Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 1088

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

Улсын яллагч Х.Анхцэцэг,

Шүүгдэгч Л...., түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам /ҮД:0192/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Оготор овогт ...ын ...т холбогдох 1808052231463 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, “...” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтай ... тоотод оршин суух, урьд

2011 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 cap хорих ялаар шийтгүүлсан, Оготор овогт ...ын ... /.../.

.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

 

            Л.... нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б....ийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

1. Хохирогч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт махны зооринд ажиллаад дууссан. Би ...бид 4 хамт архи уугаад сууж байсан чинь ... гэх залуу бид нар дээр ирсэн. Тэгээд ..., ... хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би ..., ... хоёрыг салгах гэж голоор нь орсон чинь ... намайг бариад авсан. ... намайг хаана, юугаар хэдэн удаа цохисныг нь санахгүй байна. Нэг сэрсэн чинь миний амнаас цус гарсан байсан. Миний биед учирсан 1 шүдний сулрал, уруулын дотор салстын шарх бүхий гэмтлийг ... учруулсан. ...ыг хүмүүс Ханхүү гэж дуудаад байсан. Бүтэн нэрийг нь ... гэдэг юм байна лээ. ...” гэх мэдүүлэг /хх 10 х/,

 

            2.Шүүгдэгч Л....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 29-ний өглөө эмээлтэд ажилдаа очсон. Орой ажил дуусах гэж байхад ..., ... бид 5 хамт 0.75 литрийн Хараа архи уусан. ... бид хоёр гадаа гараад хоорондоо юм яриад зогсож байтал ... араас гарч ирээд та хоёр хоорондоо юу яриад байгаан гэхээр нь би чи цаашаа байж бай чамтай юм ярихгүй гэж хэлсэн чинь намайг үгээр өдөөд тэгээд бид хоёр хоорондоо маргалдсан. Би ...ийг гараараа нүүр лүү нь цохисон. ...би энэ үйлдэлдээ маш их гэмшиж байна, дахин гэмт хэрэг үйлдэхгүй. ... хохиролд 200,000 төгрөг төлсөн, мөн хохирогчоос уучлах гуйсан, гэм буруу дээр маргаан байхгүй ...” гэх мэдүүлэг /хх 34 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

            3.Гэрч Г....ын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018-оны 10-р сарын 29-ны өдөр СХД-н 32-р хороо Эмээлтийн задгай гэх газар ... бид 2 хамт ажил хийж байсан. Тэгээд өдөр 15 цагт манай ажил дуусаад би урд гэрлүү орсон ... хойд гэрлүү орсон. Би цагийг нь мэдэхгүй байна гэрээс гарч тамхи татаад байж байтал ..., ... 2 хоорондоо маргалдаад байсан. Тэр 2-г юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй. ..., ... 2 найз ...гэх залуутай хойд талын гэрт архи уугаад байсан. Би урд талын гэрт байсан. ..., ...ийг хаана нь юугаар цохисон талаар мэдэхгүй байна. ...... нь цагаан сэтгэлтэй, хүнд тусархуу, хүнтэй их эвсэг, яриа хөөрөөтэй, хүнтэй маргалдаад байдаггүй, хүнд гэмгүй, аав, ээж, үр хүүхэддээ хайр халамжтай, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй хүн байгаа юм. ...” гэх мэдүүлэг /хх 15-16 х /,

 

4.Шинжээчийн 13466 тоот дүгнэлт

1.Б....ийн биед 1 шүдний сулрал, уруулын дотор салстын шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.5.6.Дээрх гэмтэл нь хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй.

7.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.    

8.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 18 х/,

 

5.Хохирлын баримт /хх 6 х/

6.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 36 х/

7.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 37 х/

8.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 38 х/

9.Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 39 х/

10.Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 41 х/

11.Л....ын зан байдлын тодорхойлолт /хх 30 х/

12.... ХХК-ийн цалингийн тодорхойлолт /хх 45 х/

13.Хохирогч, шүүгдэгч нар эвлэрсэн тухай баримт /хх 49 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

Шүүгдэгч Л.... нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 17 цагийн үед  Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмээлтийн задгайд байрлах “...”  ХХК-ийн барилгын ажлын талбай дээр архидан согтуурсан үедээ Б....той хэл амаар сөргөөцөлдөн улмаар нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “1 шүдний сулрал, уруулын дотор салстын шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Б....ийн “... ... намайг хаана, юугаар хэдэн удаа цохисныг нь санахгүй байна. Нэг сэрсэн чинь миний амнаас цус гарсан байсан. Миний биед учирсан 1 шүдний сулрал, уруулын дотор салстын шарх бүхий гэмтлийг ... учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх 10 х/,

            Шүүгдэгч Л....ын “... ... араас гарч ирээд та хоёр хоорондоо юу яриад байгаан гэхээр нь би чи цаашаа байж бай чамтай юм ярихгүй гэж хэлсэн чинь намайг үгээр өдөөд тэгээд бид хоёр хоорондоо маргалдсан. Би ...ийг гараараа нүүр лүү нь цохисон. ...би энэ үйлдэлдээ маш их гэмшиж байна, ...” гэх мэдүүлэг /хх 34 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

            Гэрч Г....ын  “... ..., ... 2 хоорондоо маргалдаад байсан. Тэр хоёрыг юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 15-16 х /,

Шинжээчийн 13466 тоот дүгнэлт

1.Б....ийн биед 1 шүдний сулрал, уруулын дотор салстын шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.5.6.Дээрх гэмтэл нь хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй.

7.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.    

8.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 18 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Л.... нь хохирогч Б....ийн нүүрэн тус газар гараараа  цохиж хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх 18 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.     

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг.  

Шүүгдэгч Л.... хүний нүүр рүү гараараа цохисон өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.  

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Л....ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

            Хохирогч Б.... эмчилгээний зардалд баримтаар 169,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хохирлын төлбөрийг шүүгдэгч төлсөн, цаашид нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний бичгээр гаргасан баримт /хх 49 х/-аар  тогтоогдсон тул Л....ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.

 

            Улсын яллагч: Шүүгдэгч Л....т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан.

 

            Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар: Гэм буруу, хэргийн зүйлчлэл, улсын яллагчийн гаргасан ялын санал дээр маргаагүй болно.

 

            Л.... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хувийн байдлын хувьд урьд 1 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан хэдий ч түүнд оногдуулах ял шийтгэлийг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдалд тооцогдохгүй, ажил хөдөлмөр эрхэлдэг, мөн прокурорын ялын талаар гаргасан санал зэргийг харгалзан түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Оготор овогт ...ын ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л....ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Л....т үүрэг болгосугай.

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Л....т мэдэгдсүгэй.

  5.Л....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ