Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2021/0047

 

“А а т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Зам тээврийн хөгжлийн яам, Хууль

зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний

хүрээлэн тус тус холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

Шүүгчид:                         М.Батсуурь

                                          Д.Мөнхтуяа

                                          П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:               Ц.Цогт

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/24 дүгээр тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм”-ийг хүчин төгөлдөр бусад тооцуулах,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын   18-ны өдрийн 21 дүгээр шийдвэр,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н,

Хариуцагч Зам тээврийн хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Б.Ц,

Хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э,

Хариуцагч Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Э, Б.Х нар,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 21 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А а т” ХХК-ийн “Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/24 дүгээр тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм”-ийг хүчин төгөлдөр бусад тооцуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н журмаар гаргасан гомдолдоо: “...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 21 дүгээр шийдвэрт гомдол гаргаж байна.

Шийдвэрийн 7 дугаар хуудаст:

3. “...авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрмийн улмаас “А а т” ХХК-ийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар одоогоор маргаагүй байна...” гэжээ. Дээрх дүрэм гэх баримт бичиг нь ганц “А а т” ХХК-ийн эрх, ашиг сонирхлыг бус тухайн дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг ААНБ-ууд, тухайн дүрмээр эрх эдэлж, үүрэг хүлээдэг төрийн эрх бүхий байгууллагуудад, үйлчилгээ хүртдэг иргэдэд хамаатай. Учир нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн холбогдох зүйл, заалтын шаардлага хангаагүй бол хэм хэмжээний акт нь хүчин төгөлдөр бус байна. Хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэм хэмжээний акт мөрдөх, дагах нь өөрөө хууль бус.

Шийдвэрийн 7 дугаар хуудаст:

4. “... энэхүү заалтаас үзвэл маргаж буй захиргааны хэм хэмжээний акт Захиргааны ерөнхий хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар улсын бүртгэлд бүртгэгдээгүй зэргээр хууль бус байхаар, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх гэсэн хуулийн урьдчилан нөхцөлүүдийг аль алиныг нь хангасан тохиолдолд шүүх тухайн хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоохоор байна. Энэ тохиолдолд, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/24 дүгээр тушаалаар батлагдсан Авто тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх, Автотээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх дүрэм нь Захиргааны ерөнхий хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэнэ” гэж зааснаар захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 4707 дугаарт бүртгэгдсэн болох нь Хууль зүй, дотоод хэргийн яамны 3-2/112 дугаар лавлагааны хуудсаар тогтоогдсон байна ...” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн зүгээс Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ хууль бусаар бүртгэсэн эсхүл огт бүртгээгүй, алдаа гарсан эсэх талаар, өөрөөр хэлбэл улсын бүртгэлийн талаар огт маргаагүй.

Шийдвэрийн 8, 9 дүгээр хуудаст:

6. “... захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 5 дугаарын 1019 дүгээр хуудаст Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/24 дүгээр тушаалыг нийтэлж. “... энэ тушаалын хавсралтыг www.legalinfo.mn-с үзнэ үү" гэж бичсэн боловч үүнийг 5 хоногийн дараа буюу 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www.legalinfo.mn-д байршуулсан болох нь Хууль зүй, дотоод хэргийн яамны 3-2/133 дугаар лавлагааны хуудас болон цахим хуудсаар тогтоогдож байна.

7. Мөн, Хууль тогтоомжийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3-д “Хууль тогтоомжийн цахим санг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд байршуулна”, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.5-д “Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн, хүчин төгөлдөр болсон захиргааны хэмжээний актыг бүрэн эхээр нь байршуулна” гэж зааснаар тухайн дүрмийг эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан www.legalinfo.mn бүрэн эхээр байршуулсан байна.

8. “... хэдийгээр А/24 дүгээр тушаал хавсралтын хамт бүрэн эхээрээ Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 5 дугаарт нийтлэгдээгүй нь захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “... улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д бүрэн эхээр нь нийтлүүлнэ, 67.2-т Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ” гэж заасантай нийцээгүй ч үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна ...” гэжээ.

9. Тухайн дүрэм хүчин төгөлдөр болох хуулийн үндсэн шаардлага зөрчсөнийг холбогдох нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүх мөн тэгж дүгнэсэн мөртлөө нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны сонирхол зөрчигдсөн гээд үзэхээргүй байна гэж дүгнээд байгаа нь хууль бус. Дүрмийг хуулийн шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус болохыг иргэн, хуулийн этгээд олж илрүүлээд шүүхээр хууль ёсны байх байдлыг тогтоолгох гэж байхад “зовлонгийн өөрийн биеэр мэдэрсэн юмуу” гэх байдлаар хандаж байгаад нэхэмжлэгчийн зүгээс гомдолтой байна.

10. Монгол Улсад хууль нэг мөр, тэгш хүртээмжтэй үйлчлэх ёстой. Хэрэв хаа нэг газар алдаа гарвал түүнийг илрүүлэх эрх нь иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагад бий, алдаагаа залруулах нь эрх бүхий байгууллага, албан тушаалтан бий, хэрэв тухайн алдаагаа залруулахгүй бол шүүх түүнийг засах ёстой, ийм утгаар бид шүүхэд хандсан. Мөн хууль тогтоомжийн тухай хуулийг үндэслэл болгосон нь хууль бус, өөрөөр хэлбэл Хууль тогтоомжийн тухай хууль нь Монгол Улсын Их хуралд хамаарна. Тэр ч бүү хэл Хууль тогтоомжийн тухай хуулийн 43 дугаар зүйлээр “хууль тогтоомжийг нийтлэх”, 44 дүгээр зүйлээрээ хууль тогтоомжийг хүргэх” гээд Захиргааны ерөнхий хуультай яг адил зохицуулалт байна.

Шийдвэрийн 10 дугаар хуудаст:

11. “... Захиргааны ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “... Энэ хуулийн зорилго нь нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэхэд оршино ...” гэж заасан бөгөөд хуулиар захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлага, захиргааны хэм хэмжээний актыг хэрхэн баталж, хүргүүлэх, хянан бүртгэх, хүчин төгөлдөр болох бүхий л ажиллагааг нэгтгэн зохицуулсан байх тул шүүх тухайн дүрмийг хэзээнээс хүчин төгөлдөр байхыг тогтоохгүй ...” гэжээ. Шүүх энэ дүгнэлтээрээ дээрх дүрмийг хууль зөрчсөн болохыг дахин тогтоосон байна."

Шийдвэрийн 11 дүгээр хуудаст:

12. “... Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 5 дугаарт Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/24 дүгээр тушаалыг нийтэлж, хавсралтыг www.legalinfo.mn үзнэ үү гэснээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй тул ...” гэжээ.

Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалт нь:

13. Нэг талаас хэм хэмжээний актыг ямар тохиолдолд хүчин төгөлдөр болохыг тодорхой зохицуулсан, нөгөө талаас хуулийг дагаж, мөрдөж буй субъектуудад хэрэглээ талаас хүртээмжтэй байх нөхцөлийг хангасан, өөрөөр хэлбэл цахим хэрэглээ манайх шиг улс битгий хэл өндөр хөгжилтэй улсуудад тэгш хөгжөөгүй. Иргэдийн хууль, түүнийг дагаж гарсан бусад зохицуулалтуудыг дагах, мөрдөх, мэдэх хууль ёсны эрхэд халдаж болохгүй.

14. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д бүрэн эхээр нь нийтлүүлнэ ...”, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д 67.2.3ахиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ. Цөөн тооны боломжтой хүмүүсийн хэрэглээ, боломж, сэтгэхгүйгээр хандаж боломгүй байна, хуулийг бүхэлд нь нэг араа гэж үзвэл нэг шүд байхгүй байна. Тэгвэл араа ажиллахгүй.

15. Эцэст нь дүгнээд хэлбэл эрх бүхий байгууллага нь алдаа гаргахад, түүнийг тогтооход, залруулахад, засахад хэн нэгний эрх зөрчигдөхийг, ашиг сонирхол нь зөрчигдөхийг, бодит хохирол учирсан байхыг заавал шаардаж болохгүй.

Дээрх шийдвэрийг уншвал:

2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр,

2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр,

2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрүүдийн алинаар хүчин төгөлдөр болох нь тодорхой бус, салаа утгатай болж байна, эргэлзээ төрүүлж байна, үзэмжээрээ хандах нөхцөл байдал үүсч байна, дээрхи цаг хугацааны алийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй байна.

16. Шийдвэрийг судалвал 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 27 дугаартай “Хэм хэмжээний актын эмхэтгэл”-д бүрэн эхээр нийтлэгдсэн тухай яагаад дэлгэрэнгүй, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Хариуцагч алдаагаа залруулсан байна, үүнийг шүүх дэлгэрэнгүй дүгнэж дурдах ёстой байсан.

17. Нэхэмжлэгч 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргаж байх үед тухайн дүрэм бүрэн эхээр нийтлэгдээгүй байсан. Тэгэхээр шүүх нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд энэхүү дүрэм хүчин төгөлдөр бус байсныг дүгнэсэнгүй.

18. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 21 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

    ХЯНАВАЛ:

19. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

20. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай” А/24 дүгээр тушаалаар Автотээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх дүрмийг 1 дүгээр хавсралтаар, зорчигч тээвэрлэх дүрмийг 2 дугаар хавсралтаар тус тус баталжээ.

21. Нэхэмжлэгч “А а т” ХХК-иас Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/24 дүгээр тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм”-ийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг “...Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасны дагуу “... “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д бүрэн эхээр нь нийтэлнэ...” гэсэн шаардлагыг хангаагүй тул 67.2-т зааснаар хүчин төгөлдөр болоогүй...” гэх үндэслэлээр гаргасан байна.

22. Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгох”-оор, 65 дугаар зүйлийн 65.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх”-ээр тус тус заажээ.

23. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Зам, тээврийн хөгжлийн сайд 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/24 дүгээр тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яам 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 4707 дугаарт бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 5 дугаарын 1019 дүгээр хуудаст Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/24 дүгээр тушаалыг нийтэлж, “...энэ тушаалын хавсралтыг www.legalinfo.mn-с үзнэ үү” гэж бичсэн боловч үүнийг 5 хоногийн дараа буюу 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www.legalinfo.mn байршуулсан, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 27 дугаарт бүрэн эхээр нь нийтэлсэн үйл баримттай хэргийн оролцогч нар маргаагүй байна.

24. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэж, маргааны үйл баримтын талаар “... Хэдийгээр А/24 дүгээр тушаал хавсралтын хамт бүрэн эхээрээ Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 5 дугаарт нийтлэгдээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй ч үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна” гэж зөв дүгнэжээ.

25. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6-д “захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.8-д “захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” гэж тус тус заасан бөгөөд Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 5 дугаарт бүрэн эхээр нь нийтлэгдээгүйгээс (2020 оны 09 дүгээр сарын 17-нд нийтлэгдэх хүртэлх хугацаанд) нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж, нэхэмжлэгчид ямар сөрөг үр дагавар үүссэн болох нь тодорхойгүй байна.

26. Нөгөөтэйгүүр, Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 5 дугаарт бүрэн эхээр нь нийтлээгүй боловч Захиргааны ерөнхий хуулийн 67.5-д “Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн, хүчин төгөлдөр болсон захиргааны хэм хэмжээний актыг бүрэн эхээр нь эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан болон баталсан байгууллагын цахим хуудсанд байршуулна” гэж зааснаар эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем болох www.legalinfo.mn сайтнаас үзэх боломжтой байжээ.

27. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...хуулийн зөрчил байгаа учраас заавал нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байхыг шаардахгүй...” гэсэн гомдол үндэслэлгүй. Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6, 106 дугаар зүйлийн 106.3.8 дугаар зүйлд тухайн этгээдэд энэ хэм хэмжээний актыг улмаас учирсан сөрөг үр дагавраа тодорхойлоогүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй. Энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

28. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...өрсөлдөгч монополи тээврийн компаниудын лобби, шахалтаар хууль зөрчиж баталсан, эрх зүйн үйлчлэлгүй, хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний акт болох Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/24 дүгээр тушаалаар батлагдсан дүрмийг үндэслэж манай компанитай байгуулсан гэрээг цуцлуулах хууль бус шаардлагыг хүргүүлсэн...” гэж маргаж байгаа боловч энэ нь уг А/24 дүгээр тушаалаар батлагдсан дүрмийн улмаас өөрийнх нь эрх зөрчигдсөн асуудал бус харин захиргааны байгууллагатай хийсэн гэрээтэй холбоотой тусдаа маргаан байна.

29. Мөн, нэхэмжлэгч “А а т” ХХК нь “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-тай 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ХХНТ-016/2020 дугаартай “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах гэрээ” байгуулснаар зорчигч тээврийн үйлчилгээний асуудлаар захиргааны байгууллагатай эрх зүйн харилцаанд орсон атлаа Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/24 дүгээр тушаалаар батлагдсан Автотээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх дүрмийг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж буй үндэслэлээ тодорхойлон зааж маргаагүй байна.

30. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Хууль зүй, дотоод хэргийн яам болон Хууль зүйн үндэсний хүрээлэнг хамтран хариуцагчаар татан оролцуулсан болох бөгөөд дээрх хоёр байгууллагын ямар шийдвэр, үйлдэл нь нэхэмжлэлийн шаардлагад хариуцагдаж буй нь тодорхой биш болохыг тэмдэглэв.

31. Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Ч.ТУНГАЛАГ

 

ШҮҮГЧ                                                               Ц.ЦОГТ