Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00564

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00564

 

 

********ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2022/05231 дугаар шийдвэртэй,

********ын нэхэмжлэлтэй, ***********т холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: ******** нь 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 4-227/13434 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдлийг 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч дараах гомдлыг гаргаж байна. Уг мэдэгдэлд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2022/01327 дугаар шийдвэрээр Э.Отгонзулаас 41,259,330 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Э.Отгонзулын төлбөрт хураагдсан үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, ********ын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 50 мянгат гудамжны 19 дүгээр байр 31 тоот хаягт байршилтай, 16 м.кв талбайтай 1 өрөө сууцны үнийг харилцан тохиролцож тогтоогоогүй тул хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээ тогтоолгоход 136,013,600 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг мэдэгдсэн.

Нэхэмжлэгчийг Швед улсад 12 жил сурч, хөдөлмөрлөж байгаад энэ өвөл нутагтаа ирснээс хойш нэг ч удаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүн ирж байгаагүй атал шуудангаас баярын өмнө мэдэгдэл ирсэн.Уг шууданг гардаж аваад тодруулахад, та мэдэгдэл гардан авсан бол үнэлгээтэй холбоотой гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. Зөвшөөрч байтал худалдан борлуулах 1 сарын хугацаа олгож болно гэж үл хүндэтгэн ямар учраас үнэлгээ хийгдэж байгааг тайлбарлаж өгөөгүй хариуцсан хүн нь ээлжийн амралтаа аваад явсан тул та хуулийн хугацаандаа гомдлоо баярын дараа гаргана уу гээд утсаа тасалсан. Хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн үнэгүйдүүлсэнд гомдолтой. Иймд Нийслэлийн шүүхийн гүйцэтгэх газраас ********ын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 50 мянгатын гудамж 19 дүгээр байрны 31 тоот 16 м.кв талбайтай 1 өрөө сууцыг 136,013,600 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2022/01327 дугаар шийдвэрээр Э.Отгонзулаас 41,259,330 төгрөгийг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 50 мянгатын гудамж 19 дүгээр байрын 31 тоот 16 м.кв талбайтай нэг өрөө сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2202005611 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 50 мянгатын гудамж, 19 дүгээр байрны 31 тоот, 16 м.кв талбайтай, нэг өрөө сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 20260905/17 дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 20260905/16 дугаар тогтоолоор хураасан.

Үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч Э.Отгонзул шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийж хаягаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад хаягтаа байхгүй тул төлбөр төлөгчийг 2021, 2022 онуудад эрэн сурвалжилж олж тогтоон, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байсан. Төлбөр төлөгч Э.Отгонзул, нэхэмжлэгч ******** нарт 2022 оны 06 дугаар сарын 17-ны 4-227/12516, 4-227/12517,4-227/12518 дугаартай мэдэгдлүүдийг оршин суугаа газрын хаягаар Монгол шуудангаар удаа дараа хүргүүлсэн.

Төлбөр төлөгч дээрх үл хөдлөх хөрөнгийг 180,000,000 төгрөгөөр үнэлж 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр саналаа ирүүлсэн, нэхэмжлэгч ********т 2021 оны 06 дугаар сарын 14, 17,-ны өдрүүдэд Монгол шуудангаар хүргүүлсэн

Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК-ийг томилж, үнэлүүлэхэд 136,013,600 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгч Э.Отгонзул, төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк, нэхэмжлэгч ******** нарт хүргүүлж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл хөтөлсөн болно. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгө 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 10:00 цагт болсон албадан дуудлага худалдаагаар 96,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гарснаас хойш Э.Отгонзул нь тодорхой хэмжээний төлөлт хийгээгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэхэд гадаадад оршин суудаг тул үнийн санал авч чадахгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удааширсан. 2020 оны 08 дугаар сараас төлөлт хийгдээгүй. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах 1 өрөө сууцыг 136,013,600 төгрөгөөр зах зээлийн үнээр дүйцүүлж үнэлсэн гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ********(рд:ШГ78071211)-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тухайн хэрэг маргааныг хянан хэлэлцэх 2022 оны 12 дугаар сарын 13 өдрийн 09 цагт товлогдсон шүүх хуралдаан нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа Г.Сэр-Одын нэхэмжлэлтэй Капитал банкны эрх хүлээн авагч, н.Ганбат, н.Баатарзориг нарт холбогдох хэрэг маргааныг хянан хэлэлцэх шүүх хуралтай давхцаж байх тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг холбогдох нотлох баримтын хамт 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд өөрийн биеэр хүргэж өгсөн.

********ын нэхэмжлэлтэй хэргийн шүүх хуралдааныг товлохоос өмнө товлосон тул цаг хугацааны хувьд эхэлж товлогдсон шүүх хуралдаанд оролцож, харин ********ын нэхэмжлэлтэй хэргийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргахаас өөр аргагүй байсан.

Гэтэл шүүхээс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчсөн, талуудын мэтгэлцэх зарчмыг хангахгүйгээр хэт нэг талыг баримталж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

5.2. Мөнх-Оргил трейд" ХХК-ийн үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ хийсэн үнэлгээчин Б.Эрдэнэбаатарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн. Гэтэл үнэлгээчин Б.Эрдэнэбаатар нь БНСУ-д тодорхойгүй хугацаагаар эмчилгээ хийлгэж байгаа талаар шүүхэд мэдэгдсэн. Үнэлгээчин Б.Эрдэнэбаатар хүндэтгэн үзэх шалтгаантай байх тодорхойгүй хугацаагаар тул гэрчийг асуух шаардлагагүй гэж үзсэн болохыг дурдав" гэжээ. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн хүсэлтээсээ татгалзсан ямар нэгэн хүсэлт шүүхэд өгөөгүй бөгөөд шүүх болон шүүгчийн зүгээс тухайн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон ямар нэгэн захирамж, тогтоол гаргаагүй. Гаргасан захирамжийн биелэлт хангагдаагүй байхад уг захирамжийг хүчингүй болгохгүйгээр шууд "Мөнх-Оргил трейд" ХХК-ийн үнэлгээчин Б.Эрдэнэбаатарыг гэрчээр асуух шаардлагагүй гэж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас тайлбар, татгалзал гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хянан үзээд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзлээ.

 

1. Нэхэмжлэгч ******** нь хариуцагч ***********т холбогдуулан Мөнх-Оргил трейд ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

2. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

2.а. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2022/01327 дугаар шийдвэрээр Э.Отгонзулаас 41,259,330 төгрөгийг гаргуулж, Худалдаа Хөгжлийн банк ХХК-д олгохоор, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд ********ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202005611 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 50 мянгатын гудамж, 19 дүгээр байр, 31 тоот хаягт байршилтай, 16 м.кв талбайтай, 1 өрөө сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг ***********т даалгаж шийдвэрлэжээ. /хх4-10, 69-75,185-188/

2.б. Э.Отгонзул дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн хүсэлтээр, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 101/ГХ2020/01327 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн. Улмаар 09 дүгээр сарын 16-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарчээ. /хх67-68, 76,78, 189-191/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Э.Отгонзулын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, ********ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн эд хөрөнгө хураах тогтоолоор хөндлөнгийн гэрч байлцуулан хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт нийцсэн./хх85-90, 99-106/

2.в. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах доод үнийн санал авахаар албан бичгийг төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нарт удаа дараа Монгол шуудангаар хүргүүлж байсан нь хэрэгт авагдсан баримт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдсон.

Төлбөр төлөгч Э.Отгонзул 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр сууцыг 180,000,000 төгрөгөөр үнэлж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч үнийн санал өгөөгүй, төлбөр авагч шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлтийг гаргажээ. /хх80-82, 87, 91-93, 96, 108-114/

2.г. Хариуцагч нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 7/190 дугаартай тогтоолоор шинжээчээр Мөнх-Оргил трейд ХХК-ийг томилж, хөрөнгийн үнэлгээний тайланд ********ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202005611 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 50 мянгатын гудамж 19 дүгээр байрын 31 тоотод байршилтай, 16 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг 136,013.600 төгрөгөөр үнэлжээ./хх115-142/

Төлбөр төлөгч Э.Отгонзул, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч ******** нарын оршин суух хаягаар хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлснийг Үнэлгээний мэдэгдлийг баталгаат шуудангаас 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авлаа н.Зулаа гэж гарын үсэг зурсан, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг хүргүүлснийг төлбөр төлөгч хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан баримт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагджээ.(хх80-82, 87, 91-93,143-417/

2.д. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №20260905 дугаар тоот тогтоолоор үүсгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 9/3 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг гаргаж, 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 4-227/15875, 4-227/15868 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч Э.Отгонзул, өмчлөгч ******** нарт , 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн байна./хх151-153/

*********** 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202005611 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 50 мянгатын гудамж, 19 дүгээр байрын 31 тоотод байршилтай, 16 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө 96,900,000 төгрөгөөр худалдан борлогдсоныг төлбөр төлөгч, өмчлөгч нар мэдэгджээ. /хх154-160/

 

3. Зохигч үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ үндэслэлтэй эсэхэд маргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх юм.

Мөнх-Оргил трейд ХХК-ийн үнэлгээчин нь тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг 136,013,600 төгрөгт тооцон үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоосон байх бөгөөд төлбөр төлөгчийн хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч ******** хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн гэх боловч үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй талаар анхан шатны шүүхээс дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-дэх хэсэгт дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасан.

Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцааны зүйл болох орон сууцыг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох, шинжээч томилох, үнэлгээний тайланг талуудад мэдэгдэх зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Дээрх үндэслэлээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ тогтоолгох тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

4. Давж заалдах гомдлын талаар.

4.а. Нэхэмжлэгч ******** нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан итгэмжлэлийг Э.Отгонзулд олгосноор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. /хх55/

Тус шүүхээс иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 13:30 минутад товлон зарласан, шүүх хуралдааны товыг зохигчдод хуульд зааснаар мэдэгдсэн.

Нэхэмжлэгч ******** итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Отгонзулаас татгалзсан хүсэлтээ шүүхэд бичгээр 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ирүүлж, тухайн өдрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан итгэмжлэлийг ******од олгосноор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. (хх166-167)

Тус иргэний хэрэг хянан хэлэлцэх 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** хэргийн материалтай танилцах хүсэлтийг гаргаснаар тус хуралдааныг 11 дүгээр сарын 08-ны өдрийн 16:30 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, зохигчдыг мэтгэлцэх эрхээр хангажээ. /хх168-171/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******ын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч авах хүсэлтийг шүүх хүлээн авч, хуралдааныг 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16:30 цаг хүртэл хугацаагаар хойшлуулжээ. /хх175-178/

Иргэний хэрэг хянан хэлэлцэх 2022 оны 11 дүгээр сарын 25-ний өдрийн шүүх хуралдаанд ****** өмгөөлөгч Ш.Базаррагчаа шүүх хуралдаан давхацсан тул хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг гаргаж, 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 09:00 цаг хүртэл хугацаагаар хуралдааныг хойшлуулж, талууд баримт №6, №9-д тус тус гарын үсэг зуржээ. /хх202-207/

Өмгөөлөгч Ш.Базаррагчаа шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүрэлцэн ирж хэргийн материалтай танилцсан, шүүгчийн туслахаас шүүх хуралдааныг товыг мэдэгдсэн боловч баримт № 6-д гарын үсэг зурж, баримт № 9-д зураагүй талаар шүүгчийн туслах тэмдэглэлд дурджээ. /хх216/

Тус иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд хуралдаанд ирээгүй, өмгөөлөгч нь манай төлөөлөгч шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг өгсөн болохоор би очоогүй гэж хэлсэн нь шүүгчийн туслахын 88069287 утсаар ярьсан тэмдэглэлд тусгагдсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-д Харин нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана. Нэхэмжлэлийг буцаасан тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж зааснаар хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч нарын хүсэлтээр нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн зөв болжээ.

Учир нь, шүүхээс боломжит хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан байх бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан давхацсан талаар тайлбар гаргаагүй байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

4.б. 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 28201 дугаар захирамжаар нэхэмжлэгч талаас гаргасан Мөнх-Оргил трейд ХХК-ийн үнэлгээчин Б.Эрдэнэбаатарыг гэрчээр асуулгах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн буруу болжээ./хх209-210/

Учир нь шинжээч гэх этгээдийг гэрчээр асуух нь агуулгын хувьд гэрчийн эрх зүйн байдалд нийцэхгүй юм. Захирамжийн биелэлт хангагдаагүй гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2022/05231 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ш.ОЮУНХАНД