Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 1115

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,

Улсын яллагч Н.Ундрах,

Шүүгдэгч Б.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ...ын ...т холбогдох 1708008190376  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн нарангийн ...тоотод оршин суух,

- Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 255 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 228 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 334 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 540,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

- Сонгинохайрхан дүүргийн 2013 оны 539 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 08 сарын 28 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, регистрийн дугаар /.../, Боржигон овогт ...ын ....

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

 

Б.... нь 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр хороолол төвийн гаднаас иргэн Л....ийн гээгдүүлсэн 490.000 төгрөгний үнэ бүхий ай фонь 5 эс, самсунг макийн 2 ширхэг гар утсыг авч завшсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

1. Хохирогч Л....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Нэг залуу өөдөөс хүрч ирээд намайг заамдаж аваад цамцны захаар боохоор нь би бариад автал намайг халз хутгаад унагаасан. Миний дээр гараад боогоод мөргөөд би муужраад ирэхээр нь гараа явуулаад газар тэмтэрч байгаад чулуу аваад тэр залуугийн толгой руу цохисон. Нэг сэрэхэд би Мөнгөн гүүр эмнэлгийн урд хэвтэж байсан. Намайг боож унагасан залуу миний хажууд хэвтэж байсан. Би халаасаа ухаад үзтэл халаасанд байсан гар утаснууд байхгүй байсан. Миний гар утас ...той зууралдаж байхад газар унасан. ... хоёр гар утас байсан, албан ёсоор үнэлгээ хийлгэсэн байгаа. Миний хувьд энэ хоёр утсыг нэхэмжлэхгүй, буянаараа болог, өөр хэлэх зүйлгүй. ...” гэх мэдүүлэг /хх 15-18, 19-20, 150-151 х/,

 

2.Шүүгдэгч Б....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... би архиа ууж байгаад эргээд хартал газар 2 ширхэг гар утас унасан байхаар нь авчихсан юм. Би нэг гар утсыг нь Саппорогийн автобусны буудал дээр микро автобусны жолоочид 20.000 төгрөгөөр зарсан. ...” гэх мэдүүлэг /хх 64-66, 156-157, 158-160 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

3.Гэрч Б....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “... Хохирогч ах босч ирээд хамт байсан хүмүүс чинь хаана байна миний гар утсыг аваад явчихлаа гээд намайг босгоод араас нь явах гэтэл би ухаан алдаад унасан. ...” гэх мэдүүлэг /хх 22-24 х/,

 

4.“Ай фоне 5s загварын гар утас 310,000 т, Самсунг загварын гар утас 180,000 төгрөг нийт 490,000 төгрөгийн үнэлгээтэй” гэх Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 39-42 х/

5.П....ын банкуудад дансгүй, хадгаламж, бэлэн мөнгөгүй тухай лавлагаанууд /хх 131-136 х/

6.Б....ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 39 х/

7.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 137 х/

8.Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 139-148 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

Б.... нь 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр хорооллын 01 дүгээр байрны урд талаас Л....ийн гээгдүүлсэн 490,000 төгрөгний үнэ бүхий ай фонь 5 эс, самсунг загварын 2 ширхэг гар утсыг бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж завшсан болох нь:

 

Хохирогч Л....ийн “...Нэг залуу өөдөөс хүрч ирээд намайг заамдаж аваад цамцны захаар боохоор нь би бариад автал намайг халз хутгаад унагаасан. Миний дээр гараад боогоод мөргөөд би муужраад ирэхээр нь гараа явуулаад газар тэмтэрч байгаад чулуу аваад тэр залуугийн толгой руу цохисон. Нэг сэрэхэд би Мөнгөн гүүр эмнэлгийн урд хэвтэж байсан. Намайг боож унагасан залуу миний хажууд хэвтэж байсан. Би халаасаа ухаад үзтэл халаасанд байсан гар утаснууд байхгүй байсан. Миний гар утас ...той зууралдаж байхад газар унасан. ... хоёр гар утас байсан, албан ёсоор үнэлгээ хийлгэсэн байгаа ...” гэх мэдүүлэг /хх 15-18, 19-20, 150-151 х/,

 

Шүүгдэгч Б....ын “... би архиа ууж байгаад эргээд хартал газар 2 ширхэг гар утас унасан байхаар нь авчихсан юм. Би нэг гар утсыг нь Саппорогийн автобусны буудал дээр микро автобусны жолоочид 20,000 төгрөгөөр зарсан. ...” гэх мэдүүлэг /хх 64-66, 156-157, 158-160 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

Гэрч Б....ын  “... Хохирогч ах босч ирээд хамт байсан хүмүүс чинь хаана байна миний гар утсыг аваад явчихлаа гээд намайг босгоод араас нь явах гэтэл би ухаан алдаад унасан. ...” гэх мэдүүлэг /хх 22-24 х/,

 

“Ай фоне 5s загварын гар утас 310,000 т, Самсунг загварын гар утас 180,000 төгрөг нийт 490,000 төгрөгийн үнэлгээтэй” гэх Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 39-42 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

            Б....ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж завшсан гэмт хэргийн нөхцөл байдал, түүнд оногдуулах ял шийтгэл, бусад нөхцөл байдлын талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

Хохирогчийн бусадтай ноцолдох явцдаа унагаасан байсан 490,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг гар утсыг шүүгдэгч бусдын эзэмшлийнх болохыг мэдсээр байж авч бусдад зарж борлуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаардсан бөгөөд шүүгдэгч Б....ын энэ гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирол 490,000 төгрөгөөр тогтоогдсон нь мөн зүйл хэсэгт заасан бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байгаа.

            Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

            Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг  

            Шүүгдэгч Б.... гээгдүүлсэн эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж зарсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.   

 

            Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б....ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

Уг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын дүн 490,000 төгрөгөөр тогтоогдсон тул уг хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Л....ид олгох нь зүйтэй.

 

Улсын яллагч:Б....т 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасан.

 

Шүүгдэгч: Гэм буруу дээр маргаагүй, ял шийтгэлийн хувьд хөнгөн ял оноож өгнө үү? гэх саналыг гаргасан.

 

           Б....ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд архидан согтуурсан үедээ үйлдсэн, хувийн байдлын хувьд урьд нь 4 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан нь ял хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдалд хамаарахгүй хэдий ч хувийн байдлын хувьд харгалзан үзэх нэг нөхцөл мөн, тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэггүй, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг арилаагүй, албадан хөдөлмөр эрхлүүлэхэд харшлах зүйлгүй зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд улсын яллагчийн санал болгосон 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

 

            Шүүгдэгч Б.... нь 2018 оны 11 сарын 07-ны өдрөөс 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 40 хоног цагдан хоригдсон хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасны дагуу цагдан хоригдсон 01 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 08 цагтай дүйцүүлж түүний эдлэх ялаас хасч тооцох нь зүйтэй.

            40 /цагдан хоригдсон хоног/ х 8 /цагдан хоригдсон нэг хоногтой дүйцэх цаг/ = 320 /нийтэд тустай ажил хийлгэх ял/,

            720 /шүүхээс оногдуулсан ял/ - 320 /урьдчилан цагдан хоригдсон хоногтой дүйцэх ял/ = 400 цаг /эдлэх ял/.

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Боржигон овогт ...ын ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б....ыг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Б....ын урьдчилан цагдан хоригдсон 40 хоног буюу 320 цагийг энэ тогтоолоор оногдуулсан 720 цагаас хасч 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б....т мэдэгдсүгэй. 

 

5.Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б....аас 490,000 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 2 дугаар байрны 105 тоотод оршин суух ХЙ64121511 регистрийн дугаартай Лхаасүрэнгийн ...ид олгосугай.

 

6.Б....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б....т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ