Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00448

 

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00448

 

А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2022/03184 дугаар шийдвэртэй,

 

А-гийн нэхэмжлэлтэй

Б-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 35,612,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. А- нь хариуцагчтай 2019 оны 11 дүгээр сараас 2021 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд хамтран амьдарсан. Хамтран амьдрах хугацаанд хариуцагч нь хувийн болон бизнесийн үйл ажиллагаандаа хэрэглэх зорилгоор 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 18,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 9,000,000 төгрөгийг тус тус сарын 3.8 хувийн хүүтэй зээлж авсан. Бид 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан. Хариуцагчийн зээлсэн 18,000,000 төгрөгөөс 3.8 хувийн хүү тооцоолоход сарын 684,000 төгрөг, үүнийг 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх 4 сарын хүү 2,736,000 төгрөг, 2,000,000 төгрөгөөс 3.8 хувийн хүү тооцоолоход 76,000 төгрөг болж байна.

Мөн үндсэн зээл 29,000,000 төгрөгөөс 3.8 хувийн хүү тооцоолоход өдрийн 1,102,000 төгрөг, үүнийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх 14 сараар үржүүлэн тооцоход 15,428,000 төгрөг, нийт 24,135,651 төгрөг болсныг хариуцагчийн төлсөн 30,0000,000 төгрөгөөс хасаж, үлдэх 5,854,349 төгрөгийг хариуцагчийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр зээлсэн 35,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөрт тооцон авахаар харилцан тохиролцсон. Хариуцагчид зээлсэн төлбөр мөнгөө авахаар удаа дараа холбоо барих, бүх сувгаар нэхэж байсан боловч сүүлдээ утсаа авахгүй, гэртээ ирэхгүй байсан тул 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 30,000,000 төгрөгийг шилжүүлснээс хойш өөр ямар нэгэн төлбөр мөнгө, хүү төлөөгүй.

Иймд хариуцагчаас үндсэн зээл 29,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 6,612,000 төгрөг, нийт 35,120,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч А-гийн нэхэмжилсэн зээлийг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төлсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.3-т заасныг баримтлан хариуцагч Б-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 35,612,000 төгрөг гаргуулах тухай А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336,010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 990 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг тал бүрээс нь бодитой харьцуулан үзэх, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.

4.1.Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг нотлох баримтыг шаардлага хангасан байдлаар шүүхэд гарган өгсөн бөгөөд харин хариуцагчаас тэдгээр нотлох баримтыг үгүйсгэсэн, төлж дуусгавар болгосон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

4.2.Мөн хариуцагчаас шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг зээлийн хүү болон бусад зээлийн төлбөрт суутган авсан талаарх дэлгэрэнгүй тайлбарыг бичгээр гарган өгсөн. Энэхүү тайлбартай холбогдуулан хариуцагчаас эс зөвшөөрч мэтгэлцээгүй, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг үгүйсгэсэн нотлох баримт тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болно.

4.3.Гэтэл хариуцагчаас эс зөвшөөрч мэтгэлцээгүй байхад шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж буй нь үндэслэлгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 35,612,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. А-, Б- нар 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулжээ. Уг гэрээнд зээлдүүлэгч А- 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 18,000,000 төгрөгийг сарын 3,8 хувийн хүүтэй, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөгийг мөн нөхцөлтэй, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 9,000,000 төгрөгийг мөн нөхцөлтэйгөөр Б-т зээлдүүлсэн гэж тэмдэглэгдэж, хэн аль нь гарын үсэг зурсан байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатын шүүх зөв дүгнэжээ.

 

4. 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Б- “С-” ХХК гэсэн нэрээр зээл төлөв гэсэн утгаар 30,000,000 төгрөгийг А-д шилжүүлснийг анхан шатны шүүх зээлдэгч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж гэрээ дуусгавар болсон гэж дүгнэсэн нь буруу, уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

5. А-, Б- нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр бичгээр байгуулагдсан зээлийн гэрээнд А- нь 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 18,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 9,000,000 төгрөгийг тус тус Б-т зээлдүүлсэн талаар тусгасан боловч зээлийн хүүг бичгээр гэрээ байгуулсан өдрөөс тооцох нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2, 282.3 дахь хэсэгт заасантай нийцэх юм.

Өөрөөр хэлбэл, зээлийн хүү сарын 3,8 хувь байхаар хийсэн тохиролцоог бичгээр хийсэн өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс зээлдүүлэгчид зээлийн хүү шаардах эрх үүснэ. 

 

5.1. Зээлийг хүүг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс зээлдэгч Б-аас 30,000,000 төгрөг шилжүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд 29,000,000 төгрөгийн сарын 3,8 хувиар 13 сарын хугацаагаар тооцвол 14,326,000 /29,000,000 х 3,8% = 1,102,000 x 13 сар/ төгрөг байна.

Зээлдэгч Б- нь үндсэн зээл 29,000,000 төгрөг, зээлийн хүү 14,326,000 төгрөг нийт 43,326,000 төгрөгийг зээлдүүлэгч А-д төлөх үүрэгтэй байх ба үүнээс төлөгдсөн 30,000,000 төгрөгийг хасч тооцвол тэрээр зээлийн гэрээний үүрэгт 13,326,000 /29,000,000+14,326,000-30,000,000/ төгрөгийг төлөөгүй байна.

Иймд Б-аас зээлийн гэрээний үүрэгт 13,326,000 төгрөгийг гаргуулж А-д олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

 

5. Хэрэгт нэхэмжлэгчээс хариуцагчид 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 35,000,000 төгрөгийг шилжүүлсэн талаарх баримт авагдсан байх хэдий ч нэхэмжлэгч уг мөнгөн хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйг дурдах нь зүйтэй. Тус 35,000,000 төгрөгийн зээлээс хариуцагч 30,000,000 төгрөгийн зээлийг төлсөн гэж нэхэмжлэгч тайлбарлах боловч хариуцагч уг тайлбарыг дэмжсэн тайлбар хийгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зохигчийн гаргасан тайлбар, баримтын хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2022/03184 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б-аас 13,326,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А-д олгож, нэхэмжлэлээс 22,286,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336,010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 990 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас 224,580 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А-гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336,010 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.НЯМБАЗАР

                                           

         ШҮҮГЧИД                                             Т.БАДРАХ

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА