Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 1181

 

МАГАДЛАЛ

 

2016 оны 06 дугаар сарын 17                 Дугаар 1181                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

ХХ-ын нэхэмжлэлтэй

Иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/03185 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдох,

 

Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 8 400 000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

Нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “ХХХ” ХХК-д 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд Бизнес хөгжлийн менежерийн албан тушаалд ажиллах хугацаандаа Гүйцэтгэх захирал болон Захирлын өгсөн үүрэг даалгавар, үндсэн ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг биелүүлж ирсэн. 2015 оны 9 дүгээр сарын сүүлээр ХХХХ өөрийн хувийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулсан ХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороонд байх ХХ айлын ХХ дүгээр байранд байр захиалж банкны зээлээр худалдан авсан ХХХХХ гэдэг хүн өөрийн орон сууцны ҮХЭХ-ийн гэрчилгээг гаргуулахаар хүссэний дагуу ХХХХ надад материалыг нь бүрдүүлж банкинд     гэрчилгээг нь хүргэж өгөхийг даалгасан тул би ХХХХХийн хамт материалыг бүрдүүлж нотариатаар батлуулан Баянзүрх дүүргийн ҮХЭХ бүртгэлийн газарт өгсөн. Гэтэл материал буцсан ба улсын бүртгэлийн жагсаалтанд байгаа орон сууцны метр квадрат нь гэрээний дүнтэй зөрж байгаа тул дахин материалыг засварлаж өгсөн.

Бүртгэлийн газраас гарсан шинэ ҮХЭХ гэрчилгээг хууль ёсны өмчлөгч ХХХХХ тухайн үед өөртөө авч банкинд өгөхөөр болсон боловч ХХХХ Захиралтай хувийн маргаантай асуудал, мөн өөрт нь хувийн асуудал гарсан учир тэр дариу банкинд өгөлгүй хугацаа алдсан. Энэхүү үл ойлголцсон байдлыг ХХХХ Захирал итгэл эвдлээ, ХХХХХт үйлчиллээ, ажлаа гүйцэтгэж чадсангүй энэ бол ажлаас халах гол үндэслэл гэж надад хэлсэн. Хэдийгээр ХХХХ Захирал Компанийн хууль, дүрмийн хүрээнд шийдвэр гаргах эрхтэй боловч дээрх тайлбар, үндэслэл нь хууль зүйн үндэслэлтэй бус, эргэлзээтэй шийдвэр болсон. Компанийн дүрэм, Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах шаталсан арга хэмжээ авахаар заасан байдаг боловч гэм буруу, учруулсан хохирол нь тодорхой бус, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээгээгүй байхад ажлаас халсан нь дэндүү явцуу, ажилтны эрх ашгийг дорд үзсэн явдал боллоо. Захиралын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ажлаас халах тухай тушаалыг холбогдох хуулийг зөрчсөн хууль бус шийдвэр, хуулиар олгогдсон миний эрх ашгийг хохироосон гэж үзэж байна. Тушаал, ажлаас халах үйл явц нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40, 42, 43, 69 дүгээр зүйлийн заалтуудад нийцээгүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн 2015 оны 11 дүгээр сарын    06-ны өдрийн тушаалыг хүчингүй болгуулж үндэслэлгүйгээр ажлаас халагдсан үеийн 4 capын нөхөн олговор болох 3 680 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг үндэслэж ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг 4 сараар тооцож дээрх мөнгөн дүнг нэхэмжилсэн боловч тооцоог хийхдээ алдаа гаргасан тул холбогдох хуулийн заалт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журамд заасны дагуу шинээр тооцож нэхэмжлэлийн шаардлагаа 4 720 000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 8 400 000 төгрөг нэхэмжилж 1 сарын өмнө мэдэгдээгүй. Тушаалд ажил хүлээлцэх хугацаа болон нөхөн олговрыг заах ёстой байсан боловч байхгүй байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ХХ нь 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тус компанид Бизнес хөгжлийн менежерийн албан тушаалд ажиллахаар тушаал гарч ажиллаж эхэлсэн. ХХ нь ажиллаж байх хугацаандаа цаг ашиглалт хангалтгүй байж, хариуцлага алдсан сахилгын зөрчлүүдийг удаа дараа гаргаж байсан. ХХыг хариуцан төлөх үүргийг хүлээлгэж түүний Хаан банкны 5114201613 тоот дансанд манай байгууллагын Хаан банкны 5035174211 тоот данснаас 250 000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шилжүүлсэн байдаг. Гэтэл ХХ нь хариуцлага алдаж уг мөнгийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын өөр төслийн дансруу шилжүүсэн байдаг. Энэхүү зөрчлийг бид мэдсэн даруйдаа тухайн мөнгийг буцаан олгоно уу хэмээн Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар луу албан бичиг илгээсэн боловч буцаан олгох боломжгүй гэсэн хариуг авсан. Ийнхүү ХХ-ын хайхрамжгүй үйл ажиллагааны улмаас компани       250 000 төгрөгийн алдагдал хүлээсэн тул түүнд сануулах арга хэмжээ авч байсан. 2015 оны 10 дугаар сарын 2-нд манай компанийн барилгаас захиалга хийж худалдан авалт хийсэн иргэн ХХХХХийн орон сууцны эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хийлгэж худалдан авсан орон сууцны гэрчилгээг гаргуулан Хаан Банкинд өгч зээлийн барьцаа чөлөөлүүлэх үүргийг мөн ХХ хариуцаж гүйцэтгэсэн. Бид зээлийн барьцааг чөлөөлөөгүй болохыг 2014 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр мэдэж арга хэмжээ аван түүнийг халахаар шийдвэрлэсэн болно. Энэ зөрчлийн улмаас манай компани ХХХХХээс орон сууц өмчлөлийн гэрчилгээг буцаан авахаар хөөцөлдөж тодорхой зардал гаргаж мөн алдагдал хүлээсэн ба 2016 оны 3 сард л сая зээлийн барьцааг чөлөөлсөн болно.

ХХ нь ажиллаж байх хугацаандаа буюу 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр цалингийн зээл 2 000 000 төгрөг аваад цалингаасаа төлж явсаар одоо үлдэгдэл нь      1 100 000 төгрөг, мөн гүйцэтгэх захирал ХХХХХХ надаас 800 000 төгрөг зээлээч хэмээн хувьчлан гуйж 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хаан банкны 5114201613 тоот дансаар зээлийн мөнгийг авсан ба одоог хүртэл тэрхүү зээлээ буцаан төлөөгүй байна. Иймд бид ХХаас зээлийн гэрээний таалагдаагүй үнийн дүн 1 900 000 төгрөг төлүүлэх болно. Ийнхүү ХХ нь сахилгын зөрчлийг давтан гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан бол гэсэн ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон юм. Түүнчлэн хөдөлмөрийн тухай хуулийн 131 дугаар зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан сахилгын зөрчлийг гаргасан ажилтанд гаргаснаас хойш 6 cap, илрүүлснээс хойш 1 сарын дотор хариуцлага хүлээлгэх шаардлагыг ч мөн зөрчөөгүй болно. Бид ХХыг тушаалаа гардан авахыг удаа дараа сануулсан боловч тэрээр тушаалаа гардаж авахгүй явсаар 2016 оны 1 сард л сая ажлаа хүлээлгэн өгсөн юм. Мөн анхан шатны шүүхэд ялсан маргаан дээр давах шатанд эвлэрч компанийг хохироосон. Ээлжийн амралтын мөнгөө урьдчилаад авсан. Үүнээс болоод нягтлан алдаа гаргаж илүү бичилт хийгдэж дундаж цалин илүү бодогдоод байна. Бодит байдалд 9 сараас цалин нь 900 000 болсон. Иймд ХХ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч ХХыг хариуцагч “ХХХ” ХХК-ийн бизнес хөгжлийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар хариуцагчаас 7 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хууль заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийвлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 149 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 126 950 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтэсийн 2609006167 тоот данснаас 22 400 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан 101/Ш32016/01204 тоот шүүгчийн захирамжийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гаргасан байна. Дараа нь 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан ХХ-ын нэхэмжлэлийг хүлээн аваад шүүх 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байна. ХХ нь 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ажлаас халсан тушаалын өнцөг дээр 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тушаалыг гардан авав хэмээн гараар бичсэн байдаг. Гэтэл ХХ нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан учир 12 дугаар сарын 02-ны өдөр тушаал гардаж аваагүй, хуурамчаар бичсэн болох нь өмнөх 101/Ш32016/01204 тоот хэрэг үүсгэхээс татгалзсан шүүгчийн захирамжийн үндэслэл хэсгээр нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, ХХ Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан болохоо нуун далдлах зорилгоор хуурамчаар өөрөө тушаал дээр бичилт хийсэн бөгөөд энэ нөхцөл байдлыг шүүх хурал дээр хэлсээр байтал энэхүү хуурамч нотлох баримтыг үндэслэн шийдвэр гаргасан байна.

Мөн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн боловч шүүх хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 3 дугаар сарын 14-ний өдөр мэдэгдэж 3 дугаар сарын 16-ны өдөр гардуулсан ба хариу тайлбар ирүүлэх хугацааг 7 хоногоор буюу 23-ны өдрөөр тогтоосон ба хариу тайлбар аваад шүүх хурлыг 3 дугаар сарын 30-ний өдөр товлож тэр өдөр нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өвчний учир шүүх хурал хойшлуулах хүсэлт гаргахад 5 хоногийн хугацаагаар хойшлуулсан байдаг. Ингээд шүүх хурлыг 4 дүгээр сарын 5-ны өдөр товлон хуралдуулсан байдаг.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт ХХ-ын дундаж хөдөлмөрийн хөлсний хэмжээг тогтоохдоо 8 дугаар сарын хөдөлмөрийн хөлсийг 800 000 төгрөгөөс, 9, 10 сарын хөдөлмөрийн хөлсийг 1 700 000 төгрөгөөс тооцон нэг сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг  1 400 000 төгрөгөөр тогтоосон байна. Ингэхдээ байгууллагын нягтлан бодогчийн техникийн болон мэргэжлийн алдааны улмаас нийгмийн даатгалын байгууллагын тайлан буруу бичигдсэн болох, байгууллага энэхүү алдааг залруулж, зөвтгөх талаар дараах нотлох баримтаар нотлон оруулсан боловч хэргийг шийдвэрлэхдээ эдгээр нотлох баримтыг огт үнэлээгүй учир нотлох бримтыг дутуу үнэлсэн гэж үзэж байна. ХХыг ажилд авсан тушаал түүний нэг сарын хөдөлмөрийн хөлсний хэмжээ бичигдсэн байгаа, Байгууллагын 8,9,10,11 дүгээр сарын цалингийн цэс, ХХ-ын байгууллагаас зээлсэн 2 000 000 төгрөгийн зээлийг цалингаас суутгал хийн төлж байсан өглөг, авлагын тооцоо 9 дүгээр сард ээлжийн амралтын олговор бодсоны улмаас хөдөлмөрийн хөлсний хэмжээ алдаатай гарсан талаарх нэхэмжлэгчийн болон хариуцагчийн тайлбар зэрэг болно. Иймд шүүхийн шийдвэрийг хянан үзэж, хуулийн дагуу шийдвэрлэн, тус шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ХХ хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 8 400 000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь харилцан тохиролцож, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр эвлэрлийн гэрээг байгуулсан байна.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд зохигчид хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар талууд эвлэрснийг бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан эвлэрлийн гэрээг шүүхэд гаргажээ.

Зохигчдын эвлэрлийн гэрээнд “Энэ гэрээний 1.1 дэх хэсэгт заагдсан шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах хэсэгт заасан "7 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох гэснийг төлбөрийн хэмжээг бууруулж Б талаас А талд ажлаас халагдсаны тэтгэмж 4 400 000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 5 хоногийн дотор олгохоор тохиролцсон болно. ХХ-ын хаан банкны 5114201613 тоот дансанд бүрэн шилжүүлэхээр тохиролцсон болно.

Б тал А талд ажлаас халагдсаны тэтгэмж олгож байгаа тул А талын ажилгүй байсан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх үүрэг хүлээхгүй.

Б тал нь А талын ажилд орсон, гарсан тэмдэглэлийг нийгмийн даатгалын дэвтэрт бичиж, тамга даран баталгаажуулна. Түүнчлэн холбогдох хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтээр тодорхойлолт гаргаж өгнө.

Энэ гэрээний 1.1 дэх хэсэгт заагдсан шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт заасан "А талыг Бизнес хөгжлийн менежерийн ажил албан тушаалд эгүүлэн томилох" гэснийг А тал тухайн ажлын байранд эргэж ажиллахгүй байх нөхцөлөөр тохиролцсон болно.

Б талаас А талын өмчлөлийн эд хөрөнгө болох панасоник факсын аппарат 1 ширхэг, утасны гар 2 ширхэг-ийг гэрээ байгуулсан өдөр хүлээлгэж өгнө.

Б тал нь 9, 10 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг залруулга хийж зөвтгөнө.

А талын байгууллагаас зээлсэн 2 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 1 064 000 мянган төгрөгийг төлөгдсөнд тооцож, дуусгавар болгосон болно. Зээлийн үлдэгдэлгүй” талаар тохиролцжээ.

Дээрх эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд нийцээгүй гэх үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй тул талуудын эвлэрлийг шүүхээс батлах боломжтой.

Мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасны дараа зохигчид эвлэрэн хэлэлцсэн бол анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгохдоо улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй журамтай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/03185 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч “ХХХ” ХХК-иас нэхэмжлэгч ХХт 4 400 000 төгрөгийг төлөхөөр тохиролцож, зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 200 150 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                М.НАРАНЦЭЦЭГ