Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2019/ШЦТ/06

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч С.Алтай

Хохирогчийн төлөөлөгч *******

Шүүгдэгч Э.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Э.Н- д холбогдох 1821005020404 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, Чех Улсын Харадиз Карлова хотод .... оёдлын үйлдвэрт .... ажилтай байсан, ам бүл 2, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг Дан байрны ... тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Э.Н.  

Шүүгдэгч Э.Н нь 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр баг Шаазан нуур гэх газарт бөөгийн зан үйл хийж, өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас Б.Д-гийн амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/   

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаан байхгүй, гэм буруугаа зөвшөөрч байна. Бөөгийн зан үйлийг 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн морин цагт хийхээр ярилцаж тохирсон байсан. Зан үйл хийхдээ биеийг гангаар ариутгах ёстой байдаг юм. Тэгээд чулуу халаагаад дээрээс нь ганга шатааж ууранд суулгаж байгаад ийм зүйл болсон” гэв.

 

Хохирогчийн төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Хохирогчийн төлөөлөгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр эхнэр Б.Д болон хамаатны хүмүүсийн хамтаар Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг Шаазан нуур гэх газар нуурын эрэг дээр гэр барьж эхнэр маань онгод сахиусаа хүлээн авах зан үйл үйлдэхээр очсон. Тэгээд бөө Э.Н нь тухайн газар барьсан гэрт угаал үйлдэж талийгаач Д-г ариусгана гээд 12 цагийн орчим 2 гэрийнхээ зүүн талын гэрт нь би мөн манай эхнэр Д, хадам ээж *******, бөө Э.Н нар байсан. Угаал үйлдэхэд хэрхэн хийх талаар зааварчилгааг Э.Ннь хэлж 3 ширхэг чулуу халаагаад ванны дотор тавиад тогоонд ганга өвстэй ус буцалгаж хөргөөд, ванны хажууд жижиг сандал тавиад доош тонгойсон байдалтай дээрээс нь 2 нимгэн хөнжил нөмөргөн ганга өвстэй усаа халуун чулуун дээр асгаж уур гарган ууранд суулгасан. Хөнжлийг сөхөж ганга өвсийг Э.Н нь өөрөө халуун чулуун дээр хийсэн. Ууранд 20 орчим минут сууж байхад бөө Э.Н одоо хөнжлийг нь авъя гэхэд манай эхнэр Д босч ирээд буцаад хойшоо сандал дээр суухаар нь бид нар түшиж аваад газар хөнжил дэвсэн дээр нь хэвтүүлээд хажуу тийшээ харуулахад амьсгал нь тасалдаад байхаар нь би цээжин дээр нь амьсгалын массаж хийхэд ухаан орохгүй байхаар нь шууд хөнжил нөмрөөд би өөрийн унаж ирсэн цэнхэр өнгийн жижиг тээврийн хэрэгсэлтэй эхнэр *******, хадам ээж *******, бөө Э.Н нарын хамтаар Баянтүмэн сумын эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэг рүү ороод чагнуураар чагнахад зүрх нь сонсогдохгүй байна гэсэн. Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ. /хх-ийн 17-18 тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 112 тоот актын дүгнэлтэнд:

1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр нүүр, хүзүү, 2 чихний дэлбээ, цээж, баруун зүүн гарын дотор хэсэг, сарвуу, хэвлий, 2 хөлийн гуя, шилбэ, тавхайн урд дотор, ар гадаргуу нилэнхүйдээ, баруун хөлийн хуруунуудын дээд хэсгийг хамарсан 3-р зэргийн түлэгдэл гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх түлэгдэл гэмтэл нь өндөр хэм халууны үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Талийгаач нь нойр булчирхай, ходоодны архаг үрэвсэл өвчинтэй байжээ.

5. Талийгаач нь биеийн нийт гадаргуун 40-45 хувийг хамарсан 3 дугаар зэргийн түлэгдэлт, түлэгдэлтийн шокын улмаас нас баржээ.

6. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй эрүүл байсан гэжээ. /хх-ийн 39-41 тал/

 

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 10-15 тал/

Шүүх сэтгэц, эмгэг судлалын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 70 дугаартай дүгнэлт /хх-ийн 48 тал/

Э.Н- гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-32 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Боржигон овогт Э.Н нь 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Шаазан нуур” гэх газарт бөөгийн зан үйл хийж, өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас талийгаач  Б.Д-гийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Тухайн зан үйлийг би өөрөө удирдан зохион байгуулж миний санаачлагаар гүйцэтгэсэн...чулуу халаагаад дээрээс нь ганга шатааж ууранд суулгаж байгаад ийм зүйл болсон” гэх  мэдүүлэг, хохирогчийн төлөөлөгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 112 тоот актын дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүх сэтгэц, эмгэг судлалын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 70 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

  

Шүүгдэгч Э.Н-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Н-г болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Н-г болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг харгалзан шүүгдэгч Э.Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Э.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй. 

 

Шүүгдэгч Э.Н нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас Б.Д-гийн амь нас хохирсон бөгөөд хохирогчийн төлөөлөгч ******* нь шүүгдэгч Э.Н-д гаргах гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Н-ийн ...  тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Э.Н-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-г хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.Н-д тэнсэгдсэн 2 /хоёр/ жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Н-д тэнсэгдсэн 2 /хоёр/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

 

5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Э.Н-д хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Н-н ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.БАТЖАРГАЛ