Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шаравын Оюунханд |
Хэргийн индекс | 181/2022/03086/И |
Дугаар | 210/МА2023/00614 |
Огноо | 2023-03-22 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2023/00614
2023 оны 03 сарын 22 өдөр | Дугаар 210/МА2023/00614 |
*********гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Э.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2023/00155 дугаар шийдвэртэй,
*********гийн нэхэмжлэлтэй, ***********-д холбогдох,
***********-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 836 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, өмгөөлөгч *******, ********, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч нь 2010 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ***********-д ажилд орсон.
Улмаар 2021 оны 10 дугаар сараас тус компанийн Мэдээллийн технологийн төлөвлөлтийн хэлтсийн менежерийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Гэтэл 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ***********-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалж, 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр тушаалтай танилцуулсан.Тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4, 80.1.5 болон 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ХГ-М-18-2240 дүгээр Хөдөлмөрийн гэрээний 5.1.2, 5.1.4 дэх заалтыг тус тус үндэслэсэн байх бөгөөд тушаах хэсгийн 1-т ...албан тушаалын дагуу олгосон эрх мэдэл, эрхэлсэн ажлын давуу тал, хүлээлгэсэн итгэл найдварыг хувийн ашиг сонирхолд урвуулан ашигласныг Дотоод аудитын албаны 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлт, ажилтны 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн өөрийн бичгээр гаргасан тайлбар, мэдүүлэг, бусад холбогдох баримт зэргээр тогтоогдсон тул... гэжээ.
Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.2-т Албан тушаалын дагуу олгосон эрх мэдэл, эрхэлсэн ажлын давуу тал, хүлээлгэсэн итгэл найдварыг хувийн ашиг сонирхолд шууд болон шууд бусаар урвуулан ашигласан, хэтрүүлсэн, шан харамж авсан, хувьдаа үйлчилгээ авсан гэж заасан.
*********** нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Солюшн энкоро ХХК-тай BSCS MAINTENENANCE PROFESSIONAL SUPPORT SERVICES AGREEMENT гэрээ байгуулсан..
1.1. Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгодог. Нэхэмжлэгч тус гэрээг байгуулахад нөлөө үзүүлээгүй, Солюшн энкоро ХХК-тай ашиг сонирхлын зөрчилгүй уг асуудалд ашиг сонирхол байгаагүй, ***********-ийн эрх ашгийн эсрэг зүйл хийгээгүй, албан тушаалын хүрээнд өөрт олгогдсон эрх мэдлийг урвуулан ашиглаагүй.
1.2 Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-т ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэж заасан.
Нэхэмжлэгч Мэдээллийн технологийн төлөвлөлтийн хэлтсийн менежер албан тушаалтай байсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-т заасан "Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан" гэдэгт ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтад бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтныг хамруулан ойлгодог.
Ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх ёстой бөгөөд ***********-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 836 дугаар тушаал нь үүнтэй нийцэхгүй байна.
1.3. ***********-ийн Дотоод аудитын алба нь зөрчлийг шалган шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслээгүй, нэг талыг баримталж шийдвэрлэсэн, тэгш оролцоогоор хангаагүй, Дотоод аудитын алба уг асуудалд хараат бус, үл итгэх байр сууринаас хандаагүй.
Тушаалд дурдсан дээрх зөрчлийг үйлдсэн нь Дотоод аудитын албаны 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдсон гэх боловч дүгнэлтээр ямар зөрчлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй төдийгүй хариуцагч *********** нь уг дүгнэлтийг нэхэмжлэгчид танилцуулаагүй.
1.4. Мөн ажлын бус оройн цагаар дуудаж, дарамт үзүүлж, ажлаас чөлөөлөгдөх, хариуцлага хүлээх тухай өргөдөл бичүүлсэн.
Иймд ***********-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 836 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
*********** нь үйлчлүүлэгч нартаа төлбөр тооцооны биллинг системийн үйлчилгээ үзүүлэхдээ туслан гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулж ажиллуулдаг болохыг албан тушаалын дагуу олгосон эрх мэдлийн хүрээнд мэдэж, эрхэлж байгаа ажлынхаа мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглаж, өөртөө ашиг олох зорилгоор компанийн хүлээлгэсэн итгэлийг хувийн ашиг сонирхолдоо ашиглаж, ***********-ийн төлбөр тооцооны биллинг системийн ашиглах туслах гүйцэтгэгч компаниар Солюшн энкоро ХХК-ийг сонгож, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулсан.
Солюшн энкоро ХХК нь мэдээллийн технологийн салбарын туршлагагүй, үүсгэн байгуулагдсан цагаасаа тухайн салбарт огт үйл ажиллагаа явуулдаггүй байсан бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ***********-д ажиллаж байсан *********, Э.Энхбат, Ж.Энхбаяр нар тухайн компанийг худалдан авч, мэдээлэл технологийн салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэтээр үйл ажиллагааны чиглэлийг нь өөрчилсөн болох нь тогтоогдсон.
Түүнчлэн ********* нь өөрийн үеэл З.Дөлгөөнийг, Ж.Энхбаяр нь өөрийн багын найз А.Бат-Амгаланг, Э.Энхбат нь өөрийн хадам ээжийнхээ дүү Д.Тэрбиш нарын нэр дээр Солюшн энкоро ХХК-ийн компанийн хувьцааны бүртгэлийг хийлгэж, тус компаниа ашиглаж ***********-тай төлбөр тооцооны биллинг системийн үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулж хувийн ашиг сонирхолдоо ашигласан болох нь тогтоогдож, түүнийгээ ч өөрсдөө хүлээн зөвшөөрсөн.
*********** нь Япон Улсын хөрөнгө оруулалттай компани бөгөөд ажилтнууддаа эрхэлж буй албан тушаалдаа үнэнч, чин шударга ажиллах итгэл, найдварыг бүрэн хүлээлгэдэг.
Гэвч итгэл, найдварыг хувийн ашиг сонирхолдоо урвуулан ашиглаж, хувьдаа ашиг олж, компанийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн тул цаашид компанийн зүгээс Мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн менежментийн албаны Мэдээллийн технологийн төлөвлөлтийн хэлтсийн менежер *********, Корпорацийн стратеги удирдлагын газрын Төслийн удирдлагын албаны Төслийн менежер Э.Энхбат, Мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн менежментийн албаны Мэдээллийн технологийн төлөвлөлтийн хэлтсийн инженер Ж.Энхбаяр нарт итгэл хүлээлгэн ажиллуулах боломжгүй болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан.
Иймд нэхэмжлэгч *********гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.2. Компанийн нэр бүхий ажилтнуудын хийсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байсан тул Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.
Цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *********д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болох нь албан бичгээр нотлогдоно.
Иймд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль 80 дугаар зүйлийн 80.1.4, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан хариуцагч ***********-д холбогдох тус ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 836 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч *********гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч *********гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлээгүй.
Хариуцагч нь Хөдөлмөрийн гэрээний 5.1.2; 5.1.4-т тус тус заасныг үндэслэж тушаал гаргасан ч эдгээр зөрчлийг үйлдсэн гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдоогүй. Хариуцагч татгалзлаа "...туслан гүйцэтгэгч компаниар "Сольюшн Энкоро" ХХК-ийг сонгож, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулсан." гэж тодорхойлдог.
"Мобиком Корпораци" ХХК болон "Сольюшн Энкоро" ХХК нарын хоорондын 11-806-20-1099; 11-806-20- 2152; 11-806-21-0887; 11-806-21-1360 дугаартай "БиЭсСиЭс ашиглалт үйлчилгээний талаар хамтран ажиллах гэрээ", гэрээний зөвшөөрөл хэсэгт нэхэмжлэгч *********гийн гарын үсэг зурагдаагүй, "***********-ийн Ерөнхий захирал бөгөөд ТУЗ-ийн дарга Тацуяа Хамада гэгч нь гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулжээ.
"Мобиком Корпораци" ХХК нь нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн гэрээний 5.1.4 дэх заалт буюу "Ажилтан компанид хохирол учруулсан ноцтой зөрчил гаргасан нь гэнэтийн тооллого шалгалт болон бусад шалтгаанаар тодорхой болсон санхүүгийн зөрчил гаргасан тохиолдолд" зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ч компанид ямар хэмжээний хохирол учруулсан талаараа нотолж чадаагүй, хэрэгт энэ талаарх нотлох баримт авагдаагүй.
Анхан шатны шүүх энэ талаарх хариуцагчийн тайлбар болон тушаалын үндэслэлд үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Сахилгын зөрчилд шийтгэл ногдуулахад зөрчил тус бүр тогтоогдсон байх учиртай.
"Мобиком Корпораци" ХХК нь ажлаас чөлөөлсөн тушаалд заасан зөрчлийг тогтоосон хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байхад тушаалын үндэслэлийг хариуцагчийн тайлбараар бүрэн нотлогдсон гэж үзэхгүй.
Тушаалын ТУШААХ хэсгийн 1-т "... албан тушаалын дагуу олгосон эрх мэдэл, эрхэлсэн ажлын давуу тал, хүлээлгэсэн итгэл найдварыг хувийн ашиг сонирхолд урвуулан ашигласныг Дотоод аудитын албаны 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлт, ажилтын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн өөрийн бичгээр гаргасан тайлбар, мэдүүлэг, бусад холбогдох баримт зэргээр тогтоогдсон тул ..." гэж заасан.
2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1/7429 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичигт "Дотоод аудитын албанаас 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ямар нэгэн дүгнэлт гараагүй бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн огноотой дүгнэлтийг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн." Гэжээ.
Шүүх хуралдааны явцад Дотоод аудитын алба тухайн өдөр дүгнэлт гаргаагүй гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл, огт байхгүй баримтыг үндэслэн, хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байна.
4.2. Анхан шатны шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт "Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүний илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна" гэж заасан. Хариуцагч "Мобиком Корпораци" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь "Мобиком Корпораци" ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн SAR-IAD-042022 дугаартай Тусгай аудитын тайлан гэх баримт бичгээр нэхэмжлэгч *********г ноцтой зөрчил гаргасныг илрүүлж, 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Дотоод аудитын албаны уулзалтын тэмдэглэлээр зөрчил үйлдсэнийг баталгаажуулсан гэж маргадаг.
Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш /Тусгай аудитын тайлан гарсан өдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг тоолоход нэг сарын хугацаа 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон байна. Мөн хариуцагчийн тайлбараар 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Дотоод аудитын ярилцлагын тэмдэглэлээр сахилгын зөрчлийг илрүүлсэн /баталгаажуулсан/ гэж үзэхэд ч энэ өдрөөс эхлэн сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг тоолоход нэг сарын хугацаа 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр мөн адил дуусгавар болжээ.
Дээрх хөөн хэлэлцэх хугацааны дотор хариуцагч "*********** нь нэхэмжлэгч *********д сахилгын шийтгэл ногдуулаагүй бөгөөд Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гарсан байдаг. Гэтэл шийдвэрийн үндэслэх хэсгийн 9 дэх хэсэгт "Харин дээрх зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасан "Ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон" гэсэнд шууд хамаатуулах үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй" гэжээ.
Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасан албан тушаалд хамаараагүй болохыг зөв дүгнэсэн атлаа хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн талаар дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх ёстой. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хуралдаан дуусах хүртэл нэхэмжлэгч тал эвлэрэх байр суурийг илэрхийлж байсан. Тушаалд өөрчлөлт оруулж өөрийн хүсэлтээр чөлөөлж өгнө үү гэвэл маргаан байхгүй гэж байсан. Хэрэв өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байгаа бол шүүхэд зүй бус нөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа үндэслэлээ хэрхэн нотолж байгаа вэ. Хүчээр өргөдөл бичүүлж тушаал гаргасан гэж үзэж байгаа бол яагаад өнөөдрийн хүртэл эвлэрнэ, тушаалыг өөрчилж өгнө үү гэх байр суурь илэрхийлж байгаа юм бэ.
Өмнө гарсан аудитын дүгнэлтийг үндэслэж 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ажилтантай ярилцлага хийсэн. Энэ ярилцлагад нэхэмжлэгч ********* зөвшөөрсөн. 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр үүнтэй холбоотой удирдлагын зөвлөлөөр шийдвэр гаргана гэхэд, *********, Э.Энхбат, Ж.Энхбаяр нар ***********-ийн ажил дээр ирээд биднийг өөрийн хүсэлтээр чөлөөлж өгнө үү гэж хуулийн хэлтсийн захирал О.Өмөрбектэй уулзсан. О.Өмөрбек үүнийг удирдлагын багт танилцуулж тэр орой хуралдсан. Өөрөө хүлээн зөвшөөрч хүлээгээд сууж байсан. Удирдлагын багаас үгүй, манайх ёс зүйн алдаа гаргасан ажилтныг ийм байдлаар толгойг нь илж өнгөрөөхгүй, зохих хариуцлагыг хүлээлгэх нь зөв гэж тушаалыг гаргаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хэвээр үлдээв.
1. Нэхэмжлэгч ********* нь хариуцагч ***********-д холбогдуулан ***********-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 836 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлэхээр шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
2. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар:
2.а. Нэхэмжлэгч ********* нь 2010 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс хариуцагч ***********-д ажиллаж эхэлсэн ба улмаар 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс тус компанийн Мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн менежментийн албаны Мэдээллийн технологийн төлөвлөлтийн хэлтсийн менежерийн албан тушаалд томилогдсон болох нь тушаал, хавсралтын хуулбар, Хөдөлмөрийн гэрээний хуулбар зэргээр тогтоогджээ./хх131-132, 148/
2.б. ***********-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 836 дугаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 4.1 дүгээр зүйлийн 4.1.1.5, 4.1.2.16, 4.1.2.17.5, 4.1.2.17.7 дахь заалт, ажилтантай 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ХГ-М-18-2240 дүгээр хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.4 дэх хэсгүүдийг тус тус үндэслэн менежер ********* нь хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийг ноцтой зөрчиж албан тушаалын дагуу олгосон эрх мэдэл, эрхэлсэн ажлын давуу тал, хүлээлгэсэн итгэл найдварыг хувийн ашиг сонирхолд урвуулан ашигласныг Дотоод аудитын албаны 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлт, ажилтны өөрийн бичгээр гаргасан тайлбар, бусад холбогдох баримт зэргээр тогтоогдсон тул ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсугай... гэсэн үндэслэлийг заажээ./хх8/
3. Талууд ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийг ноцтой зөрчиж, албан тушаалын дагуу олгосон эрх мэдэл, эрхэлсэн ажлын давуу тал, хүлээлгэсэн итгэл найдварыг хувийн ашиг сонирхолд урвуулан ашигласан эсэхэд маргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага,үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
3.а. Хэрэгт ***********-ийн Дотоод аудитын албаны 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр баталсан SAR-IAD-042022 дугаар Тусгай аудитын тайлангийн хуулбар, тус компанийн Солюшн энкоро ХХК-тай байгуулсан 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 11-806-20-1099 дүгээр гэрээ зэрэг авагдсан.
Ажилтантай хийсэн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ярилцлагын тэмдэглэл, *********гийн тус ХХК-ийн захиргаанд бичгээр гаргасан 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлт зэргээс үзвэл ********* нь өөрийн хамаарал бүхий этгээдийн хувьцаа эзэмшдэг Солюшн Энкоро ХХК-аар дамжуулан ***********-тай төлбөр тооцооны биллинг системийн үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах гэрээг байгуулах үйл ажиллагаанд оролцсон буюу өөрийн ёс зүйн хариуцлагын алдаа гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн байна.
Тайлбар, хүсэлт гаргахад аливаа этгээдээс дарамт шахалт үзүүлж, нөлөөлсөн гэх шалтгаан, нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
3.б. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болох үндэслэл буюу урт хугацааны гэрээнээс ажил олгогч татгалзаж болох хүндэтгэн үзэх үндэслэлүүдийг заасан.
Уг үндэслэлүүдэд ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан, ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэх тохиолдлууд хамаарч байна.
Хэрэгт *********, Ж.Энхбаяр нар Солюшн энкоро ХХК-ийг Н.Пүрэвсүрэнгээс худалдан авч компанид өөрсдийн хамаарал бүхий З.Дөлгөөн, А.Бат-Амгалан, Д.Тэрбиш нарыг хувьцаа эзэмшигчээр оруулсан гэх байдал тогтоогдсон.
Уг Солюшн энкоро ХХК нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ***********-тай ВиСиСиЭс ашиглалт үйлчилгээний талаар хамтран ажиллах гэрээ байгуулсан, гэрээний дагуу шилжсэн мөнгөн хөрөнгөөс ********* өөртөө шилжүүлэн авсан гэх үйл баримтыг нэхэмжлэгч няцааж чадаагүй байна.
Мөн ********* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гэх үйл баримтыг үгүйсгэж чадаагүй.
4. Давж заалдах гомдлын талаар.
4.а. Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй гэх гомдлыг нэхэмжлэгч талаас гаргажээ.
Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд эрх мэдэл, эрхэлсэн ажлын давуу тал, хүлээлгэсэн итгэл найдварыг хувийн ашиг сонирхолд шууд болон шууд бусаар урвуулан ашигласан, хэтрүүлсэн бол ноцтой зөрчилд тооцохоор заасан.
Ажил олгогчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан явдлыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан. Ажилтан *********гийн гаргасан зөрчил үргэлжилж байгаа, талууд одоо хүртэл гэрээг дүгнээгүй, мөнгөн хөрөнгийг ********* шилжүүлэн авсан тохиолдолд зөрчилд хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөгүй гэж үзнэ.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2023/00155 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Ш.ОЮУНХАНД