Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2017/00667

 

                                                         Т.Энхтөрийн нэхэмжлэлтэй

                                                               иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг,  П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож   нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/01345 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 394 дүгээр магадлал,

Нэхэмжлэгч : Т.Энхтөр,

Хариуцагч : Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба,

Нэхэмжлэлийн шаардлага : Үнэлгээг хүчингүй болгуулах тухай

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Алтанзулын гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Алтанзул, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн 2016.02.15-ны өдрийн 1303 дугаар шийдвэрээр Т.Энхтөр, Х.Энхтайван нараас 54.669.150 төгрөг гаргуулж Н.Мандаад олгохоор шийдвэрлэсэн. Т.Энхтөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, ШЗ 5 дугаар байрны 22 тоот 2 өрөө орон сууцны үнийг талууд харилцан тохиролцоогүй тул  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу  шинжээч  тогтоож  71.250.000 төгрөгөөр үнэлсэн.  Барьцааны эд хөрөнгө нь 2000 онд ашиглалтанд орсон 12 давхар бүрэн цутгамал орон сууцыг  9 давхар орон сууц болгож өөрчилж, хуучны 9 давхар угсармал орон сууцны жишиг үнээр үнэлсэн. Уг байр зах зээлд 95 саяаас 88 сая төгрөгийн хооронд байна. Иймд дээрх үнэлгээг хүчингүй болгож хуулийн дагуу шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 1303 шийдвэрийн дагуу төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэлийг удаа дараа өгсөн боловч төлбөр төлөөгүй. Иймд барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, ШЗ 5 дугаар байрны 22 тоот 57 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар 2016.5.03-ны өдрийн 130/05 дугаарын тогтоолоор битүүмжилж, 2016.5.10-ны өдрийн 512 дугаар тогтоолоор хураан авсан. Иргэний хуулийн 177.1 дэх хэсэгт зааснаар албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоохоор төлбөр төлөгч Т.Энхтөрөөс үнийн санал авахад 142.500.000 төгрөгөөр үнэлсэн ба уг үнэлгээг төлбөр авагч Н.Мандаа зөвшөөрсөн. Төлбөр төлөгч Х.Энхтайванд удаа дараа үнийн санал өгөх мэдэгдэлийг өгсөн боловч үнийн санал өгөөгүй тул   шинжээч томилж үнэлгээ тогтоолгох хүсэлтэй байгаагаа мэдэгдэж, талууд үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар эн.хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээ хийлгэхэд 71.250.000 төгрөгөөр тогтоосон. Үнэлгээг 2016.9.08-ны өдрийн 3/28471 тоот мэдэгдлээр Х.Энхтайванд, 2016.9.08-ны өдрийн 3/28470 тоот мэдэгдлээр Т.Энхтөрд, 2016.9.09-ний өдрийн 3/28646 тоот мэдэгдлээр Н.Мандаад тус тус мэдэгдэж, үнэлгээний тайланг танилцуулж, 2016.9 сарын өдрийн 10 цагт үнэлэгдсэн үнийн 70 хувиар анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон дуудлага худалдаанд оруулахаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31.3 дахь хэсэгт зааснаар үл эд хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг шинжээч хариуцах тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/01345 дугаар шийдвэр гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг баримтлан  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Т.Энхтөрийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 394 дугаартай магадлал гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/01345 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 3/28470, 3/28471 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 3/28470, 3/28471 мэдэгдлээр төлбөр төлөгч нарт мэдэгдсэн байхад шүүх түүнийг тогтоол мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, үнэлгээг албан бичгээр төлбөр төлөгч Т.Энхтөр, Х.Энхтайван нарт мэдэгдэж, тэмдэглэл хөтөлсөн нь хууль зөрчсөн асуудал биш харин хуулийн дагуу явагдаж буй ажиллагаа. Төлбөр төлөгч нарт 2016.5.10-ны өдөр тэмдэглэл үйлдэж үнийн санал явуулах талаарх мэдэгдсэн байхад Т.Энхтөрт мэдэгдээгүй гэдэг үндэслэлгүй. Шүүхийн шйидвэр гүйцэтгэх тухай хуулийн 37.2.2 дахь хэсэгт заасны дагуу үнэ дээр талууд тохироогүй бол шинжээч томилуулна гэсэн байдаг. Мөн хуулийн 37.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгч үнэлэх хуулийн зохицуулалт байхгүй байхад хуулийг буруу хэрэглэсэн. Тус байгууллагаас Хөрөнгийн үнэлгээний төвийг томилж, захирал Р.Зоригт тогтоолыг гаргуулан эрх үүргийг тайлбарлан өгсөн байдаг. Мөн нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол ямар ч хуулийн үндэслэлгүй байхад шүүх өөрийн санаачилгаар хэргийг бүхэлд нь авч хэлэлцэж, үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                         ХЯНАВАЛ: 

Баянгол, Хан-уул, Сонгино-Хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 102/ШШ2016/01303 дугаартай шийдвэр гаргаж, Т.Энхтөр, Х.Энхтайван нараас 54.240.000 төгрөг гаргуулж Н.Мандаад олгох, үүргийн гүйцэтгэлийг Сонгино-Хайрхан дүүргийн, 12-р хороо, ШЗ 5-22 тоотод байрлах орон сууцнаас хангуулахаар  заасан /хх 27/ бөгөөд уг шийдвэрийг биелүүлэх явцад шинжээч  үл хөдлөх эд хөрөнгийг 71.250.000 төгрөгөөр үнэлсэнийг Т.Энхтөр  хүчингүй болгуулахыг хүсэж  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан  нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргажээ. /хх 23/   

Давж заалдах шатны шүүх  “...үл хөдлөх хөрөнгийн үнийн санал авах талаар  Т.Энхтөрд мэдэгдээгүй... орон сууцны үнэлгээ хийсэн нэг шинжээчид эрх, үүргийг нь тайлбарлаагүй...” гэж дүгнэн, шийдвэрт  өөрчлөлт оруулж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 3/28470, 3/28471 дүгээр тогтоолуудыг  /хх 63, 64/    хүчингүй болгосон байна.    

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...үнэлгээний талаар албан бичгээр мэдэгдсэнийг шүүх хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй... үнийн санал авах талаар Т.Энхтөрд мэдэгдсэн... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн... шинжээчээр байгууллагыг томилсон бөгөөд эрх үүргийг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээдэд  тайлбарлан өгсөн...” гэсэн үндэслэл заажээ. 

Хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Т.Энхтөр нь орон сууцны үнэлгээтэй холбоотой гомдол гаргаж, уг үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн байхад давж заалдах шатны шүүх зохигчид маргаагүй, нэхэмжлэлд заагаагүй ажиллагаа буюу Т.Энхтөрд хүргүүлсэн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 3/28470 дугаар мэдэгдэлийг  /хх 64/ хүчингүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 37 дугаар зүйлийн 37.1, 37.2.2,  37.3-г зөрчжээ.

Төлбөр төлөгч Х.Энхтайван шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, нэхэмжлэгчид  итгэмжлэл олгосон баримт хэрэгт байхгүй байхад давж заалдах шатны шүүх Х.Энхтайванд  хүргүүлсэн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 3/28471 дугаар  мэдэгдэлийг /хх 63/ Т.Энхтөрийн нэхэмжлэлээр хүчингүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32, 33, 115 дугаар зүйлийн 115.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 25-27 дугаар зүйлд нийцээгүй байна. 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийг “...зах зээлээс бага тогтоосон...” гэсэн үндэслэл зааж, хүчингүй болгохыг хүссэн байхад давж заалдах шатны шүүх үнэлгээ тогтоохоос өмнөх ажиллагаа буюу төлбөр төлөгчөөс санал авсан эсэх талаар дүгнэлт хийж, уг нөхцөл байдлыг шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2-г зөрчжээ. 

Хариуцагч  шинжээчээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК томилж, шинжээчийн эрх үүргийг шинжээч Р.Зоригтод танилцуулсан, дүгнэлтийг Р.Зоригт гаргасан, шийдвэр гүйцэтгэх алба нь шинжилгээг бүрэлдэхүүнээр хийх талаар “Шинжээч томилох тухай”  2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 135 дугаар тогтоолд заагаагүй /хх 58/ байхад давж заалдах шатны шүүх А.Оюунд шинжээчийн үүргийг танилцуулаагүй гэх үндэслэл зааж шийдвэрт өөрчлөлт оруулсан нь  Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20-р зүйлд нийцээгүй байна.   

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгоно. 

Харин анхан шатны шүүх Т.Энхтөрийн нэхэмжлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулжээ. 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Баянгол, Хан-уул, Сонгино-Хайрхан дүүргийн шүүх 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 102/ШШ2016/01303 дугаартай шийдвэр гаргаж /хх 13, 26-27/ Т.Энхтөр, Х.Энхтайван нараас 54.240.000 төгрөг гаргуулж Н.Мандаад олгох, үүргийн гүйцэтгэлийг Сонгино-Хайрхан дүүрэг, 12-р хороо, ШЗ 5-р байр, 22 тоот орон сууцнаас хангуулахаар заасан, 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 102/ШЗ2016/11085 дугаар захирамж гарч /хх 28/ 01324 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж /хх 25/, 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 16270658 дугаар тогтоолоор /хх 29/ гүйцэтгэх ажиллагаа үүссэн байна.

Хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль зөрчсөн үйл баримт тогтоогдоогүй Т.Энхтөрийн нэхэмжлэлийг хангах боломжгүй. 

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК Сонгино-Хайрхан дүүрэг, 12-р хороо, ШЗ 5-р байр, 22 тоот  орон сууцны үнийг  зах зээлийн аргаар тооцсон байх тул /хх 59/  “...орон сууцны 2 өрөөг үнэлэхдээ 12 давхар байрыг  9 давхар гэж буруу бичсэн...” гэх гомдлоор нэхэмжлэлийг хангах нь  Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-г зөрчих тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 394 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/01345 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч байгууллага хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлөөгүй болохыг дурдсугай. 

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ