| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 181/2022/01760/И |
| Дугаар | 210/МА2023/00563 |
| Огноо | 2023-03-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2023/00563
2023 03 17 210/МА2023/00563
Ол ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Нямбазар, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2023/00083 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: Ол ХХК
Хариуцагч: Э ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: 120,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэвэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 Ол ХХК болон Э ХХК нар нь 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Гэрээгээр тээвэр зуучлагч Э ХХК нь нийт 6,600 тонн нүүрсний тээврийг Чойр өртөөнөөс БНХАУ-ын Эрээн өртөө хүртэл тээвэрлэлт хийх, Ол ХХК нь үйлчилгээний хөлсийг 1 тонн нүүрний тээвэрт 18 ам.доллар байхаар тохиролцон. 50 вагонд ачилт хийх 3,300 тонн нүүрсний урьдчилгаа төлбөрт 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 80,000,000 төгрөгийг Э ХХК-д шилжүүлсэн.
Гэтэл Э ХХК нь гэрээний 4.2.2-т ...урьдчилгаа төлбөр төлөгдсний дараа ажлын 3 хоногт багтаан вагоноор хангана гэж заасны дагуу вагоноо тавиагүй. Харин 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ачаа тээвэр хийгдэх талаар манай байгууллагад хариуцагч талаас ...өнөөдөр вагонд нүүрс ачигдах тул та бүхэн нүүрс ачих талбай, нүүрс нийлүүлэгч компаний нэрийг явуулж өгнө үү гэх мэдээлэл явуулсны дагуу манай байгууллага хариу явуулж ...Б ХХК-ийн талбайгаас нүүрс ачих ёстой ба Монголын олон улсын чингэлэг тээвэр ХХК нь нүүрсийг нийлүүлж байгаа талаар мэдээллийг өгсөн. Гэвч дээрх 50 вагон нь Б ХХК-ийн талбайд орж ирээгүйгээс нүүрс дээрх хугацаандаа ачигдаагүй, Э ХХК нь гэрээгээр тохирсон хугацаанд нүүрс тээвэрлэх үүргээ гүйцэтгээгүй тул урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 80,000,000 төгрөгийг гаргуулна.
1.2 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 11-ний өдрийн хооронд нүүрсний ачилт хийгдээгүй тул гэрээний 4.2.6-т хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө гэж заасныг дагуу алданги 40,000,000 төгрөгийг гаргуулна.
Иймд гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 80,000,000 төгрөг, алданги 40,000,000 төгрөг, нийт 120,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Манай компани нь Ол ХХК-аас тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу төлбөрт 80,000,000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр авсан. Вагон тавих гэж бичиг баримт бүрдүүлж, Улаанбаатар төмөр замд өгөх гэсэн боловч Ол ХХК нь манай компанитай адил хоёр компанийн хооронд зуучилж байсан компани болох нь тогтоогдсон. Бид үндсэн нүүрс тээвэрлүүлэх компанийхаа бичиг баримтыг өгчих, тэрний дагуу хугацаа алдалгүй тавих санал гаргасан боловч зөвхөн манай компаниар вагон оруул гэсэн нөхцөл тавьсан.
Тухайн үед Ол ХХК-д нүүрсний гэрээ, талбайн гэрээ байхгүй байсан тул ажил удааширсан. Ол ХХК-ийн хүсэлтийн дагуу өөр нүүрсний гэрээ, тээврийн гэрээ, талбайн гэрээтэй компанитай тохиролцож тухайн талбай руу вагон оруулаад Ол ХХК-ийн зуучилсан нүүрсийг ачихаар тохиролцож, Улаанбаатар төмөр замын нэг цуваа буюу 50 ширхэг вагоныг Чойр өртөөн дээр татан авчирч тухайн талбай руу оруулах гэсэн боловч Ол ХХК нь өөрийн зөөлгөх нүүрснийхээ талбайтай тохиролцож чадаагүйн улмаас Улаанбаатар төмөр замын вагоныг 24 цаг хүлээлгэн, ажлаа хийж чадаагүйн улмаас энэ ажил зогссон.
2.2 Гэрээний дагуу үүргээ тасралтгүй биелүүлэх гэж зүтгэсэн боловч Ол ХХК нь зуучийн компани байсан болохоор энэ ажил зогссон. Ол ХХК-ийн шилжүүлсэн төлбөрийг вагон татаж, тавих төлбөрт талыг нь шилжүүлсэн, тал төлбөр болох 30,000,000 төгрөгийг бид Оросоос өөрийн түрээсийн вагонтой болж, Ол ХХК-ийн зуучилсан нүүрсийг зөөвөрлөхөөс аргагүй боллоо гэсний үндсэн дээр зуучийн хөлс гэж н.Баатарчулуун гэдэг хүний данс руу шилжүүлсэн.
Үндсэн төлбөрийг аль аль талын буруутайг үндэслэн 50 хувь болох 40,000,000 төгрөгийг буцаан төлөхөд бэлэн. Харин алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 380 дугаар зүйлийн 380.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч Э ХХК-аас тээвэрлэлтийн гэрээний үүрэгт болон алдангид 120,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ол ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ол ХХК-аас ид төлсөн 757,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 757,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Р ХХК болон Э ХХК нарын хооронд байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний 4.1.2-т Зайлшгүй шаардагдах ачаа тээврийн дагалдах баримт бичгийг олон улсын ачаа, тээврийн журмын дагуу Тээвэр зуучлагчид захиалга хийх бүрд гаргаж өгнө гэж заасан. Нэхэмжлэгч Р ХХК нь дээрх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Учир нь, гэрээний 1.1.1-т заасны дагуу Р ХХК-ийн захиалгаар нүүрс тээвэрлэлтийг хийхээр тохирсон. Гэтэл Р ХХК нь үндсэн нүүрс тээврийн компани биш, манай компанитай ижил нүүрс тээврийн зуучлагч компани болох нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхээр ажиллаж байх үед тодорхой болсон. Ингээд нүүрсний гэрээ, талбайн гэрээ байхгүй байснаас шалтгаалж манай Э ХХК-ийн ажил удааширсан. Улмаар Ол ХХК-ийн хүсэлтийн дагуу өөр нүүрсний гэрээ, тээврийн гэрээ, талбайн гэрээтэй компанитай тохиролцож, 50 ширхэг вагоныг Чойр өртөөнд татан авчирч тухайн талбай руу оруулах гэсэн боловч Р ХХК-ийн өөрийн зөөлгөх нүүрснийхээ талбайтай тохиролцож чадаагүйн улмаас ажил зогсоход хүрсэн.
4.2 Анхан шатны шүүхэд Р ХХК нь ...манай байгууллага ямар байгууллагын нүүрсийг хаанаас тээвэрлэх талаарх мэдээллийг бүрэн өгч байсан гэсэн тайлбар гаргадаг боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Дээрх баримтыг гаргаж өгөх нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг батлах, хариуцагчийн хариу тайлбарт дурдсан нүүрсний гэрээ, талбайн гэрээ байхгүй байсан гэх тайлбарыг няцаах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй ач холбогдол бүхий баримт байсан. Гэтэл шүүхээс зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн, нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:
5.1 Дагалдах бичиг баримтыг тухайн талбайд вагоноо оруулж, нүүрсээ тээвэрлэсний дараа хүлээлгэж өгдөг. Гэтэл хариуцагч Э ХХК нь тохирсон газар вагоноо тавиагүй.
Гомдлын 2 дахь үндэслэлд, манайхаас 50 ширхэг вагоныг Чойр өртөөнд оруулсан гэж тайлбарладаг боловч энэ талаар нотолсон баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй. Шүүхээс ажиллагаа хийгээд 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Чойр өртөөнд 50 ширхэг вагон тавигдсан эсэх талаар лавлаагааг гаргуулахад Улаанбаатар төмөр замаас 2807 дугаартай гал тэрэг хөдлөөгүй, энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй, 50 ширхэг вагоны дугаар нь тухайн өдөр экспортын нүүрс ачсан вагоны дугааруудад таардаггүй гэсэн. Хариуцагч Э ХХК нь тээвэрлэлтийн үүрэг гүйцэтгэх вагоныг нүүрс ачих зориулалтын талбайд оруулаагүй байсан.
5.2 Ол ХХК-аас нүүрсийг Б ХХК-ийн талбайгаас зөөж, Монголын олон улсын чингэлэг тээвэр ХХК-аар ачааг нийлүүлэх тухай Viber мессенжерээр компанийн захирал н.Насанбаярт мэдэгдэж байсан. Гэтэл хариуцагч тал А ХХК-ийн талбайгаас нүүрсээ тээвэрлэсэн гэж тайлбар гаргадаг боловч энэ талаар баримтаа гаргаж өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч хариу тайлбараа өөрөө нотлох үүрэг хүлээж, тайлбар татгалзлаа нотолсон баримтаа гаргаж өгөх үүрэгтэй байхад нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримт нь хариуцагчийн хариу тайлбарыг нотлоно гэж давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Ол ХХК нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт урьдчилгаа төлбөрт төлсөн 80,000,000 төгрөгийг буцаан гаргуулах, алданги 40,000,000 төгрөг, нийт 120,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Э ХХК үндсэн төлбөрөөс 40,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад хэсгийг эс зөвшөөрч маргасан.
3. Ол ХХК болон Э ХХК-ийн хооронд 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдсан. Гэрээгээр тээвэр зуучлагч Э ХХК нь Ол ХХК-ийн захиалгаар нийт 6,600 тонн нүүрсний тээврийг Чойр өртөөнөөс БНХАУ-ын Эрээн өртөө хүртэл тээвэрлэлтийг найдвартай, чанартай гүйцэтгэхэд тээвэр зуучлалын үйлчилгээг үзүүлэх, Ол ХХК нь нэг тонн нүүрсний тээвэрт 18 ам.доллар тооцож төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдсон. /хх 6-10/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь, тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Дээрх гэрээний зорилго, талуудын эрх үүрэг зэргээс үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчийн захиалгаар 6600 тонн нүүрсний тээврийг Чойр өртөөнөөс БНХАУ-ын Эрээн өртөө хүртэлх тээвэрлэлтийг найдвартай, чанартай гүйцэтгэхэд тээвэр зуучлалын үйлчилгээг үзүүлэх агуулгатай байх тул хариуцагчийг тээвэрлэгч гэж үзэхгүй. Харин талуудын хооронд мөн хуулийн Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр худалдааны зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт энэ талаар өөрчлөлт оруулна.
5. Гэрээний дагуу Ол ХХК нь Э ХХК-д 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 20,000,000 төгрөг, 20,000,000 төгрөг, 40,000,000 төгрөг, нийт 80,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл баримтаар тогтоогдсон байхаас гадна талууд уг үйл баримтын талаар маргаагүй. /хх12-14/
5.1 Гэрээний 2.4.5, 4.2.2-т тус тус зааснаар хариуцагч нь урьдчилгаа төлбөр 80,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс авсан атлаа гэрээнд заасан вагоноор хангах үүргээ биелүүлээгүй, үүнд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл баримтаар тогтоогдоогүй. Мөн нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзах саналыг хариуцагч зөвшөөрсөн үйл баримт тогтоогдсон. /хх 11/ Иймд гэрээний дагуу үр дүн гараагүй тул нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөрт төлсөн 80,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас буцаан шаардах эрхтэй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас уг хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Хариуцагчийн ...нэхэмжлэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас талууд алдангийн талаар гэрээний 4.2.6-д тээвэр зуучлагч нь гүйцэтгээгүй ажлын зуучлалын хөлсийг үйлчлүүлэгчид буцаан олгохгүй байвал хоног тутам 0,5 хувийн алданги төлнө гэж тохиролцсон гэж үзэн 40,000,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь, гэрээний мөн зүйлд заасан шаардах эрх нь хөлсийг үйлчлүүлэгчид буцаан олгохгүй байвал гэсэн тусгай нөхцөлийг агуулсан байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөрийг буцаан шаардсан үеэс хариуцагчид алданги төлөх үүрэг үүснэ. Буцаан шаардсан талаар баримт хэрэгт авагдаагүй байх боловч хариуцагч нь 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай албан бичгээр урьдчилгаа 80,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр мэдэгдсэн.
Иймд гэрээний 4.2.6-д заасан алданги шаардах эрх нь 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс үүсэх буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх 35 хоногийн алдангид 14,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байх тул шүүхийн шийдвэрт энэ талаар өөрчлөлт оруулна.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2023/00083 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 413 дугаар зүйлийн 413.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э ХХК-аас 94,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ол ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтын 757,950 гэснийг 627,950 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч Э ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757,950 төгрөгийг буцааж олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
М.БАЯСГАЛАН