Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 1108

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

Улсын яллагч М.Амарзаяа,

Шүүгдэгч Ц.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Арацан овогт ...ын ...т холбогдох 1808032571543 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн  авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1970 оны 01 дүгээр сарын 18-ы өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд төрсөн, эмэгтэй, 48 настай, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, “...” ХХК-д өрмийн угаагч ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Булган аймгийн Бүрэгхангай сумын 4 дүгээр багийн Дархан гэх газарт оршин суух оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Мон лаа ...тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Арацан овогт ...ын ... /РД:.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

 

            Ц.... 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Мон-Лаагийн ...тоотод М....ийн хэвлийн тус газарт хайчаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

1.Хохирогч М....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ... утасдаад “би солонгос руу явахаар виз хөөцөлдөж байгаа, тэгсэн чинь чиний бичиг баримт хэрэгтэй байна” гэж хэлсэн. Би 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод ирээд ...той хамт Баянхошуунд хашаа байшинд ирж ...нарын хамт архи ууцгаасан. Надаас бусад нь согтсон бөгөөд өглөө болтол архи ууцгаасан. ... унтаад босч ирээд “би чамаас салсан, тэтгэвэртээ гарсан цагдаагийн хурандаатай суучихсан байгаа, тэр хүн намайг ивээн тэтгэж байгаа” гэх зэргээр нь ярихаар нь “өө за миний найз сайхан амьдарч байгаа бол болж дээ” гэж хэлтэл агсам тавиад савтай ундаа аваад шидэхээр нь би гэрээс хөөж гаргаад найзуудыг нь босч ирэхээр нь гэрээсээ хөөсөн бөгөөд ... бид хоёр хэрэлдэж маргалдаж эхэлсэн. Тэгээд зогсож байтал ... гаднаас орж ирээд шууд миний хэвлий рүү нэг удаа, зүүн хөлийн шилбэ рүү нэг удаа хутгалсан,  тухайн үед анзаараагүй, сүүлд бодож байхад манай гэрт байдаг цэнхэр өнгийн бариултай хайчаар хатгачихсан юм. Би  өөрөө тухайн үед бага зэрэг согтуу хэрүүл хийгээд анзаараагүй, одоо миний хувьд гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй. Тухайн үед эм тариа хэрэглэсэн, тэр үед ... хамт эмчилгээ хийлгэхэд туслалцаа үзүүлсэн. Бид хоёр эвлэрсэн, хохирол байхгүй. ...т гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 73-75 х/,

 

2.Шүүгдэгч Ц....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би М....тэй 1990 онд гэр бүл болсон. Дундаасаа 2 хүүхэдтэй хоёр хүүхэд минь тусдаа гарсан. Нэг нь Солонгос улсад байгаа, нөгөө нь Булган аймгийн Бүрэгхангай суманд байгаа. Эхнэр, нөхөр хойно ... бид хоёр хэрүүл маргаан хийх янз бүрийн асуудал гардаг байсан. Би өөрөө хөдөө орон нутгаар уул уурхайн чиглэлээр байнга явдаг. ... болохоор гэртээ үлддэг байсан. Би тэр болгон гэртээ байгаад байдаггүй. ... намайг хөдөө гадаа явахаар хүнтэй хардаж архи дарс уулаа гэж маргалдах болсон. Тэгээд сүүлийн 4, 5 жил бараг тусдаа амьдарч хааяа бие өвдлөө гэхээр нь би ирэн очин байдаг байсан. Гэхдээ бид хоёр хууль ёсны эхнэр нөхөр гэрлэлтээ батлуулчихсан байгаа. Болсон хэргийн хувьд 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр би ...тэй утсаар ярьж чи Улаанбаатар хот руу иргэний үнэмлэхээ өгөөд явуулчих Солонгост байгаа охинд чинь хэрэг болоод байна гэж хэлсэн чинь ... 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын гэр болох Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Мон лаа ...тоотод хүрээд ирсэн. Би тэр үед нь найз ...нарыг гэртээ дуудчихсан байсан юм. ...ийг ирчихсэн үед тэр гурав хүрээд ирсэн. Бид тав нийлээд архи дарс хоол унд болсон. Шөнөжин архи уусан. Бүгд нэлээн согтчихсон. ... бид хоёр нэг юмнаас болж маргалдсан. Намайг гэрээс ... үсдэж чирч гаргаад цохисон. Би гэрлүүгээ буцаж ортол араас ... орж ирэхээр нь гал тогооны өрөөний шургуулганаас цэнхэр өнгийн бариултай хайчаар ...ийн хэвлий рүү нэг удаа хатгачихсан. Энэ нь миний буруу би урд гэрчээр мэдүүлэг өгөхдөө тодорхой хэлсэн. Өөр надад нэмж хэлж ярих зүйл алга. Би ...ийг хайчаар хатгасан нь үнэн миний буруу. ... бид хоёр одоо эвлэрчихсэн. Энэ хэргийг түргэн шуурхай шийдүүлчихмээр байна. Миний зүгээс ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Хийсэн үйлдэлдээ хуулийн хариуцлага хүлээхэд надад татгалзах зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 119-120 х/,

 

            3.Гэрч Н....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... ...ын дүү залгаад “та нар чинь юу болсон юм, ... эгч ... ах хоёр цагдаа, эмнэлэг болоод байна” гэхээр нь хаана байгаа талаар нь асууж Гэмтлийн эмнэлэг дээр ...ийн хамт очсон. ... толгойн зураг авхуулж байсан. Тэндээс гараад цэргийн төв эмнэлэг рүү ...ийн араас очсон. ... тухайн үед тумбочик ухаж байгаад хайч аваад эргээд хартал нь ... цохих гэж байхад нь хайчаар зүсчихсэн гэж хэлсэн. Эмчтэй нь уулзахад мэсний шархтай учраас 2 цаг биеийн байдлыг нь харах ёстой гэж хэлээд хүлээсэн. Тэгээд ... би, ..., ... түүний дүүгийн хамт эмнэлгээс гарсан. ...” гэх мэдүүлэг /хх 81-82 х /,

 

            4.Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 136 тоот дүгнэлт:

1.Магадлуулагч М....ийн биед хэвлий, зүүн шилбэнд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйчиллээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 12 х/,

 

5.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 108 х/

6.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 123 х/

7.Гэрлэгсдийн гэрчилгээний хуулбар /хх 124 х/

8.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 140 х/

9.Ажлын газрын тодорхойлолт /хх 141 х/

10.Эвлэрлийн гэрээ /хх 142 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

Шүүгдэгч Ц.... нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Мон-Лаагийн ...тоотод архидан согтуурсан үедээ хоорондын таарамжгүй харьцааны улмаас М....ийн хэвлий, хөлийн шилбэн тус газруудад хайчаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

           Хохирогч М....ийн “... ... гаднаас орж ирээд шууд миний хэвлий рүү нэг удаа, зүүн хөлийн шилбэ рүү нэг удаа хутгалсан,  тухайн үед анзаараагүй, сүүлд бодож байхад манай гэрт байдаг цэнхэр өнгийн бариултай хайчаар хатгачихсан юм. Би  өөрөө тухайн үед бага зэрэг согтуу хэрүүл хийгээд анзаараагүй, ...” гэх мэдүүлэг /хх 73-75 х/,

Шүүгдэгч Ц....ын “... ...ийн хэвлий рүү нэг удаа хатгачихсан. ... Би ...ийг хайчаар хатгасан нь үнэн миний буруу. ... бид хоёр одоо эвлэрчихсэн. ...” гэх мэдүүлэг /хх 119-120 х/,

           Гэрч Н....ийн  “... ... тухайн үед тумбочик ухаж байгаад хайч аваад эргээд хартал нь ... цохих гэж байхад нь хайчаар зүсчихсэн гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хх 81-82 х /,

           Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 136 тоот дүгнэлт:

1.Магадлуулагч М....ийн биед хэвлий, зүүн шилбэнд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйчиллээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

            5.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 12 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Ц.... нь хохирогч М....ийн хэвлий, хөлийн шилбэн тус газруудад хайчаар хатгаж хэвлий, зүүн шилбэнд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх 12 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.     

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг.  

 

Шүүгдэгч Ц.... нь хохирогч М....ийн хэвлийн тус газарт нь хайчаар хатгасан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.  

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ц....ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул прокурорын дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал хууль зүйн үндэслэлтэй.

           

            Хохирогч М.... гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь эвлэрлийн гэрээ /хх 142 х/, хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 73-72/-ээр тус тус нотлогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.  

 

            Улсын яллагч:Шүүгдэгч Ц....т 450 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял санал болгосон.

            Шүүгдэгч:Гэм буруу дээр маргахгүй, 450 нэгжтэй тэнцэх торгуулийн ялыг зөвшөөрч байна гэсэн болно.

 

            Шүүгдэгч Ц....ын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,  хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэргийн хор уршиг их биш, прокурорын ялын талаар гаргасан санал зэргийг харгалзан түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Арацан овогт ...ын ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц....ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Ц....т үүрэг  болгосугай.

 

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц....т мэдэгдсүгэй.

 

  5.Ц....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

           6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

           7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ