Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 1132

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Э.Энхбат,

Шүүгдэгч Д....нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бөөчүүд овогт ...ийн ...т холбогдох 1808050431531 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 09 сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, “...” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 12-10 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлгүй, Бөөчүүд овогт ...ийн .../.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

 

            Д....нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны арын зам дээр хохирогч Б....тай түүний автомашиныг цохилоо гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, Б....г хөлөөрөө жийж унагах, түлхэж унагах зэргээр зодож, тархи доргилт, зүүн шилбэ, өвдөгт цус хуралт, баруун мөрөнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

1.Хохирогч Б....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1-р хорооллын 24-р байрны арын зам дээр явж байхад миний араас автомашин мөргөсөн. Энэ үед мөргөсөн машины жолооч хүүхэн машиныхаа гадаа зогсож байхдаа замын хажуугаар алхаж явсан 3 эрэгтэй хүнийг дуудаад миний машиныг хагарсан гуперийг үзүүлээд байсан. Би тэгээд сууж байхдаа харахад тэр 3 хүн согтуу байсан, тэр хүмүүс миний машиныг харчихаад “энэ зэргийн юм байх ш дээ, одоо яв яв” гээд миний машиныг гараараа цохисон. Энэ үед манай дүү “та нарт хамаагүй, одоо явцгаа” гэж хэлсэн. Тэгтэл тэр нэг өндөр залуу нь манай дүүг заамдаж аваад машин дээр ноцолдоод тэр гурвуулаа дайрсан ба би машинаасаа бууж очиход нэг залуу нь намайг куртикнээс барьж чирээд замын хажууд гаргаад гэдэс рүү хөлөөрөө жийж газар унагахад манай дүү “яагаад эмэгтэй хүн зодоод байна” гэхэд нөгөө өндөр залуу нь манай дүүг дахиад заамдаад авсан. Энэ үед намайг өшиглөсөн залуу нь ирээд намайг хувцаснаас бариад гудчиж чирээд грашийн булан тойроод дахиад гараа савж түлхээд намайг газар унагаасан. ...Тухайн үед зүүн шилбэ, баруун хөлний өвдөг зулгарч хөхөрсөн. Баруун мөрөн дээр арьс нь зулгарч хөхөрч, баруун гарын булчин хөндүүр болсон, мөн тархи доргисон байсан. ...Зодуулснаас болж би шүүх эмнэлэгт үзүүлэхийн тулд нарийн мэргэжлийн эмчид зураг авахуулж 270.000 төгрөг, шүүх эмнэлэгт 8000 төгрөг төлсөн. Тархи доргисон учир 1-р эмнэлгийн хажууд байдаг мэдрэлийн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн юм. ...” гэх мэдүүлэг /хх 28-29 х/,

 

 2.Шүүгдэгч Д....ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би “...” ххк”-д жолооч ажилтай юм. 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хамт ажилладаг ..., ... нартай ажлынхаа гадаа автомашины зогсоолд 2 шил архи уусан. Архиа ууж дуусаад 18 цагийн үед ...г гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Машин ... гэх залуу архи уугаагүй бариад явж байсан. Ингээд СХД-н 1-р хороололын замаар ортол зам нэлээд түгжрээтэй байхаар нь ......той буугаад бид гурав алхаад явж байсан. Алхаад явж байхад 1-р эгнээнд тоёото приус маркийн 2 машин мөргөлдсөн, мөргөсөн гэх эмэгтэй уг машиныг хараад өгөөч миний буруу юу? Зөв юм уу? гэж асуухаар нь мөргүүлсэн машины хойд гүпэрийг цохиод наадах чинь замасктай л юм байна ш дээ гэж хэлтэл уг машинаас эхлээд 1 залуу бууж ирээд машин яагаад цохиод байгаа юм вэ? Пизда гэсэн, дараа нь дахиад 1 эмэгтэй гарч ирээд зайлцгаа гэхээр нь чи яагаад хүн хэл амаар доромжлоод байгаа юм бэ? гэж хэлэхэд намайг алгадсан алгадхаар нь чи яагаад хүн алгаддаг юм бэ? гэтэл замаас гараад дахиад над руу дайрхаар нь түлхсэн, түлхүүлж унаад ёо оё аллаа гээд орилсон. Хамт явж байсан залуу нь намайг бас зодох гээд байсан би нүүрээ хамгаалаад цохиулаагүй. Босоод дахиад дайраад байхаар нь ...... бид хоёр яваад өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 51-52 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

            3.Гэрч Б....ийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... ... нөгөө 3 залууд “та нарт хамаагүй бид нар замын цагдаа дуудсан” гэж хэлэхэд өндөр залуу нь манай нөхөр ...ийг заамдаж аваад машин дээр ноцолдоод байхаар нь манай эгч ... салгах гэж очиход 40-45 орчим насны арай настай хүн нь чирээд замын хажуу руу гаргаад гэдэс гүзээ лүү өшиглөсөн. ... Манай эгчийг арай ахимаг насны 1 хүн замаас чирч гаргаад, гараараа савж унагаагаад газар хэвтэхээр нь сав гэдэс лүү нь цохиод байсан. ...” гэх мэдүүлэг /хх 37-38 х /,

 

           4.Гэрч Э....ийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ажил тараад 18 цагт хамт ажилдаг ...нартай 10-р хороололын “Стелла” баарны хажууд байрлах ажлынхаа компанийн хашаанд 2 шил архи уусан. 3 дахь шил архиа уугаад юу болсон талаар үнэхээр санахгүй байна. Нэг мэдэхэд хороололын караокед орсон. Уг кароакены үүдэнд 40-45 орчим насны 2 ахтай тааралдаад танилцсан. Уг хүмүүс согтуу би бас согтуу байсан. Тэгээд 1-р хороолол явж архи ууя гээд явсан. 1-р хороололын арын зам дээр явж байхад хоёр приус 20 маркийн автомашинууд хоорондоо мөргөлдсөн байсан. Мөргөлдсөн машинуудын хажуугаар явахдаа надтай хамт явж байсан үл таних хүмүүс машины жолооч гэх эмэгтэйтээ маргалдаад байсан. Над дээр нэг залуу ирээд барьцалдаад байсан би салгаад юу болоод байгаа юм бэ? гээд байж байтал цагдаа нар намайг аваад цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Зодуулсан гэх эмэгтэй хэлтэс дээр ирээд энэ залуу намайг зодоогүй, хамт явж байсан 2 хүн зодсон гэж хэлсэн. Би тэгэхээр нь тэр хоёр хүнийг би танихгүй гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 17-18, 30-31 х /,

 

            5.Гэрч Б....ын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Танина 2013 оноос эхэлж “...” ХХК-д хамт ажилдаг юм. Зан байдлын хувьд харилцахад маш таатай нээлттэй, хүнд тусархуу. Өөрийнхөө ажлаа хийгээд бусад хүмүүсийн ажилд тус дэм болдог. Тусархаг, найрсаг харилцаатай залуу. ...” гэх мэдүүлэг /хх 32 х /,

 

            6.Гэрч М.......ийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 10-р сарын 26-ний өдөр ажил тараад 18 цагийн үед Дагийранз Ловончамба, ..., ..., ...нартай ажлынхаа гадаа машин зогсоол дээр 2 шил архи уусан юм. Бид нар архи ууж байгаад ...г гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Бид нар ...г машинтайгаа хүргээд өгөхөөр явсан юм.  Ингээд бид нар 20 цаг өнгөрч байхад хороололын арын зам руу орж ирсэн юм. Тэр үед  нэгдүгээр хорооллын арын зам түгжрээтэй машин ихтэй байхаар нь уулзвар дээр ..., ...... бид гурав буугаад зам дагаад алхсан. Тэгээд алхаад явж байтал 1 дүгээр хороололын арын зам дээр 1 дүгээр эгнээнд хоёр Приус машин мөргөлдсөн байсан. Бид гурав хажуугаар нь гарах үед тэр хоёр машины арын машины жолооч эмэгтэй миний дүү нар энэ машиныг хараад өгөөч энэ урд талын жолооч чарлаад байна. Эгч нь ганцаараа байна туслаач гэсэн. Бид гурав яваад очсон. Урд машины хойд гуперийг хараад гайгүй л байна ш дээ адилхан Приус байж тохироод яваач зам бөглөөд гэж хэлсэн. Энэ үед ...ах гуперийг нь гараараа тоншоод замасктай юм байна гэж хэлсэн. Гэтэл тэр урд талын машин дотроос нэг хүүхэн “Зайлаач та нарт ямар хамаатай юм” гээд орилсон. Тэгсэн чинь машин дотроос нэг залуу гарч ирээд “Зайлаач пизданууд минь та нарт ямар хамаатай юм“ гээд ...ах руу дайрсан. ...ах чи яахаараа хүн хэл амаараа доромжилдог юм гэхэд машин дотроос орилоод байсан хүүхэн гарч ирээд ...ахыг алгадаад авсан. Тэгээд замын хойд талд гараад тэр хүүхэн ...ах руу самардаад дайраад байхаар нь ...ах гарнаас нь барьж байгаад түлхсэн чинь тэр хүүхэн унасан. Тэгтэл нөгөө залуу нь ...ах руу дайраад үсдэж аваад өшиглөсөн. Би тэр залууг хойноос нь татаж аваад салгаад хориод зогсоосон. Нөгөө хүүхэн цагдаа дууд гээд орилоод байсан. Би тэгэхээр нь дэмий юм болох нь явцгаая гээд ...ахыг татаж цаашаа гэр хороололын дээшээ гражын ардуур гараад өгсөөд явсан. Тэгээд бид хоёр гэртээ харьсан. ...” гэх мэдүүлэг /хх 35-36 х /,

 

7.Шинжээчийн 12993 тоот дүгнэлт

1.Б....гийн биед тархи доргилт, зүүн шилбэ, өвдөгт цус хуралт, баруун мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2.Дээрх гэмтэл нь олон удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

          3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. гэх дүгнэлт /хх 40 х/,

 

8.Хохирлын баримт /хх 25 х/

9.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 57 х/

10.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 63 х/

11.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 64 х/

12.Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх 65 х/

13.Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 66 х/

14. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 67 х/ 15.... ХХК-ийн тодорхойлолт /хх 72 х/

16.Хохирол төлсөн багримт /хх 73 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

Шүүгдэгч Д....нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны арын зам дээр хохирогч Б....тай түүний автомашиныг цохилоо гэх шалтгаанаар маргаж, Б....г хөлөөрөө жийж унагах, түлхэж унагах зэргээр зодож, тархи доргилт, зүүн шилбэ, өвдөгт цус хуралт, баруун мөрөнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Б....гийн “...Тэгтэл тэр нэг өндөр залуу нь манай дүүг заамдаж аваад машин дээр ноцолдоод тэр гурвуулаа дайрсан ба би машинаасаа бууж очиход нэг залуу нь намайг куртикнээс барьж чирээд замын хажууд гаргаад гэдэс рүү хөлөөрөө жийж газар унагасан ... тухайн үед зүүн шилбэ, баруун хөлний өвдөг зулгарч хөхөрсөн. Баруун мөрөн дээр арьс нь зулгарч хөхөрч, баруун гарын булчин хөндүүр болсон, мөн тархи доргисон байсан...Зодуулснаас болж би шүүх эмнэлэгт үзүүлэхийн тулд нарийн мэргэжпийн эмчид зураг авахуулж 270.000 төгрөг, шүүх эмнэлэгт 8000 төгрөг төлсөн. Тархи доргисон учир 1-р эмнэлгийн хажууд байдаг мэдрэлийн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн юм. ...” гэх мэдүүлэг /хх 28-29 х/,

Шүүгдэгч Д....ийн “... намайг алгадахаар нь чи яагаад хүн алгаддаг юм бэ? гэтэл замаас гараад дахиад над руу дайрхаар нь түлхсэн, түлхүүлж унаад ёо оё аллаа гээд орилсон. ... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хх 51-52 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

            Гэрч Б....ийн  “... манай эгч ... салгах гэж очиход 40-45 орчим насны арай настай хүн нь чирээд замын хажуу руу гаргаад гэдэс гүзээ лүү өшиглөсөн. ...Манай эгчийг арай ахимаг насны 1 хүн замаас чирч гаргаад, гараараа савж унагаагаад газар хэвтэхээр сав гэдэс лүү нь  цохиод байсан. ...” гэх мэдүүлэг /хх 37-38 х /,

           Гэрч М.......ийн  “... ...ах чи яахаараа хүн хэл амаараа доромжилдог юм гэхэд машин дотроос орилоод байсан хүүхэн гарч ирээд ...ахыг алгадаад авсан. Тэгээд замын хойд талд гараад тэр хүүхэн ...ах руу самардаад дайраад байхаар нь ...ах гарнаас нь барьж байгаад түлхсэн чинь тэр хүүхэн унасан. ...” гэх мэдүүлэг /хх 35-36 х /,

Шинжээчийн 12993 тоот дүгнэлт

1.Б....гийн биед тархи доргилт, зүүн шилбэ, өвдөгт цус хуралт, баруун мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2.Дээрх гэмтэл нь олон удаагийн мохоо зүйлийн үйлдлэлээр үүсгэгдэх боломжтой.

          3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. гэх дүгнэлт /хх 40 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Д....нь хохирогч Б....г хөлөөрөө жийж, түлхэж унагах зэргээр зодож тархи доргилт, зүүн шилбэ, өвдөгт цус хуралт, баруун мөрөнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх 40 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.     

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг.  

Шүүгдэгч Д....нь хүнийг хөлөөрөө жийж, түлхэж унагах зэргээр зодсон өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.  

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Д....ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

            Хохирогч Б.... эмчилгээний зардалд баримтаар 278,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хохирлын төлбөрт 600,000 төгрөгийг шүүгдэгч төлсөн, цаашид нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний бичгээр гаргасан баримт /хх 73 х/-аар  тогтоогдсон тул Д....ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.

 

            Улсын яллагч: Уг гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, хохирлоо төлсөн зэргийг харгалзан шүүгдэгч Д....т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.

            Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл, улсын яллагчийн гаргасан ялын санал дээр маргаагүй болно.

 

            Д....гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн, уг гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг, мөн прокурорын ялын санал зэргийг харгалзан түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Бөөчүүд овогт ...ийн ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д....ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Д....т үүрэг болгосугай.

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Д....т мэдэгдсүгэй.

  5.Д....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ