| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 188/2019/0230/Э |
| Дугаар | 623 |
| Огноо | 2020-10-30 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Ууганбаатар |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 623
Б.С-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч Б.С-, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 25 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 40 дүгээр магадлалтай, Б.С-д холбогдох хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Л.Ган-Очир нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1996 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ***, ял шийтгэлгүй, Х овогт Б-н С-.
Б.С- нь 2019 оны 04 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Заяа” зочид буудлын гадна иргэн Б.У-ыг зодож улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх шүүгдэгч Б.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.С- түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Л.Ган-Очир нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Л.Ган-Очир нар хамтран гаргасан гомдолдоо “...давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо 2020 оны 04 дүгээр сарын 02-ний өдрийн 69 дугаартай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэж, нэгтгэн шалгах тухай тогтоолыг нийтэд илэрхий мэдээллийн хэрэгслээс хуулбарлан авч хавсарган өгсөн ч шүүх хүлээн авахаас татгалзсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3-т заасныг зөрчсөн.
Эрүүгийн 1937000150136 дугаартай хэргээс 2019 оны 04 дүгээр сарын 21-ний шөнө тухайн үйл явдлыг өөр өнцгөөс бичсэн хяналтын камерын дүрс бичлэгтэй сиди алга болсон нь Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлд “Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэргийн шинжтэй үйлдэл байхад орхигдуулан хууль зөрчин шийдвэрлэсэн байдаг.
Б.У-ын биед 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Тогтох үзлэг хийж 215 тоот дүгнэлтээр түүний биед гэмтэл тогтоогдоогүй гэсэн дүгнэлт гаргасан байдаг.
Прокурор Б.Оюунцэцэг нь 2019 оны 05 дугаар сарын 02 өдөр 05 тоот дахин шинжилгээ хийлгэх тухай тогтоол үйлдэж 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр шинжээч, эмч нар нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 2.4.1 хэсэг, 1.3 дугаар зүйлд заасныг зөрчин дүгнэлт гаргасан байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 зүйлд заасан “Нотлох баримт” шаардлага хангахгүй үйл баримтыг хавтаст хэрэгт хавсаргаж дүгнэсэн. /1 хх 80-86/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд “Нотолбол зохих байдал” бүрэн тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд “Хэргийн бодит байдлыг тогтоох” 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасныг зөрчсөн.
Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.
Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир хэлсэн саналдаа “Үндсэн Хуулийн цэцийн гишүүний 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 69 дүгээр тогтоол дээр үндэслэж анхан шатны шүүхэд хэргийг түдгэлзүүлэх талаар шүүгдэгч, өмгөөлөгчийн зүгээс удаа дараа хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй, тухайн хэрэг маргаанд хамааралгүй гэсэн үндэслэлийг тайлбарласан. 1937000150136 дугаартай эрүүгийн хэргээс 2019 оны 04 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө “Заяа” зочид буудлын хажуугийн хаалганы камерийн бичлэг алга болсон асуудал байгаа. Тус камерийн бичлэгээр шүүгдэгч Б.С- нь хохирогч н.Угтахбаярын биед буюу хэвлий тус газар нь өшиглөж байгаа бичлэг тод харагдаж байсан. 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Ховд аймгийн шүүх шинжилгээний шинжээчийн 215 тоот дүгнэлтээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаалгүй гэсэн дүгнэлт гарсан. 2019 оны 05 дугаар сарын 02-ны хяналтын прокурор Б.Оюунцэцэг нь өөрийн санаачилгаар дахин шинжилгээ хийлгэх тухай тогтоол үйлдэж, үүний дагуу 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарсан ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтын 2.4 дүгээр зүйлийн 1-д заасан үндэслэлээр хохирогчийн эмнэлгийн гар картанд үзлэг хийж 699 тоот дүгнэлтийг гаргасан байдаг. Тухайн дүгнэлтийг гаргахдаа тус журмын 1.3 дугаар зүйлд зааснаар эмнэлгийн баримт бичиг нь өвчний түүх, эмчлүүлэгчийн карт, бусад шинжилгээний хариу зэрэг нь эх хувиараа байх ба тухайн байгууллагын тамга, тэмдгээр баталгаажсан байхыг шаарддаг. Гар картанд үзлэг хийж, шинжээчийн дүгнэлт гаргуулаад байгаа нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хэн нь гарын үсэг зурж, хэн үзлэг хийж байгаа нь ойлгомжгүй байна. Тухайн журмыг зөрчсөн, нотлох баримтын шаардлага хангахгүй, баримт бичигт үзлэг хийж, дүгнэлт хийж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт 41, 42 дугаар талд авагдсан, 2019 оны 06 дугаар сар гэсэн өдөр байхгүй шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт 51 дүгээр талд байгаа, дахин шинжилгээ хийлгэх тухай тогтоолд шинжээч эмч, хохирогч нар нь гарын үсэг зураагүй зэрэг баримтууд хэрэгт авагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэсэн зүйл заалтыг хоёр шатны шүүх буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр гомдол гаргасан” гэв.
Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.С- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд үйл баримт, нотлох баримтыг үнэлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна, хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хангалттай нотлогдсон байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.С- болон түүний өмгөөлөгч Л.Ган-Очир нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн эрүүгийн 1937000150136 дугаартай хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзлээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх Б.С-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг хянан хэлэлцээд түүнийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
Шүүх тухайн эрх зүйн зөрчил маргаан үүсэх болсон шалтгаан, үйл явцын эхлэл, өрнөл, маргаанд оролцогч нарын үйлдэл, тэдний үйлдэлдээ болон үүссэн үр дагаварт хандаж буй хандлага, илрэлийн талаарх нөхцөл байдлыг бүрэн дүүрэн, тал бүрээс нь тогтоох, түүнд эрх зүйн дүгнэлт хийх эрх хэмжээг хэрэгжүүлэхдээ хэрэгт холбогдсон хүн, хохирогч, гэрч нарын мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйн улмаас зөвхөн хохирогчийн мэдүүлгийг үнэн зөв гэж тогтоон, улмаар дан ганц хэрэг маргааны төгсгөл, үр дагаварт тулгуурласан байдлаар үйл баримтыг буруу тогтоож, гэм буруугийн талаар хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэж үзэхэд тухайн үед болсон маргаан, үйл явцын талаар иргэн Б.У- болон Б.С- нар харилцан зөрүүтэй мэдүүлэг өгсөн байх бөгөөд өөрийгөө хэрүүл маргаан өдүүлээгүй, согтууруулах ундаа хэрэглээгүй явсан, автомашин жолоодож явсан цагдаагийн ажилтанг танина, танихгүй гэх зэргээр хоорондоо илтэд зөрчилтэй хохирогчийн мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар үгүйсгэгдсэн шинжтэй, харин маргаан үүссэн, шалтгаан, үйл явц, бусдад биеийн хүч хэрэглэсэн нөхцөл байдлын талаар Б.С-гийн өгсөн мэдүүлэг нь тэдний хажууд байсан гэрч болон дүрс бичлэг, түүний тэмдэглэл зэрэг баримтат мэдээллийн агуулгатай нийцсэн, өөрөөр хэлбэл, хууль, ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн хохирогчийн үйлдлээс үүдэлтэй эрх зүйн зөрчил үүссэн байхад анхан болон давж заалдах шатны шүүх Б.С-г бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байгаа нь Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчим болон хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна.
Тодруулбал, “согтуу залуу машины хаалга онгойлгоод хаанаас яваа вэ, гээд шалгаагаад байхаар нь, орой болсон байна, явж амар гэсэн шаардлага тавихад, хэл амаар доромжилсон, бууж очоод машинаас холдуулахаар түлхэхэд цамцнаас зуурсан, харьж амар гэхэд цаашаа эргэж яваад ална гэж орилоод дөхөөд ирэхэд нь өөрийгөө хамгаалаад өшиглөсөн” гэж мэдүүлсэн Б.С-гийн мэдүүлэг нь гэрч Л.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг болон дүрс бичлэгийн дүрслэлтэй нийцэж байгаа бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц ач холбогдолтой нөхцөл байдлуудад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.
Хууль бус, ёс суртахуунгүй үйлдэл нь эрх зүйн үр дагаварыг үүсэх анхдагч нөхцөлийг бүрдүүлж байгааг зөв тодорхойлж, эрх зүйн суурь зориулалт нь иймэрхүү зүй бус зүйлийг хүлээн зөвшөөрдөггүй болохыг анхааран үзэж дүгнэлт хийх нь эрх зүйн алдаатай дүгнэлт хийхээс зайлсхийх, хуулийн хэм хэмжээний агуулгыг зөв тайлбарлан хэрэглэх боломжийг бүрдүүлдэг болно.
Иргэн Б.У- шөнийн цагаар, согтуугаар, бусдын автомашинд дөхөн очиж, дур мэдэн хаалгыг нь онгойлгож, бусдыг өдөөн хоргоож, шалгааж байгаа нь хувь хүний халдашгүй байдал, хувийн орон зайд зөвшөөрөлгүйгээр халдсан шинжтэй үйлдэл байх бөгөөд тийм үйлдлийг хориглох, зогсоохыг шаардах зэрэг нь иргэн бүрд олгогдсон хууль ёсны эрх, харин цагдаагийн албан хаагчийн хувьд бол хуулиар хүлээсэн үүрэг болно. Тэрээр тухайн автомашинд цагдаагийн албан хаагч нар зорчиж байгааг мэдсэн атлаа явж амрахыг зөвлөсөн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, согтуурхан хэрүүл маргаан өдүүлж, автомашинаас холдон явахгүй байгаа нь Цагдаагийн байгууллагын хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.1 хэсэгт заасны дагуу цагдаагийн албан хаагчийн зүгээс түүнд биеийн хүч хэрэглэх үндэслэлийг бүрдүүлсэн байна.
Улмаар Б.С- автомашинаас гарч очсоны дараа Б.У- шаардлагыг нь биелүүлээгүй, түлхэхэд нь явалгүй маргалдсаар эсэргүүцэн зууралдсан тул биеийн хүч хэрэглэн түүнийг газар унагасан байх бөгөөд богино хугацааны дараа Б.У- босож холдон явж байснаа эргэж гараа гозолзуулан Б.С-г чиглэн тулж ирэх үед тэрээр өөдөөс нь алхан түүнийг нэг удаа өшиглөсөн үйлдлийн улмаас Б.У-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.
Б.С- нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэгч төрийн албан хаагч бөгөөд цагдаагийн ажилтны хууль ёсны шаардлагыг биелүүлэлгүй эсэргүүцсэн, хууль бусаар өдөөн турхирч биед нь халдаж, зууралдсан согтуу хүний эсрэг биеийн хүч хэрэглэсэн нь хуулиар зөвшөөрөгдсөн үйлдэл байх бөгөөд шаардлагыг эсэргүүцэн уурлан эргэж түүнийг чиглэн, заналхийлэн тулж ирснээр түүний амь нас, эрүүл мэндэд аюул учирч болзошгүй нөхцөл байдал үүссэн гэж дүгнэхээр байна.
Хүмүүс хоорондын харилцаанд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахуун, зан заншлын хэм хэмжээг зөрчиж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан, бусдын амь нас эрүүл мэндэд аюултай аргаар хүч хэрэглэн довтлох нь Эрүүгийн хуулиар хамгаалсан харилцааг зөрчсөн хууль бус, гэмт үйлдэл бөгөөд нэгэнт эхэлсэн болон дуусаагүй нийгэмд аюултай, хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор хариу довтолгоон, эсрэг дайралт хийхийг хууль тогтоогч хүлээн зөвшөөрч, тухайн довтолгооноос зайлсхийж зугтах, бусдаас тусламж авах, идэвхгүй хамгаалалт хийх зэрэг боломж нөхцөлөөс үл хамааран хамгаалалт хийх эрхийг хуульчлан тогтоосон.
Мөн халдагч этгээдийн тулгарсан довтолгооноос гадна үргэлжилсэн довтолгоон, халдлагын үед өөрийн боломжит үедээ өөртөө хамгаалалт хийсэн болон бусдын зүгээс халдлага, довтолгоо хийгдэх нь энгийн ухамсрын хүрээнд ойлгомжтой болсон, аюул занал бодитой оршиж халдлага үргэлжилж буй үед өрсөж хамгаалах нь аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн хууль ёсны үйлдэлд тооцогдоно.
Түүнчлэн халдлагын шинж чанар, учирсан буюу учирч болох байсан гэм хорын хэр хэмжээ нь хамгаалалтын шинж чанар, хэр хэмжээтэй тохирсон байх талаар ямар нэгэн шаардлага, хязгаарлалт Эрүүгийн хуульд тусгагдаагүй болно.
Б.С-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулинд заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн объектив шинж болох үр дагавар, хор уршгийг агуулсан байх боловч түүний үйлдэлд гэм буруугийн субъектив шинж үгүйсгэгдэж байгаа, өөрөөр хэлбэл, тэрээр хуулиар зөвшөөрөгдсөн үйлдэл хийж, өөрийн амь нас, эрүүл мэнд аюулд тулгарсан довтолгооныг эсэргүүцэх үедээ уг хор уршигт хүргэсэн байх тул түүний үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.
Иймд Б.С-гийн үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл тогтоогдож байгаа үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, ийнхүү шийдвэрлэж байгаа тул шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.С- болон түүний өмгөөлөгч Л.Ган-Очир нарын хамтран гаргасан “...мөрдөгч прокурор, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож чадаагүй, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож дахин хэлэлцүүлж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 25 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 40 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, “прокуророос Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН