Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 00008

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Манлайбаяр,

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ц-т холбогдох эрүүгийн 1738004090425 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б.Ц.

Шүүгдэгч Б.Ц нь 2017 оны 10 дугаар сарын 06-наас 07-ны өдрүүдийн хооронд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн “Уушийн өвөр” гэх газраас иргэн Б.Ц-н 1 тооны үхрийг бэлчээрээс нь хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Ц нь 2017 оны 10 дугаар сарын 06-наас 07-ны өдрүүдийн хооронд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн “Уушийн өвөр” гэх газраас иргэн Б.Ц-н 1 тооны үхрийг бэлчээрээс нь хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Б.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...би өөрийн ах Ц-н нэг тооны ягаан буурал үхрийг өөрийн үхэр гэж Э-д хэлээд нядалж Мөрөн оруулж зарсан нь үнэн. ...Би тэр үхрийг зарж мөнгө олох зорилгоор гэмт хэрэг үйлдсэн. ...би уур хүрээд нэг үхрийг нь хулгайлсан юм. Энэ гэмт хэргийг би ганцаараа үйлдсэн. Би Э-д өөрийн гэж хэлсэн болохоор Э гэмт хэрэг үйлдэж байгаа талаар мэдээгүй” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Ц-н мөрдөн шалгах ажилллагааны үед өгсөн: “...манайх 2017 оны 10 дугаар сарын 06-наас 07-ны өдрийн хооронд бэлчээрээс ягаан буурал зүсмийн үхрээ алдаад тэр хавийнхаа хүмүүсийг сэжиглээд тухайн үедээ сураг гараагүй байсан юм. ...2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр манай ойролцоо байдаг О-с ишиг авахаар гэрт нь очиход О надад хэлэхдээ 2017 оны 10 дугаар сарын 06-ны шөнө манай ойролцоо гэрэлгүй машин явсан, үхэр малаа бүртгээрэй гэж Н-н эхнэр М ярьж байна лээ гэж хэлэхээр нь маргааш нь буюу 2017 оны 10 дугаар сарын 10-нд үхрээ бүртгэхэд манай ягаан буурал зүсмийн хязаалан настай гунж дутсан байсан. Би төрсөн дүү Ц-тай уулзаж үхэр мал дутсан байна харсан үзсэн хүн байна уу гэж асуухад мэдэхгүй гэж байсан. ...Тэр хавийнхаа айлаар явж сураглан Н-н эхнэр М-тай уулзаж асуухад танайхныг найранд явсан хойгуур гэрэлгүй машин явсан. Мөн Б-г ирсэн байхад Ц Б-г аймаг руу үхэр ачиж өгөөч гэж байсан . Ц-г ямар учиртай үхэр ачуулах гэж байсныг сураглахгүй юу гэж хэлсэн. ...О өөрийнхөө хүүхдийг хардаад байна гэж бодсон юм уу үхэр алга болдог орой манай хүү Э-г морио усалчихаад гэр рүүгээ ирж явахад нь Ц харуй бүрий болж байхад үхэр туучихсан явсан гэж хэлсэн. Танай ягаан үхрийг Ц гаргаж өгөө биз гэсэн. ...М тэр орой гэрэлгүй машин Ц-н зэлний хажуугаар яваад байсан гэж хэлсэн. Б-с чамайг Ц үхэр ачиж өгөөч гэж хэлсэн нь үнэн юм уу гэж асуухад 2017 оны 10 дугаар сарын 06-ны орой Ц-нд ирсэн байхад Ц аймаг руу үхэр ачиж өгөөч гэж хэлсэн нь үнэн, гэхдээ би ачиж өгч чадахгүй гэж хэлээд явсан гэж хэлсэн. ...Ц би танай ягаан буурал гунжийг андуураад хүнд ачуулсан байна лээ төлж өгнө гэж хэлсэн. Надад өөрийнхөө ягаан буурал гунжийг өгсөн. ...Одоо надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 09-16 дугаар хуудас/,

З.М-ны мөрдөн шалгах ажилллагааны үед өгсөн: “Манай гадаа айл болох Ц-нд Ц, эхнэр нь болох С нар үхэр малаа алдсан гээд ирсэн байсан. Ц-нх 2017 оны 10 дугаар сарын 06-нд ягаан зүсмийн үхэр алдсан гээд ярьж байсан. Тэр үед Ц эхнэртэйгээ манай нөхөр Н болон манай дүү Э нарыг хулгайд гүтгээд байсан. Тэгэхээр нь би танай үхрийг алга болох тэр үед танай дүү Ц-нд Б гэдэг хүн ирсэн байхад дүү Ц чинь Б-г үхэр ачиж өгөөч гээд гуйгаад байсан, дүү чинь танай үхрийг хулгай хийгээ биз дээ гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Гэрч Б.Ц-н мөрдөн шалгах ажилллагааны үед өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 06-ны орой төрсөн ах Ц-н ягаан буурал зүсмийн монголын хязаалан гунжийг шөнөөр хулгайлж аймгийн төвөөс баз хүргэн Э-г машинтай нь дуудаж эзэнгүй өвөлжөөн дээр нядалж ачуулсан нь үнэн. Би тэр үхрийг амьдаар нь ачаагүй. Би ахын ягаан буурал үхрийг алаад арьсыг нь өвчөөд дундуур нь сүхээр цавчаад дөрвөн хэсэг болгож машин дээр ачсан. Би Э-г надаас хэний үхэр юм бэ гэж асуухад өөрийнхөө үхэр мөнгө болгох гэж байгаа юм гэж хэлсэн. Би хулгай хийж авсан үхрээ Э-н портер машин дээр ачаад Мөрөн ороод зарчих би орохоороо мөнгийг нь авъя гэж хэлээд явуулсан“ гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар хуудас/,

Гэрч О.Э-н мөрдөн шалгах ажилллагааны үед өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 06-нд, 07-нд яг алинд нь гэдгийг сайн санахгүй байна. Орой нар жаргах үеэр Мөрөнгийн голоос морио услаад харих гэж явж байтал харих замд Ц гуай үхэр туучихсан явж байсан. ...Нэг өдөр манай ээж Ц-н эхнэр С гуайтай утсаар хэрүүл хийгээд байсан. ...намайг хулгайд хардах маягийн юм ярьсан байхаар нь би ээжид тэр үхэр алга болох үеэр Ц нь үдэш бүрэнхийгээр үхэр туугаад харьж явсан тэр үхрийг нь дүү нь авчихсан юм байгаа биз дээ гэж ээжид ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

Гэрч Ж.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 06-ны орой 21 цагийн орчим Туяа багт байдаг Ц над руу утсаар яриад манайх руу гараад ирээч би нэг үхэр ачуулах гэсэн юм аавд битгий хэлээрэй гээд байсан. ...би машинаа асаагаад яваад очсон юм. Над руу ярихдаа замаараа явж байгаарай би зам дээр чинь очъё гэж хэлэхээр нь би зам дагаад явж байтал гэрийнхээ арын зам дээр бараан зүсмийн морьтой зогсож байсан. Тэгээд бид зам дээр уулзаад нэг үхэр ачуулах гэсэн юм миний өөрийн үхэр байгаа юм, ааваас айгаад байна гэрт хүн байгаа болохоор мэдэгдэж болохгүй гээд гэрийнхээ арагшаа байсан өвөлжөөнийхөө хашаанд үхэр хураасан байсан. Хашааных нь гадаа очиход Ц морины аргамжаагаар ягаан буурал монголын үхэр барьж аваад амьдаар нь авч яваад зараад өг гэхээр нь би яаж амьдаар нь авч явдаг юм бэ, чи өөрөө нядлаад өг гэсэн. ...Ц гэрээсээ сүх авч ирээд сүхээр үхрийг цохиж алсан. Тэнд нь гэдэс сэвсийг нь асгаад 4 хөлийг нь салгаад 6 хэсэг болгоод машиндаа ачиж шөнийн 01 цаг болж байхад аймгийн төвд гэр рүүгээ ирсэн. ...мах нь нийт 400.000 төгрөг болсон. ...надад бензиний мөнгө гэж 25.000 төгрөг өгөөд өөрөө 375.000 төгрөгийг нь манай эхнэрээс аваад явсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр хуудас/,

Мал үнэлсэн тайлан, /хх-ийн 46 дугаар хуудас/ зэрэг дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Б.Ц нь хохирогч Б.Ц-н 1 тооны үхрийг хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан нь гэрч нарын мэдүүлэг, мал үнэлсэн тайлан зэрэг хэрэгт авагдсан баримтат мэдээлэл, бусад баримтуудаар тогтоогдсон гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Ц нь урьд Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 дүгээр хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 60-62 дугаар хуудас/-аар тогтоогдож байна. 

Шүүгдэгч Б.Ц-н гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлж хохирогч Б.Ц-тэй 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн эвлэрлийн гэрээ /хх-ийн 57 дугаар хуудас/ болон шүүгдэгчийн хувийн байдлын хувьд ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг гэх Бүрэнтогтох сумын Туяа багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 54 дүгээр хуудас/, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн 1738004090425 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдоогүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Ц-г мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.         

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Ц-г 1 /нэг/  жилийн хугацаагаар тэнссүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Ц-т хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.  

6. Эрүүгийн 1738004090425 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.        

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.НЯМСҮРЭН