Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2018/ШЦТ/07

 

 

 

                                 

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Нарийн бичгийн дарга  Л.Мөнхцоож

Улсын яллагч Д.Дуламжав

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг

Шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Т.*******ад холбогдох эрүүгийн 1836000000207 дугаартай, 178/2019/0006/Э/ индекстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 05 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Буянт сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******  

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Т.******* нь 2018 оны 04 дүгээр сарын эхээр Ховд аймгийн Буянт сумын ******* багийн нутаг дэвсгэрээс Б.*******ын нэг тооны бяруу буюу алдуул мал завшиж, хохирогч Б.*******т 400000 төгрөгний хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Т.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хохирогчид хохирол төлбөр төлсөн гэв.

Хохирогч Б.*******ын /*******7/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оны 04 дүгээр сард манай нэг бяруу алга болсон.2018 оны 11 дүгээр сард манай найз Базар “танай алга болсон ягаан гунж манай хашааны урд байна гэсэн, чи харсан уу гэхээр нь мотоцикльтой яваад очиход Т.*******ын эхнэр үхрээ туугаад явж байсан.Тэр үхэр дотор нь манай алга болсон ягаан гунж байхаар нь би аваад ирсэн. Тэгтэл орой нь Т.******* ирээд манай үхэр гэж маргалдаад ягаан гунжийг буцаагаад аваад явсан. 2,3 хоногийн дараа би Т.*******ын бэлчээрт очоод ягаан гунжаа дахиад авсан.Орой Т.******* ирээд дахиад маргалдаж байгаад явсан.Манай ягаан гунж зөв талын чих нь хажуу талаасаа цуулбар, буруу талын чих нь урдаасаа цуулбар имтэй... гэх мэдүүлэг /хх-10-11-р хуудас/

Гэрч Э.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...манайх өөрийн эзэмшлийн 8 тооны үхэртэй.Өнгөрсөн жилийн 10 дугаар сарын эхээр манай үхэрт ягаан зүсмийн нэг тооны үхэр ирсэн байсан.Анх энэ бяруу манай хүү Т.*******ын хотонд ирснийг Т.******* тэжээж байгаад манай үхэрт тавьчихаад аймаг орох ажил гараад үлдээгээд явахаар нь би тэжээгээд байж байсан. Тэгтэл энэ жилийн 11 сард ягаан бяруу манай үхрээс алга болсон байсан.Тэгээд хайгаад явж байтал Буянт сумын иргэн Б.*******ын хашаанд байж байхаар очоод “чи яагаад бүтэн жил хайгаагүй байж гэнэт өнөөдөр чинийх болчихдог юм бэ? гэж хэлээд наад үхрэндээ эзэн болоорой гэж хэлээд үлдээгээд явсан.Гэхдээ энэ үхэр угаасаа манайх биш манай хүүгийн үхэрт ирэхээр нь манай залуу тэжээгээд эзэн нь гарч ирэхгүй болохоор им тавьж авсан байсан....гэх мэдүүлэг / хх -15-р хуудас/

Гэрч Т.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би 2018 оны 11 дүгээр сард үхрээ туугаад явж байтал Б.******* гэдэг хүн ирээд “энэ манай үхэр байна” гэхээр “үгүй ээ” гэсэн. Тэгтэл орой манай үхэр ирэхэд ягаан гунж байхгүй байхаар нь манай нөхөр Т.******* Б.*******ынд очоод ягаан гунжийг аваад ирсэн. Тэр үхэр манайд бараг жил болсон. 2,3 хоногийн дараа ягаан гунж бас алга байсан.Тэгтэл манай нөхөр Т.******* тэр үхэр Б.*******ынх юм шиг байна өөрт нь өгчихлөө гэсэн... гэх мэдүүлэг /хх-16-17-р хуудас/

Мал үнэлсэн тухай тайланд ... 3 насны эм үхэр 1 толгой 400.000 төгрөг гэх / хх-22-р хуудас/

Малд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэлд... ягаан шаргал зүсмийн 3 настай эм гунжин үхэр,эвэр нь босоо, зүүн талын чих шоргоолж имтэй шинэ үүссэн,хажуу талаасаа цуулбар, хуучин имтэй,баруун талын чих шоргоолж, урдаас цуулбар имтэй ...гэх /хх-6-р хуудас/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-р хуудас/

Шүүгдэгч Т.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн өгсөн...2018 оны 04 дүгээр сарын эхээр  Ховд аймгийн Буянт сумын ******* багт байрлах манай хотонд ягаан зүсмийн цуулбар имтэй эм бяруу ирж нийлсэн.5 дугаар сард би уг бярууг шоргоолж имээр эмнэсэн.2018 оны 11 дүгээр сард манай эхнэр Райла үхрээ туугаад явж байтал Б.******* ирээд энэ ягаан бяруу манайх гэж хэлсэн гэсэн. Орой үхэр ирэхэд ягаан бяруу байхгүй байсан.Тэгэхээр нь би Б.*******ынд очоод ягаан бяруу манайх гэж хэлээд аваад ирсэн. 2,3 хоногийн дараа ягаан бяруу дахин алга болохоор нь Б.*******тай очиж уулзаад “ наад ягаан бяруу чинь танайх мөн юм бол ав, би бараг нэг жил тэжээлээ” гэж хэлээд үлдээгээд явсан. Дараа нь намайг цагдаагийн газарт дуудсан. Би  тухайн үед тэр бярууг эзэн нь ирэхгүй болохоор алга болчихож магадгүй гээд өөрийнхөө имээр имнэсэн... гэх мэдүүлэг / хх27-28-р хуудас/ зэрэг баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.*******ад холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,4-д заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг  хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.

Шүүгдэгч Т.******* нь 2018 оны 04 дүгээр сард Ховд аймгийн Буянт сумын ******* багийн нутаг дэвсгэрт Б.*******ын нэг тооны бяруу өөрийнх нь үхэрт ирж нийлснийг бусдын өмч болохыг мэдсээр байж завшсан болох нь тухайн бярууг үхэрт нь ирж нийлэхэд өөрийн имээр имнэж, өөрийн үхэртэй хамт тэжээж байсан нь хохирогч Б.*******ын мэдүүлэг, гэрч Э.*******, Т.Райла нарын мэдүүлэг, мал үнэлсэн тайлан зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.******* нь тухайн үхрийг бусдын өмч гэдгийг мэдсээр байж завшсан, эзэн нь үхрээ таниад авах гэхэд ч манайх гэж маргаж байсан зэрэг үйлдэл нь түүнийг шууд санаатай, шунахайн сэдэлтээр үйлдсэн болохыг нотолж байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Т.*******ыг  хохирогч Б.*******ын өмчлөлийн алдуул малыг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн нь  тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Т.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-42/, хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогч Б.*******ын “ алдсан үхрээ буцааж авсан тул, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй”  гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

            Шүүгдэгч Т.*******ын хувийн байдлын талаар гэрч А.Жамылаагийн өгсөн...би Т.*******ын эгч нь. Т.******* нь хамт олон найз нөхөддөө даруухан, гэр бүлдээ халамжтай, дуу цөөнтэй, хүнд худал хэлдэггүй шударга, ажилсаг хүн...  гэх мэдүүлэг / хх- 18-р хуудас/

Гэрч Т.Гүлнарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Т.******* айлын том хүүхэд, дороо 4 дүүтэй.Буянт сумын сургуульд 3-р анги хүртэл сураад сургуулиас гарсан.2007 онд цэргийн алба хаасан.2010 онд Т.Райлатай гэр бүл болоод 4 хүүхэдтэй амьдарч байна.Даруу төлөв зантай, найз нөхөддөө нөхөрсөг, элдэв муу зуршилгүй даруухан хүн... гэх мэдүүлэг /хх-19-р хуудас/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Т.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөргүй болон хувийн байдлыг харгалзан өөрийнх нь зөвшөөрснөөр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналыг зөвшөөрч байна.Т.******* нь ажил эрхэлдэггүй, ам бүл олон, орлогогүй зэрэг байдлыг нь харгалзан торгуулийн ялыг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч Т.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо төлж барагдуулсан болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар торгох ялын 450000 төгрөгийг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

            Шүүгдэгч Т.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй,битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,  36.2, 36.6-9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг   450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Т.*******ад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгохыг ялыг 06 / зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч т.*******ад тайлбарласугай.

5.Шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шүүгдэгч Т.*******ад оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг  Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Т.*******ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Б.ГАНТӨГС

Top of Form