Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 1092

 

  Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

Улсын яллагч Р.Очирсүрэн,

Шүүгдэгч Б...., түүний өмгөөлөгч Л.Батаа /ҮД:1824/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт ...ын ...д холбогдох 1808048831329 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

  Монгол улсын иргэн 1989 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймаг Цагааннуур суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д туслах ажилтан, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Чулуутын ...тоотод түр оршин суух, урьд

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 05 сарын хорих ялаар шийтгэгдэж, 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Монгол овогт ...ын ... /.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга.

 

Б.... нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 37 дугаар гудамжны 25 тоотод оршин суух иргэн С....ы орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч самсунг маркийн 32 инч LCD зурагт, самсунг-37 маркийн гар утас, 1 шил виски архи зэрэг эд зүйлсийг хулгайлан авч бусдад 599.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

           1.Хохирогч С....ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 10 сарын 19-ний өглөө гэртээ ганцаараа үлдээд урьд шөнө нь ажил дээр хоносон учраас өглөөний 10 цагийн үед унтлагын өрөөнд ороод унтсан. Унтахын өмнө өөрийн эзэмшлийн самсунг Ж-7 маркийн гар утсаа хажуудаа цэнэглээд унтсан. Тэгсэн 17 цаг 50 минутын үед эхнэр намайг сэрээгээд манай дунд охин аав “зурагт алга болчихсон байна” гэсэн. Бид нар юу болов гэж гайхан алдагдсан эд зүйлсээ бүртгэж үзэхэд цэнэглээд үлдээсэн байсан гар утас, шүүгээнд байсан 1.75 литрийн виски алдагдсан байсан. Ингээд цагдаагийн байгуулагад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 16 х/,

2.Шүүгдэгч Б....гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ... гэх таньдаг залуутай 2 шил архи авч уусан. Ингээд ...гаас салаад гэрлүүгээ очтол гэрт хүн байхгүй байхаар нь дүү ...ынд очиход гэр нь цоожтой байсан. Тэгэхээр нь буцаж гараад тухайн хашаанд байх нийтийн байрны эзний байшинд орсон. Тэнд ороход гэрийн эзэн цаана орон дээрээ унтаж байсан. ... тэгэхээр нь би чимээгүй гэрт ороод цэнэглэж байсан самсунг-Ж7 гар утас, 32 инчийн зурагт, нэр хаягийг нь мэдэхгүй виски байхаар нь аваад гарсан. Тэгээд тэр айлаасаа эд зүйл авч гараад Хархорин захын наана зам дагуу алхаж байтал цагдаа нарт баригдсан. ...” гэх мэдүүлэг /хх 42 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

            3.Гэрч Э....ын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би 2018 оны 10 сарын 19-ний өглөө 06.30 гээд ажил руугаа явахад гэрт аав ээж, манай 3 хүүхэд үлдсэн. Нөхөр өглөө 08 цагт гэртээ ирсэн. Аав, ээж 2 манай том охиныг эмнэлэгт үзүүлнэ гээд аваад явсан. Харин нөхөр гэрт унтаад үлдсэн. Орой 18 цаг 30 гээд манай ажил дээр аав, ээж том охин, мөн цэцэрлэгийн 2 хүүхдээ авчихаад бид нар бөөнөөрөө гэрт 17 цаг 50 минутын орчимд ирэхэд байшингийн хаалга онгорхой, нөхөр хаахгүй орхисон юм байхдаа гэж бодоод гэрт ортол том өрөөнд байсан 32 инчийн самсунг брэндийн ЛД зурагт байхгүй, шүүгээнд байсан бүтэн задлаагүй виски байхгүй байсан. Би гайхаад унтлагын өрөөнд яваад ортол нөхөр унтаж байсан бөгөөд нөхрийн самсунг Ж-7 маркийн саарал өнгөтэй гар утас бас алга болсон байсан. Нөхрөө сэрээгээд энэ тухай хэлж асуухад нөхөр юу ч мэдэхгүй байсан учир цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 18 х/

4.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5-6 х/

5.Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-9 х/

6.Эд зүйл, бичиг баримт түр хураан авсан тэмдэглэл /хх 11 х/

7.Эд зүйл хүлээлгэн өгсөн баримт /хх 12 х/

8.“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 23-24 х/

9.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 34 х/

10. “...” ХХК-ийн тодорхойлолт /хх 63 х/  

            11.Ял шийтгэлийн тэмдэглэл /хх 37 х/

12.Шийтгэх тогтоолын хуулбар /хх 51-54 х/

13.Хорих 407 дугаар нээлттэй ангийн тодорхойлолт  /хх 64-69 х/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цулуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн.

 

Б.... нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 цагийн орчимд архидан согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 37 дугаар гудамжны 25 тоотод оршин суух иргэн С....ыг гэртээ унтаж байх хойгуур нууцаар, хууль бусаар нэвтэрч самсунг маркийн 32 инч LCD зурагт, самсунг-Ж7 маркийн гар утас, 1 шил виски архи зэрэг эд зүйлсийг хулгайлан авч бусдад 599,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

           - Хохирогч С....ы “... Унтахын өмнө өөрийн эзэмшлийн самсунг Ж-7 маркийн гар утсаа хажуудаа цэнэглээд унтсан. Тэгсэн 17 цаг 50 минутын үед эхнэр намайг сэрээгээд манай дунд охин аав “зурагт алга болчихсон байна” гэсэн. Бид нар юу болов гэж гайхан алдагдсан эд зүйлсээ бүртгэж үзэхэд зурагт, гар утас, шүүгээнд байсан 1.75 литрийн spiced Rum нэртэй виски алдагдсан байсан. Ингээд цагдаагийн байгуулагад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 16 х/,

           - Шүүгдэгч Б....гийн “... айлд ороход гэрийн эзэн цаад өрөөнд орон дээрээ унтаж байсан, ... тэгэхээр нь би чимээгүй гэрт ороод цэнэглэж байсан самсунг-Ж7 гар утас, 32 инчийн зурагт, нэр хаягийг нь мэдэхгүй виски байхаар нь аваад гарсан Тэгээд тэр айлаасаа эд зүйл авч гараад Хархорин захын наана зам дагуу алхаж байтал цагдаа нарт баригдсан. ...” гэх мэдүүлэг /хх 42 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

            - Гэрч Э....ын  “... бид нар бөөнөөрөө гэрт 17 цаг 50 минутын орчимд ирэхэд байшингийн хаалга онгорхой, нөхөр хаахгүй орхисон юм байхдаа гэж бодоод гэрт ортол том өрөөнд байсан 32 инчийн самсунг брэндийн ЛД зурагт байхгүй, шүүгээнд байсан бүтэн задлаагүй виски байхгүй байсан. Би гайхаад унтлагын өрөөнд яваад ортол нөхөр унтаж байсан бөгөөд нөхрийн самсунг Ж-7 маркийн саарал өнгөтэй гар утас бас алга болсон байсан.Нөхрөө сэрээгээд энэ тухай хэлж асуухад нөхөр юу ч мэдэхгүй байсан учир цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 18 х/,

- Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх 11 х/

- Эд зүйл хүлээлгэн өгсөн баримт /хх 12 х/

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 23-24 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Хулгайлах гэм хэргийн нөхцөл байдалд болон шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлага бусад нөхцөл байдлын талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 Гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруутай үйлдэл, хохирлын хоорондын шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хохирол хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хохиролд зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой. Үүнийг шалгуур болговол иргэн С....ы орон гэр лүү шүүгдэгч Б.... хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйлсийг авснаас эд хөрөнгийн хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон.

 

Шүүгдэгч Б....гийн хүн унтаж байх хойгуур нууцаар, бусдын амь бие эрүүл мэнд, эрх, эрх чөлөөнд халдаж хүч хэрэглэхгүйгээр, эрх бүхий хүмүүсийн зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар бусдын байнга амьдрах зориулалттай орон байрнаас эд зүйл авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангаж байгаа.

 

Шүүгдэгч Б....гийн хулгай хийх зорилгоор нэвтэрсэн объект нь хүн байнга амьдрах зориулалттай орон байр тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэг нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг

 

                Шүүгдэгч Б.... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч, дээрх хохиролд зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.   

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б....гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

Хохирогч С....ы гэрээс хулгай хийсэн эд зүйлээ буцаан өгсөн болох Эд зүйл хүлээлгэн өгсөн баримт /хх 12 х/-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

Улсын яллагч:Шүүгдэгч Б....г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, 03 жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх санал гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч:Хохирлыг буцаан өгснийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцох, гэм буруугаа хүлээж байгаа, бусдад төлөх төлбөргүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлаж ял оноож өгнө үү ? гэх саналыг гаргасан.

 

            Шүүгдэгч Б....гийн хулгайлсан эд зүйлээ авч яваад цагдаад баригдаж хураалгасныг хохирлыг өөрийн сайн дураар нөхөн төлсөн гэх нөхцөл байдалтай адилтгаж ойлгох боломжгүй учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглүүлэх өмгөөлөгчийн саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд урьд 1 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуугаар үйлдсэн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, бусдад учруулсан хохирол, хор уршиг их биш зэргийг тал бүрээс нь харгалзан түүнд шүүхээс 02 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон гэж шүүх үзсэн.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Монгол овогт ...ын ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хэсэгт зааснаар Б....г 02 жилийн хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б....гийн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Б....гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ДАШДОНДОВ