Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00545

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00545

 

 

********ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Н.Батзориг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2023/00042 дугаар шийдвэртэй,

********ын нэхэмжлэлтэй, **********т холбогдох, үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/01035 дугаар шийдвэрээр ********, А.Ариунсайн нараас 28,236,891 төгрөгийг гаргуулж Ариг Банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 102/ГХ2017/01189 дүгээр гүйцэтгэх хуудас бичигдэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн

Төлбөрт хураагдсан нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 52 дугаар байр, 101 тоот 3 өрөө сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу үнэлгээг хийлгэсэн. Дээрх 3 өрөө сууцыг зах зээлийн бодит ханш болох 250,000,000 төгрөгөөр үнэлж үнийн санал өгсөн. Гэтэл сууцыг үл хөдлөх хөрөнгийн бодит үнэ ханшнаас хэт доогуур буюу 145,444,400 төгрөгөөр үнэлсэн болохыг өмчлөгч нарт танилцуулсан. Өнөөдрийн зах зээлд ижил төрлийн орон сууцны нэгж талбайн үнийг 2,900,000-3,100,000 төгрөгөөр иргэд хоорондоо худалдаалж байна. Иймд Мөнх-Оргил трейд ХХК-ийн зах зээлийн үнээс доогуур үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч ********, А.Ариунсайн нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 52 дугаар байр, 101 тоот хаягт байрлах 40м2 талбайтай эрхийн улсын Ү-2205006382 дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар шинжээч томилон үнэлгээ тогтоолгоход хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК-ийн үнэлгээчин зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 145,444,400 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч, өмчлөгч нарт 2022 оны 4-145/2893, 4-145/2894 дугаартай албан бичгээр мэдэгдэж тайланг танилцуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан **********т холбогдох, Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 52 дугаар байрны 101 тоот хаягт байршилтай, 40 м2 талбайтай 3 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ********ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна..

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Мөнх Оргил Трейд ХХК-ийн үнэлгээчин 2002 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар уг орон сууцны зах зээлийн үнийг 145,444,400 төгрөгийн үнэтэй гэж тогтоосон нь олон улсын стандартыг зөрчсөн, зах зээлээс хэт доогуур үнэлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргаж үнэлгээг дахин 3-аас доошгүй бүрэлдэхүүнтэй шинжээчээр дахин дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хангасан хэдий боловч үнэлгээний 3 байгууллага биш Мэргэшсэн үнэлгээчдийн институт гэх байгууллагыг шинжээчээр томилж тэдний 3 хүн хууль, олон улсын стандарт шаардлагуудаар анализ судалгаа дүгнэлтгүйгээр Мөнх-Оргил Трейд ХХК-ийн үнэлгээг зөв гэсэн.

Адил 3 өрөө сууцууд 3, 4-р хороолол орчимд 180,000,000-250,000,000 төгрөгөөр худалдах зарууд цахим хуудаст тавигдсан байна.Энэ баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн.

Мөн О.Мягмаржаргалыг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3-т заасан "Шүүхээс гарах шийдвэр бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал зохигчийн хүсэлтээр гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно гэснийг зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас тайлбар, татгалзал гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

1. Нэхэмжлэгч ******** нь хариуцагч **********т холбогдуулан эрхийн улсын Ү-2205006382 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 52 дугаар байрны 101 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө сууцыг 145,444,400 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч ********** нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

2. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

2.а. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/01035 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ариг банк ХХК -ийн нэхэмжлэлтэй хариуцагч ********т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 28,236,891 төгрөг гаргуулах хэргийг шийдвэрлэсэн. Уг шийдвэрээр хариуцагч нараас 27,991,200 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын Ү-2205006382 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 52-101 тоот хаягт байрлах, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангах шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ./хх6-9/

Улмаар дээрх шүүхийн шийдвэрийн дагуу 102/ГХ2017/01189 тоот гүйцэтгэх хуудас бичигдэж, 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 17251127 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна./хх34/

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны зүйл болох 3 өрөө орон сууцыг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17251127/01 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 17251127/14 дүгээр тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлүүдэд заасан журмыг зөрчөөгүй.

2.б Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоож болдог.

Гэвч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид буюу төлбөр төлөгч болон төлбөр авагч Ариг банк ХХК-ууд харилцан тохирч чадаагүйгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Мөнх-Оргил трейд ХХК-ийг 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/27 тоот тогтоолоор шинжээчээр томилж, барьцаа хөрөнгө болох орон сууцны үнэлгээг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт нийцжээ.

Шинжээч Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 52 дугаар байрны 101 тоот хаягт байршилтай, 3 өрөө орон сууцыг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 145,444,400 төгрөгөөр үнэлсэн байна. Энэхүү хөрөнгийн үнэлгээ болон тайланг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт заасны дагуу 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 4-145/2893 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч нарт мэдэгдсэн байна./хх63/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэж шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШЗ2022/08398 дугаар захирамжаар Мөнх-Оргил трейд ХХК-ийн хийсэн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон олон улсын үнэлгээний стандартад нийцсэн эсэхийг тогтоолгохоор Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийг шинжээчээр томилсон. Тус газрын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 253/22 тоот дүгнэлтээр үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан шаардлагуудыг хангасан байна гэж дүгнэжээ./хх102-103/

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг тусгасан. Мөнх-Оргил трейд ХХК нь хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тогтоож, үнэлэхдээ холбогдох хууль тогтоомж, стандартад нийцүүлэн, үнэлгээ хийх аргачлалуудыг баримталж, үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэ цэнийг жишин, судалгаа хийж харьцуулсан, үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч **********т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

3. Давж заалдах гомдлын талаар.

3.а. Мэргэшсэн үнэлгээчдийн институт шинжээчийн дүгнэлтийн талаар буруу дүгнэсэн. Хэргийн оролцогчийн хүсэлтийг хангасан шүүгчийн захирамжийн биелэлт дутуу гэсэн агуулгаар гомдол гаргасан

Дээрх 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 253/22 дугаар дүгнэлтээр захирамжийн биелэлт хангагдсан байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна. /хх97-98, 102/

3.б. Мөн анхан шатны шүүхээс 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан гуравдагч этгээдээр О.Мягмаржаргалыг оролцуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосныг буруутгахгүй. Учир нь хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасан шаардлагатай нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2023/00042 шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Ш.ОЮУНХАНД