Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 1109

 

               Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

            улсын яллагч Н.Уранбайгаль

           хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С....,

            шинжээч М.Аригуунтөгс

          шүүгдэгч Т...., түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

 

          Шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ...ийн ...-д холбогдох 1803003810248 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

           Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан овоо ...тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ...ийн ... /РД: .../.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

  Яллагдагч Т.... нь 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 14 цаг 16 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, “Мандал-Овоо” ...тоот хашааны баруун замд “Huyndai sonata-5” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, мөн дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна" гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас онхолдож автомашинд сууж явсан зорчигч С....ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. /прокурорын яллах дүгнэлтээс/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

            1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...... ах, ...ах, манай аав гурав хамт явсан талаар тэр өдрөө мэдсэн. Манай аав ослын талаар ямар нэгэн зүйл яриагүй. Тухайн өдөр аавтайгаа хамт гэмтлийн эмнэлэг орж үзүүлсэн. Ослоос ямар нэгэн гэмтэл байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд шууд гэртээ очсон. Маргааш орой нь аавын биеийн байдал нь эвгүй болохоор нь түргэн дуудсан. Түргэний эмч аавыг үзээд хууч өвчин байна. Зүрх муу байна гэж хэлсэн. Маргааш дүүргийн эмнэлэгтээ үзүүлээрэй гэж хэлээд өвчин намдаах эм өгөөд явсан. Би ажил руугаа явчихаад ирэх хооронд манай аав гэртээ нас барсан байсан. ... ... миний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, ер нь манай аав зүрх муутай байсан. Миний бодлоор манай аав зүрх болон хууч өвчнөөсөө болж нас барсан байх гэж бодож байна. …” гэх мэдүүлэг /хх 19-20 х/,

 

            2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С....ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Түүнийг хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. Аав маань надтай хамт амьдардаг байсан, осолд орсноосоо хойш 2 хоногийн дараа нас барсан, талийгаачийн зүрх нь өвддөг, архаг сүрьеэтэй байсан ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

           3.Шүүгдэгч Т....ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2018.04.28 ны өдөр 14 цагийн орчимд хадам аавын ах ..., хадам ... нарын хамтаар гэрээсээ гараад би өөрийнхөө эзэмшлийн ...дугаартай Х.Сонота-5 маркын автомашиныг жолоодоод ханын материал орохоор хөдөлж явсан. Талийгаач ... ах арын сандалд суугаад хадам аав ... жолоочын хажуу талын урд сандалд сууж явсан. Ингээд би зам товчлоод Мандал овоогийн 41-р гудамжаар ороод ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээгээ 40 орчим км/цагийн хурдтай явж байгаад гэнэт урд жалга харагдахаар нь тоормос гишгэсэн боловч зогсолгүй тэр чигээрээ жалга руу орж онхолдсон. Хүмүүс ирээд бид нарыг татаж гаргасан. Цагдаа ирсэн. Дараа нь түргэн ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх 53-54 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

          4.Гэрч С....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр би хамт явсан. Би жолоочийн хажуу талын сандалд сууж явсан. Миний биед гэмтэл учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 26 х/,

 

          5.Шинжээчийн 5427 дугаар дүгнэлт.

              Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:

              1.Зүрхний булчингийн эмгэгшил.Томролтот хэлбэр, булчингийн ширхэгийн томрол, чичирхийлэл.Титэм судасны хатуурал.

              2.Тархи, уушигны хаван.Дотор эрхтний цус эргэлтийн хямрал.

              3.Элэгний өөхлөлт.Ходоодны архаг үрэвсэл.Уушгины хатгаа.Бөөрний түүдгэнцрийн архаг үрэвсэл, Зүүн талын олон хавирганы хугарал.

              Дүгнэлт:

1.С....ын биед зүун 5, 6, 7. 8, 9-р хавирганы шууд бус хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгиин гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3. зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

3.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4.Талийгаач нь В / III / бүлгийн цустай байжээ.

5.2018.04.30-ны 05:30 цагт цогцосны анхны үзлэг хийхэд талиигаач нас бараад 2-4 цаг болсон байжээ.

6.Талийгаачийн цус, ходоодны шингэн, шээсэнд слиртийн агууламж илрээгүй. Шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна.

7.Талийгаач нь зүрхний булчингийн эмгэгшил өвчний улмаас зүрх зогсож нас баржээ. гэх дүгнэлт /хх 140-143 х/,

 

            6.Шинжээч М.Аригуунтөгсийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, ахлагч дэслэгч Б.Банзрагч гэх мөрдөгчийн тогтоолоор цогцост шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр нэгдүгээрт зүрхний булчингийн эмгэгшил, томролтод хэлбэр, булчингийн ширхэгийн томролт, чичирхийлэл, титэм судасны хатуурал, хоёрдугаарт тархи, уушигны хаван, дотор эрхтний цус эргэлтийн хямрал, гуравдугаарт элэгний өөхлөлт, ходоодны архаг үрэвсэл, уушигны хатгаа, бөөрний төв тэнцвэрийн архаг үрэвсэл, зүүн талын олон хавирганы хугарал гэх оношууд гарсан. Бид нэгдүгээр оношин дээр шууд үхэлд хүргэсэн өвчнийг, хоёрдугаар оношин дээр үхэлд хүргэсэн өвчний хүндрэлийг, гуравдугаар оношин дээр үхэлтэй хамааралгүй архаг хууч өвчнийг тавьдаг. Дүгнэлт хэсэг дээр С....ын биед зүүн 5, 6, 7, 8, 9 дүгээр хавирганы шууд бус хугарал гэмтэл тогтоогдсон. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа. Элэгний өөхлөлт, ходоодны архаг үрэвсэл, уушигны хатгаа, бөөрний архаг үрэвсэл зэрэг өвчнүүд нь үхэлд нөлөөлөөгүй. Цус, ходоодны шингэн, шээсэнд спиртийн болон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Зүрхний булчингийн эмгэгшил өвчний улмаас нас барсан. Энэ нь зүрх дэлсэж буюу гэнэт зүрх зогсож нас бардаг өвчин ..., Амь хохирогчийн нас барахаас хоёр хоногийн өмнө автомашинтай жалга руу онхолдсон нь тухайн зүрхний өвчинтэй холбогдохгүй. Эд эсийн шинжилгээгээр дамжуулж үзэхэд амь хохирогч зүрхний булчингийн эмгэгшил өвчинтэй болох нь батлагдсан бөгөөд зүрх гэнэт зогсдог өвчин, жалга руу машинтай онхолдсон хүн цочролд ороод үхэлд хүргэсэн гэж үзэхгүй, учир нь хоёр хоногийн дараас нас барсан байна ...” гэх тайлбар /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

           7.2018 оны 06 дугаар сарын 01ий өдрийн 128 дугаартай мөрдөгчийн магадлагаа:

             Шинжилгээний үр дүн, тогтоогдсон нөхцөл байдлын талаар: Явган зорчигч Сампилдондовын ...ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. ШШҮХ-ийн шинжээч эмч Аригуунтөгсын гаргасан № 1000 дугаартай дүгнэлт байгаа болно.

               Х.Сонота-5 маркийн ...улсын дугаартай автомашины жолооч ...ын ... нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох.” 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. гэх магадлагаа /хх 47-48 х/, 

           8.Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл “... 3,13 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” /хх 13 х/

 

            9.Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл  /хх 7 х/

            10.Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 10-12 х/

            11.Т....ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 55 х/

            12.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 59 х/

            13.Прокурорын тогтоол /хх 30, 35-36 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой.

2018 оны 04 сарын 30-ны өдөр С....ын гэртээ нас барсан хэрэгт Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шинжээч томилж дүгнэлт гаргуулж, С.... нь зүрхний эмгэгшил өвчний улмаас нас барсан асуудал Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Уг прокурорын тогтоол /хх 30, 35-36 х/ хуулийн хүчинтэй.

Уг дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд учирсан “олон хавирганы хугарал” бүхий хүндэвтэр гэмтэлд Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос хэрэг бүртгэлтийн хэрэг нээж Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргуулсан эх хувиас нь буюу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс хуулбар үнэн тэмдэг дарж, гарын үсэг зурж үнэн зөвийг баталгаажуулан ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагад нийцэж байгаа, уг дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1, 27.2, 27.3, 27.4 дэх хэсгийн 2, 3, 27.6, 27.7 /хх 71, 72 х/-д заасан шаардлагуудыг хангасан, хэргийн оролцогч талуудаас энэ талаар гомдол, хүсэлт гаргаагүй тул уг дүгнэлтийг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журамд нийцсэн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гэж шүүх үзсэн.

Шинжээчийн дүгнэлттэй холбоотой нэмэлтээр тодруулах асуудлыг улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын саналаар шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд нийцсэн болно.

Т.... нь 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 14 цаг 16 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, “Мандал-Овоо” ...тоот хашааны баруун замд Huyndai sonata-5 загварын ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, мөн дүрмийн 9.1-д “... замын … нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна" гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас онхолдож автомашинд сууж явсан зорчигч С....ын эрүүл мэндэд зүүн 5, 6, 7, 8, 9-р хавирганы шууд бус хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

 

- Шүүгдэгч Т....ийн “...Талийгаач ... ах арын сандалд суугаад хадам аав ... жолоочийн хажуу талын урд сандалд сууж явсан. Ингээд би зам товчлоод Мандал овоогийн 41-р гудамжаар ороод ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээгээ 40 орчим км/цагийн хурдтай явж байгаад гэнэт урд жалга харагдахаар нь тоормос гишгэсэн боловч зогсолгүй тэр чигээрээ жалга руу орж онхолдсон. Хүмүүс ирээд бид нарыг татаж гаргасан. ...” гэх мэдүүлэг /хх 53-54 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

          - Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.... “...Тухайн өдөр аавтайгаа хамт гэмтлийн эмнэлэг орж үзүүлсэн. Ослоос ямар нэгэн гэмтэл байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд шууд гэртээ очсон. Маргааш орой нь аавын биеийн байдал нь эвгүй болохоор нь түргэн дуудсан. Түргэний эмч аавыг үзээд хууч өвчин байна. Зүрх муу байна гэж хэлсэн. Маргааш дүүргийн эмнэлэгтээ үзүүлээрэй гэж хэлээд өвчин намдаах эм өгөөд явсан. Би ажил руугаа явчихаад ирэх хооронд манай аав гэртээ нас барсан байсан. ...” / гэх мэдүүлэг /хх 19-20 х/,

           - Шинжээчийн 5427 дугаар дүгнэлт:

           Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:

              1.Зүрхний булчингийн эмгэгшил.Томролтот хэлбэр, булчингийн ширхэгийн томрол, чичирхийлэл.Титэм судасны хатуурал.

              2.Тархи, уушигны хаван.Дотор эрхтний цус эргэлтийн хямрал.

              3.Элэгний өөхлөлт.Ходоодны архаг үрэвсэл.Уушгины хатгаа.Бөөрний түүдгэнцрийн архаг үрэвсэл, Зүүн талын олон хавирганы хугарал.

            Дүгнэлт хэсэг:

1.С....ын биед зүүн 5, 6, 7, 8, 9-р хавирганы шууд бус хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгиин гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

3.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4.Талийгаач нь В / III / бүлгийн цустай байжээ.

5.2018.04.30-ны 05:30 цагт цогцосны анхны үзлэг хиихэд талиигаач нас бараад 2-4 цаг болсон байжээ.

6.Талийгаачийн цус. ходоодны шингэн, шээсэнд слиртийн агууламж илрээгүй. Шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна.

7.Талийгаач нь зүрхний булчингийн эмгэгшил өвчний улмаас зүрх зогсож нас баржээ. гэх дүгнэлт /хх 32-34 х/,

- Шинжээч М.Аригуунтөгсийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... талийгаач зүрхний булчингийн эмгэгшил өвчний улмаас нас барсан. Энэ нь зүрх дэлсэж буюу гэнэт зүрх зогсож нас бардаг өвчин ..., Амь хохирогчийн нас барахаас хоёр хоногийн өмнө автомашинтай жалга руу онхолдсон нь тухайн зүрхний өвчинтэй холбогдохгүй. Эд эсийн шинжилгээгээр дамжуулж үзэхэд амь хохирогч зүрхний булчингийн эмгэгшил өвчинтэй болох нь батлагдсан бөгөөд зүрх гэнэт зогсдог өвчин, жалга руу машинтай онхолдсон хүн цочролд ороод үхэлд хүргэсэн гэж үзэхгүй, учир нь хоёр хоногийн дараас нас барсан байна ...” гэх тайлбар /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

           - 2018 оны 06 дугаар сарын 01ий өдрийн 128 дугаартай мөрдөгчийн магадлагаа:

             Шинжилгээний үр дүн, тогтоогдсон нөхцөл байдлын талаар: Явган зорчигч Сампилдондовын ...ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. ШШҮХ-ийн шинжээч эмч Аригуунтөгсын гаргасан № 1000 дугаартай дүгнэлт байгаа болно.

               Х.Сонота-5 маркийн ...улсын дугаартай автомашины жолооч ...ын ... нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:а/ согтууруулах ундаа, ... хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох.” 9.1-д “... замын … нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна" гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. гэх магадлагаа /хх 47-48 х/,   

           - Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл “... 3,13 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” /хх 13 х/

            - Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл  /хх 7 х/

            - Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 10-12 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас автомашинд сууж явсан зорчигч С....ын бие махбодид хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэх  Прокурорын дүгнэлтийн талаар:

            Т.... нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний 2.7. а/ согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, мөн дүрмийн 9.1-д “Жолооч ... замын ... нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна" гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангах гол шалгуур нь Т....ийн автомашин жолоодож явахдаа хийсэн дүрмийн бус үйлдэл, хохирогч С....ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан хор уршгийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх, мөн болгоомжгүй үйлдэл, хор уршиг цаг хугацааны хувьд дараалсан шинжтэй, уг үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой.

           Дээрх нөхцөл байдлыг шалгуур болговол Т....ий хөдөлгөөний дагуу үзэгдэх орчныг харгалзан замын нөхцөлд хурдаа зөв тохируулж яваагүй, мөн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлээс зам тээврийн осол гарч С....ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хууль бус үйлдэл, түүний улмаас үүдэн гарсан хор уршиг хоёр шууд шалтгаант холбоотой, мөн хохирогч С....ын эрүүл мэндэд учирсан гэмтлийг Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ...” гэх дүгнэлт /хх 32-34 х/-ээр уг гэмт хэргийн объектив талын шинжүүд хангагдсан.

 

            Уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь согтуугаар үйлдсэн байхыг шаардсан бөгөөд Т.... зам тээврийн осол гаргахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь хавтаст хэргийн 13 дугаар талд авагдсан үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн.

Болгоомжгүй гэдэгт: Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан болохыг ойлгоно.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг.

Т.... автомашин жолоодож явахдаа “согтуурсан, замын нөхцөлд хурдаа зөв тохируулж яваагүй” өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарласан, түүний дээрх үйдлийн улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч өөртөө найдан машин жолоодож явахдаа аюул тулгарсан үед зогсоох арга хэмжээ авч чадалгүй осол гаргаж автомашинд зорчиж явсан С....ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хор уршигт хүргэжээ гэж дүгнэх боломжтой.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Т....ийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

           

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг /хх 19-20 х/-ээр тогтоогдож байгаа тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй.

 

Улсын яллагч: Т....ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилээр хасч, 01 жилийн хорих ял санал болгосон.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, зүйлчлэл дээр маргахгүй, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү? гэх саналыг гаргасан.

 

            Шүүгдэгч Т....ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, үйлдсэн гэмт хэрэг нь хор уршгийн хувьд их биш, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2  дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх шаардлагыг хангаж байна.

 

            Т....ийн согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд нь тохирсон гэж шүүх үзсэн.

 

                        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй бусдад төлөх төлбөргүй зэргийг шийтгэх тогтоолд дурьдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Т....ийн 2018.08.28-11.05 хүртэл цагдан хоригдсон 69 хоногийг шийтгэх тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Боржигон овогт ...ийн ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Т....ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар Т....д согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн 02 жилийн хугацаанд шүүхээс хэрэглэсэн хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Т....д мэдэгдсүгэй.

   5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т....ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

6.Т....ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, 69 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т....-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДАШДОНДОВ