Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 48

 

 

 

Г.Ганхуягт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Г.Ганхуяг, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяагийн гаргасан 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 461 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Оюун-Эрдэнийн бичсэн 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 16 тоот эсэргүүцэлд үндэслэн Г.Ганхуягт холбогдох 201624000759 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Цэвэгжав овогт Гомбосүрэнгийн Ганхуяг, 1982 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Дархан хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Эрдэнэжинфан” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Зүүн бүрэн сумын 1 дүгээр баг, Жаргалант 6 дугаар хэсэг, 31 тоотод оршин суух, /регистрийн дугаар: МО82100816/,

2011 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.6-д зааснаар 5 жил, 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

 

Г.Ганхуяг нь 2016 оны 8 дугаар сарын 26-ны орой 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн салааны замд “Исүзү Элф” загварын 55-40 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган зорчигч Д.Таравсүрэнг мөргөн зам тээврийн осол гаргаад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг тус тус зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Г.Ганхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг заасан ба уг зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг гарсан байдал” / гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн болон бусад байдал, -80.1.4-т “гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ”, -80.1.6-д “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл” зэргийг тус тус нотлоно гэж заасан.

Яллагдагч Г.Ганхуягт холбогдох хэргийн материалыг үзвэл:

1. 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд “...55-40 УБЕ улсын дугаартай автомашин урдаас хойшоо чиглэлтэй явсан гэх, явган зорчигч баруунаас зүүн тийш чиглэлтэй явсан гэх, хохирогч унасан Б цэг, А цэгээс 1.65 м, зорчих хэсгийн өргөн 7 метр гэж тэмдэглэгджээ.

Г.Ганхуяг нь сэжигтнээр мэдүүлэхдээ “...55-40 УБЕ дугаарын автомашинтай урдаасаа хойшоо чиглэлтэй автобусны араас дагаад явж байтал автобусны хажуу талаас буюу зүүн гар талаас нэг хүн гуйваад гараад ирсэн...” гэж мэдүүлжээ.

Дээрх баримтууд, зам тээврийн осол хэрэг үзлэгээр тогтоогдсон байдлын схем зураг зэргээс үзвэл замын өргөн 7 метр байх ба, автобус, 55-40 УБЕ дугаарын автомашин хоёр хоорондоо ямар хэмжээний зайтай явж байсан эсэх, явган зорчигч замынхаа гол хэсгээс өнгөрч явсан нөхцөл байдалд жолооч явган зорчигчийг харах боломжтой, боломжгүй эсэхийг тодруулах.

Мөн хэргийн газарт нөхөн үзлэг, хэмжилтийн бүдүүвчийг хийхдээ хэрэг үйл явдал болсон гэх процессыг хэнээр заалгаж хийсэн нь тодорхой бус, тус үзлэгт дуудлага өгсөн гэрч А.Шижирболдыг байлцуулаагүй байх ба, нөхөн үзлэг, бүдүүвч нь үнэн зөв хийгдсэн эсэх нь тодорхой бус байдал үүссэн байх тул гэрчээс нөхцөл байдлыг тодруулах.

2. Хавтаст хэргийн 12 дугаар хуудсанд авагдсан Замын хөдөлгөөний удирдлагын төвийн албан бичигт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүнсалааны зам дагуу хяналтын камер байрлаагүй, 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 21 цагийн орчим гарсан гэх 55-40 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй холбоотой зам тээврийн ослын холбогдолтой мэдээлэл байхгүй байна” гэсэн байх ба харин зам тээврийн осол хэрэг болсон газрын ойролцоох объектуудад зам дагуу харсан камер байдаг эсэх, камерийн бичлэг байгаа эсэх, мөн тухайн осол хэргийг өөр харсан үзсэн хүн байгаа эсэх зэргийг тодруулах, эрэн сурвалжилж, зохих ажиллагааг хийх шаардлагатай.

З. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюуны мэдүүлэгт болон замын цагдаагийн газарт гаргасан өргөдөлд “...хагалгаанд орохоос өмнө дүү минь надад эгчээ наад хүүхний чинь нөхөр намайг дайрсан. Тэгээд архи уулгаад, тамхи татуулаад байсан” гэж хэлэхээр нь би гарч ирээд нөгөө хүүхэнд “танай нөхөр чинь дайрсан гэж байна” гэхэд “үгүй ээ манай нөхөр өөрөө согтуу, бас нэг согтуу хүнийг өргөж ирээд гудас дэвсээдэх, хэвтүүлье гээд өөрөө унтаад өгсөн... согтуу болохоороо адилхан согтуу хүнийг аваад ирсэн гэж тэр хүүхэн ярьсан...” гэсэн байна.

Мөн хэргийн газарт дуудлагаар очсон гэрч Н.Мандуулаас “...дуудлага өгсөн эмэгтэйгээс ...нөхрийг нь асуухад “хажуу өрөөнд унтаж байна” гэхээр хажуу өрөө рүү нь ороход нэг залуу газар ор засаад унтаж байсан. Нөхрийгөө сэрээ гэхэд нөгөө залуу босоод ирсэн чинь нилээн согтуу, халамцуу байхаар нь буцаад хэвт хэвт гэсэн...” гэж мэдүүлжээ. Иймд яллагдагч Г.Ганхуяг нь тухайн зам тээврийн осол хэргийг согтуугаар үйлдсэн эсэхийг шалгаж, тогтоох, шаардлагатай бол энэ талаар техникийн шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах.

4. Хавтаст хэргийн 63 дугаар талд “гэрч Б.Оюунтуяа нь “нөхрийнхөө эсрэг ямар нэг зүйл ярихыг хүсэхгүй байна” гэснээр мэдүүлгийг дуусгажээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх...” эрхтэй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 147 дугаар зүйлийн 147.4 дэх хэсэгт заасан “...хохирогч нь өөрийн гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг тэдний байдлыг хүндрүүлж болох тухай мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй...” талаар заасан ба тус заалтын агуулга нь гэрч уг эрхээ хэрэгжүүлэхдээ хүндрүүлж мэдүүлэг өгөхгүй байх тухай ойлголт ба харин хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг мэдүүлэх үүрэгтэй юм. Хавтаст хэрэгт Г.Ганхуяг, Б.Оюунтуяа нар нь гэр бүл болох талаар гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэр бүлийн гишүүн эсэх талаар харьяалах эрх бүхий байгууллагын баримт, бүртгэл байхгүй байх бөгөөд тэд гэрлэгчид, хамтран амьдрагч эсэх нь тодорхой бус байх тул уг асуудлыг шалгах, баримтыг цуглуулах, холбогдох ажиллагааг хийх.

5. Хавтаст хэргийн 34 дүгээр талд Д.Оюуны өргөдөлд “цагдаа шөнө 01 цагийн үед очоод талийгаачаас мэдүүлэг аваад автын хэрэг байна, авто дууд гэсэн” гэж бичсэн байх ба, ГССҮТ-ийн эмчийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний тодорхойлолтод “...өвчтний биеийн байдал хүнд, мэдүүлэг өгөх боломжгүй” гэж тэмдэглэгдсэн байна. Дуудлагаар яллагдагч Г.Ганхуягийн гэрт очсон гэрч Н.Мандуулаас “хохирогчоос тайлбар мэдүүлэг авсан зүйл байхгүй” гэжээ. Иймд талийгаачаас цагдаагийн байгууллагын ажилтан түүний амьд байх үед ГССҮТ эмнэлэг дээр мэдүүлэг авсан эсэхийг нягтлан шалгах, хэрэв мэдүүлэг авсан бол мэдүүлгийг хэрэгт хийх.

6. Авто тээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн үзлэгийн төвийн шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн дүгнэлтэд “...ISUZU ELF 55-40 УБЕ улсын дугаартай автомашин нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Уг автомашины хоёрдугаар тэнхлэгийн дугуйн тоормосны хүч нь стандартын шаардлага хангахгүй, мөн урд салхины шил зүүн доод хэсгээрээ цацарч, цуурч, хагарсан, зэрэг эвдрэл гэмтлүүдтэй байна.” гэжээ.

Исүзү Элф 55-40 УБЕ улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээнд “...техникийн хяналтын үзлэгийн тэмдэглэл хэсэгт “2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр үзлэгт орсон” тухай тэмдэглэгдсэн байх ба, уг үзлэгийн баримтыг хэрэгт хавсаргаж, тус үзлэгээр дээрх автомашин нь шаардлага хангасан эсэх, техникийн бүрэн бүтэн байдал шаардлагын түвшинд байсан эсэх, дээрх эвдрэл гэмтэл байсан эсэх зэргийг тодруулж, улмаар Авто тээврийн үндэсний төвийн дүгнэлтэд дурдсан автомашины эвдрэл гэмтэл нь хэзээ үүссэн эсэхийг тогтоох боломжтой эсэх, зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой эсэх, түүнчлэн автомашины урд салхины шил цацарч цуурч, хагарсан нь үзэгдэх орчинд нөлөөлөх эсэх, энэ нь зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлөх эсэхийг шинжээчээс тодруулах, зохих ажиллагааг хийх. Түүнчлэн дээрх дүгнэлтийн “...Тоормосны шингэн дамжуулагатай буюу энгийн хүчлүүртэй. Уг автомашины тоормосны хоёрдугаар тэнхлэгийн хүчний зөрүү 34,78% байгаа нь стандртын шаардлага хангахгүй боловч тоормосны систем нь хэвийн ажиллагаатай байна гэсэн нь ойлгомжгүй байх ба, шинжээчээс шаардлага хангахгүй байна гэсэн атлаа тоормосны систем хэвийн ажиллагаатай гэсэн дүгнэлтийн зөрүүг арилгах.

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр “Амь хохирогчид учирсан гэмтлийг автомашинд мөргөгдөх үед учирсан байх боломжтой” гэсэн байх ба амь хохирогчийн биед учирсан гэмтэл нь түүний биеийн аль талаасаа, мөн ямар байрлалд авсан байх боломжтой эсэхийг тодруулах.

8. Амь хохирогч нь яллагдагч Г.Ганхуягийн жолоодон явсан 55-40 УБЕ улсын дугаатай “Исүзү” загварын автомашины аль талаар мөргөгдсөн, мөргөсөн эсэхийг тогтоох.

9. 55-40 УБЕ улсын дугаатай Исүзү загварын автомашин нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар “Эрдэнэжинфан” ХХК-ний эзэмшилд бүртгэлтэй байхад хуулийн этгээдийг бус БНХАУ-ын иргэн “Xie Bateer”-г иргэний хариуцагчаар тогтоосон, түүнчлэн “Эрдэнэжинфан” ХХК-ний гүйцэтгэх удирлага хэн эсэх нь тодорхой бус, хуулийн этгээдийн холбогдох баримтгүй байгаа нь иргэний хариуцагчийг зөв тогтоосон эсэх зэрэг тодорхой бус байдлыг үүсгэсэн. Нөгөө талаар яллагдагч Г.Ганхуяг нь “Эрдэнэжинфан” ХХК-д хэзээ, ямар ажил албан тушаалд томилогдсон эсэх талаар тушаал шийдвэр байхгүй, тухайн гэмт хэрэг гарсан өдөр Г.Ганхуяг ямар шалтгаанаар 55-40 УБЕ улсын дугаатай Исүзү загварын автомашиныг жолоодож явсан эсэх, хуулийн этгээдийн ажил үүргийг тухайн 21 цагийн орчим гүйцэтгэж явсан эсэх нь тодорхой бус байна. Мөн БНХАУ-ын иргэн “Xie Bateer” иргэний хариуцагчаар тайлбар гаргахдаа “...2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр манай автомашин хөдөлгөөнд оролцдоггүй өдөр байсан. Тухайн өдөр Ганхуяг унаж яваад орой осол хийсэн байсан. Энэ талаар би мэдээгүй, маргааш нь мэдсэн гэж мэдүүлсэн байх ба яллагдагч Г.Ганхуяг нь хуулийн этгээдийн автомашиныг ямар шалтгаанаар, зөвшөөрөлтэй эсхүл зөвшөөрөлгүй жолоодож явсан эсэхийг тогтоох нь хохирогчийн иргэний нэхэмжлэл, цаашид гарах зардлыг хэн хэрхэн хариуцах, хамааралтай эсэхэд хууль зүйн үнэлэлт, дүгнэлтэд өгөхөд шууд хамааралтай байх тул энэ талаарх ажиллагааг хийж, байцаалт, баримтаар тодруулах шаардлагатай. Дээрх ажиллагааг хийсний эцэст шинжээчийн 572 дугаартай дүгнэлт үндэслэлтэй эсэх, яллагдагч Г.Ганхуягт Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг дахин нягтлан шалгах.

10. Яллагдагч Г.Ганхуяг 2011 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял шийтгүүлсэн гэх ба түүнийг 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдөр сулалсан гэх шүүхийн шийдвэр хэрэгт авагдаагүй, энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан яллагдагчийн хувийн байдал, хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт хамааралтай байна.

11. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюун нь талийгаачийн оршуулгын зардалд 5.300.000 төгрөгийг төлүүлсэн гэх ба яллагдагч Г.Ганхуяг нь 500.000 төгрөгийг буяны мөнгө гэж “Голомт” банкаар шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан, харин яллах дүгнэлтийн хавсралтад яллагдагч Г.Ганхуяг 5.300.000 төгрөг төлсөн гэж бичсэн нь дээрх баримттай зөрүүтэй, иймд оршуулгын зардлыг хэн, хэзээ /яллагдагч, иргэний хариуцагч/ хэд хэдэн төгрөг төлсөн эсэх нь тодорхойгүй, гэм хорын хохирол хэрхэн төлөгдсөн эсэхийг тодорхой болгох нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлд заасныг хангахад хамааралтай байна гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ганхуягт холбогдох эрүүгийн 201624000759 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Тээврийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Оюун-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... 1. 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд “...55-40 УБЕ улсын дугаартай автомашин урдаас хойшоо чиглэлтэй явсан гэх. явган зорчигч баруунаас зүүн тийш чиглэлтэй явсан гэх, хохирогч унасан Б цэг. А цэгээс 1,65 м, зорчих хэсгийн өргөн 7 метр гэж тэмдэглэгджээ. Г.Ганхуяг нь сэжигтнээр мэдүүлэхдээ “...55-40 УБЕ дугаарын автомашинтай урдаасаа хойшоо чиглэлтэй автобусны араас дагаад явж байтал автобусны хажуу талаас буюу зүүн гар талаас нэг хүн гуйваад гараад ирсэн.” гэж мэдүүлжээ. Дээрх баримтууд, зам тээврийн осол хэрэг үзлэгээр тогтоогдсон байдлын схем зураг зэргээс үзвэл замын өргөн 7 метр байх ба автобус, 55-40 УБЕ дугаарын автомашин хоёр хоорондоо ямар хэмжээний зайтай явж байсан эсэх, явган зорчигч замынхаа гол хэсгээс өнгөрч явсан нөхцөл байдалд жолооч явган зорчигчийг харах боломжтой, боломжгүй эсэхийг тодруулах. Мөн хэргийн газарт нөхөн үзлэг, хэмжилтийн бүдүүвчийг хийхдээ хэрэг үйл явдал болсон гэх процессыг хэнээр заалгаж хийсэн нь тодорхой бус, тус үзлэгт дуудлага өгсөн гэрч А.Шижирболдыг байлцуулаагүй байх ба, нөхөн үзлэг, бүдүүвч нь үнэн зөв хийгдсэн эсэх нь тодорхой бус байдал үүссэн байх тул гэрчээс нөхцөл байдлыг тодруулах гэжээ.

Энэхүү зам тээврийн осол хэргийн үед жолооч Г.Ганхуяг нь ганцаараа тээврийн хэрэгсэл жолоодон явсан, зам тээврийн осол болохыг шууд харсан гэрч байдаггүй зэргээс дээрх “автобус, 55-40 УБЕ дугаарын автомашин хоёр хоорондоо ямар хэмжээний зайтай явж байсан эсэх, явган зорчигч замынхаа гол хэсгээс өнгөрч явсан нөхцөл байдалд жолооч явган зорчигчийг харах боломжтой, боломжгүй эсэхийг тодруулах” гэсэн ажиллагааг мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоох боломжгүй. Гэрч А.Шижирболд нь “Би осол болохыг хараагүй. Би осол аваар болсных нь дараа хажуугаар нь зөрсөн, тэгээд цагдаад дуудлага өгсөн” гэж тодорхой мэдүүлсэн. Мөн хойшлуулашгүй ажиллагааны явцад тухайн зам тээврийн ослыг харсан гэрч байхгүй, жолооч Г.Ганхуягийн зам тээврийн ослын талаар “...автобусны араас дагаад явж байтал автобусны хажуу талаас буюу зүүн гар талаас нэг хүн гуйваад гараад ирсэн, би ч хараад рулээ баруун гар талруугаа дараад тоормосоо гишгээд зогсох үед машин тонгойход автомашины зүүн гар талын урд хэсэгт мөргөгдөөд унасан” гэсэн нь хэргийн газрын үзлэгийн явцад замын баруун талын хашлагыг тээврийн хэрэгсэл мөргөсөн гэх ул мөр /хэргийн газрын үзлэгийн гэрэл зураг №8/, тээврийн хэрэгсэлд үүссэн гэмтэл /мөн гэрэл зураг №3/, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх 7/ зэрэгтэй таарч байсан зэргийг үндэслэн жолооч Г.Ганхуягаар явган зорчигчийг мөргөсөн гэх А, унасан гэх Б цэгүүдийг заалгаж хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн ба гэрч А.Шижирболд нь зам тээврийн ослыг хараагүй тул “хэргийн газрын нөхөн үзлэг, бүдүүвч” нь үнэн зөв хийгдсэн эсэх талаар мөрдөн байцаалтын шатанд түүнээс асуух шаардлагагүй юм.

2. Хавтаст хэргийн 12 дугаар хуудсанд авагдсан Замын хөдөлгөөний
удирдлагын төвийн албан бичигт “Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо,
Зүүнсалааны зам дагуу хяналтын камер байрлаагүй, 2016 оны 8 дугаар сарын 26-
ны өдрийн 21 цагийн орчим гарсан гэх 55-40 УБЕ улсын дугаартай тээврийн
хэрэгсэлтэй холбоотой зам тээврийн ослын холбогдолтой мэдээлэл байхгүй
байна” гэсэн байх ба харин зам тээврийн осол хэрэг болсон газрын ойролцоох
объектуудад зам дагуу харсан камер байдаг эсэх, камерийн бичлэг байгаа эсэх,
мөн тухайн осол хэргийг өөр харсан үзсэн хүн байгаа эсэх зэргийг тодруулах, эрэн
сурвалжилж, зохих ажиллагааг хийх шаардлагатай гэжээ.

Мөрдөн байцаалтын хойшлуулашгүй ажиллагааны явцад зам тээврийн осол гарсан зам нь замын болон цагдаагийн байгууллагын хяналтын камер, түүнчлэн зам дагуух, аж ахуйн нэгжүүдийн гадаах хяналтын камерын бичлэг байгаа нь тогтоогдоогүй.

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюуны мэдүүлэгт болон замын
цагдаагийн газарт гаргасан өргөдөлд “...хагалгаанд орохоос өмнө дүү минь надад
эгчээ наад хүүхний чинь нөхөр намайг дайрсан. Тэгээд архи уулгаад тамхи
татуулаад байсан гэж хэлэхээр нь би гарч ирээд нөгөө хүүхэнд танай нөхөр чинь
дайрсан гэж байна гэхэд үгүй ээ манай нөхөр өөрөө согтуу, бас нэг согтуу хүнийг
өргөж ирээд гудас дэвсээдэх, хэвтүүлье гээд өөрөө унтаад өгсөн ...согтуу
болохоороо адилхан согтуу хүнийг аваад ирсэн гэж тэр хүүхэн ярьсан...” гэсэн байна. Мөн хэргийн газарт дуудлагаар очсон гэрч Н.Мандуулаас “...дуудлага өгсөн эмэгтэйгээс ...нөхрийг нь асуухад “хажуу өрөөнд унтаж байна” гэхээр хажуу өрөө рүү нь ороход нэг залуу газар ор засаад унтаж байсан. Нөхрийгөө сэрээ гэхэд нөгөө залуу босоод ирсэн чинь нилээн согтуу, халамцуу байхаар нь буцаад хэвт хэвт гэсэн...” гэж мэдүүлжээ. Иймд яллагдагч Г.Ганхуяг нь тухайн зам тээврийн осол хэргийг согтуугаар үйлдсэн эсэхийг шалгаж, тогтоох, шаардлагатай бол энэ талаар техникийн шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах гэжээ.

Дээд шүүхийн 27 дугаар тогтоолд “...согтуурлын хэмжээг зориулалтын төхөөрөмж болон бусад шинжилгээгээр, ...заавал тогтоосон байвал зохино” гэж заасны дагуу аливаа тээврийн хэрэгслийн жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг зөвхөн тэр даруй холбогдох багажаар шалган тогтоох эсхүл шинжилгээ хийх шаардлагатай цусыг авсан байх ёстой байдаг. Гэтэл жолооч Г.Ганхуяг нь зам тээврийн осол гаргаад осол хэргийн газраас зугтааж явсан тул дээрх байдлыг тогтоох боломжгүй болсон. Гэсэн хэдий ч цагдаагийн ажилтнууд хойшлуулашгүй ажиллагааны явцад мөрдөн байцаалтын ажиллагаанд ач холбогдолтой байж болох нөхцөл байдлыг тогтоохын тулд 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 21 цагийн орчим явган зорчигч Д.Таравсүрэнг мөргөн зам тээврийн осол гаргаад осол хэргийн газраас зугтаан гэртээ харьсан байсан жолооч Г.Ганхуягийг эрэн сурвалжлан олж, маргааш нь буюу 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 18:25 цагийн орчим хэргийн газрын нөхөн үзлэг хийж, энэ үедээ түүний биенээс шинжилгээ хийх зорилгоор цус авсныг шинжлүүлэхэд химийн шинжээчийн 7542 дугаартай дүгнэлтээр жолооч Г.Ганхуягийн цусанд спиртийн агууламж илрээгүй байдаг. Мөрдөн байцаалтын явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлгээр жолооч Г.Ганхуяг нь соггуу байсан гэсэн байдал нь түүнийг зам тээврийн осол хэргийг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэж үзэх үндэслэл болохгүй.

4. Хавтаст хэргийн 63 дугаар талд “гэрч Б.Оюунтуяа нь “нөхрийнхөө эсрэг ямар нэг зүйл ярихыг хүсэхгүй байна” гэснээр мэдүүлгийг дуусгажээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх...” эрхтэй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 147 дугаар зүйлийн 147.4 дэх хэсэгт заасан “...хохирогч нь өөрийн гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг тэдний байдлыг хүндрүүлж болох тухай мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй...” талаар заасан ба тус заалтын агуулга нь гэрч уг эрхээ хэрэгжүүлэхдээ хүндрүүлж мэдүүлэг өгөхгүй байх тухай ойлголт ба харин хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг мэдүүлэх үүрэгтэй юм. Хавтаст хэрэгт Г.Ганхуяг, Б.Оюунтуяа нар нь гэр бүл болох талаар гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэр бүлийн гишүүн эсэх талаар харьяалах эрх бүхий байгууллагын баримт, бүртгэл байхгүй байх бөгөөд тэд гэрлэгчид, хамтран амьдрагч эсэх нь тодорхой бус байх тул уг асуудлыг шалгах, баримтыг цуглуулах, холбогдох ажиллагааг хийх гэжээ.

Яллагдагч Г.Ганхуяг нь өөрийн эхнэрээ жирэмсэн, 6 сартай талаар, гэрч /цагдаагийн ажилтан Б.Мандуулд “...эхнэр, ...нөхөр” гэж ярьсан, Б.Оюунтуяа нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюунд “...манай нөхөр гэртээ согтуу хүн авчирсан” гэж ярьсан зэргээс мөрдөн байцаагч тэдгээрийг хамтын амьдралтай “эхнэр, нөхөр” гэж үзсэн байна. Иймд мөрдөн байцаагч нь мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.7 дахь хэсэгт заасан гэрч нь гэр бүлийн гишүүнийхээ  эсрэг  мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй”  гэсэн  хуулийн  заалтыг хэрэгжүүлснийг буруутгах үндэслэлгүй.

5. Хавтаст хэргийн 34 дүгээр талд Д.Оюуны өргөдөлд “цагдаа шөнө 01 цагийн
үед очоод талийгаачаас мэдүүлэг аваад автын хэрэг байна, авто дууд гэсэн” гэж
бичсэн байх ба, ГССҮТ-ийн эмчийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний
тодорхойлолтод “...өвчтний биеийн байдал хүнд, мэдүүлэг өгөх боломжгүй” гэж
тэмдэглэгдсэн байна. Дуудлагаар яллагдагч Г.Ганхуягийн гэрт очсон гэрч Н.Мандуулаас “хохирогчоос тайлбар мэдүүлэг авсан зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг өгсөн. Иймд талийгаачаас цагдаагийн байгууллагын ажилтан түүний амьд байх үед ГССҮТ эмнэлэг дээр мэдүүлэг авсан эсэхийг нягтлан шалгах, хэрэв мэдүүлэг авсан бол мэдүүлгийг хэрэгт хийх гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюун 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...Гэмтлийн эмнэлэг дээр байхад цагдаагаас хүн ирж тайлбар, байцаалт авсан зүйл байхгүй. Хагалгаанд ороод ухаанүй байхад нь Замын цагдаагийн газраас мөрдөн байцаагч болох Та ирж надтай уулзсан, өөр хүн бол ирээгүй” гэсэн ба гэрч /цагдаагийн ажилтан Н.Мандуул нь мэдүүлэг аваагүй талаар мэдүүлсээр байхад мэдүүлэг авсныг шалгаж тогтоо гэж захирамжид дурьдсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

6. Авто тээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн үзлэгийн
төвийн шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн дүгнэлтэд “...Исүзү Элф 55-40 УБЕ улсын дугаартай автомашин нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Уг автомашины хоёрдугаар тэнхлэгийн дугуйн тоормосны хүч нь стандартын шаардлага хангахгүй, мөн урд салхины шил зүүн доод хэсгээрээ цацарч, цуурч, хагарсан зэрэг эвдрэл гэмтлүүдтэй байна...” гэжээ. Исүзү Элф 55-40 УБЕ улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээнд “...техникийн хяналтын үзлэгийн тэмдэглэл хэсэгт “2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр үзлэгт орсон” тухай тэмдэглэгдсэн байх ба уг үзлэгийн баримтыг хэрэгт хавсаргаж, тус үзлэгээр дээрх автомашин нь шаардлага хангасан эсэх, техникийн бүрэн бүтэн байдал шаардлагын түвшинд байсан эсэх, дээрх эвдрэл гэмтэл байсан эсэх зэргийг тодруулж, улмаар Авто тээврийн үндэсний төвийн дүгнэлтэд дурдсан автомашины эвдрэл гэмтэл нь хэзээ үүссэн эсэхийг тогтоох боломжтой эсэх, зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой эсэх, түүнчлэн автомашины урд салхины шил цацарч цуурч, хагарсан нь үзэгдэх орчинд нөлөөлөх эсэх, энэ нь зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлөх эсэхийг шинжээчээс тодруулах, зохих ажиллагааг хийх. Түүнчлэн дээрх дүгнэлтийн “...Тоормосны шингэн дамжуулагатай буюу энгийн хүчлүүртэй. Уг автомашины тоормосны хоёрдугаар тэнхлэгийн хүчний зөрүү 34.78% байгаа нь стандартын шаардлага хангахгүй боловч тоормосны систем нь хэвийн ажиллагаатай байна гэсэн нь ойлгомжгүй байх ба шинжээчээс шаардлага хангахгүй байна гэсэн атлаа тоормосны систем хэвийн ажиллагаатай гэсэн дүгнэлтийн зөрүүг арилгах гэжээ.

Тээврийн хэрэгслийн оношлогооны шинжээчийн дүгнэлтэнд “...тоормосны хоёрдугаар тэнхлэгийн хүчний зөрүү 34.78% байгаа нь дээрхи зам тээврийн осолд хэрхэн нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй” гэжээ.

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр “Амь хохирогчид учирсан гэмтлийг автомашинд мөргөгдөх үед учирсан байх боломжтой” гэсэн байх ба амь хохирогчийн биед учирсан гэмтэл нь түүний биеийн аль талаасаа мөн ямар байрлалд авсан байх боломжтой эсэхийг тодруулах гэжээ.

Яллагдагч Г.Ганхуягийн жолоодон явсан тээврийн хэрэгсэл нь ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй явж байхдаа тээврийн хэрэгслийнхээ зүүн урд хэсгээрээ ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд /жолоочийн байрлалаар бол жолоочийн зүүн гар талаас/ явж байсан явган зорчигч Д.Таравсүрэнгийн баруун талаас мөргөн бие махбодид нь хэвлийн битүү гэмтэл, элэгний баруун дэлбэнгийн задрал няцрал, дэлүүний задрал, хэвлийн хөндий цус хуралдалд бүхий гэмтэл учруулсан. ...талийгаачид учирсан гэмтэл автомашинд мөргөгдөх үед учирсан байх боломжтой болохыг цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 1616 дугаартай шинжээчийн дүгнэлтэр болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, тээврийн хэрэгслийн гадна үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, задлан шинжилгээний болон техникийн шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон.

8. Амь хохирогч нь яллагдагч Г.Ганхуягийн жолоодон явсан 55-40 УБЕ дугаатай Исүзү загварын автомашины аль талаар мөргөгдсөн, мөргөсөн эсэхийг тогтоох гэжээ.

Явган зорчигч Д.Таравсүрэн нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөнөөс Г.Ганхуягийн жолоодон явсан тээврийн хэрэгсэлд мөргүүлэн гэмтсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

9. 55-40 УБЕ улсын дугаатай Исүзү загварын автомашин нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар “Эрдэнэжинфан” ХХК-ний эзэмшилд бүртгэлтэй байхад хуулийн этгээдийг бус БНХАУ-ын иргэн “Xie Bateer”-r иргэний хариуцагчаар тогтоосон, түүнчлэн “Эрдэнэжинфан” ХХК-ний гүйцэтгэх удирлага хэн эсэх нь тодорхой бус, хуулийн этгээдийн холбогдох баримтгүй байгаа нь иргэний хариуцагчийг зөв тогтоосон эсэх зэрэг тодорхой бус байдлыг үүсгэсэн. Нөгөө талаар яллагдагч Г.Ганхуяг нь “Эрдэнэжинфан” ХХК-д хэзээ, ямар ажил албан тушаалд томилогдсон эсэх талаар тушаал шийдвэр байхгүй, тухайн гэмт хэрэг гарсан өдөр Г.Ганхуяг ямар шалтгаанаар 55-40 УБЕ улсын дугаатай Исүзү загварын автомашиныг жолоодож явсан эсэх, хуулийн этгээдийн ажил үүргийг тухайн 21 цагийн орчим гүйцэтгэж явсан эсэх нь тодорхой бус байна. Мөн БНХАУ-ын иргэн “Xie Bateer” иргэний хариуцагчаар тайлбар гаргахдаа “...2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр манай машин хөдөлгөөнд оролцдоггүй өдөр байсан. Тухайн өдөр Ганхуяг унаж яваад орой осол хийсэн байсан. Энэ талаар би мэдээгүй, маргааш нь мэдсэн гэж мэдүүлсэн байх ба яллагдагч Г.Ганхуяг нь хуулийн этгээдийн автомашиныг ямар шалтгаанаар, зөвшөөрөлтэй эсхүл зөвшөөрөлгүй жолоодож явсан эсэхийг тогтоох нь хохирогчийн иргэний нэхэмжпэл. цаашид гарах зардлыг хэн хэрхэн хариуцах, хамааралтай эсэхэд хууль зүйн үнэлэлт, дүгнэлтэд өгөхөд шууд хамааралтай байх тул энэ талаарх ажиллагааг хийж, байцаалт, баримтаар тодруулах шаардлагатай. Дээрх ажиллагааг хийсний эцэст шинжээчийн 572 дугаартай дүгнэлт үндэслэлтэй эсэх, яллагдагч Г.Ганхуягт Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг дахин нягтлан шалга гэжээ.

Дээрх дурьдсан баримтуудаар яллагдагч Г.Ганхуягийн жолоодон явсан Исүзү Элф загварын 55-40 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Эрдэнэжинфан” ХХК-ний эзэмшлийн болох нь тогтоогдсон. Уг компанийн захирал БНХАУ-ын иргэн “Xie Bateer” тул түүнийг иргэний хариуцагчаар тогтоосон. Мөрдөн байцаалтын явцад иргэний хариуцагч “Xie Bateer” нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюунд нэхэмжилж буй оршуулгын зардал болох 5.300.000 төгрөгийг төлсөн байна. Улмаар Оюун нь нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй талаараа мэдүүлэг өгч, хавтаст хэргийн материалтай танилцахдаа “...нэхэмжлэх зүйлгүй байхгүй, санал гомдол байхгүй, аль болох хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү, шүүх хуралд оролцохгүй” гэж өөрийн гараар бичиж гарын үсэг зурсан байна. Мөн иргэний хариуцагч “Xie Bateer” нь “...Ганхуяг манай байгуулагад ажилд ороод 20-оод хонож байсан хөдөлмөрийн гэрээ хийгээгүй түр зуур ажиллаж байсан. 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Ганхуяг өөрөө энэ машиныг унаад явсан байсан ер нь бол энэ машиныг унах зөвшөөрлийг жолооч өөрөө хариуцаж мэддэг юм” гэжээ. Түүнчлэн явган зорчигч Д.Таравсүрэн нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөнөөс Г.Ганхуягийн жолоодон явсан тээврийн хэрэгсэлд мөргүүлэн гэмтэн улмаар амь нас нь хохирсон болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт зэргээр тогтоогдсон, жолоооч Г.Ганхуяг хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын журам зөрчин явган зорчигч Д.Таравсүрэнг мөргөн амь насыг нь хохироосон болох нь тогтоогдоогүй, техникийн шинжээчийн 572 дугаартай дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.

10. Яллагдагч Г.Ганхуяг 2011 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймаг
дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял
шийтгүүлсэн гэх ба түүнийг 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдөр сулалсан гэх
шүүхийн шийдвэр хэрэгт авагдаагүй, энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80
дугаар зүйлийн 80.1.4-т заасан яллагдагчийн хувийн байдал, хариуцлагын хэр
хэмжээ, шинж чанарт хамааралтай байна гэжээ.

Яллагдагч Г.Ганхуягийн урьд ял шийтгэгдэж байсан Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 26 дугаартай Шийтгэх тогтоол, ялтны суллагдсан тухай магадлагаа зэрэг нь хавтаст хэргийн 115-120 дугаар талуудад авагдсан байна.

11. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюун нь талийгаачийн оршуулгын
зардалд 5.300.000 төгрөгийг төлүүлсэн гэх ба яллагдагч Г.Ганхуяг нь 500.000
төгрөгийг буяны мөнгө гэж “Голомт” банкаар шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан, харин яллах дүгнэлтийн хавсралтад яллагдагч Г.Ганхуяг 5.300.000 төгрөг төлсөн гэж бичсэн нь дээрх баримттай зөрүүтэй. Иймд оршуулгын зардлыг хэн, хэзээ /яллагдагч, иргэний хариуцагч/ хэд хэдэн төгрөг төлсөн эсэх нь тодорхойгүй, гэм хорын хохирол хэрхэн төлөгдсөн эсэхийг тодорхой болгох нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлд заасныг хангахад хамааралтай байна гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюун 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...жолоочийн талаас болон компанийн зүгээс нийлээд 700.000 төгрөг өгсөн” гэж, 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр жолооч Г.Ганхуяг нь Д.Оюуны “Голомт” банкин дахь дансанд 500.000 төгрөг шилжүүлсэн баримт, иргэний хариуцагч “Xie Bateer” 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр оршуулгын зардал болох 4.600.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюунд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг дахин байцаахад “...талийгаачийн оршуулгын зардал болох 5.300.000 төгрөгийг төлүүлсэн” гэж мэдүүлжээ. /Хохирол төлсөн тооцоо 700.000+4.600.000=5.300.000 төгрөг/ Шүүгчийн захирамжийн 9, 11 дүгээр заалтуудад нэгтгэн тайлбарлахад, иргэний хариуцагч “Xie Bateer” нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нэхэмжилсэн бүх оршуулгын зардлыг нь бэлнээр мөрдөн байцаагчаар дамжуулан төлж барагдуулсан, улмаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюун нь оршуулгын зардал болох 5.300.000 төгрөгийг төлсөн, өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын ажиллагааны явцад иргэний хариуцагч нь иргэний нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан тул иргэний хариуцагчтай холбоотой бусад баримтуудыг мөрдөн байцаалтын явцад нэмж цуглуулах шаардлагагүй гэж үзсэн. Мөн шүүгчийн захирамжийн 6, 7, 9 дүгээр заалтуудад нэгтгэн тайлбарлахад, хэрэв шүүх оношлогооны техникийн шинжээчийн болон техникийн шинжээчийн 572 дугаартай, цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 1616 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдтэй холбоотойгоор шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт “...шүүх шинжээчийг гаргасан дүгнэлтийг нь тайлбарлуулах буюу тодруулах зорилгоор шинжээчийг байцааж болно” гэж заасны дагуу шүүх техникийн шинжээчээр дүгнэлтийг тайлбарлуулах боломжтой. Иймд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 461 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Г.Ганхуягийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Явган зорчигчийг харах боломж байгаагүй. Учир нь урд нь автобус явж байсан бөгөөд автобусны араас гэнэт хүн гарч ирсэн. Тухайн газрын ойр хавьд камер байхгүй, бөгөөд үүнийг мөрдөн байцаагч Мөнхзул шалгасан. Г.Ганхуягийг тухайн үед согтуу байсан эсэхийг одоо тогтоох боломжгүй. Учир нь тухайн үед Г.Ганхуягаас цусны шинжилгээ аваагүй, драйгер үлээлгээгүй. Гэрч Оюунтуяа “үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу мэдүүлэг өгөхгүй”  гэсэн боловч дараа нь дахин мэдүүлэг авахад гэртээ ирсний дараах үеэс эхлэн мэдэх зүйлээ хэлсэн байдаг. Шүүгчийн захирамжид Оюунтуяа, Г.Ганхуяг нарын гэрлэлтийн баталгааг хэрэгт хавсаргах шаардлагатай гэсэн байна. Гэтэл энэ хоёр албан ёсны гэр бүл биш хамтран амьдрагч учир энэ заалт биелэгдэхгүй. Оршуулгын зардалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 5.300.000 төгрөгийг нэхэмжилдэг. Энэ мөнгийг төлсөн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол, саналгүй, нэхэмжилэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн бичиг хийж өгсөн. Энэ мөнгийг Г.Ганхуяг компаниасаа зээлж өгсөн. “Эрдэнэжинпан” ХХК-ийн захирал нь Баатар гэх Өвөр Монгол иргэн бөгөөд тухайн компани хоёр ажилтантай. Шүүгчийн захирамжид иргэний хариуцагчийг тодруулах шаардлагатай гэсэн байна. Иймд дахин шалгасан ч иргэний хариуцагчаар тухайн компанийн захирал Баатар гэх хүн тогтоогдоно. Тормосны хүчний зөрүү хэрэг гарахад нөлөөлөхгүй. Шилний цууралт нь хуучин цууралт гэдгийг тогтоосон. Хэрэгт машины зүүн булангаар хохирогчийг мөргөсөн талаар авагдсан байгаа. Г.Ганхуяг машиныг зайлуулаад дарсан мөр байдаг бөгөөд энэ нь зогсоох арга хэмжээ авсны жишээ юм. Мөргөсөн цэг буюу А цэг, хохирогч унасан гэх Б цэг хоёрын хооронд 1.65 метр зайтай. Үүнээс машин хурд багатай явж байсан нь харагдаж байна. Г.Ганхуяг урд нь автобус явж байсан тул 20 км цагийн хурдтай явж байсан гэж хэлдэг. А, Б цэг хол байх тусам машин хурдтай явж байсан байдаг. Хэргийг харсан хүн байхгүй. Гэрч Шижирболд нь хэрэг гарсны дараа хараад Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байдаг. Хэргийн бүрдэл хангалттай болсон, хэргийг нэлээд сайн шалгасан тул анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэн шалгах явцад Г.Ганхуяг Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, явган зорчигч Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.4, 3.9 дэх хэсгүүдийг зөрчсөн тул тухайн зүйл ангиар зүйлчилсэн хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Харин Г.Ганхуяг нь тухайн осол болсон газраас явсан учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв байна. Г.Ганхуяг тухайн үед архи уугаагүй эрүүл байсан. Хохирогчийг гэртээ аваачиж унтуулсан. Г.Ганхуяг нь тухайн өдрийн маргааш айраг уусан. Г.Ганхуяг нь хөдөөний хүн учир энэ хэргээс болж хотод удаан байх нь түүнд чирэгдэлтэй байна гэв.

 

Шүүгдэгч Г.Ганхуяг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбаргүй.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 461 дүгээр шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлүүд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.1-230.1.4-т заасан үндэслэлүүдийн алинд ч хамаарахгүй байх бөгөөд захирамжид заасан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд зааснаар шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор, байцаан шийтгэх ажиллагаанд оролцвол зохих оролцогч нарыг бүрэн оролцуулан шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, хэргийг мөрдөн байцаалтад буцаасан захирамжид дурдсан үндэслэлүүдийг тодруулан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94, 95 дугаар зүйлд зааснаар хууль зүйн үнэлэлт дүгнэлтийг өгч бүхэлд нь шинжлэн судлах замаар хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжтой байх тул улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 461 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Ц.Оюун-Эрдэнийн бичсэн 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 16 тоот улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Г.Ганхуягт холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Г.Ганхуягт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичиж болохгүйг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.МЯГМАРЖАВ

                                 ШҮҮГЧИД                                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                             Ц.ОЧ