримтаар тодорхойлох ёстой. Гэвч Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд хэд хэдэн асуудлыг зөв тодорхойлоогүй. Жишээ нь, 1978 онд ашиглалтад орсон байрыг 2010 онд ашиглалтад орсон, 5 давхар байрыг 6 давхар байр, тухайн байрны нэг давхарт 4 айл байгааг 1 айл гэж тусгасан. 5 давхрын 4 давхарт бодитой байгаа үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх байтал 6 давхрын 5 давхарт байгаа байрыг үнэлсэн. Мөн байрны бүтээц хийц нь 64-ийн ханатай тоосгон барилга байтал угсармал бетон гэж тодорхойлсон. 2 өрөө байрны дотор байдалд үзлэг хийн тайланд тусгахдаа байрны дагалдах хэсгийг огт үнэлээгүй, хөрөнгийн үнэлгээний тайланд тусгаагүй. Байрны м.кв зөрүүтэй. Манайх 29 м.кв талбайтай байхад 112 м.кв, 120 м.кв, 100 м.кв талбайтай байруудтай жишиж үнэлсэн. 2 өрөө байрыг 3 өрөө байртай харьцуулан үнэлсэн. Ийм зүйлээс болоод хөрөнгийн үнэлгээний тайлан үндэслэлтэй болоогүй.

Иймээс Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/02046 дугаар захирамжаар Р.Эээс 47,588,139 төгрөг гаргуулж М.К ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Р.Эийн хамтран өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203005021 дугаартай, Сүхбаатар дүүрэг, ... хороо, .... байрны, .... тоот байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 9/475 дугаар тогтоолоор Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгоход хөрөнгийг 61,030,599 төгрөгөөр үнэлсэн. Энэ талаар талуудад 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4-156/36529 тоот албан бичгээр мэдэгдэж, үнэлгээний тайланг танилцуулсан.

2.2.Хуульд заасан журмын дагуу Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон. Сэлэнгэ-Эстимэйт ХХК, үнэлгээ хийсэн үнэлгээчин нь үнэлгээ хийх эрхтэй. Үнэлгээгээр нэгж талбайн үнийг 2,104,503 төгрөгөөр тооцож, нийт 61,030,599 төгрөгөөр үнэлсэн. Тухайн 29 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн гэрчилгээтэй байрыг үнэлж байгаа болохоос гадна орчныг үнэлэх шаардлагагүй, хөрөнгийн үнэлгээнд хамааралгүй. Үнэлгээний тайланд тухайн орон сууцыг халуун ус, инженерийн шийдэл, цахилгаан хангамж, бохир ус, төвийн шугамтай холбогдсон, нийт 4 цонх, 1 тагттай гэж тусгасан. Сургууль талбайтай ойрхон зэрэг давуу талыг тусгасан. Тэгэхээр үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна.

2.3.Нэхэмжлэгч нь уг орон сууцыг Ашид билгүүн ХХК-аар үнэлүүлэхэд өндөр үнээр буюу 102,085,049 төгрөгөөр үнэлсэн гэж тайлбарлаж байгаа боловч тухайн компани нь үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй эсэх, улсын бүртгэлийн гэрчилгээтэй эсэх нь тодорхойгүй байх тул ямар ч үндэслэлгүй юм. Мөн хоёр өрөө орон сууцыг 102,083,049 төгрөгөөр зах зээлийн ханшаас хэт дээгүүр үнэлсэн. Шинэ байр ч ийм үнэтэй байх боломжгүй. Үнэлгээний тайланд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр ашиглалтад орсон хугацааг 2010 он гэж гаргасан. Ашигласан хугацаанаасаа хамаарч зах зээлийн үнэ буух ёстой байдал бүр 3,520,000 төгрөгөөр үнэлсэн байна. Хотын А зэрэглэлийн байр 3,000,000 төгрөг хүрдэггүй. Иймд Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн тайлбарын агуулга:

3.1.Сүхбаатар дүүрэг, ... хороо, .... байрны, .... тоот байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар үнэлж зах зээлийн үнийг 61,030,599 төгрөг болохыг тодорхойлсон. Хөрөнгийн үнэлгээний тайлангийн хүснэгт 1-д үнэлгээ хийх үндэслэл, зориулалт, биет үзлэгийг 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр очиж хийсэн тухай болон бусад мэдээллийг тусгасан. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээн дээр тухайн байрыг 29 м.кв гэж бичсэн ба Иргэний хуулийн 183 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэл үнэн зөв гэдэг утгаар орон сууцыг 29 м.кв талбайтай гэж үзнэ. Тухайн байрыг хэмжиж үзвэл 15м.кв-ийн зөрүү гардаг ч м.кв-ийн хэмжээ ахих тусам нэгж м.кв-ийн үнэ унадаг тул нийт үнэлгээ ялгаагүй гарна.

3.2.Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаар тушаал, Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS6058:2009 стандартыг баримтлаагүй. Учир нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна гэж заасан байх тул өмчлөх эрхийн гэрчилгээнд тусгагдсан талбайн хэмжээгээр тооцоолсон.

3.3.Үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн биеэр очиж үзлэг хийсэн, гаднаас нь харахад 5 давхар мэт харагддаг ч дотор нь ороход хагас давхруудтай тул суурь мэдээллүүд буруу орсон гээд байх шиг байна.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийсэн, хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Содномпилийн тайлбарын агуулга:

4.1.Би журмын дагуу дуудлага худалдаанд ороод ялагч болсон. Мөн мөнгөө тушаагаад байрны өмчлөгч боллоо гэж ойлгосон. Гэтэл 2 жил хүлээж байна. Дуудлага худалдаагаар 44,000,000 төгрөгөөс дуудагдаад 66,000,000 төгрөг болсон.

4.2.Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн үнэлгээ бодит үнэлгээтэй нийцэж байна. 1978 онд ашиглалтад орсон байшинг 2010 онд ашиглалтад орсон гэж, 6 давхар байшинг 5 давхар гэж, тоосгон байшинг бетон гэж, 1 давхарт 4 айл байсныг 1 айл гэж байгаа нь нэхэмжлэгчийн эдийн засгийн байдлыг дордуулаагүй. Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний үзүүлэлтүүд нь муу гараад үнэлгээ өндөр байгаа нь бодит байдалтай нийцэхгүй.

Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзэж байна гэжээ.

 

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан НШШГГт холбогдох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203005021 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, УАА-н 20-р байр, 16 тоот хаягт байрлалтай, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 110 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай Р.Эийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1.Анхан шатны шүүх Улсын төв архиваас гаргуулсан Улсын комисс хүлээн авсан актын болон шинжээчийн дүгнэлтийн хоорондоо зөрүүтэй мэдээлэлд дүгнэлт хийгээгүй.

6.2.Мөн шинжээч Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн тайлан Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт нийцэж байна гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийн хүсэлт, гэрээний үндсэн дээр хийгдсэн Ашид билгүүн ХХК-ийн тайланд огт дүгнэлт өгөөгүй.

6.3.Түүнчлэн шинжээч хөрөнгөд үзлэг хийж талбайг хэмжээгүй, шинжээчийн тайланд хэмжилт хийсэн талаар огт тусгагдаагүй, зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээн дэх 29 м.кв талбайгаар тооцож нэг м.кв талбайг 2,104,504 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл бодит байдалд орон сууцны ашигтай талбайд гал тогоо, тагт, ариун цэврийн болон угаалгын өрөө, коридор зэргийг тооцон улсын бүртгэлд бүртгүүлдэг болсон. Дээрх талбайг Ашид билгүүн ХХК ашигтай талбайд оруулан хэмжилт хийж зах зээлийн бодит үнэлгээ тогтоосон.

Өөрөөр хэлбэл, шинжээч Сэлэнгэ-Эстимэйт ХХК нь орон сууцны өнөөгийн зах зээлийн үнийг тогтоохдоо ашигтай талбайг тооцож тогтоогоогүйгээс орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

7.Давж заалдах гомдолд хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч Р.Э нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/02046 дугаар захирамжаар Р.Э 47,361,110 төгрөгийг М.К ХЗХ-д төлөх, заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203005021 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, УАА-н 20 дугаар байр, 16 тоот хаягт байрлах, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, Р.Эээс улсын тэмдэгтийн хураамж 227,029 төгрөг гаргуулан М.К ХЗХ-д олгож шийдвэрлэжээ.

 

4.Дээрх шүүхийн шийдвэр болон шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ГХ2020/00096 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 20280187 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 20280187/2 дугаар тогтоолоор шүүхийн шийдвэрт заасан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, мөн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 20280187/04-156 дугаар тогтоолоор хураасан байх ба эдгээр ажиллагааны талаар зохигчид гомдол гаргаагүй.

 

5.Мөн өмчлөгч Б.Гандэлгэр, төлбөр төлөгч Р.Э нараас үл хөдлөх эд хөрөнгийг 240,000,000 төгрөгөөр үнэлэх саналыг тус тус бичгээр гаргасан, төлбөр авагч М.К ХЗХ уг саналыг эс зөвшөөрч шинжээчээр үнэлүүлэх тухай хүсэлт гаргасан, улмаар шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 9/475 дугаар тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхээр Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон ба шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн үнэлгээний тайланд үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 61,030,599 (29 м.кв*2,104,503.4) төгрөгөөр тогтоожээ.

5.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч нь шинжилгээ хийх эрхгүй Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон гэж тайлбарласан. Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн үнэлгээчин Г.Отгонбаярын хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл тайланд хавсаргагдсан, мөн шийдвэр гүйцэтгэгчээс шинжээчид эрх, үүрэг, хариуцлагыг тайлбарласан байх тул уг ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт нийцсэн, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

5.2.Харин үнэлгээний тайланд 2010 онд барилга ашиглалтад орсон, угсармал бетон хийцтэй, 6 давхартай, үнэлж буй орон сууц 5 дугаар давхарт байрладаг, давхартаа нэг айлтай, 29 м.кв талбайтай, гал тогоо тусдаа, 1 ариун цэврийн өрөөтэй талаар тусгасан боловч хэрэгт авагдсан Барилга ашиглалтад оруулсан улсын комиссын акт, Усны аж ахуйн яамны 20 айлын сууцыг Улаанбаатар хотын орон сууцны ашиглалтын конторт хүлээлгэн өгсөн акт, Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлан баримтуудад барилга 1973 онд ашиглалтад орсон, тоосгон ханатай, мөн орон сууцны талбай 52.2 м.кв гэж тусгасан байна. Түүнчлэн шинжээч нь Сүхбаатар дүүрэгт байршилтай, 2000, 2014 онуудад ашиглалтад орсон, төмөр бетон карказ блок дүүргэгчтэй хийц бүхий 100-112 м.кв талбайтай, 3-4 өрөөтэй орон сууцуудтай харьцуулсан байна.

Дээрх баримтуудыг харьцуулан дүгнэхэд, шинжээч Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд орон сууцны барилгын ашиглалтад орсон хугацаа, бүтээц хийцийн талаарх мэдээллийг зөв тусгаагүй, орон сууцны талбайн хэмжээг бодитой тогтоогоогүй, мөн харьцуулсан 3 орон сууцын ашиглалтад орсон хугацаа, бүтээц хийц, өрөөний тоо болон талбайн хэмжээний хувьд үнэлэгдэх орон сууцтай ижил төстэй гэх үндэслэлгүй, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д заасан хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, 9.2.3-д заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх шаардлагуудыг хангаагүй байна.

5.3.Шинжээчийн үнэлгээний тайланд орон сууцны шинж байдлын талаар зарим зүйлийг зөрүүтэй тусгасан боловч хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг бууруулсан гэж үзэх боломжгүй, Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээчинд хууль сануулж эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу үнэлгээ хийгээгүй тул нотолгооны хэрэгсэл гэж үзэхгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

6.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2022/03017 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203005021 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, УАА-н 20 дугаар байр, 16 тоот хаягт байрлалтай, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 61,030,599 төгрөгөөр үнэлсэн Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Эээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ЗОЛЗАЯА