Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 00003

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар багийн иргэн Олхонууд Д.Ц*********-ын /РД*******/ нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох,

"Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/14 тоот тушаалын Д.Ц***********-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Галт сум хариуцсан хөдөлмөр, халамжийн үйлчилгээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох" шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ц*********** , түүний өмгөөлөгч А.Ууганбаяр, хариуцагч Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А********** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Д.Ц***********  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “… Би 2007 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 07 дугаар тушаалаар Галт сумын нийгмийн ажилтны албан тушаалд томилогдож 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ажлаас халагдах хүртлээ хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт тасралтгүй 9 жил, 9 сар ажилласан бөгөөд ажиллаж байх хугацаандаа мэргэшсэн нийгмийн ажилтны 2 шатны сургалтанд хамрагдаж, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны “Тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнагдаж байлаа.

… Намайг ажлаас халсан шийдвэрийн талаар Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Э*********-тайуулзахад “аймаг, орон нутгийн удирдлагуудын хүсэлтээр чамайг ажлаас чөлөөлсөн” гэж тайлбарласан.

Бусад сумдын халамжийн мэргэжилтнүүдэд ижил мэдэгдэл өгсөн ч дарга нарын даалгавраар гэх шалтаг тоочин улс төр, үзэл бодлын чиг баримжаа өөр гэх хардлагаар намайг ажлаас ялгаварлан халсан нь Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга, удирдлагууд Төрийн албаны хууль, Хөдөлмөрийн хуулиар иргэн надад олгосон хууль ёсны эрхийг хүндэтгээгүйг харуулж байна.

Нөгөө талаас, миний ажиллаж байсан ажлын байранд өмнө нь Төрийн албанд байтугай хувийн байгууллагад ч ажиллаж байгаагүй, тухайн чиглэлээр ямар ч дадлага туршлагагүй иргэн Д.Бүжинлхамыг томилон ажиллуулж байгаа нь төрийн алба, мэргэшсэн тогтвортой байх, төрийн жинхэнэ албан хаагч албан тушаалаасаа үндэслэлгүйгээр халагдахгүй байх баталгаа байхгүй болсон, зөвхөн нам, улс төр, үзэл бодлын өөр баримжаатай мэтээр хардаж, ялгаварлан гадуурхаж бусдын хөдөлмөрлөх эрхийг зөрчих болсон нэг хэлбэр гэдэг нь илэрхий байна.

Намайг ажлаас халахын өмнө ажил олгогчоос өгсөн мэдэгдэлд “таны ажлын байр байхгүй болсон” гэсэн боловч миний ажлын байр өнөөдөр ч оршин байж зорилтот бүлэгт үйлчилгээгээ хүргэж байгаа зэргээс намайг ажлаас халсан шалтгаан ямар ч үндэслэлгүй, хууль бус болох нь илэрхий байна.

Иймд Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/14 тоот тушаалын тоот тушаалын Д.Ц************надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, намайг Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Галт сум хариуцсан хөдөлмөр, халамжийн үйлчилгээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү.

2015, 2016 онуудын үр дүнгийн гэрээг дүгнэх явцад би өөрөө хамт байдаггүй байсан учраас үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Гарын үсэг зурж баталгаажуулаагүй. 2015 оны үр дүнгийн гэрээний дүгнэсэн жагсаалтыг Хөвсгөл Халамж гэсэн цахим шуудангаас харж байсан. Үр дүнгийн гэрээний дүгнэсэн байдлын талаар ямар нэгэн гомдол, нэхэмжлэл гаргаж байгаагүй ...” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ууганбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “... Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан эсвэл өөрөөс үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан” гэсэн нөхцлийг заасан байдаг. Анх Д.Ц***********-д мэдэгдэл өгөхдөө манай байгууллага татан буугдсан, ажлын байр байхгүй болсон гэх шалтгаанаар мэдэгдэл өгсөн. Тэр мэдэгдлийнхээ дагуу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг баримталж ажлаас халсан нь үндэслэлгүй. Тушаал гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг баримталсан гэж хариуцагч тайлбарладаг боловч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-ыг баримтлан сонгон шалгаруулалт явуулаагүй болох нь тогтоогддог. Ийнхүү ямар ч үндэслэлгүйгээр М.Н**********-г авч, сонгон шалгаруулалтаар тухайн албан тушаалд шалгаруулж авна гэсэн зохицуулалтыг хэрэглээгүй. Д.Ц*********** ыг үзэмжээр халсан.

Хөдөлмөрийн хэлтэс татан буугдсан процесс явагдсан. Халамжийн хэлтэс нь өөрчлөн зохион байгуулагдсан. Халамжийн хэлтсийн үндсэн бааз суурин дээр хөдөлмөр эрхлэлтийн чиг үүргийг нэмээд явж байгаа. Хөдөлмөрийн хэлтсийн сум хариуцсан хөдөлмөрийн мэргэжилтэн 8 албан тушаалтан байснаас зөвхөн 1 нь үлдсэн. Бусад нийгмийн халамжийн мэргэжилтнүүд бүгд ажлын байрандаа үлдэж чиг үүргээ хэрэгжүүлж байгаа.

Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн хэлтэс татан буугдсантай холбогдуулан ажилтнуудыг халсан тушаал хавтаст хэрэгт бий. Татан буугдсан дотор М.Н**********орж байгаа. Өөрчлөн зохион байгуулагдсанд Д.Ц***********  орж байгаа. Өөрчлөн зохион байгуулагдсан тул нэхэмжлэгч заавал ажлын байрандаа үлдэх ёстой гэж үзэж байна.

Суманд гол ажил хийдэг хүн нийгмийн халамжийн мэргэжилтэн байдаг. Тийм учраас нийгмийн халамжийн мэргэжилтнээр өмнө нь 26 ажилтан ажиллаж байсан бол одоо мөн 26 мэргэжилтэн ажиллаж байгаа. Энэ 26 ажилтны орон тоо ямар ч тохиолдолд хөндөгдөх ёсгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаачлан ажилтнуудын судалгааг гаргаж өгснөөр ажил олгогч өөрөө үзэмжээрээ сонгож авч байгаа нь төрийн албан мэргэшсэн байх зарчимд нийцэхгүй. Төрийн байгууллага өөрчлөн зохион байгуулагдаж байгаа нөхцөлд тухайн захиргааны байгууллагад ижил статустай хоёр ажилтан байгаа бол заавал сонгон шалгаруулалт явуулах ёстой. Хөдөлмөр эрхлэлт, халамжийн үйлчилгээний мэргэжилтэн гэдэг ажлын байрны тодорхойлолтод нийгмийн салбарт мэргэшсэн гэсэн зохицуулалт бий. Энэ хоёр албан тушаалтныг харахад Д.Ц***********  2007 оноос хойш 9 жил гаруй хугацаанд ажилласан, тухайн байгууллагаас зарлагдсан холбогдох сургалтуудад хамрагдсан. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар Д.Ц*********** ыг халах байсан бол сонгон шалгаруулаад түүнийг тухайн ажлын байранд тэнцэхгүй гэсэн ямар нэгэн комиссийн дүн гарсны дараа ажил олгогч шийдвэрээ гаргаж тушаалдаа уг шийдвэрээ үндэслэсэн бол үндэслэлтэй болох байсан. Тийм учраас үндэслэлгүй уг тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Д.Ц*********** ыг Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Галт сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байранд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд тооцож гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар шүүхэд гаргасан тайлбартаа: “… Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц батлах тухай” 09 дүгээр тогтоолоор Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсүүд татан буугдаж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон шинэчлэгдэн зохион байгуулагдсан. Үүний хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын “Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц орон тоо батлах тухай” Б/21 дүгээр тушаалын хавсралтаар сум хариуцсан хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн 26 байна гэж заасан.

Хуучин Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн бүтэц орон тоог батлах тухай Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын 2016 оны А/53 дугаар тушаалаар сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтэн 28 байхаар заасан. Мөн хуучин Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц орон тооны дээд хязгаар шинэчлэн батлах тухай 2016 оны А/17 дугаар тушаалаар сумын Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн-1 тус тус байсан тул аль нэгийг чөлөөлөх хууль эрх зүйн шаардлага тулгарсан.

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан болзол, 16 дугаар зүйлд заасан болзол, журам, ажлын байрны тодорхойлолт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зэрэг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын сум хариуцсан хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын ажилтанд тавигдах шаардлага, мэргэжил таараагүй зэргээс шалтгаалан Д.Ц*********** ыг шинээр бий болсон сум хариуцсан хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилох боломжгүй болно.

Д.Ц*********** ыг Галт сумын нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байх хугацаанд тухайн сумын Засаг даргаар түүний төрсөн дүү Данзангийн Эрдэнэхуяг ажиллаж байсан. Нийгмийн халамжийн тухай хуулиар амьжиргаа дэмжих зөвлөлөөр шийдвэрлэгдсэн тусламж, хөнгөлөлт, тэтгэмжийг амьжиргаа дэмжиж зөвлөлийн шийдвэрийг харгалзан тухайн сумын Засаг даргаар захирамж гаргуулан олголтыг амьжиргаа дэмжих зөвлөлийн нарийн бичиг буюу халамжийн мэргэжилтэн хийдэг. Үүнээс шалтгаалан тухайн сумаас хуучнаар Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст ашиг сонирхлын зөрчил үүсэж байгаа талаар ихээхэн гомдол ирсэн байдаг. Үүнийг шалгуулахаар тухайн үеийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга Д.Дуламжав АТГ-т хүргүүлсэн байдаг.

Нэхэмжлэгч Д.Ц*********** ын нэхэмжлэлд дурдсанчлан Д.Бүжинлхамыг тухайн албан тушаалд томилсон нь үнэн боловч Төрийн албаны тухай хуулийн 21.1-д заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр 2016 оны 10 дугаар сарын 27-нд томилсон. Галт сумын халамжийн үндсэн буюу жинхэнэ албан тушаалд томилогдсон Магваны Номингэрэл нь:

  • Хөдөлмөрийн хуулийн дагуу жирэмсний, амаржсаны амралттай
  • Сум хариуцсан хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт заагдсан мэргэжилд тохирсон
  • Ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэлгүй зэргийг харгалзан томилсон.

Өнөөдрийн байдлаар тухайн албан тушаалыг хашиж байгаа Д.Б********нь М.Номингэрэлийн жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацаанд түр ажиллаж байгаа болно.

            Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасанчлан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага хамгийн илүү хангаж байсан М.Н**********-г томилсон нь улс төрийн ямар нэгэн ялгаварлал гаргасан асуудал биш гэж үзэж байна.

            ХХҮЕГ-ын даргын Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоо батлах тушаалаар сумдын татан буугдсан НХҮХ-ийн нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний, Хөдөлмөрийн хэлтсийн сум хариуцсан хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо тус тус хасагдаж шинээр хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн болон ирсэн байх тул тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг гол шалгуур болгон аймгийн хөдөөгийн Хатгал тосгон ороод хуучин нийгмийн халамжийн мэргэжилтнээр ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч 21 мэргэжилтэнг буцаан томилсон.

            ... Ажлын байранд тавигдах шаардлага, ажлын байрны тодорхойлолт, бусад холбогдох хуулийн хүрээнд үүссэн нөхцөл байдлыг харгалзан Д.Ц*********** ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А**********  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын Б/21 дугаартай тушаалын хавсралтаар бүтэц орон орон тоог баталсан. Үүнд “хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтэн” 26 байхаар баталсан. Өмнө нь Нийгмийн халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтэн 26, дээр нь 8 суманд хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтэн ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл нэр бүхий найман суманд халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн хамт ажиллаж байсан. Үүний нэг нь Галт сум юм. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтын дагуу халамжийн мэргэжилтэн, хөдөлмөрийн мэргэжилтэн тус бүр нэг ажиллаж байсныг нийлүүлээд хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн нэртэй болгож нэг орон тоо батлагдсан тул орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр Д.Ц*********** ыг ажлаас чөлөөлсөн.

Манай халамж үйлчилгээний хэлтэс 58 хүний орон тоотой, Хөдөлмөрийн хэлтэс 28 хүний орон тоотой байсан. Гэтэл 2016 оны 9 сард нийт батлагдсан орон тоо нь 56 болж ирсэн байсан. Ингээд нийтдээ 30 хүнийг ажлаас чөлөөлөх шаардлагатай болсон.

Хөдөлмөр эрхлэлт, халамжийн сум хариуцсан 26 мэргэжилтэн нь нэг ажлын байрны тодорхойлолттой. Энэ ажлын байрны тодорхойлолтод мэргэжлийн тавигдах шаардлага дээр нь нийгмийн ажилтан, эдийн засагч, нягтлан бодогч, нийгмийн салбарын мэргэжилтэн гэсэн мэргэжилтэй байх шаардлага тавигдсан байдаг. Ажлын байрны шаардлагад Д.Ц*********** ын мэргэжил таарахгүй байгаа юм.

Сумын халамжийн мэргэжилтэн, хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт тус тусдаа байж байгаад хоёр албан тушаал нэгдсэнтэй холбогдуулан хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт шинээр бий болсон. Одоо байгаа хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтний албан тушаалын чиг үүрэгт, өмнө байсан халамжийн мэргэжилтний болон хөдөлмөрийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг аль аль нь хэвээр хадгалагдан үлдсэн.

... Төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулж авах нь тусдаа ойлголт. Үүнийг төрийн албаны салбар зөвлөл зохион байгуулдаг. Төрийн албанд анх орох иргэдээс ажлын байрны сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулдаг. М.Н**********-г Д.Ц*********** тай хамт чөлөөлөөд ажил олгогч өөрийн эрх хэмжээний хүрээнд үр дүнгийн гэрээний биелэлтийг харгалзан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа М.Н**********-г Галт сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр буцааж томилсон. М.Номингэрэл, Д.Ц***********  нар хоёулаа төрийн жинхэнэ албан хаагч байсан. 2016 оны 10 дүгээр сарын 27-ны өдрийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн бүх ажилтнуудыг ажлаас чөлөөлсөн тушаал бий. Тэр үед бүгд ажлаасаа чөлөөлөгдөөд буцааж ажилд томилоход ямар нэгэн сонгон шалгаруулалт явагдаагүй. Харин надаас болон тухайн үеийн Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн нараас бүх ажилтнуудын үр дүнгийн гэрээний биелэлт, үр дүнгийн гэрээний илтгэх хуудас, үнэлгээний хуудас, төрийн албанд ажилласан жил зэрэг судалгааг гаргуулан авч дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд эгүүлэн томилж шийдвэрлэсэн” гэв.

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Н**********шүүхэд гаргасан тайлбартаа: “… Миний хувьд сургуулиа төгсөөд 2014 оны 3 дугаар сард төрийн албан хаагчийн шалгалтанд орж Галт сумын хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтний сонгон шалгаруулалтанд нэгдүгээрт зогсож тэнцэн хуулийн дагуу тус ажилдаа 2014 оны 07 дугаар сарын 01-нд томилогдон ажиллаад 2 жил 5 сар болж байгаа. 2015 оны 11 дүгээр сард төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж төрийн жинхэнэ албан хаагч болсон. Одоо 2016 оны 03 дугаар сарын 01-нд жирэмсний болон амаржсаны амралтаа авч 8 сартай охинтой амаржсаны амралттай байгаа.

            Ажиллаж байх хугацаандаа ажлын ямар нэг алдаа дутагдал гаргаж байгаагүй бөгөөд хөдөлмөрийн хууль болон төрийн албан хуульд нийцүүлэн ажлын үр бүтээл, үзүүлэлт сайтай ажиллаж, үр дүнгийн гэрээгээ хангалттай сайн дүгнүүлж байна. Тус нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг зөрчиж байгаа учир хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Б********шүүхэд гаргасан тайлбартаа: “… Миний бие нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Галт сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр М.Номингэрэлийн жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацаанд тухайн албан тушаалын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ХХҮГ-ын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/16 тоот тушаалаар томилогдон ажиллаж байна” гэжээ.

Шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                               

ҮНДЭСЛЭХ нь;

Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар багийн иргэн Д.Ц***********  нь "Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/14 тоот тушаалын Данзангийн Цолмонжаргалд холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Галт сум хариуцсан хөдөлмөр, халамжийн үйлчилгээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах" шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг дараахь үндэслэлүүдээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Ц***********  нь Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2007 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 07 дугаар тушаалаар Галт сумын нийгмийн ажилтнаар 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 6 сарын туршилтын хугацаагаар түр томилогдож[1], 2008 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрийн захиргааны албан хаагчийн тангараг[2] өргөжээ. Харин гуравдагч этгээд М.Н**********нь 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Хөвсгөл аймгийн Галт сумын хөдөлмөрийн асуудал хариуцсан мэржилтнээр ажиллаж байгаад 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс Галт сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогджээ.

Хэргийн оролцогч нар Галт суманд хөдөлмөрийн болон халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн тус бүр нэг байснаас хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан нэг мэргэжилтэн байхаар болж орон тоо цөөрсөн талаар маргаагүй, харин Хөдөлмөрийн хэлтэс татан буугдсан тул хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажлаас чөлөөлөгдөж, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс татан буугдаагүй өөрчлөн байгуулагдсан тул нийгмийн халамжийн мэргэжилтэн үргэлжлүүлэн ажиллах ёстой гэж маргасан.

Монгол Улсын Иргэний хуулийн 32 дугаар зүйлд зааснаар эрх бүхий байгууллагын шийдвэр гарснаар хуулийн этгээд татан буугдах бөгөөд цаашид тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулахгүй болж, татан буулгах комисс томилогдож өр төлбөрийг барагдуулах, өмч хөрөнгийг шилжүүлэх, улсын орлого болгох гэх мэтээр эрх зүйн харилцаа бүрэн дуусгавар болохоор байна.  

Гэтэл Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор төрийн захиргааны байгууллагын тогтолцоог тогтоож, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байхаар тогтоосон ба Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар[3] Хөвсгөл аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс нь Хөдөлмөрийн хэлтэстэй нэгдэж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болж өөрчлөн байгуулагдсан байна.

Ийнхүү өөрчлөн байгуулагдсан Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь өмнөх Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн болон Хөдөлмөрийн хэлтсийн чиг үүргийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр байгаа тул Хөдөлмөрийн хэлтсийг татан буугдсан гэж үзэхгүй. Мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар өөрчлөн зохион байгуулагдсанаас улбаалан сумдад ажиллаж байсан хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтэн, нийгмийн халамж хариуцсан мэргэжилтний ажлын чиг үүргийг нэгтгэн хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн гэх албан тушаал болгон өөрчилсөн байна.

Хөвсгөл аймгийн бүх суманд сум хариуцсан халамжийн мэргэжилтэн, харин нэр бүхий 8 суманд сумын хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажиллаж байсан бөгөөд Хөвсгөл аймгийн Галт суманд хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн 1, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн 1 тус тус ажиллаж байжээ.

Гэвч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 дүгээр тушаалаар Хөвсгөл аймагт хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн 26 байхаар тогтоосон учир бүх суманд хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан нэг мэргэжилтэн ажиллахаар болж орон тоо цөөрсөн нь хэргийн оролцогчийн тайлбар болон хэргийн материалд авагдсан бусад нотлох баримтуудаар[4] тогтоогдож байна.

Ийнхүү сумын хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн нарын ажлын байрыг нэгтгэж, сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн байхаар тогтооход өмнө байсан сумын хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн нарын ажлын үндсэн чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн болох нь ажлын байрны тодорхойлолтуудаар[5] нотлогдож байна.

Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/11 дүгээр тушаалаар[6] Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолын дагуу Хөдөлмөрийн хэлтэс нь татан буугдаж, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт нэгдсэн гэх үндэслэлээр Хөдөлмөрийн хэлтсийн М.Н**********нарын нэр бүхий 22 төрийн захиргаа, үйлчилгээний албан хаагчийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс,

2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар[7] Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолын дагуу Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсүүд нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт нэгдсэн гэх үндэслэлээр Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн нэр бүхий 32 төрийн захиргааны албан хаагчийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь тус тус чөлөөлжээ.

Харин нэхэмжлэгч Д.Ц*********** ыг Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар[8] Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолын дагуу Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсүүд нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт нэгдсэнтэй холбогдуулан суманд хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн байхаар шийдвэрлэсэн гэх үндэслэлээр 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс үүрэг ажлаас нь чөлөөлжээ.

Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон өөрчлөн байгуулагдсантай холбогдуулан ажилтнуудыг ажлаас чөлөөлж, эгүүлэн томилохдоо гуравдагч этгээд М.Н**********-г Галт сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилж[9], Д.Ц*********** ыг томилоогүй ажээ.

Ингэхдээ Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-ыг үндэслэсэн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байх ба Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг харгалзаж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авахаар зохицуулжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Галт сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнийг томилохдоо комисс томилж сонгон шалгаруулаагүй, дарга өөрийн үзэмжээр М.Н**********-г авч ажиллуулсан нь хууль зөрчсөн талаар маргаж буй.

Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар[10] гуравдагч этгээд М.Н**********-г Галт сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг баримтлаагүй боловч хариуцагчийг буруутгах боломжгүй байна.

Учир нь хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбаруудаас үзэхэд Д.Ц*********** , М.Н**********нарын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг харгалзаж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг сонгон авч ажиллуулсан гэх үндэслэлтэй байна.

Тухайлбал нэхэмжлэгч Д.Ц***********  нь үр дүнгийн гэрээгээ 2014 онд 60[11],  2015 онд 65[12], гуравдагч этгээд М.Н**********үр дүнгийн гэрээгээ 2014 онд 80[13], 2015 онд 80 хувьтай тус тус дүгнүүлж[14] байжээ. Мөн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан “Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлт, халамжийн сум хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт”-оос[15] үзэхэд нэхэмжлэгч Д.Ц*********** ын мэргэжил[16] нь тухайн албан тушаалыг эрхлэх шаардлага хангаагүй, харин гуравдагч этгээд М.Номингэрэлийн мэргэжил[17] тухайн албан тушаалд тавигдах ерөнхий шаардлагыг хангасан байна. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар төрийн албанд тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсролтой байхыг шаарддаг. Нэхэмжлэгч Д.Ц***********  бизнесийн удирдлага мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн бөгөөд нягтлан бодох бүртгэлийн хичээл судалж байсан нь түүнийг нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй гэж үзэх үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгч нь Галт сумын халамжийн мэргэжилтнээр олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан тул үргэлжлүүлэн ажиллах ёстой гэж маргасан боловч тухайн ажлын байранд төрийн албанд 1-ээс доошгүй жил ажилласан, нийгмийн бодлого, нийгмийн халамжийн чиглэлээр мэргэшсэн байх ерөнхий шаардлага тавигдсан[18], гуравдагч этгээд М.Н**********нь төрийн албанд 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч[19] тул түүнийг болзол шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг илтгэх үр дүнгийн гэрээний дүгнэлтийн талаар мэдэж байсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Үр дүнгийн гэрээний дүгнэлт нь гадагш буюу иргэнд чиглэсэн, түүний төрийн албанд ажиллах эрхэд нөлөөлөхүйц, эрх зүйн шууд үр дагавар бүхий захиргааны акт бөгөөд төрийн жинхэнэ албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т зааснаар “үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө, түүний гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн биелэлт, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн талаар харьяалах дээд шатны удирдах ажилтны үнэлгээг зөвшөөрөх, эс зөвшөөрөх” эрхтэй бөгөөд үр дүнгийн гэрээний дүгнэлтийн талаар нэхэмжлэгч зохих журмын дагуу маргаж байгаагүй ажээ.

Түүнчлэн Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/16 дугаар тушаал[20] нь гуравдагч этгээд М.Номингэрэлд эерэг үйлчлэл бүхий захиргааны акт бөгөөд нэхэмжлэгч уг актыг хүчингүй болгуулах талаар шаардлага гаргаагүйг дурдъя.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг агуулга, зорилгын хувьд авч үзвэл хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг харгалзаж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авахаар заасан байгаа нь хуулийн шаардлагыг хангахгүй байгаа албан хаагчийг авахгүй байх утгыг давхар илэрхийлж байна. Иймд Галт сумын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр М.Н**********-г авч, харин нэхэмжлэгч Д.Ц*********** ыг авч ажиллуулаагүй явдлыг буруутгах боломжгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд ... 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасан тул нэхэмжлэгч Д.Ц*********** ыг албан тушаалаас нь чөлөөлж, түүнд 3 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгосон[21] нь хууль тогтоомж зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нэхэмжлэгч Д.Ц*********** ыг ажлаас чөлөөлсөн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/14 дүгээр тушаалдаа[22] Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйл, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсгийг баримталсан нь үндэслэлгүй бөгөөд төрийн албан хаагчийн эрх зүйн байдалтай холбогдох асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулиар буюу Төрийн албаны тухай хуулиар шийдвэрлэнэ. Гэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг баримталсан нь хариуцагчийн хүсэл зоригийн илэрхийллийг өөрчлөхөөргүй байх тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл болохгүйг дурдъя.

Хариуцагч нь Д.Ц*********** , Галт сумын Засаг дарга нарын хооронд ашиг сонирхлын зөрчил үүсэж байгаа талаар тайлбар гаргасан боловч нотлогдохгүй байна[23]. Мөн гуравдагч этгээд М.Н**********-г жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацаанд Д.Бүжинлхамыг түр ажиллуулж байгаа нь хууль тогтоомж зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг баримтлан Олхонууд Д.Ц*********-ын "Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/14 тоот тушаалын Д.Ц***********-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Галт сум хариуцсан хөдөлмөр, халамжийн үйлчилгээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох" шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.ГАНЧИМЭГ

 

 

 

 


[1] Хэргийн 68 дугаар хуудас

[2] Хэргийн 55-56 дугаар хуудас

[3] Хэргийн 42 дугаар хуудас

[4] Хэргийн 19-20, 42 дугаар хуудас

[5] Хэргийн 24-26, 28-34, 131-133 дугаар хуудас

[6] Хэргийн 73-76 дугаар хуудас

[7] Хэргийн 176-181 дүгээр хуудас

[8] Хэргийн 3 дугаар хуудас

[9] Хэргийн 77 дугаар хуудас

[10] Хэргийн 77 дугаар хуудас

[11] Хэргийн 157-167 дугаар хуудас

[12] Хэргийн 113-126 дугаар хуудас

[13] Хэргийн 168-177 дугаар хуудас

[14] Хэргийн 104-112 дугаар хуудас

[15] Хэргийн 28-34 дүгээр хуудас

[16] Хэргийн 151-153 дугаар хуудас

[17] Хэргийн 148-149 дугаар хуудас

[18] Хэргийн 28-34 дүгээр хуудас

[19] Хэргийн 83-84 дүгээр хуудас

[20] Хэргийн 77 дугаар хуудас

[21] Хэргийн 78 дугаар хуудас

[22] Хэргийн 3, 69 дүгээр хуудас

[23] Хэргийн 21, 44-46 дугаар хуудас