Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2019/ШЦТ/03

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Лхамдолгор,

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,

Шүүгдэгч М.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналтай ирүүлсэн М.О-д холбогдох эрүүгийн 1838008670449 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.О.

Шүүгдэгч М.О нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2018 оны 06 дугаар сард Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт эхнэр Э.Б-н нүүрэн тус газар өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.О нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2018 оны 06 дугаар сард Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт эхнэр Э.Б-н нүүрэн тус газар өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч М.О-н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...өнгөрсөн хавар манайх зуслангийн газар руугаа нүүхэд миний төрсөн дүү А-н хөнжил гудас ойр зуурын эд зүйл нь манай гэрт байсныг би хаваржаан дээрээ дүүгийн эд зүйлийг орхиод нүүсэн юм. ...тэгээд бид хоёрын дунд үүнээс болж 2018 оны 06 дугаар сард хэрэлдэж би зодсон” гэх мэдүүлэг,

Хохирогч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би нөхөр М.О-тэй 2013 онд гэр бүл болж амьдраад 5 жил болж байна. Энэ хугацаанд бид хоёр хоорондоо хэрэлдэх маргалдах зүйл зөндөө гарч байсан. ...би угаасаа хамаг юмыг чинь яаж нуух вэ цагдаад хэлнэ гэсэн чинь намайг ална гээд миний дээр суугаад багалзуурдсан. Нэлээд удаан багалзуурдсан. ...айл руу зугтаад гүйсэн чинь араас мотоцикльтойгоо хүрч ирээд дахин багалзуурдсан. Энэ үед цохиж зодоогүй зүгээр л багалзуурдаад байсан. Сумын цагдаа Ж-д мэдэгдэж энэ зөрчилд нөхөр О-г 100.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан юм. ...2018 оны 06 дугаар сарын 23-ны үед зодохдоо миний зүүн нүд болон хацар руу бакалан урт түрийтэй гутлаар өшиглөж зодсон. Бусдаар бол ингэж гэмтэл учиртал зодож байгаагүй. ...надад одоо ямар нэгэн санал гомдол байхгүй. Бид хоёр хүүхдээ бодсон ч тэр буцаж нөхөртэйгээ нийлэх гэж байгаа. ...Би эвлэрлийн гэрээг нөхөртэйгээ байгуулж наториатаар батлуулах гэж байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9, 19-21 дүгээр хуудас/,

  Гэрч Д.У-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 06 дугаар сард хоёр хүүхдийн вакцин хийлгэнэ гэж яваад ирэхдээ эхнэр Б нь их ууртай ирсэн юм. ...эхнэр Б нь чи дүү нартаа уурласан уураа надад гаргалаа, дүү нартаа юм хэлж чадахгүй гээд нөхөр О-г загнаад байсан. Удалгүй хоорондоо зууралдаад ноцолдоод хэрэлдээд эхэлсэн. ...О ах гэрээс гарч ирээд суурин жи мобайл утасны антеннийг хугалаад шидсэн. Тэгээд би гэрт ороход Болортуяа эгчийн зүүн хацар нь хөхөрсөн байсан. Зүүн нүдний доохон талаас хацарнаас нь мөн цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 45-47 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 569 дугаартай:

1.2. Э.Б-н биед хацар болон хамар ясанд хугарал, 1 ширхэг шүдэнд булгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгджээ.

4. Э.Б-н биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид хөдөлмөрийн чадварын 5% тогтонги байдлаар алдагдана” гэх дүгнэлт  /хх-ийн 55 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул М.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838008670449 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч М.О нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Хохирогч Э.Б нь шүүгдэгч М.О-тэй 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж хохирол гомдолгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 1838008670449 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч М.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.  

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.О нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 1838008670449 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.      

      5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.НЯМСҮРЭН