Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 1093

 

            Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга,

            улсын яллагч С.Оюунжаргал,

            хохирогч Х...., түүний өмгөөлөгч С.Төмөрбаатар /ҮД:0562/,

           иргэний хариуцагч Б....,

          шүүгдэгч ..., түүний өмгөөлөгч Л.Батаа /ҮД:0124/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

 

          Шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Удган овогт ...ын ...д холбогдох 1803008000416 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

           Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймаг Өлзийт суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, компьютерийн үйлчилгээний ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монел ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Удган овогт ...ын ... /.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

 

... нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 12 цагийн үед Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тэмээтэй хөшөөний хойд замд Toyota prius загварын ...улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгэзр сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас З....ын жолоодож явсан ...улсын дугаартай Toyota prius загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Х....ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, автомашинд шууд 1.455.000 /нийт 1.995.000/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

           1.Хохирогч Х....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгаас нөхөр З...., дүүгийн эхнэр бэр М...., төрсөн дүү .../07 сартай/ нарын хамтаар Ноён пицца ХХК-ийн эзэмшлийн Toyota prius-20 маркийн ...улсын дугаартай автомашинтай Улаанбаатар хот орохоор автомашиныг манай нөхөр З.... жолоодон би жолоочийн хажууд суугаад ертөнцийн зүгээр баруун хойноосоо зүүн урагш чиглэлтэй Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тэмээтэй хөшөө өнгөрөөд явж байтал зүүн урдаасаа баруун хойш чиглэлтэй явж байсан приүс 11 маркийн автомашины жолооч шууд урсгал сөрж, өөдөөс чиглэлтэй гулгаж ирж манай машиныг мөргөсөн. Ослын улмаас зүүн гарын эгэм хугарсан, тархи хөдөлсөн өөр гэмтэл гайгүй байсан. Жолооч надад эгэмний бүс, эм авч өгсөн, гомдолтой байна, ажилгүй байсан цалин, цаашид гарах эм тариагаа нэхэмжлэх болно. ...” гэх мэдүүлэг /хх 21-22 х/,

 

            2.Хохирогч Х....ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  “ 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгаас Улаанбаатарын чиглэлд явж байхад замд ...гүйн жолоодож явсан приүс 10 маркийн машин манай машиныг ирж мөргөсний улмаас би бэртсэн. Тиймээс цалингүй байсан хугацааныхаа төлбөр 1,350,000 төгрөгийг нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

            3.Иргэний хариуцагч Б....ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Манай үеэл дүү болохоор Дарханы харьяалалтай. Тухайн үед мөнгөний хэрэг гараад би хотын хаягтай болохоор миний нэр дээр машинаа шилжүүлээд зээл авсан ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

           4.Шүүгдэгч ...н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2017 онд жолооч болсон. 1 жил автомашин жолоодож байна. Автомашины хохирлыг Миг даатгалаар төлүүлэх болно. Би хохирогч Х....ийн эрүүл мэндэд учирсан хохирлыг төлж барагдуулна. ...” гэх мэдүүлэг /хх 81-82 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

 5.Шүүгдэгч ...н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хэрэг гардаг өдөр осол гарсны дараа гэмтэл рүү цуг явсан. Эм тарианы 62,000 төгрөг төлсөн, автомашин бол миний худалдаж авсан машин, зээл авах гээд ахын нэр дээр шилжүүлсэн байсан, хохирогч баримтаа гаргаад өгвөл цалинг нь төлөхөд татгалзах зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

 6.Иргэний нэхэмжлэгч Э....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... манай байгууллага нь тоёота приүс-20 маркийн ...улсын дугаартай автомашины хохирлыг бүрэн барагдуулж аваагүй байгаа. Үнэлгээгээр нийт 1.995.000 төгрөг болсон. ...” гэх мэдүүлэг /хх 31-32 х/,

 

           7.Гэрч З....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тэмээтэй хөшөө өнгөрөөд явж байтал зүүн урдаасаа баруун хойш чиглэлтэй явж байсан тоёота приүс 11 маркийн автомашины жолооч гулсаж ирээд миний жолоодож явсан автомашины зүүн урд крыло хаалга хэсэгрүү мөргөсөн тэр үед миний автомашин замын хажуу талын цастай жалга руу ороод зогссон. ...” гэх мэдүүлэг /хх 40-41 х/,

 

          8.Гэрч М....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... ... ахын жолоодож явсан Тоёота приүс-20 маркийн ...улсын дугаартай автомашины хойд суудалд жолоочийн эсрэг талд суугаад явж байтал жолоочийн эсрэг талаас бэр эгчийн сууж явсан талруу тоёота приүс-11 маркийн автомашины жолооч гулсаж ирээд мөргөсөн. ...” гэх мэдүүлэг /хх 47-48 х/,

 

          9.Гэрч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өглөө найз ...тэй хамт Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг орохоор түүний эзэмшлийн Toyota prius 11 маркийн ...улсын дугаартай автомашинд суугаад ертөнцийн зүгээр зүүн урдаасаа баруун хойш чиглэлтэй Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тэмээтэй хөшөөний даваа уруудах үед зам маш их гулгаатай байсан манай найз ... тоормос гишгэсэн. Тэр үед зам гулгаатай байсан учраас баруун хойноосоо зүүн урагшаа чиглэлтэй Улаанбаатар явж байсан автомашины урсгалруу буюу эсрэг урсгалруу гулгаж орж мөргөлдсөн. ...” гэх мэдүүлэг /хх 52-53 х/,

 

          10. Шинжээчийн 11654 дугаар дүгнэлт:

          1.Х....ийн зүүн эгэмний хугарал тогтоогдлоо.

          2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана.

           4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

          5.Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэх дүгнэлт /хх 55 х/,

 

   11.Тээврийн цагдаагийн шинжээчийн 682 тоот дүгнэлт:

          1.Т.Приүс 11 маркийн ...улсын дугаартай тээврийн жолооч ...ын Бат- Ирээдүй нь МУ-ын ЗХД-ийн 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. Мөн дүрмийн 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

          2.Т.Приүс 11 маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөрөөр тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй байна. /Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн схем зураг, фото зургийн үзүүлэлт зэргээс хархад Т.ПриүсИ маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслээс үүссэн ямар нэг мөр тэмдэглэгдээгүй байна./

          3.Т.Приүс-20 маркийн ...улсын дугаартай тээврийн жолооч Зоригтийн ... нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

          4.Т.Приүс-20 маркийн ...Тоормосны мөрөөр тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй байна. /Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн схем зураг, фото зургийн үзүүлэлт зэргээс хархад Т.Приүс 20 маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслээс үүссэн ямар нэг мөр тэмдэглэгдээгүй байна./

            5.Зам тээврийн осол нь замын эвдрэл, замын тэмдэг, тэмдгэлгээ болон бусад нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.

 

            6.Зам тээврийн осол гархад тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал нөлөөлсөн эхийг тогтоох боломжгүй байна. гэх дүгнэлт /хх 70-71 х/,

 

12.Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхиййг шалгасан тэмдэглэл /хх 11-12 х/

           13.Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл  /хх 5-6 х/

           14.Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 9-10, 64 х/

           15.Ашид Билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлан /хх 63 х/

           16.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 92х/

           17.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 83 х/

           18.Жолоочийн лавлагаа /хх 84 х/

           19. Хохирогч Х....ийн Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар, “Хасу Мегаватт” ХХК-ийн ажлын болон цалингийн тодорхойлолт, 70 тоот гэрээний хавсралт, автомашин түрээслүүлэх гэрээ /хх 116-126 х/

            20.Иргэний нэхэмжлэгч “Ноён пицца” ХХК-ийн 1,995,000 төгрөгийн хохирол төлөгдсөн тухай баримт /хх 128 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

            Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтүүд, бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцсон.

  ... нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 12 цагийн үед Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тэмээтэй хөшөөний хойд замд Toyota prius загварын ...улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгэзр сонгож явна”...гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас З....ын жолоодож явсан ...улсын дугаартай “Toyota prius” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Х....ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

 

- Хохирогч Х....ийн “...би 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ... Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тэмээтэй хөшөө өнгөрөөд явж байтал зүүн урдаасаа баруун хойш чиглэлтэй явж байсан приүс 11 маркийн автомашины жолооч шууд урсгал сөрж, өөдөөс чиглэлтэй гулгаж ирж манай машиныг мөргөсөн. Ослын улмаас зүүн гарын эгэм хугарсан, тархи хөдөлсөн өөр гэмтэл гайгүй байсан. Жолооч надад эгэмний бүс, эм авч өгсөн, эмчилгээний зардалд нэхэмжлэх зүйлгүй, ажилгүй байсан цалин 45 хоногийн цалин 1,350,000 төгрөгийг нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /хх 21-22 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

           - Шүүгдэгч ...н “... Гэм буруу дээр маргахгүй, баримтаар гарсан зардлыг төлнө ...” гэх мэдүүлэг /хх 81-82 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

           - Гэрч З....ын “...Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тэмээтэй хөшөө өнгөрөөд явж байтал зүүн урдаасаа баруун хойш чиглэлтэй явж байсан тоёота приүс 11 маркийн автомашины жолооч гулсаж ирээд миний жолоодож явсан автомашины зүүн урд крыло хаалга хэсэг рүү мөргөсөн тэр үед миний автомашин замын хажуу талын цастай жалга руу ороод зогссон. ...” гэх мэдүүлэг /хх 40-41 х/,

 

          - Гэрч М....гийн “... ... ахын жолоодож явсан Тоёота приүс-20 маркийн ...улсын дугаартай автомашины хойд суудалд жолоочийн эсрэг талд суугаад явж байтал жолоочийн эсрэг талаас бэр эгчийн сууж явсан талруу тоёота приүс-11 маркийн автомашины жолооч гулсаж ирээд мөргөсөн. ...” гэх мэдүүлэг /хх 47-48 х/,

 

          - Гэрч Б....ийн “... Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тэмээтэй хөшөөний даваа уруудах үед зам маш их гулгаатай байсан манай найз ... тоормос гишгэсэн. Тэр үед зам гулгаатай байсан учраас баруун хойноосоо зүүн урагшаа чиглэлтэй Улаанбаатар явж байсан автомашины урсгал руу буюу эсрэг урсгал руу гулгаж орж мөргөлдсөн. ...” гэх мэдүүлэг /хх 52-53 х/,

 

          - Шинжээчийн 11654 дугаар дүгнэлт:

          1.Х....эд зүүн эгэмний хугарал тогтоогдлоо.

          2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана.

           4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

           5.Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэх дүгнэлт /хх 55 х/,

 

    - Тээврийн цагдаагийн шинжээчийн 682 тоот дүгнэлт:

           1.Т.Приүс 11 маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ...ын Бат- Ирээдүй нь МУ-ын ЗХД-ийн 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. Мөн дүрмийн 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

            2.Т.Приүс-20 маркийн ...улсын дугаартай тээврийн жолооч Зоригтийн ... нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

            3.Зам тээврийн осол гархад тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй байна. гэх дүгнэлт /хх 70-71 х/,

 

          -Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл  /хх 5-6 х/

           -Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 9-10, 64 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар.

Жолооч автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгс үйлдэгдсэнд тооцогдоно. Энэ гэмт хэргийн объектив талын заавал байх шинж нь гэм буруутай этгээд болох жолоочийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтлийн хоорондын шалтгаант холбоо юм.

 Гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруутай үйлдэл, хор уршгийн хоорондын шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой.

             ... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч ... замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгэзр сонгож явна”...гэсэн заалтуудыг зөрчиж давааны уруу хурдтай орсны улмаас З....ын жолоодож явсан ...улсын дугаартай Toyota prius загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Х....ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон.

 

           ...н автомашин жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтууд зөрчсөн үйлдэл болон хохирогч Х....ийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар “... эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна  ...” гэх дүгнэлт /хх 55 х/ зэргээр уг гэмт хэргийн объектив талын шинж хангагдсан.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.

           

              Хохирогч Х.... нь эмчилгээтэй холбоотой нэхэмжлэх хохирол байхгүй, харин ажилгүй байсан 45 хоногийн цалинг нэхэмжилж байна гэх шаардлагыг гаргасан.

 

              Автомашины улсын бүртгэлийн гэрчилгээ Б....ийн нэр дээр байдаг үндэслэлээр түүнийг иргэний хариуцагчаар тогтоосон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн иргэний хариуцагчийн “... уг автомашин нь ...нх бөгөөд өөрөө Дарханы хаягтай тул УБ хот дахь банк бус санхүүгийн байгууллагаас зээл авахын тулд миний нэр лүү шилжүүлсэн байсан ...” , шүүгдэгчийн “... би зээл авахын тулд машинаа үеэл ах Б....ийн нэр лүү шилжүүлсэн байсан юм ...” гэх тайлбар, мэдүүлгээр уг автомашины жинхэнэ өмчлөгч нь шүүгдэгч ... болох нь тогтоогдсон тул хохирлыг түүнээс гаргуулах нь зүйтэй.

 

              Хэрэгт цугларсан “Хасу Мегаватт” ХХК-ийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр зэргээр хохирогч нь 2018 оны 08 сараас тус компанид ажиллаж байгаа болох нь тогтоогдсон. Тус компаниас ирүүлсэн тодорхойлолтоор сард 900,000 төгрөгийн цалинтай, ажилд ороод 03 сар болоогүй гэдэг шалтгаанаар нийгмийн даатгалаас өвчтэй байсан хугацааны мөнгөө авч чадаагүй зэрэг нь дээрх нотлох баримтуудаар болон хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа тул өвчтэй байсан 45 хоногийн цалин болох 1,350,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн.

 

              Иргэний нэхэмжлэгч “Ноён пицца” ХХК-г төлөөлж Э.... нь автомашинд учирсан хохирол 1,995,000 төгрөг нэхэмжилснийг төлсөн болох нь “Ноён пицца” ХХК-ийн 1,995,000 төгрөгийн хохирол төлөгдсөн тухай баримт /хх 128 х/-аар тогтоогдож байгаа болно.

 

              Улсын яллагчаас: ...г 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.

 

              Хохирогчийн өмгөөлөгч: Шүүгдэгч нь хохирол бүрэн төлөөгүй, эрхэлсэн ажилгүй хүн байгаа тул түүнд торгуулийн ял санал болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй учраас улсын яллагчийн саналыг дэмжихгүй, харин нийтэд тустай ажил хийлгэх ял оноож, мөн хохирлоо арилгах албадлагын арга хэмжээ давхар хэрэглэж өгнө үү? гэх саналыг гаргасан.

 

              Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Улсын яллагчийн гаргасан ялын саналыг дэмжиж байна. Залуу хүн учраас ажил хийж хохирол, торгуулийг төлөх боломжтой гэх саналыг гаргасан.

 

Шүүгдэгч ...н үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хор уршиг бүрэн арилаагүй, хувийн байдлын хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлого байхгүй зэргийг харгалзан түүнд улсын яллагчийн санал болгосон торгуулийн ялыг оногдуулах үндэслэлгүй тул шүүхээс 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон.

 

Хохирогчийн өмгөөлөгчийн: Оногдуулсан ял дээр нэмж гэмт хэргийн хор уршгийг арилгах албадлагын арга хэмжээ авч өгнө үү ? гэх асуудлын талаар.

Шүүгдэгч нь хохирогчид учруулсан шууд хохирлын улмаас үүдэн гарсан эмчилгээний зардлыг шүүхийн өмнөх шатанд бүрэн нөхөн төлсөн, хохирогч гэмт хэргийн хор уршигт тооцогдох зардлын нотлох баримтаа шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан ял дээр нэмж албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй.

 

  Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг шийтгэх тогтоолд дурьдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Хэрэгт хураагдан ирсэн ...н В ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэсэн.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Удган овогт ...ын ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар ...г 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан ...д мэдэгдсүгэй.

 4....н иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

   5.Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д заасныг баримтлан ...гээс  1,350,000 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага нарангийн 13-55 тоотод оршин суух УП95070103 регистрийн дугаартай Х....эд олгосугай.

 

 6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн В ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ...д буцаан олгосугай.

 

   7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

   8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ...д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДАШДОНДОВ