Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 12

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

Улсын яллагч М.Үүрийнтуяа,

Шүүгдэгч Р.Б , түүний өмгөөлөгч Б.Дамба нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Р.Б өд холбогдох эрүүгийн 1806 07305 1760 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Төв аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Баянгол дүүрэг  тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 265 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг ялыг 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар өршөөн хэлтрүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар, Р.Б .

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Шүүгдэгч Р.Б  нь 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг “И Март” худалдааны төвийн баруун талын автомашины зогсоол орчимд иргэн А.Золзаяагийн халааснаас 1.556.000 төгрөгийн үнэ бүхий Ай фон-7 плас загварын гар утсыг,

Мөн 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг “И Март” худалдааны төвийн гадна иргэн А.Уянгын халааснаас 440.000 төгрөгийн үнэ бүхий Ай фон-6 плас маркийн гар утсыг тус тус нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Б  мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Уянгын өгсөн мэдүүлэг /хх-11-12/, насанд хүрээгүй хохирогч А.Золзаяагийн өгсөн мэдүүлэг /хх-100-101/, гэрч И.Отгонбаярын өгсөн мэдүүлэг /хх-13, 79-80/, гэрч О.Амарзаяагийн өгсөн /хх-14-15/, гэрч П.Батзаяагийн өгсөн мэдүүлэг /хх-19/, гэрч Э.Мягмарсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-81/, гэрч Э.Отгонбаярын өгсөн мэдүүлэг /хх-109-110/, гэрч Д.Батзаяагийн өгсөн мэдүүлэг /хх-113-114/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6/, “Дамно” ХХК-ны үнэлгээний дүгнэлт /хх-21-24/, “Дамно” ХХК-ны үнэлгээний дүгнэлт /хх-115-116/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-122/, хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-123/, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-124/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-9/, шүүгдэгч Р.Б ийн ял шалгах хуудас /хх-37/, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон акт /хх-228/, шинээр Р.Б ийн хувийн байдлын тухай баримтууд 15 хуудас зэрэг болно.

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанд судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэн дээр ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Р.Б  нь 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг “И Март” худалдааны төвийн баруун талын автомашины зогсоол орчимд иргэн А.Золзаяагийн халааснаас 1.556.000 төгрөгийн үнэ бүхий Ай фон-7 плас загварын гар утсыг,

Мөн 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг “И Март” худалдааны төвийн гадна иргэн А.Уянгын халааснаас 440.000 төгрөгийн үнэ бүхий Ай фон-6 плас маркийн гар утсыг тус тус нууцаар хууль бусаар хулгайлсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч А.Уянгын өгсөн: “...Би 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг “И Март” худалдааны төвийн урд талын засмал замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн зам хөндлөн гараад явж байхдаа өөрийн өмсөж явсан цувныхаа баруун талын халаасанд хийсэн байсан Ай фон-6 плас маркийн хар өнгийн гар утсыг хулгайд алдсан болохыг мэдсэн. “Теди” худалдааны төвөөс 850.000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний цувны халаасанд гар утас бүрэн орж таардаг. Алхаж явахад унах боломжгүй. Тухайн үед би баруун талын мөрөндөө цүнхээ үүрсэн байсан. Миний цүнх цувны баруун талын халаасыг дардаг болохоор гар утас боломжгүй.” /хх-11-12/ гэх мэдүүлэг,

 

Түүний Баянзүрх дүүргийн шүүхэд гаргасан: “...Алдсан гар утсаа Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс очиж гар утсаа авсан хохиролгүй болсон. Гомдолгүй болохыг энэхүү өргөдлөөр баталгаажуулж байна.” /хх-/ гэх хүсэлт,

 

              Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч А.Золзаяагийн өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг “И Март” худалдааны төвийн орчим 15:55-16:00 ццагийн хооронд тухайн “Скай” худалдааны төв рүү чиглэн зуслан руу явах автобусандаа суух зорилгоор явж байгаад удалгүй цувныхаа халааснаас гар утсаа хулгайд алдсан. Тэгээд гар утсаа тэр дор нь алдсанаа мэдээд “И Март” худалдааны төвийн хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд 2 залуу миний араас миний юмыг хулгайлах зорилготой нэг нэгэн рүүгээ дохилцож дагаж явсан бичлэг байсан. Миний цувны халаас гүнзгий учраас ямар нэгэн юм хаяж гээх боломжгүй. Би гар утсаа 1.971.000 төгрөгөөр худалдаж авч байсан.” /хх-100-101/ гэх мэдүүлэг,

              Түүний Баянзүрх дүүргийн шүүхэд гаргасан: “...Хохирогч А.Золзаяа би гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлж авсан. Р.Б  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэргээ чин санаасаа гэмшиж, уучлалт гуйсаныг хохирогч А.Золзаяа би хүлээн авч түүнтэй эвлэрсэн тул уг эвлэрлээ энэхүү хүсэлтээр гаргаж байна. Иймд Р.Б өд хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” /хх-227/ гэх хүсэлт,

 

              Мөрдөн байцаалтад гэрч И.Отгонбаярын өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Баянмөнх над руу 98152777 дугаараас залгаад уулзаж гадуур явъя гэсэн. Тэгтэл Р.Б  таксины жолоочоос цэнэглэгчийг нь гуйгаад Ай фон загварын утас гаргаж ирээд жолоочийн цэнэглэгчээр цэнэглэсэн. Бид 3 юм ярьж жоохон зогссон. Р.Б  “би тунел явж ажлаа асуугаад ирье” гээд явсан. Р.Б  буцаад зам гараад хүрээд ирсэн. Тэгсэнээ шууд такси барьчих гэхээр нь би гар өргөөд Тоёота приус 20 маркийн машин зам дээр зогсоод Р.Б  тойроод машины урд суугаад куртикныээ дотор талын халааснаас Ай фон маркийн саарал өнгийн гар утас гаргаж ирсэн.” /хх-13, 79-80/ гэх мэдүүлэг, 

 

   Мөрдөн байцаалтад гэрч О.Амарзаяагийн өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 5-нд 16 цагийн үед Р.Б  гэх манай найз залгаад “Сансарын тунелын И март”-ад хүрээд ир” гэсэн. Очиход Отгонбаяр гэдэг найз маань Р.Б ийн хамт байсан. Тэгээд бид 3 “Скай” худалдааны төвийн тэнд такси бариад сууж байхад нэг энгийн хувцастай хүн гүйж ирээд “суугаад юу авчихваа Р.Б өө” гэж байсан. Тэгээд Отгоо гэх манай найзаас наадахаа аваад ир гээд Ай фон-6 маркийн гар утас байсныг авсан.” /хх-14-15/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч П.Батзаяагийн өгсөн: “...”Чингис” зочид буудлын баруун талын зогсоол өнгөрөөд явж байхад “И март” худалдааны төвийн баруун талаас 3 залуу гар өргөж суусан. Намхан залуу нь урд, өндөр болон малгайтай залуу нь хойд талд суусан. Би дунд талын хайрцаг дээр өөрийн Ай фон-6 загварын гар утсаа цэнэглэж байсныг хараад намхан залуу нь “ах утасны цэнэг дуусах гээд байна, утсаа цэнэглэхье” гэж хэлсэн. Би өөрийн утсыг салгаад өгөхөд тэр залуу Ай фон-6 плас загварын гар утсыг залгасан.” /хх-19/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Мягмарсүрэнгийн өгсөн: “...”И март худалдааны төвийн урд талаас халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг болох Р.Б , Отгонбаяр, Амарзаяа нар сэжиг бүхий байдалтай зам дээр гараа өргөж такси бариад суусан. Үүний дагуу шалгахаар тухайн таксины араас дагаад “И март” худалдааны төвийн арын туслах замын түгжирч зогссон байхад нь шалгасан. Ингээд шалгахад тус машинд Ай фон-6 маркийн гар тус байсан ба “”уг утсыг хэнийх вэ” гэдгийг асуухад Р.Б  нь “би хулгайлсан, энэ хоёрт хамаагүй” гэж хэлсэн. Ингээд гар утсыг үзэхэд утас кодтой байсан ба удалгүй дуудлага орж ирсэн.” /хх-81/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад Э.Отгонбаярын өгсөн: “...Би “Бөхийн өргөө”-ний автобусанд суух гэж алхсан. Тэгсэн Р.Б  ах машин дотроос дуудаад “хаа хүрч байгаа юм бэ, гэж асуугаад, суучих” гээд таксинд орж суусан. Тэгээд доошоо бөхийн өргөө рүү түгжрээд явж байгаад “Чингис” зочид буудлын ойролцоо бууж Р.Б  “И март” худалдааны төв орж бие засаад ирье гэдэс өвдөөд байна” гэсэн. Тэгээд 3 билүү 4 давхарт гарч бие зассан. Тэгээд бид 2 хойд талын хаалгаар гараад баруун тийш чиглэн гүүр рүү явсан. Тэгээд Р.Б  ах удалгүй “ах нь Бөхийн өргөө дээр хүнтэй уулзах ажилтай болчихлоо, мартчихсан байна” гэсэн. Тэгээд бид хоёр “И март” худалдааны төвийн хойд талын хаалгаар буцаж ороод урд талын хаалгаар гараад “Бөхийн өргөө” рүү би ганцаараа алхаад явж байсан. Р.Б  такси барих гээд үлдсэн.” /хх-109-110/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Батзаяагийн өгсөн: “...Ганбаяр миний өрөөнд халаасны хулгайн гэмт хэргийн гомдол мэдээлэл дээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа Р.Б  гэгчтэй хамт орж ирсэн. Тэгээд Р.Б  нь надад битгий эрүүгийн хэрэг үүсгээч би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хүнд 400.000 төгрөг өгчихсөн, ахаасаа мөнгө аваад нөгөө хүндээ өгч утсыг нь авчихна” гэж хэлсэн.” /хх-113-114/ гэх мэдүүлэг,      

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6/,

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-9/,

-“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-21-22, 115-116/,

-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-122/,

-Хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-123/,

-Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-124/,

-Шүүгдэгч Р.Б ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-136/ зэрэг болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Р.Б  нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч А.Уянгад 440.000 төгрөгийн хохирол, хохирогч А.Золзаяад 1.556.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Ийнхүү дээрхи байдлаар шүүгдэгч Р.Б  нь 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг “И Март” худалдааны төвийн баруун талын автомашины зогсоол орчимд иргэн А.Золзаяагийн халааснаас 1.556.000 төгрөгийн үнэ бүхий Ай фон-7 плас загварын гар утсыг,  мөн 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг “И Март” худалдааны төвийн гадна иргэн А.Уянгын халааснаас 440.000 төгрөгийн үнэ бүхий Ай фон-6 плас маркийн гар утсыг тус тус нууцаар хууль бусаар хулгайлсан гэм буруу нь хөдөлбөргүй нотлогдсон гэж шүүхээс дүгнэж, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Р.Б  нь хохирогч нарт учруулсан материаллаг хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар Р.Б өд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Р.Б өд 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 2 ширхэг сидиг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тогтов.

Шүүгдэгч Р.Б  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Р.Б ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Р.Б өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар Р.Б  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 2 ширхэг сидиг хэрэгт хадгалсугай.

 

5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, Р.Б  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Р.Б өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Б өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               Э.ЧИНГИС