Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 1127

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Х.Анхцэцэг,

Хохирогч “Гор газ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Л....,

Шүүгдэгч Г.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хэвүүд овогт ...ын ...д холбогдох 1808048051456  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 28-нд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг, 6 дугаар хороо, Нүн ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хэвүүд овогт ...ын ... /.../.

.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

Г.... 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гор Газ” ХХК-ийн түгээгчээр ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан 636.981 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтээс/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

1.Хохирогч “Гор газ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Л....ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Гор газ” ХХК-нд харуул түгээгчээр ажилласан. Тэгээд хамт ажиллаж байсан ... 21 цагийн үед над руу залгаад хамт гарч байсан түгээгч ... нь намайг хоол авч ирэх гээд явсан хойгуур ажлаа орхиод орлогын мөнгө аваад явсан байна гэхээр нь би дарга нарт мэдэгдсэн юм. ... тэр өдөр харуулын үүрэг гүйцэтгэсэн. Компани бол болохгүй гэж хэлдэг боловч энэ компанид харуул ч гэсэн миль хүлээн аваад хий түгээгээд байдаг жишиг тогтчихсон юм байна лээ. Бид нар миль заалтыг шахаж үзэхэд 636981 төгрөг дутсан байна. Түгээгч ... нь харуулаар гарч байхдаа орлогын мөнгөтэй харьцах эрхтэй, би тухайн өдрийн орлогын 636981 төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх 12 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

        2.Шүүгдэгч Г....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Фэйсбүүк үзэж байсан чинь “Гор Газ” ХХК түгээгч ажилд авна гэсэн зар байхаар нь би зарын дагуу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гор Газ” буюу Авто машин хийгээр цэнэглэх станцад очиж уулзаад 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажилд ороод 3 хоног дагалдан хийж байгаад 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр түгээгч ...ийн хамт ээлжинд гарсан юм. Тэгээд байж байтал түгээгч ... оройны 21 цагийн үед хоолонд яваад ирье чи байж байгаарай гээд явахаар нь би орлогын 636981 төгрөгийг аваад замын хойд талаас такси бариад хороолол орсон. Тэгээд би орлогын мөнгөөр архи авч уугаад буудалд орж хоноод үрсэн. ... ажилд орсон байгаа тул хохирлыг төлөхийг зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх 52 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

3.Гэрч Т....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...2018 оны 10 дугаар сарын 05-ны өглөө 09 цагаас ээлжээ хүлээн авч ажилласан. Үдээс хойш 16 цагт надтай хамт ээлжинд гарч ажиллах түгээгч, харуул ирэх ёстой байдаг юм. Түгээгч харуул бол үдээс хойш хийн милээ хүлээн аваад харуул, түгээгчийн аль аль үүргийг гүйцэтгэх ёстой байдаг юм. Энэ өдөр харуул түгээгчээр ...ын ... гэж шинээр ажилд орсон залуу ирсэн. Тэр 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулаад манай салбарт ажиллахаар томилогдон ирсэн байсан. Тэгээд би тэр залууд 16 цаг 30 минутанд хий түгээх станцийн миль буюу заалтаа шилжүүлэн өгч түүнээс хойш авто хий түгээсний орлогоо ... өөрөө авч байгаад өглөө 06-07 цагийн үед надтай тооцоо нийлж би хоногийн хугацаанд шахсан хийнийхээ тооцоог нийлж эрхлэгчид хүлээлгэн өгөх ёстой юм. Гэтэл ... 21 цаг хүртэл ажиллаад намайг хоолонд яваад ирэх хооронд хувцсаа солиод 16-21 цагийн хооронд түгээсэн авто хийний мөнгө болох 636981 төгрөгийг үлдээлгүй өөрөө аваад явчихсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 19 х/,

 

 4.Гэрч Н....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай нөхөр архи уугаагүй үедээ гэрийн ажил сайн хийдэг гэртээ хоёр хүүхдээ маш сайн хардаг. Архи уусан үедээ гэрийн үнэтэй гэх архинд хүрэх бүх юмаа зараад архи уудаг юм.  ...” гэх мэдүүлэг /хх 16-17 х/,

 

 5.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 27, 36 х/

          6.Хөдөлмөрийн гэрээ /хх 29-31 х/

          7.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 44 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

Г.... 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гор Газ” ХХК-ийн түгээгчээр ажиллаж байхдаа орлогын 636,981 төгрөгийг байгууллагын орлогод тушаалгүй авч яваад хувьдаа завшсан болох нь:

 

Хохирогч “Гор газ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Л....ийн “...2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Гор газ” ХХК-нд харуул түгээгчээр ажилласан. Тэгээд хамт ажиллаж байсан ... 21 цагийн үед над руу залгаад хамт гарч байсан түгээгч ... нь намайг хоол авч ирэх гээд явсан хойгуур ажлаа орхиод орлогын мөнгө аваад явсан байна гэхээр нь би дарга нарт мэдэгдсэн юм. ... Бид нар миль заалтыг шахаж үзэхэд 636981 төгрөг дутсан. Түгээгч ... нь харуулаар гарч байхдаа орлогын мөнгөтэй харьцах эрхтэй, би тухайн өдрийн орлогын 636, 981 төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх 12 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

            Шүүгдэгч Г....ын “... 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр түгээгч ...ийн хамт ээлжинд гарсан юм. Тэгээд байж байтал түгээгч ... оройны 21 цагийн үед хоолонд яваад ирье чи байж байгаарай гээд явахаар нь би орлогын 636,981 төгрөгийг аваад замын хойд талаас такси бариад хороолол орсон. Тэгээд би орлогын мөнгөөр архи авч уугаад буудалд орж хоноод үрсэн. ...” гэх мэдүүлэг /хх 52 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Т....ийн “... би тэр залууд 16 цаг 30 минутанд хий түгээх станцийн миль буюу заалтаа шилжүүлэн өгч түүнээс хойш авто хий түгээсний орлогоо ... өөрөө авч байгаад өглөө 06-07 цагийн үед надтай тооцоо нийлж би хоногийн хугацаанд шахсан хийнийхээ тооцоог нийлж эрхлэгчид хүлээлгэн өгөх ёстой юм. Гэтэл ... 21 цаг хүртэл ажиллаад намайг хоолонд яваад ирэх хооронд хувцсаа солиод 16-21 цагийн хооронд түгээсэн авто хийн мөнгө болох 636,981 төгрөгийг үлдээлгүй өөрөө аваад явчихсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 19 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

            Г.... нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн нөхцөл байдал, түүнд оногдуулах ял шийтгэл, бусад асуудлын талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

           

           Г.... “Гор Газ” ХХК-ийн түгээгчээр ажиллаж байхдаа 636,981 төгрөгийг өөртөө захиран зарцуулсан үйлдэл, түүний улмаас үүдэн гарах хохирол хоёр шалтгаант холбоотой болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон.

 

           Г.... хэрэгт холбогдох үедээ “Гор газ” ХХК-д түгээгчээр ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн гэрээ /хх 29-31 х/-р нотлогдож байгаа тул бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.   

Завших гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль ёсоор итгэмжлэн хариуцаж байсан этгээд хууль бусаар захиран зарцуулснаар төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд шүүгдэгч Г....ын “Гор Газ” ХХК-ийн хий борлуулсны орлого 636,981 төгрөгийг өөртөө захиран зарцуулсан үйлдэл нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.

            Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

            Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг  

            Шүүгдэгч Г.... хийн газны орлогын мөнгийг завшсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.   

 

            Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Г....ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

Хохирогч “Гор газ” ХХК нь 636,981 төгрөгийг хохирлоо аваагүй болох нь түүний хууль ёсны төлөөлөгчийн тайлбар мэдүүлгээр /хх 12 х, шүүх хуралдааны тэмдэглэл/-ээр тогтоогдсон тул уг хохирлыг  Г....аас гаргуулах нь зүйтэй.

 

Улсын яллагч: 02 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан.

Хохирогч Гор газ ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч: Ял шийтгэл дээр гаргах саналгүй гэсэн.

 

Шүүгдэгч: Хохирлоо төлнө, хөнгөн ял оноож өгнө үү? гэх саналыг гаргасан.

 

           Г....ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хэвүүд овогт ...ын ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г....ыг 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Г....д мэдэгдсүгэй.  

 

4.Г....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г....аас 636,981 төгрөг гаргуулж “Гор газ” ХХК-д олгосугай.

 

 6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

 7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ