Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 00006

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн оршин суугч Лхамсүрэнгийн Пунсал-Орломын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга /түр орлон гүйцэтгэгч Б.Эрдэнэхуяг/-д холбогдох;

Нэхэмжлэлийн шаардлага: Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/22 дугаар тушаалыг хүчингүй болгож, мөн хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/23 дугаар тушаалын хавсралтын 4 дэх заалтыг хууль бус байсан болохыг тогтоож, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний орон тоонд ажиллуулахыг Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргад даалгах тухай”   нэхэмжлэлийг анх шүүхэд  гаргасан бөгөөд,

Шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн Б/11дүгээр тушаалын Л.Пунсал-Орломд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, хэлтсийн даргын “Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан, мэдлэг туршлагатай намайг уг албан тушаалд жинхлэн томилохгүй байсан эс үйлдэхүй хууль бус байсан болохыг тогтоож, Л.Пунсал-Орлом намайг Хөвсгөл аймгийн

Хөдөлмөрийн хэлтсийн даргын Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр төрийн жинхэнэ албанд төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллах эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Пунсал-Орлом, хариуцагч Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Алтанцоож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Пунсал-Орлом, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа: Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/22 дугаар тушаалыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/23 дугаар тушаалын хавсралтын 4 дэх заалтыг хууль бус байсан болохыг тогтоож, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний орон тоонд ажиллуулахыг Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргад даалгах, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, … Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан, мэдлэг туршлагатай намайг уг албан тушаалд жинхлэн томилохгүй байсан эс үйлдэхүй хууль бус байсан болохыг тогтоож, Л.Пунсал-Орлом намайг Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр төрийн жинхэнэ албанд төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллах эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоолгох тухай”  нэхэмжлэлийн шаардлага болон  нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. ... Би Хөвсгөл аймаг дахьТөрийн албаны салбар зөвлөлд 2 удаа өргөдөл гаргаж байсан. 2016 оны 08 дугаар сарын 17-ны тушаал тухайн өдрөө гараагүй. 09 дүгээр сар гарч байж гарсан тушаал байсан. Бичиг хэргээс авахад 09 дүгээр сарын 09-ний өдрийн үдээс хойш гарсан тушаал гэж хэлсэн. Ямар учраас тэр тушаалыг надад  гардуулж өгөөгүй танилцуулаагүй байдаг юм бэ. Гэрчийн мэдүүлэгт ч байдаг. Ямар учраас гарсан тушаалыг дор нь  танилцуулаагүй тухайгаа санахгүй байна гэж мэдүүлсэн байдаг. Хууль бус тушаал гэж үзэж байна. П.Ариунбат дарга гэрчийн мэдүүлэгт төрийн жинхэнэ албан хаагчийг авч үлдсэн гэж мэдүүлсэн байсан гэв. 

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц батлах тухай” 09 дүгээр тогтоолоор аймгийн Хөдөлмөрийн хэлтэс татан буугдаж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт нэгтгэгдсэн. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоо батлах Б/21 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн хэлтсийн ажиллагсдын тоо 24 байснаас 5 болж цөөрч ирсэн бөгөөд хуучин Хөдөлмөрийн хэлтсийн Дотоод хяналт үнэлгээ, үйл ажиллагааны тайлан хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан. Орон тоо хасагдсан, цөөрч батлагдсан ажиллагсдад Хөдөлмөрийн хуулийн дагуу ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг өгч Төрийн албаны тухай хуулийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 40.5 дахь заалтыг үндэслэн чөлөөлсөн. Хөдөлмөрийн хэлтсийн ажиллагсдыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжүүлсэн тухай Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/23 тоот тушаалын хавсралтанд Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Б.Энхбаатар /төрийн жинхэнэ албан хаагч/, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, төсөл хөтөлбөр, мэргэжлийн сургалт хариуцсан мэргэжилтэн Л.Доржпагма /төрийн жинхэнэ албан хаагч/, түүний жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацаанд тухайн албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр Л.Пунсал-Орлом ажиллаж байгааг нотолсон байдаг. ... Л.Доржпагмын жирэмсний болон амаржсаны амралттай байгаа хугацаанд Л.Пунсал-Орлом нь тухайн албанд томилогдсон Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/22 тоот тушаал гарсан байгаа бөгөөд энэ тушаал нь нэхэмжлэл гаргагч Л.Пунсал-Орломын ээлжийн амралттай байх хугацаанд гараагүйг нотлох Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/21 тоот тушаал, тушаалын хавсралтаар тодорхойлогдож байна. ... Хөдөлмөрийн хэлтсийн хуучин дарга П.Ариунбат Төрийн албаны салбар зөвлөлийн нөөцөөс нэр дэвшүүлсэн тухай 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 17 дугаар тогтоолыг хэрэгжүүлээгүй нь шинэчлэн зохион байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад хамааралгүй гэж үзэж байна. ... Нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын “Хөвсгөл аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/53 тоот тушаалаар хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод хяналт хариуцсан мэргэжилтэн 2 байхаар баталсан. Уг тушаалын хүрээнд хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод хяналт хариуцсан мэргэжилтнүүд нь Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн захиргаа, хяналтын албанд харьяалагдаж байсан бөгөөд шинэчлэгдсэн зохион байгуулагдсан ХХҮГ-ын Захиргаа хяналтын хэлтэст хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан 2 мэргэжилтэн байхаар орон тоог баталсан. Иймд татан буугдсан Хөдөлмөрийн хэлтсийн хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн хэн байхаас үл хамааран татан буугдсан. ... Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс нь хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн-2, Хөдөлмөрийн хэлтэст хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн-1 байсан бөгөөд мөн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар тухайн албан тушаалд Б.Энхбаатар ажиллаж байсан. Хөдөлмөрийн хэлтсийн хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажлын байр хасагдсан тул Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний Б/11 дугаар тушаалаар чөлөөлөгдсөн. Иймд хяналт, шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр Л.Пунсал-Орломыг томилох эрх зүйн үндэслэлгүй юм гэжээ.    

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбарт: Монгол улсын Засгийн газрын 09 дүгээр тогтоолоор Хөдөлмөрийн хэлтэс, Нийгэм халамж үйлчилгээний хэлтэс хоёр нэгдсэн. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөрийн хэлтсийн нийт 28 ажилтнаас 5 ажилтныг ажлын байранд нь Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын 2016 оны Б/21 дугаар тушаалын хавсралтаар Хөвсгөл аймгийн Хөдөлмөр Халамж үйлчилгээний газарт багтааж өгсөн. Хөдөлмөрийн хэлтсээс хяналт шинжилгээний мэдээ тайлан хариуцсан мэргэжилтэн гэх орон тоо хасагдаж ирсэн. Энэ нь нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст хяналт шинжилгээ дотоод аудитын мэргэжилтэн гэсэн хоёр орон тоо байсан. Хөдөлмөрийн хэлтсээс шинээр байгуулагдсан Хөдөлмөр Халамж үйлчилгээний газар цалингийн хамт шилжүүлсэн жагсаалтанд нэхэмжлэгч Пунсал-Орломын нэр Доржпагма гэх хүний ажлын байранд ажиллаж байгаа гэсэн тушаалтай шилжсэн байдаг. Иймд Доржпагмад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаас тэтгэмжгүй ажлаас чөлөөлсөн. Энэ нь Төрийн албаны тухай хуулийг баримталсан үйл ажиллагаа байсан. Тухай үед хяналт шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Энхбаатар гэх хүн ажиллаж байсан. Энхбаатарт төрийн жинхэнэ албан хаагч Хөдөлмөрийн хэлтсийн даргын тушаалтай байсан учраас ажлын байр нь байхгүй болсон учраас нэг удаагийн гурван сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж өгсөн. Хөдөлмөр Халамж үйлчилгээний газар бол хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан хоёр мэргэжилтэн ажиллаж байна. Нийгмийн халамж үйлчилгээ хяналт шинжилгээ хариуцсан дотоод аудитын мэргэжилтэн Хөдөлмөрийн Халамж үйлчилгээ хяналт шинжилгээ хариуцсан мэдээ тайлан хариуцсан мэргэжилтнээс ажлын байрны тодорхойлолт нь өөр шинээр бий болсон ажлын шинээр тогтоосон ажил үүрэгтэй болсон. Хөдөлмөрийн Халамж үйлчилгээ хяналт шинжилгээ үнэлгээ, мэдээ тайлан хариуцсан Батжаргал гэж хүн байхад Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар ажлаас халагдсан байдаг. Мөн өвчтэй байх хугацаанд нь түр орлон гүйцэтгэгчээр Пунсал-Орлом гэх хүнийг томилсон байдаг. Тэгээд 2016 оны 01 дүгээр сард Батжаргалыг ажлаас чөлөөлсөн тушаал мөн Пунсал-Орломыг томилохдоо төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлэх хүртэл хугацаанд гэж зааж томилсон. Энэ томилолтыг ажлын байранд заахдаа 2016 оны 03 дугаар сард Төрийн албаны зөвлөлөөс Пунсал-Орлом болон нэр бүхий 3 хүнийг хяналт шалгалт үнэлгээ хариуцсан мэргэжилтэнд нэр дэвшүүлж байна гэсэн бичгийн Төрийн албаны зөвлөлөөс Хөдөлмөрийн хэлтэст ирүүлсэн байдаг. Энэ сонголтын тухай үеийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга хийгээгүй явж байгаад 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/22 тушаалаар түр орлон гүйцэтгэгч Пунсал-Орломыг жирэмсний амралттай байгаа Доржпагмын оронд томилж түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Энхбаатарыг хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтнээс жинхэл гэсэн байдаг. Энэ нь тухай хүмүүсийг ээлжийн амралттай байх хугацаанд гараагүй. Бүх хүнийг ажиллаж байх хугацаанд гарсан. Хөдөлмөр Халамж үйлчилгээний газраас хоёр байгууллага татан буугдаж шинээр бий болж байгаатай холбогдуулан Хөдөлмөр Халамж үйлчилгээний хэлтсийг цалингийн хамт шилжүүлнэ үү гэсэн бичгийг Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс Хөдөлмөр Халамж үйлчилгээний хэлтэст өгсөн. Үүнтэй холбогдуулаад 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/24 тоот тушаал гаргасан байдаг. Ингээд 18-ны өдөр Хөдөлмөрийн хэлтсийн дарга П.Ариунбатыг түр орлон гүйцэтгэгч Нямдаваа гэх хүн ажиллуулсан. Ийм учраас 22 дахь тушаал бол 23 дахь тушаалаас хойш гарсан байх ямар ч үндэслэл байхгүй. Тухайн үед Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байсан ахлах мэргэжилтэн гээд хүмүүсээс тодруулж нотолсон зүйл байхгүй байдаг. Хүчин төгөлдөр тушаал байсан учраас өмнөх даргын тушаалыг хүчин төгөлдөр гэж үзээд Пунсал-Орломтой холбоотой тушаалыг гаргасан байдаг гэв.

Гуравдагч этгээд Б.Лхамсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: ... 2009 оноос Халамж, үйлчилгээний хэлтэст төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2012 оны 11 дүгээр сард Хөдөлмөрийн хэлтэс шинээр үүсэн байгуулагдаж Халамж үйлчилгээний хэлтэст Хөдөлмөрийн асуудал хариуцаж байсан мэргэжилтнүүд Хөдөлмөрийн хэлтэст шилжиж ажилласан. Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны Б/23 дугаар тушаалаар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын мэдэлд шилжиж ирсэн. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын тушаалаар ажлын байрны тодорхойлолтод эдийн засагч, эрх зүйч байна гэсэн шаардлагын дагуу хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. ... Пунсал-Орломын хувьд хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Ч.Батжаргалын оронд түр тушаалтайгаар ажиллаж байгаад 2016 оны 01 дүгээр сарын 11-нд Ч.Батжаргал ажилдаа орох болсноор ажлаас чөлөөлөгдсөн. Хөдөлмөрийн хэлтсийн ажилчид бүсийн тэмцээнд оролцох болсон тул 2016 оны 03 дугаар сард Пунсал-Орломыг багийн тэмцээнд оруулахаар авч явахдаа тушаал гаргаж авч явсныг би мэдэхгүй, ер нь Пунсал-Орлом түр тушаалтай, Б.Энхбаатар бол энэ тэр ажлыг хийж байсан ч түр тушаалтай байгаагүй, тангараг өргөж, төрийн албаны нөөцөөс томилогдсон албан хаагч юм гэжээ.

Гуравдагч этгээд Б.Энхбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: ... 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/22 дугаар тушаалыг хууль бус гэж үзэхгүй байна. Яагаад гэвэл миний бие Хөдөлмөрийн хэлтэст 3 жил ажиллаж байгаа үндсэн ажилтан юм. Л.Пунсал-Орломын хувьд түр тушаалтай байсан бөгөөд намайг хөдөлмөрийн хэлтсийн Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний орон тоонд авч ажиллуулсныг хууль бус гэж үзэхгүй байна. Хөдөлмөрийн хэлтэс нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай нэгдсэний дараа 2016 оны 10 сард намайг ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл ирсэн. Мэдэгдлийн дагуу ажлаас халагдсаны тэтгэмж өгөх хүсэлтээ өгөөд ажлаас гарсан. Одоогоор ажилдаа эргэж орохгүй. Иймд Л.Пунсал-Орломын гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд захиргааны хэргийн шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэлгүй байгаа тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь Л.Пунсал-Орлом тус шүүхэд Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/22 дугаар тушаалыг хүчингүй болгож, мөн хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/23 дугаар тушаалын хавсралтын 4 дэх заалтыг хууль бус байсан болохыг тогтоож, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний орон тоонд ажиллуулахыг Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргад даалгах тухай”  шаардлага бүхий нэхэмжлэлийг анх шүүхэд  гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн Б/11дүгээр тушаалын Л.Пунсал-Орломд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын “Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан, мэдлэг туршлагатай намайг уг албан тушаалд жинхлэн томилохгүй байсан эс үйлдэхүй хууль бус байсан болохыг тогтоож, Л.Пунсал-Орлом намайг Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллах эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргажээ.

Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/11 дугаар “Төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” тушаалаар Дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний сул орон тоон дээр Лхамсүрэнгийн Пунсал-Орломыг сонгон шалгаруулат явуулж нөхөх хүртэл хугацаанд төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ. /хх- 108 хуудас/

Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Нөөцөөс  ажилд томилуулахаар нэр дэвшүүлэх тухай” 17 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн хэлтсийн Дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажлын байрны тусгай болон ерөнхий шаардлагыг хангаж буй Л.Пунсал-Орлом, Ж.Уранчимэг, М.Алтанбаатар нарын иргэдээс сонгон тухайн ажлын байранд нь томилуулахаар нөөцөөс нэрийг нь дэвшүүлж Хөдөлмөрийн хэлтсийн дарга /П.Ариунбат/-д хүргүүлсэн боловч зөвхөн нэхэмжлэгчийг томилох ёсгүй бөгөөд тухайн ажлын байранд ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан эсэхээс шалтгаалан  маргаан бүхий албан тушаалд  томилох эсэх  түүнийг томилох эрх бүхий албан тушаалтны эрх хэмжээ байх тул /маргаан бүхий ажлын байранд эрх зүйч байх тусгай шаардлагатай гэж үзсэн байна/ хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй байна гэж үзэн нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэсгүй байна.  /Хх- 6 хуудас/

Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар  сарын 27-ны өдрийн Б/22  дугаар “Ажлаас чөлөөлж, Төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” тушаалаар Дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Л.Пунсал-Орломыг чөлөөлж, мөн өдрөөс эхлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ төсөл хөтөлбөр МБС хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ. /Хх- 74хуудас/ 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолын 4 дэх заалтыг үндэслэн Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтэс өөрчлөн байгуулагдсантай холбогдуулан  Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/23 дугаар “ажлаас шилжүүлэх тухай” тушаалаар нэр бүхий албан тушаалтнуудыг буюу хавсралтын 4 дэх заалтаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ төсөл хөтөлбөр МБС хариуцсан Л.Доржпагмыг буюу /жирэмсэн болон амаржсаны амралттай байгаа тул түүнийг түр орлон ажиллаж байгаа Л.Пунсал-Орлом/ гэсэн тайлбартайгаар, 20 дахь заалтаар Хяналт шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Энхбаатар нарыг цалингийн сангийн хамт шинээр өөрчлөн байгуулагдаж буй аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт шилжүүлсэнийг буруутгах үндэслэлгүй байна. /хх-16-18 хуудас/

Улмаар Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга /түр орлон гүйцэтгэгч Б.Эрдэнэхуяг/-ын 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн Б/11 дүгээр “Ажлаас чөлөөлж, нэг удаагийн тэтгэмж олгох тухай” тушаалаар Хөдөлмөрийн хэлтсийн ажиллагсдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, ... Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ төсөл хөтөлбөр МБС хариуцсан Л.Доржпагмын жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацаанд тухайн албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Л.Пунсал-Орломыг ...үүрэгт ажлаас нь чөлөөлж, Л.Доржпагамд нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ. /Хх- 76 хуудас/

Эдгээр нөхцөл байдлуудаас үзэхэд Засгийн газрын шийдвэрээр төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсаны улмаас Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ төсөл хөтөлбөр МБС хариуцсан Л.Доржпагмын жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацаанд тухайн албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Л.Пунсал-Орломыг Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/23 дугаар “ажлаас шилжүүлэх тухай” тушаалаар нэр бүхий албан тушаалтнуудыг буюу хавсралтын 4 дэх заалтаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт /хавсралтын тайлбартайгаар/ шилжүүлснээр Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга /түр орлон гүйцэтгэгч Б.Эрдэнэхуяг/-ын 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн Б/11 дүгээр “Ажлаас чөлөөлж, нэг удаагийн тэтгэмж олгох тухай” тушаалаар Л.Пунсал-Орломыг ажлаас  чөлөөлсөн нь хариуцагчийг буруутгах үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан, мэдлэг туршлагатай Л.Пунсал-Орломыг уг албан тушаалд жинхлэн томилохгүй байсан эс үйлдэхүй хууль бус байсан болохыг тогтоох, Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр төрийн жинхэнэ албанд төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллах эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоолгох тухай” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Нөөцөөс  ажилд томилуулахаар нэр дэвшүүлэх тухай” 17 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн хэлтсийн Дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажлын байрны тусгай болон ерөнхий шаардлагыг хангаж буй Д.Пунсал-Орлом, Ж.Уранчимэг, М.Алтанбаатар нарын иргэдээс сонгон тухайн ажлын байранд нь томилуулахаар нөөцөөс нэрийг нь дэвшүүлж Хөдөлмөрийн хэлтсийн дарга /П.Ариунбат/-д хүргүүлсэн боловч эдгээр нэр дэвшигчдээс Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д зааснаар тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нь тодорхойгүй, бөгөөд харин тухайн байгууллагад ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч Б.Энхбаатарыг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/22 дугаар тушаал гарган томилж, тухайн ажлын байрны  сул орон тоог нөхсөн нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17,1-д “төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан албан хаагчаас...уг орон тоог нөхнө” гэсэн заалттай нийцэж байна.

Иймд нэхэмжлэгчийг тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байсан, заавал түүнийг Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан, мэдлэг туршлагатай, төрийн жинэхэн албан хаагч байсан,  уг албан тушаалд томилох ёстой байсан байна гэж үзэх боломжгүй байх бөгөөд  Л.Пунсал-Орломыг уг албан тушаалд жинхлэн томилохгүй байсан эс үйлдэхүй хууль бус байсан болохыг тогтоох үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл  Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар нэхэмжлэгчийг тухайн байгууллагад ажиллаж  байгаа мэдлэг туршлагатай, төрийн жинхэнэ албан хаагч байсан гэж үзэн түүнийг заавал жинхлэн томилох ёстой гэж үзэн хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй байна гэж буруутгах боломжгүй байна.

Тиймээс дээрхи нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгчийг аймгийн  Хөдөлмөрийн хэлтсийн /хуучнаар/ Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр төрийн жинхэнэ албанд төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллах эрх зүйн харилцаа үүсээгүй болох нь тогтоогдож байна.

            Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэж заасан бөгөөд нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсч байх боловч  дээрхи хуулийн үндэслэлүүд болон хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд нэхэмжлэлийн эдгээр  шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймээс хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дээрхи шаардлагуудыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1,17.3, 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Пунсал-Орломын тус шүүхэд гаргасан Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/22 дугаар тушаалыг хүчингүй болгож, мөн хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/23 дугаар тушаалын хавсралтын 4 дэх заалтыг хууль бус байсан болохыг тогтоож, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний орон тоонд ажиллуулахыг Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргад даалгах тухай, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн Б/11дүгээр тушаалын Л.Пунсал-Орломд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, хэлтсийн даргын  “Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан, мэдлэг туршлагатай намайг уг албан тушаалд жинхлэн томилохгүй байсан эс үйлдэхүй хууль бус байсан болохыг тогтоож, Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллах эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоолгох тухай” шаардлага  бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ЭНХТАЙВАН