| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 1728 |
| Огноо | 2018-12-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 1728
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
Улсын яллагч Э.Гэрэлмаа,
Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.С холбогдох эрүүгийн 1806 08768 2127 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, Б.С .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.С нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанхуарангийн 1-2078 тоотод Д.Алтанзулыг шалтаг шалтгаангүй зодож эрүүл мэндэд нь биеийн ерөнхий доргилт, хүзүүний зулгаралт, зүүн хацрын төвгөрийн зөөлөн эдийн няцрал, дээд уруулын шарх, цээжний зулгаралт, баруун бугуйн үений зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ: Шалтаг шалгаангүйгээр зодсон гэх асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надаас мөнгө зээлж авчихаад удаан хугацаанд өгөөгүй. Хохирогчийн гэр манай гэр явах зам дагуу байдаг. Сануулах зорилготой байсан.” гэв.
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч
Д.Алтанзулын мэдүүлэг /хх-5-10, 37/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.Амартүвшингийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 12981 тоот дүгнэлт /хх-16/, шүүгдэгч Б.С сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-34-35/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол /хх-30/, шүүгдэгч Б.С урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-43/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.С нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанхуарангийн 1-2078 тоотод Д.Алтанзулыг шалтаг шалтгаангүй зодож эрүүл мэндэд нь биеийн ерөнхий доргилт, хүзүүний зулгаралт, зүүн хацрын төвгөрийн зөөлөн эдийн няцрал, дээд уруулын шарх, цээжний зулгаралт, баруун бугуйн үений зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Д.Алтанзулын өгсөн: "2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 1б хэсэг 2078 тоотод байдаг гэртээ байхад манай хашааны хаалга хүчтэй нэг эрэгтэй нүдээд Жаргалсайхан, Энхжаргалаа гээд орилоод байхаар нь би гэрээс грач хашааны хаалга онгойлгож харахад “Наран” хүнсний дэлгүүрийн залуу болох Сайнцог байсан. Тэгэхээр нь би хадам аав, ээж хоёр байхгүй байна гэж хэлсэн чинь Жаргалсайхан гээд орилоод байхаар нь би та настай хүнийг нэрээр нь үед юм шиг нэрээр нь дуудаж болдог юм уу гэж хэлэхэд Сайнцог чи хэн юм гэхэд би охин нь байна гэж хэлсэн чинь та нар намайг барьж идэхгүй шүү гээд шууд намайг хоёр удаа алагдахаар нь би зөрүүлж түлхээд нэг удаа цээж рүү цохисон чинь шууд миний өмсөж явсан ноосон цамцны захаар боогоод хоошин дарсан тэр үед бид газар унахгүй гээд хувцаснаас зуурсан чинь намайг боосон гараа тавиад газраас чулуу аваад та нарыг ална шүү гээд далайсан тэгэхээр нь хашааны том хаалга хаасан чинь яваад өгөхөөр нь би гэртээ ороод нөхөр Хишигбаяр луу болсон явдлын талаар хэлэхэд нөхөр ажилтай ирж амжихгүй тэгээд намайг "Наран" дэлгүүр ороод утсаар залгуулчих гэхээр нь би Наран дэлгүүр ороход...миний утсыг газар шалан дээр шидсэн. Хохирол төлбөрт 120.000 төгрөг авсан. " /хх-5-10, 37/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.Амартүвшингийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 12981 тоот дүгнэлт:
1. Б.Алтанзулын биед биеийн ерөнхий доргилт, хүзүүний зулгаралт, зүүн хацрын төвгөрийн зөөлөн эдийн няцрал, дээд уруулын шарх, цээжний зулгаралт, баруун бугуйн үеийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. /хх-16/,
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.С сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр би манай дэлгүүрээс хүнсний бараа зээлээр авсан Жаргалсайхны гэрт очиж мөнгөө авах санаатай гэрт нь очиж хашааны хаалга нь нүдхэд бэр нь буюу одоо бол хохирогч Д.Алтанзул гарч ирээд хадам аав байхгүй байна. Та зайл г ээд учир зүггүй хөөгөөд байхаар нь би танай хадам ааваас зээлсэн барааны мөнгө авах гэж байна гэж хэлээд би нэг түлхэчихээд дэлгүүр лүүгээ явсан чинь хохирогч Д.Алтанзул миний араас дагаж дэлгүүрт орж дахин хэрүүл маргаан хийгээд байхаар нь би дэлгүүрээс гаргах санаатай өмсөж явсан ноосон цамцнаас нь татсан чинь тэр үед хүзүүнд нь гэмтэл гарсан байсан. Тэр үед хохирогч цагдаа дуудна гээд гар утсаа гаргаж ирэхээр нь би утсы нь авч дэлгүүрийн хана руу шидсэн. Тэгээд би хохирогчийг дэлгүүрээс хөөж гаргаад удаагүй байхад цагдаа ирсэн.” /хх-34-35/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол /хх-30/,
Шүүгдэгч Б.С урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-43/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.С нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанхуарангийн 1-2078 тоотод Д.Алтанзулыг шалтаг шалтгаангүй зодож эрүүл мэндэд нь биеийн ерөнхий доргилт, хүзүүний зулгаралт, зүүн хацрын төвгөрийн зөөлөн эдийн няцрал, дээд уруулын шарх, цээжний зулгаралт, баруун бугуйн үений зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч Б.С хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан 450 нэгжээр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.С нь хохирогч Д.Алтанзулд 220.000 төгрөгийг хохирол төлж барагдуулсан. Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон шүүхээс эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.С нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.С ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Сайнцогийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.С нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС