Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00446

 

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00446

 

Банк” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2023/00006 дугаар шийдвэртэй,

 

Банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

А-өд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 13,138,746.50 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Г.Эрдэнэхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. “Банк” ХХК нь А-тэй 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Цалингийн зээлийн гэрээ байгуулан, 30,000,000 төгрөгийг, сарын 1,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлдэгч зээлийн гэрээний үүргийг хуваарийн дагуу төлөхгүй зөрчил гаргасан.

1.2. Иймд 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээл 10,227,519.37 төгрөг, зээлийн хүү 2,796,338.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 106,388.61 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг гаргуулна. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан зардалд 8,500 төгрөгийг гаргуулна гэжээ. 

 

2. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ажлаас халагдсан. Ажлаас халагдахаас өмнө хугацаанаас өмнө зээлээ төлөх хүсэлт гаргаж байсан. Ажлаас халагдснаас хойш зээлийн хэмжээ их байсан. Ажилгүй болсны дараа эвлэрэх санал гаргаж байсан. Гэтэл энэ нь хугацаандаа төл гэсэн. Ковидын үед ажилгүй болсноор зээл төлөх боломжгүй болсон. Ажлаас халагдсны дараа данс хаагаад мэдээлээ харах боломжгүй болсон. Дансаа нээж өгөх хүсэлт гаргасан боловч нээж өгөөгүй гэжээ.  

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар А-өөс 13,138,746.50 төгрөг гаргуулж “Банк” ХХК-д олгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223,643.74 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 223,643.74  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид  олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй.

4.1. Хариуцагч “Б-” ХХК-д гео техникийн мэдээлэл орчуулагчаар 2019 оны 10 дугаар сард ажилд орсон бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ажлаас халагдсан.

Ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө нэхэмжлэгч тал дээр биечлэн очиж зээлийн гэрээний хуваарьт өөрчлөлт оруулж хурдан төлөхөөр хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээж аваагүй. Мөн дансыг хаасан.

Зохигчдын хооронд байгуулсан “Цалингийн зээлийн гэрээ”-ний 8.2-т “Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дараах тохиолдлуудад банк нь гэрээг хугацаанаас өмнө дангаараа цуцалж зээл зээлийн хүүг хугацаанаас өмнө төлөхийг болон хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг давхар төлөхийг шаардах эрхтэй”, мөн гэрээний 8.2.5-д “Зээлийн хяналтын явцад зээлдэгчийн эсхүл батлан даагчийн санхүү, төлбөрийн чадвар, барьцаа хөрөнгийн чанар нь эрс муудаж байгаа нь тогтоогдсон” гэж заасан.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь ажлаас халагдсан нь гэрээ цуцлах үндэслэл бүрдсэн байхад гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлэхгүй гэрээний хугацаа дуусахыг хүлээх байдлаар хугацаа дууссаны дараа хүү болон нэмэгдүүлсэн хүү шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.

Гэтэл анхан шатны шүүх нь дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлээс 2,902,678 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч “Банк” ХХК нь хариуцагч А-өд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,227,519.37 төгрөг, зээлийн хүү 2,796,338.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 106,388.6 төгрөг, нотариатын зардалд 8,500 төгрөг, нийт 13,138,746.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

 

3. “Банк” ХХК болон А- нарын хооронд 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Цалингийн зээлийн гэрээ” байгуулагдсан, уг гэрээгээр А- нь 30,000,000 төгрөгийг сарын 1,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авахаар тохиролцсон, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Зээлдүүлэгчийн зүгээс зээлдэгчид зээлийн мөнгөн хөрөнгө болох 30,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн үйл баримтын тухайд хариуцагч маргаагүй.

 

4. Зээлийн гэрээгээр хүү болон нэмэгдүүлсэн хүү тохирсон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Түүнчлэн зээлийн гэрээний хугацаа 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дууссан тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

5. Зээлдүүлэгчийн шүүхэд гаргаж өгсөн зээл, хүүний тооцооллоор зээлдэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээл 10,227,519.37 төгрөг, зээлийн хүү 2,796,338.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 106,388.6 төгрөг төлөх үүргийг хүлээсэн болох нь тогтоогдсон, хариуцагч уг тооцоололтой маргаагүй.  

 

6. Хариуцагч А-ийн хариу тайлбар, давж заалдах гомдолд дурдагдсан “...ажлаас халагдсан, Ковид-19 цар тахлын улмаас орлогогүй болсон, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй...” гэх нөхцөл байдал нь зээлдэгчийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

7. Түүнчлэн, талуудын байгуулсан “Цалингийн зээлийн гэрээ”-ний 8.2, 8.2.5-д тус тус заасан зохицуулалт нь нэхэмжлэгчийн шаардах эрхтэй холбоотой зохицуулалт байх тул “эрхээ хэрэгжүүлээгүй” гэж нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй.

Иймд хариуцагч А-өөс зээлийн гэрээний үүрэгт нийт 13,130,246.50 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Банк” ХХК-д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл хуульд нийцжээ.

 

8. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотойгоор 8,500 төгрөгийн нотариатын зардал гаргасан болох нь баримтаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцож хариуцагчаас гаргуулсан нь зөв.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2023/00006 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,393 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.НЯМБАЗАР

                                               

     ШҮҮГЧИД                                     Т.БАДРАХ

                                                                                                 

Э.ЗОЛЗАЯА