Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2019/ШЦТ/07

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Манлайбаяр,

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-т холбогдох эрүүгийн 1838007450402 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Г.

Шүүгдэгч Б.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт ... улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоцикль жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 2.2а гэсэн заалтуудыг зөрчин ... улсын дугаартай Хьюндай Соната маркийн автомашинтай мөргөлдөж иргэн Н.У-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Г нь жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт ... улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоцикль жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 2.2а гэсэн заалтуудыг зөрчин ... улсын дугаартай Хьюндай Соната маркийн автомашинтай мөргөлдөж иргэн Н.У-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”...Би 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 07 цаг өнгөрч байхад гэрээсээ гарсан. Би саяхан хүнээс Их хурд гэсэн нэртэй мотоциклийг худалдаж аваад 1000-ийн мотоцикльд өчигдөрөөс эхэлж явж эхэлсэн. Өнөө өглөө 09 цаг болж байхад нэг эгч 9 дүгээр багийн “Сондор” дэлгүүрээс 10 дугаар баг руу явъя гэхээр нь хүргэж өгөхөөр явж байсан юм. Тэгээд би “Сондор” дэлгүүрээс баруун тийш гурван гудамж гарах гээд жаахан хурдтай явж байсан чинь миний ард сууж явсан эгч аяархан яваач гэхээр нь би зүгээр байх гэж бодоод хурдтай тэр чигээрээ гудамжнаас гарсан чинь нэг хар өнгийн машин гудамжны цаад замаар явж байхаар нь тоормозоо гишгэтэл тоормоз сайн барихгүй тэр машины хажуу тал руу нь мөргөөд газарт уначихсан. Тэгтэл миний ард сууж явсан эгч унаад хөл хугарчихлаа гээд орилоод байсан. Миний хөл мөн өвдөж байсан. Тэр хар машины жолооч бууж ирээд “чи хурдаа хасч явахад яадаг юм бэ, замаа сайн харж явахад яадаг юм бэ” гээд байсан. ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,

Хохирогч Н.У-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ”2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр өглөө босоод гэрээсээ гараад “Сондор” дэлгүүр рүү ороод сүү аваад гэр рүүгээ буцаад харих гэж явсан. Тэгээд нэг 1000-ийн мотоцикль байхаар нь алхахаасаа залхуураад тэр мотоцикльд суучихсан чинь хурдтай яваад байхаар нь миний хүү ямар хурдан явдаг юм бэ жаахан удаан яваач гэсэн чинь хурдтай яваад гудмуудаар нэвт гараад байсан. Тэгсэн нэг гудамж гараад ирсэн чинь цаад талын шороон замаар нэг хар өнгийн машин өнгөрч явтал ард хэсэг рүү нь тоормослож очоод мөргөөд уначихсан. Тэгсэн миний зүүн талын хөл их өвдөөд байсан. Тэр машины жолооч бууж ирээд “чи яаж байгаа юм бэ, ямар хурдан явдаг юм бэ, машины хойд хэсэг рүү мөргөчихлөө” гэсэн. Тэгээд тэр залуу эмнэлэг дуудаад цагдаа дуудсан. Миний зүүн талын хөл хөдөлж болохгүй байсан болохоор эмнэлэг рүү хүргэгдэж ирсэн. Тэгээд зургаа авахуулахад хөл хугарсан байсан. ...Би хот руу явж эмчилгээ хийлгүүлсэн. Г-н ээж Б хамт явж эмчилгээ хийлгүүлж ирсэн. Б бүх зардал мөнгийг нь гаргаж намайг эмчлүүлж ирсэн. Зүүн талын шилбэнд хагалгаа хийлгүүлж, хадаас хийлгүүлж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар хуудас/,

Гэрч Г.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 10 цаг 01 минутад би өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай машинаар усанд явах гээд хүүхэдтэйгээ хамт 10 дугаар хороонд байдаг 24-н цаг ажилладаг худаг руу явж байсан чинь гэнэт 10 дугаар багийн 12 дугаар гудамжнаас улаан өнгийн мотоцикльтой улаан дээлтэй залуу их хурдтай гарч ирээд миний машины жолоочийн эсрэг талын хойд хаалганы урд хэсэг рүү мөргөөд уначихсан. Би машинаа тэр дороо зогсоох арга хэмжээ авч бууж мотоцикльтой унасан хүн дээр очиход мотоциклийн ард сууж явсан эмэгтэй хөл хугарчихлаа гээд ёолж байсан. Би хөлийг нь хараад л эмнэлэг дуудаж дараагаар нь цагдаад дуудлага өгсөн. ...Миний машины арын суудлын гадна талын хаалга жаахан хонхойсон байсан. Өөр эвдрэл гэмтэл байхгүй. Ямар нэгэн гомдол санал надад байхгүй. Үнэлгээ хийлгэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 450 тоот

1. Н.У-н биед зүүн шилбэ ясны бяцарсан хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байна. 

3. Н.У-н биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний явцаас хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 23 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч С.Батын 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 38 дугаартай:

  1. 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагийн үед Мөрөн сумын 10 дугаар багийн шороон замд хөдөлгөөнд оролцож явсан Мустанг маркийн ... улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Г нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол үүсгэсэн гэж үзэв” гэх дүгнэлт /хх-ийн 29 дүгээр хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9 дүгээр хуудас/,

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /ХХ-ийн 61 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838007450402 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Хохирогч Н.У 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхэд: “...Миний бие Б.Г-с эмчилгээний зардал болон хохирлоо барагдуулсан тул гомдол саналгүй...” гэх хүсэлтийг ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.Г-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Г нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Г-н гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид бусад туслалцаа үзүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдлын хувьд ам бүл 5, ээж, дүү нарын хамт амьдардаг гэх Мөрөн сумын Үерт багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 39 дүгээр хуудас/, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд шүүгдэгчийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Энэ  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

         1. Шүүгдэгч Б.Г-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2.5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Г-т оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

         5. Эрүүгийн 1838007450402 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.  

         6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.НЯМСҮРЭН