Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00589

 

 

 

А.Л-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2022/03573 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Л-ын хариуцагч Э.Нт холбогдуулан гаргасан гэрээнээс татгалзсан үр дагавар 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

А.Л-а 2020 оны 10 дугаар сард Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нутгийн буян 34, 35 дугаар байрны дунд 16 давхар барилга барих зорилгоор зөвшөөрлөө авч барилгын суурийн ажил хийлгэхээр Э.Нтэй тохиролцож 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 7,000,000 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн. Гэвч ажил эхлэхэд Э.Н ирээгүй ба холбоо барихад ... хүмүүстэйгээ холбогдож чадахгүй байна... гээд ажлаа хийгээгүй. Э.Н нь газар шорооны ажил хийдэг гэж ойлгуулсан. Түүнийг цагдаагийн байгууллагад шалгуулсан боловч залилах гэмт хэргийн шинжгүй гэж хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Д.Бат-Эрдэнэд мөнгийг өгсөн гэх тайлбар үндэслэлгүй. Иймд Э.Нээс 7,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Э.Н, А.Л-атай Мэндсайханаар дамжуулан танилцсан. 2020 оны 10 дугаар сард барилгын ажлын талаар ярилцсан боловч тохиролцоонд хүрээгүй. Э.Н газар, шорооны ажил хийдэггүй, А.Л-ын барилгын ажлыг Мэндсайхан таньдаг хүнээ дуудаж үзүүлэхэд нөгөө хүн нь татгалзсан. А.Л-а газар, шорооны ажил хийдэг хүн олж өгөөч гэж хүссэний дагуу Д.Бат-Эрдэнийг зуучилж уулзуулсан. Д.Бат-Эрдэнэ болон А.Л-а нар хийх ажил болон төлбөрийн талаар тохиролцсон. Д.Бат-Эрдэнэ ажил хийхээр экскаватороо оруулахад оршин суугчдаас маргаан үүсгэж ажил хийлгээгүй. Д.Бат-Эрдэнэ 2, 3 хоноод Э.Н рүү залгаж ... урьдчилгаа 50 хувь авъя, эсхүл ажил хийхгүй ... гэж хэлсэн. Мөн түрээсийн техник оруулах учир ажлын хөлсөнд 7,000,000 төгрөг төлөхийг шаардсан. Энэ талаар А.Л-ад хэлэхэд зөвшөөрч Э.Нийн данс руу шилжүүлсэн. Э.Н уг мөнгөнөөс ашиг аваагүй, тухайн өдөр Хаан банк ХХК дахь Д.Бат-Эрдэнийн 5125046131 тоот дансанд шилжүүлсэн. А.Л-атай гэрээ байгуулж ажил гүйцэтгэхээр тохиролцоогүй. А.Л-ын нэхэмжлэлд дурдсан асуудлыг Прокуророос гэмт хэргийн шинжгүй хэмээн үзэж, хэрэг бүртгэлийн хэргийг хаасан тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах буюу хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Нээс 7,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Алтанбаганад олгож,

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлсөн 128,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Нээс 128,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх ... зохигчийн тайлбар, прокурорын тогтоол, гэрчийн мэдүүлгээр А.Л-а нь Э.Нээр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нутгийн буян 34,35 дугаар байрны дунд 16 давхар барилгын суурийн ажил хийлгэхээр тохиролцож ажлын хөлсийг шилжүүлсэн, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь: хариуцагчийн тайлбар, гэрч Д.Бат-Эрдэнэ нар Э.Н, Н.Алтанбагана нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсгээгүй гэж тайлбарласаар байхад шүүх зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн. А.Л-а болон Э.Н нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй. Э.Нт газар шорооны ажил хийх хүсэл зоригийн илэрхийлээгүй юм.

Хэрэв талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бол гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцсон байх шаардлагатай буюу ямар ажлыг хэдий хугацаанд хийж гүйцэтгэх, ажлын хөлс нь хэдэн төгрөг байх, хэрхэн яаж төлөх талаар тохиролцоогүй байхад тохиролцсон мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй. Харин гэрч Д.Бат-Эрдэнэ ... А.Л-а гэрээний гол нөхцөлийг тохиролцож ажил гүйцэтгэсэн ... гэж мэдүүлсэн.

Э.Н 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 7,000,000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй. Н.Алтанбагана нь заавал түүний дансаар шилжүүлнэ гэсний дагуу Э.Нийн дансанд шилжүүлж, Э.Н Д.Бат-Эрдэнийн данс руу мөн шилжүүлсэн. Мөн шүүх гэрч Д.Бат-Эрдэнэ 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Э.Нийн данснаас 7,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан, газар шорооны ажлыг ямар тоног төхөөрөмжөөр хэрхэн гүйцэтгэхээр А.Л-атай тохиролцсон байхад Э.Нээс 7,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянахад, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус зааснаар үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

1. Нэхэмжлэгч А.Л-а хариуцагч Э.Нт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсөнд төлсөн 7,000,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ... А.Л-атай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, нэхэмжлэгчийг Д.Бат-Эрдэнэтэй зуучилж өгсөн, ажлын хөлсөнд шилжүүлсэн 7,000,000 төгрөгийг Д.Бат-Эрдэнэд дамжуулж өгсөн... гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч А.Л-а нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, Э.Нээр газар шорооны ажил гүйцэтгүүлэхээр тохиролцож 7,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч тэрээр ажлаа гүйцэтгээгүй тул уг мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулна гэж тайлбарласан.

 

А.Л-а 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 7,000,000 төгрөгийг Хаан банк ХХК дахь Э.Нийн эзэмшлийн 5040011305 тоот дансанд газар ухаж зөөх гэсэн утгаар шилжүүлсэн ба мөн өдөр Э.Нийн эзэмшлийн 5040011305 тоот данснаас 7,000,000 төгрөгийг Д.Бат-Эрдэнийн эхнэр гэх С.Ундрахын 5125046131 тоот дансанд газар шороо гэсэн утгаар шилжүүлсэн байна. (хх-ийн 7,31)

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлэг нь нотлох баримтад хамаарах ба гэрч Д.Бат-Эрдэнэ ... 7,000,000 төгрөгийг шилжүүлсэн ямар учиртай бэ гэсэн даргалагчийн асуултад ...түрээсийн мөнгөний урьдчилгаа..., Энэ техникээр хаана ямар ажил гүйцэтгэх ёстой байсан бэ гэсэн даргалагчийн асуултад ... Хан-Уул дүүрэгт байрлах 35 дугаар байрны голд байсан суурийг янзлуулна гэж намайг оруулсан..., Барилгын суурь янзлах ажлыг хэнтэй тохиролцож хийсэн бэ гэх асуултад ... Э.Н намайг холбож өгсөн. А.Л-ыг мэдэхгүй. Техникээ оруулж, ажлаа хийж байхад хүмүүс хэл ам хийж, 8 хоног хүлээсний эцэст шөнөөр гарсан... гэж тус тус мэдүүлснээс (хх-ийн 56) үзэхэд А.Л-а болон Э.Н нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй, харин газар шорооны ажлыг Д.Бат-Эрдэнэ гүйцэтгэхээр тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч А.Л-аас хариуцагч Э.Нт 7,000,000 төгрөг шилжүүлснийг үндэслэн тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит нөхцөл байдалтай нийцээгүй, ...Зохигчийн тайлбар, прокурорын тогтоол, гэрчийн мэдүүлгээр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нутгийн буян 34, 35 дугаар байрны дунд 16 давхар барилгын суурийн ажил хийлгэхээр Э.Нтэй тохиролцож, ажлын хөлсийг шилжүүлсэн, тэдний хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

Иймд зохигчдын хооронд гэрээний харилцаа үүсээгүй тул нэхэмжлэгч А.Л-а ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж гэрээний дагуу шилжүүлсэн 7,000,000 төгрөгийг хариуцагч Э.Нээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр А.Л-ын хариуцагч Э.Нт холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт шилжүүлсэн 7,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2022/03573 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Э.Нт холбогдох 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Л-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Э.Нийн төлсөн 127,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Н.БАТЗОРИГ