Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 1326

 

 

Г.Энхтуулын нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/03156 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.Энхтуулын нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн татварын газарт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 864 194 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шижирбаяр, С.Соёлмаа нарын гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.Энхтуул, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Соёлмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Энхтуул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Нийслэлийн татварын газрын даргын 34 тоот дугаар бүхий тушаалаар орон тооны бус байцаагчаар 26 дугаар бүхий хөдөлмөрийн гэрээг байгуулан томилогдон ажилласан ба 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Нийслэлийн татварын газрын Б/03 тоот дугаар бүхий ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөх үндэслэлээ аж ахуй нэг байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоо цөөрүүлсэн гэж заасан. Гэтэл ажлын байр одоог хүртэл байгаа орон тооны хувьд цөөрсөн, татан буугдсан нөхцөл байдал байхгүй тул Нийслэлийн татварын газрын даргын Б/03 дугаарын тушаалын Г.Энхтуулд холбогдох хэсгийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг даалгах шаардлагыг нэмж, ажилгүй байсан хугацааны цалин 864194 төгрөгийг гаргуулах, хөдөлмөрийн дэвтэр болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Соёлмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2004 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 119 дүгээр тушаалаар Нийслэлийн татварын газрын татвар хураалтын хэлтэст харьяалуулан Тээврийн татварын тасгийг байгуулж Г.Энхтуулыг 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүртэл орон тооны бус байцаагчаар хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах болсон. Орлогыг нь тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуулийг хүчингүй болгосон 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулийг 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжихгүй болсонтой холбогдуулан Тээврийн тасаг хуучнаараа ажиллах боломжгүй болсон. Татварын Ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/237 тоот тушаалаар Нийслэлийн татварын газрын Тээврийн татварын тасгийг татан буулгаж тээврийн хэлтэс болгон өөрчилсөн. Татварын ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/237 тоот тушаалаар Нийслэлийн татварын газрын Тээврийн татварын тасгийг татан буулгаж тээврийн хэлтэс болгон өөрчилсөнтэй холбогдуулан тус тасагт ажиллаж байсан 29 орон тооны бус байцаагчид хөдөлмөрийн гэрээг цуцлах болсныг мэдэгдэж 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдлийг хүргүүлсэн.  Нийслэлийн татварын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/03 дугаартай тушаалаар орон тооны бус байцаагчдыг бүгдийг чөлөөлсөн байна. Орон тооны байцаагчдын ажиллаж байгаа ажлын байр тогтворгүй, Орлогыг нь тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуулийг хүчингүй болсонтой холбогдон ажлын байр хумигдсан, ажлын үзүүлэлт зэргийг үндэслэн ажлаас чөлөөлөгдсөн орон тооны зарим байцаагчдыг ажил томилж хөдөлмөрийн гэрээг дахин байгуулах шаардлагагүй гэж үзсэн. Түүний нэг орон тооны бус байцаагч Г.Энхтуул юм. Орон тооны бус байцаагч Нийслэлийн татварын газрын үндсэн ажилтан биш, гэрээгээр ажилладаг. Хууль зөрчиж орон тооны бус байцаагч Г.Энхтуулыг ажлаас чөлөөлөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу Нийслэлийн татварын газрын даргын Б/03 тоот тушаалын Г.Энхтуулд холбогдох хэсгийг хүчингүй болгон, нэхэмжлэгч Г.Энхтуулыг тээврийн татварын хэлтсийн орон тооны бус байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2 сарын хугацааны цалинтай тэнцэх олговор 864 194 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийн баталгаажуулахыг Нийслэлийн татварын газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 25 291 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шижиртуяа, С.Соёлмаа нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  Орлогыг нь тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуулийг хүчингүй болгосон 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжихгүй болсонтой холбогдуулан тээврийн тасаг хуучнаараа ажиллах боломжгүй болсон. Татварын ерөнхий газрын даргын 2015 ны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/237 тоот тушаалаар Нийслэлийн татварын газрын Тээврийн татварын тасгийг татан буулгаж Тээврийн хэлтэс болгон өөрчилсөн. Татварын ерөнхий газрын даргын 2015 оны12 дугаар сарын 04-ний өдрийн А/237 тоот тушаалаар Нийслэлийн татварын газрын Тээврийн татварын тасгийг татан буулгаж Тээврийн хэлтэс болгон өөрчилсөнтэй холбогдуулан тус тасагт ажиллаж байсан 29 орон тооны бус байцаагчид хөдөлмөрийн гэрээг цуцлах болсоныг мэдэгдэж 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдлийг хүргүүлсэн. Нийслэлийн татварын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/03 дугаартай тушаалаар орон тооны бус байцаагчдыг чөлөөлсөн. Орон тооны байцаагчдын ажиллаж байгаа ажлын байр тогтворгүй, Орлогыг нь тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуулийг хүчингүй болсонтой холбогдон ажлын байр цөөрсөн, ажлын үзүүлэлт зэргийг үндэслэн ажлаас чөлөөлөгдсөн орон тооны зарим байцаагчдыг ажилд томилж хөдөлмөрийн гэрээг дахин байгуулах шаардлагагүй гэж үзсэн. Г.Энхтуул ажилдаа хариуцлагагүй хандсан, ажлын цагийн ашиглалт сул байсан зэргийг харгалзан дахин түүний хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй юм. Нөгөө талаас орон тооны бус байцаагч нийслэлийн татварын газрын үндсэн ажилтан биш гэрээгээр ажилладаг. Хууль зөрчиж орон тооны бус байцаагч Г.Энхтуулыг ажлаас чөлөөлөөгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Г.Энхтуул нь хариуцагч Нийслэлийн татварын газарт холбогдуулан тус газрын орон тооны бус байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 864 194 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “…Татварын ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/237 дугаар татварын хэлтэс болгон бүтэц зохион байгууллалтад өөрчлөлт орсонтой холбогдуулан орон тооны бус байцаагчдыг ажлаас чөлөөлсөн” гэж маргажээ.

Нэхэмжлэгч Г.Энхтуул нь Нийслэлийн татварын газрын Татвар хураалтын хэлстийн Тээврийн татварын тасагт орон тооны бус байцаагчаар хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байгаад тус газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/03 дугаар тушаалаар ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Нийслэлийн татварын газрын 2015 оны “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасныг үндэслэл болгон ажлаас чөлөөлөгджээ.

Татварын ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/237 дугаар тушаалын 1 дүгээр хэсэгт Нийслэлийн татварын газрын Тээврийн татварын тасгийг Тээврийн татварын хэлтэс болгон өөрчилсөн байгаагаас үзэхэд нэгж татан буугдаагүй, өөрчлөгдөн зохион байгуулагдсан байна. Тээврийн татварын тасгийн чиг үүрэг хэвээр байгаа, зохион байгуулалтын хувьд хэлтэс болгон өөрчилснийг татан буугдсан үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлд хамаарахгүй байна.

Нийслэлийн татварын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний Б/03 дугаар тушаалаар чөлөөлөгдсөн орон тооны бус байцаагчдаас 17 байцаагчийг буцаан томилсон, мөн 6 байцаагч шинээр авсан, өнөөдрийн байдлаар тээврийн тасгийн хэлтэст 23 орон тооны бус байцаагч ажиллаж байгаа, Г.Энхтуул нь хариуцлагагүй, цаг ашиглалт муу гэсэн үндэслэлээр буцаан томилоогүй гэж тайлбарласан боловч нэхэмжлэгчийг ажилдаа хариуцлагагүй ханддаг, ажлын цагийн ашиглалт муу зэрэг тайлбараа хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар баримтаар нотлоогүйгээс гадна энэ нөхцөл байдал нь ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалд заасан үндэслэлтэй нийцэхгүй байна.

Иймд Нийслэлийн татварын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/03 дугаар тушаалын Г.Энхтуулд холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг тээврийн татварын хэлтсийн орон тооны бус байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилж,  ажилгүй байсан хугацааны цалинд 864 194 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж,  дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шижирбаяр, С.Соёлмаа нарын давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/03156 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шижирбаяр, С.Соёлмаа нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Нийслэлийн татварын газар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                       ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

                                                                                              Ш.ОЮУНХАНД