Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 1112

 

 Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,

Улсын яллагч Т.Нансалмаа,

Шүүгдэгч Н.... нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ...гийн ...т холбогдох 1808051221387 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт Сонгинохайрхан дүүрэг 5 дугаар хороо Баянгол ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ...гийн ... /.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

 

            Н.... нь 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 35-7б тоотод оршин суух иргэн С....ын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай Монгол гэрийн хаалганы цоожыг түлхүүр тааруулан орж LG маркийн 42 инчийн зурагт 1 ширхэгийг хулгайлж 495.000 /дөрвөн зуун ерэн таван мянга/-н төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1.Хохирогч С....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн өглөө 08 цагийн үед эхнэрийн хамт ажилдаа явахаар гэрээ цоожлоод гарсан юм. Тэгээд орой 17 цагийн үед ажлаа тараад гэртээ ирэхэд гэрийн хаалга цоожтой байсан. Гэрээ онгойлгоод ортол гэрийн хоймор мөлхөө тавилга дээр байсан LG маркийн 42 инчийн шаргал хүрээтэй хар өнгийн зурагт хулгайд алдагдсан байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /хх 11-12 х/,

 

2.Иргэний нэхэмжлэгч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... манай ломбард хохирлын 160.000 төгрөгөө хүлээн авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 18 х/

 

3.Шүүгдэгч Н....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо 35 дугаар гудамжны 7б тоотоос хамаатны ах болох ...ын гэрт хүнгүй байхаар түлхүүрийг үүднийх нь хажуугийн хулдаасан доороос аваад гэрт нь ороод гэрийн хойморт байсан загварыг нь сайн мэдэхгүй байна, 42 инчийн зурагт аваад Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын эцэс дээр байрлах Тунамал ломбарданд өөрийнхөө бичиг баримтаар 160.000 төгрөгийн барьцаанд тавьсан юм. ...” гэсэн мэдүүлэг /хх 65 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

4.Гэрч Б....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр бараан хувцастай залуу орж ирээд өөрийнхөө бичиг баримтаар /... ... .../ бичиг баримтыг үзүүлээд LG маркийн 42 инчийн шар хүрээтэй зурагт тавьсан. Манай ломбарданд байгуулсан гэрээ нь байгаа. ...” гэх мэдүүлэг /хх 12 х/,

 

5. “LG маркийн 42 инчийн зурагт нь 495,000 төгрөгийн үнэлгээтэй” гэх ““Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний /хх 24-26 х/,

6.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 34 х/,

7.Төрсний бүртгэлийн лавлагаа /хх 35 х/,

8.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 36 х/,

9.Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх 37 х/,

10.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 29 х/

11.Иргэний нэхэмжлэгч Б....ийн хохирлын мөнгө хүлээн авсан баримт /хх 17 х/

12.Хохирогч С....ын зурагтыг хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх 59 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

           Н.... нь 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 35-7б тоотод оршин суух иргэн С....ын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай Монгол гэрийн хаалганы түлхүүрийг үүдний хажуугийн нь хулдаасан доороос авч онгойлгон орж LG маркийн 42 инчийн зурагт 1 ширхэгийг хулгайлж 495,000 /дөрвөн зуун ерэн таван мянга/-н төгрөгний хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч С....ын “... 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн өглөө 08 цагийн үед эхнэрийн хамт ажилдаа явахаар гэрээ цоожлоод гарсан юм. Тэгээд орой 17 цагийн үед ажлаа тараад гэртээ ирэхэд гэрийн хаалга цоожтой байсан. Гэрээ онгойлгоод ортол гэрийн хоймор мөлхөө тавилга дээр байсан LG маркийн 42 инчийн шаргал хүрээтэй хар өнгийн зурагт хулгайд алдагдсан байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх 11-12 х/,

 

Шүүгдэгч Н....ын “…Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо 35 дугаар гудамжны 7б тоотоос хамаатны ах болох ...ын гэрт хүнгүй байхаар түлхүүрийг үүднийх нь хажуугийн хулдаасан доороос аваад гэрт нь ороод гэрийн хойморт байсан загварыг нь сайн мэдэхгүй байна, 42 инчийн зурагт аваад Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын эцэс дээр байрлах Тунамал ломбарданд өөрийнхөө бичиг баримтаар 160.000 төгрөгийн барьцаанд тавьсан юм. ...” гэсэн мэдүүлэг /хх 65 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

Гэрч Б....ын “...2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр бараан хувцастай залуу орж ирээд өөрийнхөө бичиг баримтаар /... ... .../ бичиг баримтыг үзүүлээд LG маркийн 42 инчийн шар хүрээтэй зурагт тавьсан. ...” гэх мэдүүлэг /хх 12 х/,

 

LG маркийн 42 инчийн зурагт нь 495,000 төгрөгийн үнэлгээтэй” гэх ““Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний /хх 24-26 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

                

Шүүгдэгч Н.... нь гэр рүү нэвтрэхдээ эзэнгүй байх хойгуур нь түлхүүрээр нь онгойлгон орсон, хэн нэгэнд мэдэгдэхгүй нууцаар, бусдын амь бие эрүүл мэнд, эрх, эрх чөлөөнд халдаж хүч хэрэглэхгүйгээр, эрх бүхий хүмүүсийн зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангаж байгаа.

 

Шүүгдэгч Н....ын нэвтэрсэн обьект нь хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1. “хүн байнга амьдрах, ... зориулалттай орон байранд ... нэвтэрч” үйлдсэн гэж зүйлчлэн ирүүлсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэг нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг

Шүүгдэгч Н.... хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар эд зүйлс авсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч, уг хохиролд зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.   

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Н....ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

Хохирогч С.... зурагтаа хүлээн авсан болох нь мөрдөгчийн тэмдэглэл /хх 59 х/-ээр, иргэний нэхэмжлэгч Б.... 160,000 төгрөгийн хохирлоо авсан болох нь хохирол төлсөн баримт /хх 17 х/-аар тус тус нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

Улсын яллагч: Хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож 2 жил 8 сарын хорих ял оногдуулах санал гаргасан.

 

Шүүгдэгч: Гэм буруу дээр маргахгүй, 01 жилийн хорих ял оноож өгнө үү? гэх саналыг гаргасан.

 

           Шүүгдэгч Н.... нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдож байгаа, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирол, хор уршиг их биш, бусдад төлөх төлбөргүй зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан шаардлагыг хангаж байгаа тул түүнд хуульд заасан хорих ялаас хөнгөрүүлж 01 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй  хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон гэж шүүх үзсэн.

 

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1.Боржигон овогт ...гийн ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

       

         2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Н....ыг 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Н....ын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

         4.Н....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

         5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

         6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.     

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ДАШДОНДОВ