Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2019/0192

 

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2019/0192

Улаанбаатар хот

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

     Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, өмгөөлөгч Г.Ж нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0805 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-н гаргасан давж заалдах гомдлоор, “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0805 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “К” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, эрх олгох тухай” дугаар А/288 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын “К” ХХК, 2 дугаар хавсралтын “М” ХХК, “И” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож”,

2 дахь заалтаар: “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн “Газар ашиглах эрхийг сэргээх, эрхийг дуусгавар болгох тухай” дугаар А/241 тоот тушаалын “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий гуравдагч этгээд “М” ХХК-ийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  давж заалдах гомдолдоо: “...”К” ХХК нь анх Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 5 сарын 3-ны өдрийн А-138 дугаар “Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” тушаалаар маргаан бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг олж авсан ба 2013/05 дугаар улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээнд газрын зориулалтыг “Аялал жуулчлалын” гэж, 2013 оны 5 сарын 09-ний өдрийн 2013/05 тоот Газар ашиглах гэрээний 4.1 дэх хэсэгт ‘Гэрээний нөхцөлд зааснаар газрыг зориулалтын дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, байгаль хамгаалах төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлж, тогтоосон хэмжээнд байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр ашиглах. Үүнд: “К” ХХК нь тухайн газар дээр..., ... дараах төслийг хэрэгжүүлнэ. Аялал жуулчлалын цогцолбор нь 200-250 хүн хүлээн авах хүчин чадалтай үйлчилгээний төв байр, дээд зэрэглэлийн зочид буудал ресторан худалдааны төв, судалгааны төв, цэцэрлэгт хүрээлэн, гүний худаг, теннис, бильярдын өрөө, биеийн тамирын талбай, заал, харуулын байр, ариун цэврийн өрөө, тоглоомын талбай, сүүдрэвч, автомашины ил болон дулаан зогсоол зэрэг байгууламжаас бүрдэнэ” гэж тодорхой заасан.

Гэтэл маргаан бүхий газрыг ашиглах эрхтэй болсноос хойш өнөөдрийг хүртэл газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, газар дээрээ ямар ч үйл ажиллагаа явуулаагүй болох нь хэрэгт цугларсан баримтаар хангалттай нотлогддог. Тухайлбал маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл болон фото зургаас, мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан барилгын эскиз зураг нь орон сууцны цогцолбор барихаар төлөвлөгдөж байсан зэргээс нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг зориулалтын дагуу ашиглаагүй болох нь тогтоогддог.

Хэдийгээр нэхэмжлэгч нь газрыг зориулалтын дагуу ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай буюу Барилга хот байгуулалтын яамны дэд бүтэц төслийн захиалгаар Яармаг суурьшлын шинэ төвийн усан хангамжийн гадна шугам сүлжээний 15 км цэвэр усны шугамын барилга угсралтын ажил хийгдсэний улмаас газраа зориулалтын дагуу ашиглаж чадаагүй хэмээн маргаж, тайлбарладаг ч энэ нь үндэслэлгүй.

Цэвэр усны шугамын ажлыг хийж гүйцэтгэсэн “М” ХХК-ийн “К” ХХК-д хүргүүлсэн 2018 оны 01 сарын 16-ны өдрийн 08 тоот албан бичигт дурдсанаар “... 15 км шугам сүлжээний ажлыг 2015 оны 7 сарын 20-ны өдрөөс 10 сарын 20-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэсэн” гэж, мөн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай комиссын 2015 оны 11 сарын 02-ны өдрийн 2015/626 дугаар актын 1.7-д “энэхүү ажлыг 2015 оны 7 сард эхэлсэн бөгөөд 2015 оны 9 сарын 25-ны өдөр барьж дуусгасан байна” гэснээс үзвэл маргаан бүхий газарт хийгдэж байсан шугам сүлжээний ажил нь 2015 оны 9 сарын 25-ны өдөр бүрэн дуусаж, 11 сард ашиглалтад хүлээлгэн өгсөн нь тодорхой байна. Энэ үеэс хойш газрыг зориулалтын дагуу ашиглах боломжит хугацаа байсаар атал өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч нь тухайн газарт ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, ажил хийгээгүй нь газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлтэй.

Газрыг зориулалтын дагуу ашиглаагүй нь “К” ХХК-аас шалтгаалсан, мөн шугам сүлжээний ажил хийгдсэний улмаас газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болох нөхцөлд хүргэсэн шууд шалтгаан нөхцөл байхгүй байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг үндэслэлтэй хэмээн дүгнэсэнд гомдолтой байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь шинээр баригдах шугам сүлжээний ажилд тохируулан зураг төслийн ажилд өөрчлөлт оруулах шаардлагатай байсан гэсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэгч үүнийгээ нотолж чадаагүй.

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нэхэмжлэгчийг өөрийн ашиглах эрхтэй газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэдгийг хангалттай нотолсоор байтал нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг үндэслэлтэй хэмээн үзэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн ...Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 сарын 03-ны өдрийн А/288 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын Көпкөл ХХК, 2 дугаар хавсралтын “М” ХХК, “И” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоохын тулд мөн сайдын 2018 оны 7 сарын 18-ны өдрийн А/241 дүгээр тушаал хууль ёсны гарсан байх ёстой. Гэтэл дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон тушаал нь дор дурдсан үндэслэлээр хууль бус байхад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

...дээр дурдсанчлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхийн тулд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй сайдын 2018 оны 07 сарын 18-ны өдрийн А/241 дүгээр “К” ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээсэн тушаал нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль ёсны гарсан байх ёстой. Гэтэл уг захиргааны акт нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгоно”, Захиргааны ерөнхий хуулийн 45-р зүйлийн 45.1-д “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчдод мэдэгдэх үүрэгтэй." гэх хуулийн заалтуудыг болон “К” ХХК-ийн гаргасан хүсэлтийг тус тус үндэслэсэн байх боловч үндэслэлгүйгээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байдаг.

Тухайлбал Газрын тухай хуулийн 39-р зүйлийн 39.1-д заасан газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болгох үндэслэлүүдийн нэг нь ч бий болоогүй байхад газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасны дагуу захиргааны актад өөрчлөлт оруулахдаа эрх зүйн үр дагаврыг өөрчлөхгүй байхыг шаардаж байх ба оруулсан өөрчлөлтийн оролцогчдод мэдэгдэх үүргийг захиргааны байгууллага хүлээж байна. Гэтэл дээрх маргаан бүхий захиргааны акт гарснаараа эрх зүйн үр дагавар үүсгэсэн буюу “М” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож, “К” ХХК-д газар ашиглах эрхийг олгосон байх ба мөн хуульд заасан үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг огт хийгээгүй байдаг.

Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт бичгээр гаргасан захиргааны актад тавигдах шаардлагуудыг хуульчилсан байдаг ба 40.2.3 дахь хэсэгт “Захиргааны акт гарах болсон бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэж дурдсан. Гэтэл сайдын 2018 өны 7 сарын 18-ны өдрийн А/241 дугаар “К” ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээсэн тушаал нь дээр дурдсанаар бодит нөхцөл байдал үл нийцүүлэн гаргасан, мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн захиргааны акт байхад анхан шатны шүүхээс “... гуравдагч этгээдийн маргаж буй эдгээр үндэслэл нь гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангах хэмжээний үндэслэл болж чадахгүй юм ” хэмээн бие даасан шаардлагыг хангахгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Ийнхүү захиргааны байгууллага нь хууль бус захиргааны актыг гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдсоор байтал гуравдагч этгээдийн гаргасан шаардлагыг анхан шатны шүүх хангахгүй шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн гэх үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, эрх олгох тухай” А/228 дугаар тушаалаар “К” ХХК-ийн ашиглаж байсан 15 га газрын эрхийг дуусгавар болгож, уг газраас “М” ХХК-д 10 га, “И” ХХК-д 5 га газрыг тус тус аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэсэн хэсгийг нэхэмжлэгч “К” ХХК-иас эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 01 дугаар сарын 18-ны өдрийн А/241 дүгээр тушаалаар “К” ХХК-ийн 15 га газрын ашиглах эрхийг сэргээж, “М” ХХК, “И” ХХК-иудын газар ашиглах эрхийг дуусгавар болгосонтой холбогдуулж нэхэмжлэгчээс хүчингүй болгуулахаар маргаж байсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/228 тушаалын холбогдох хэсгийг “хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хариуцагчаас нэхэмжлэгч компанийн ашиглаж байсан 15 га газрын эрхийг дуусгавар болгосон үндэслэлээ газрын төлбөр төлөөгүй, тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж тайлбарлан маргасан боловч хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч компани нь газрын төлбөрөө хугацаандаа, бүрэн төлсөн нь тогтоогдсон бөгөөд хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр” газар ашиглах эрх дуусгавар болохоор, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон” бол газар эзэмших эрх дуусгавар болохоор, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д газар эзэмших эрхийн гэрчилгээг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” тохиолдолд хүчингүй болгохоор тус тус зохицуулжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Богдхан уулийн Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг дарга болон “К” ХХК-ийн хооронд 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” 2013/05 дугаар гэрээгээр нэхэмжлэгч компани нь тус газарт аялал жуулчлалын цогцолборын төсөл хэрэгжүүлэх үүрэг хүлээсний дагуу 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “С” ХХК-тай “барилга байгууламжийн хамтран ажиллах гэрээ” байгуулж, 2015 онд барилгын эскик зургаа эрх бүхий байгууллагаар батлуулсан байна.

Улмаар нэхэмжлэгч компанийн ашиглах эрх бүхий 15 га газарт Барилга, хот байгуулалтын яамны “Дэд бүтэц” төслийн захиалгаар 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд хийгдсэн “Яармаг суурьшлийн шинэ төвийн усан хангамжийн гадна шугам сүлжээний 15 км цэвэр усны шугамын барилга угсралтын ажил”-ыг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр улсын комисс хүлээн авч, ашиглалтад оруулсантай холбоотойгоор нэхэмжлэгч компаниас газраа гэрээнд заасан зориулалт дагуу буюу аялал жуулчлалын цогцолборын барилгын ажлыг эхлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсч байжээ.

Түүнчлэн тус ажилтай холбоотойгоор нэхэмжлэгч компаниас 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр архитектур төлөвлөлтийн даалгавраа дахин батлуулж, улмаар барилгын эскиз зургаа дахин баталгаажуулахаар хариуцагчид хандсан үйл баримт тогтоогдсон байна.

Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч компани нь өөрөөс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас гэрээнд заасан зорилгын дагуу газраа ашиглах боломжгүй болсон байх бөгөөд дээрхээс үзэхэд 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраа ашиглаагүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж маргаан бүхий тушаалыг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн байна.

Гуравдагч этгээд “М” ХХК-ийн “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 01 дугаар сарын 18-ны өдрийн А/241 дүгээр тушаалын түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагын тухайд:

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.3.1-д зааснаар маргаан бүхий захиргааны акт хууль бус байх, түүний улмаас хүн, хуулийн этгээдийн хууль ёсны дагуу үүссэн тэрхүү эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх урьдчилсан нөхцлүүд зэрэг хангагдсан тохиолдолд шүүх уг захиргааны актыг хүчингүй болгохоор зохицуулсан.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч компанийн маргаан бүхий 15 га газрын ашиглах эрхийг дуусгавар болгосон тушаал хууль бус байсан болох нь тогтоогдсноор түүнд анх газар ашиглах эрх олгосон актын үйлчлэл эргээд сэргэх тул гуравдагч этгээд “М” ХХК-д нэхэмжлэгч компанийн ашиглах эрх бүхий 15 га газраас 10 га газрын ашиглах эрх хууль ёсны дагуу үүссэн гэж үзэхгүй, өөрөөр хэлбэл гуравдагч этгээдийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 01 дугаар сарын 18-ны өдрийн А/241 дүгээр тушаалын улмаас түүний хууль ёсны дагуу үүссэн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Нөгөөтэйгүүр өөрийн хууль бус үйл ажиллагааг зөвтгөж, нэхэмжлэгчийн 15 га газар ашиглах эрхийг сэргээсэн захиргааны байгууллагын шийдвэр зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх тул түүнийг хууль бус гэж үзэж хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зүйтэй байна.

Эдгээр үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0805 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-н гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд “М” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

                                     ШҮҮГЧ                                                          Ц.ЦОГТ

                                     ШҮҮГЧ                                                          Б.ТУНГАЛАГСАЙХАН