| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2019/0002/э |
| Дугаар | 2019/ШЦТ/02 |
| Огноо | 2018-12-24 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2019/ШЦТ/02
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
Улсын яллагч Ц.Сайнхүү,
Хохирогч байгууллагын төлөөлөгч Г.Б ,
Шүүгдэгч Д.Т , түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхонуд овогт Д-ын Т-т холбогдох 1816002330116 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, халх, Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат, Говь-Алтай аймгийн ...... сумын Буудай багт оршин суух бүртгэлтэй, одоо Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ...... багийн ....... тоотод түр оршин сууж байгаа, 1968 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 50 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ...... регистрийн дугаартай, Олхонуд овогт Д-ын Т .
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Т нь 2018 оны 09 дүгээр сард Говь-Алтай аймгийн ..... сумын 4 дүгээр баг Олонбулаг гэх газарт Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7-р тогтоолын 1 дүгээр хавсралтанд бүртгэгдсэн Тугалмайтны овгийн зээрийн төрөлд хамаарах Хар сүүлтийг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэгт холбогдож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Д.Т нь 2018 оны 09 дүгээр сард Говь-Алтай аймгийн Бигэр сумын 4 дүгээр баг ...... гэх газарт хар сүүлтийг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Д.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Би Олонбулаг гэдэг газар хүнээс машин авах гээд очсон. Намайг очиход мал харж байгаач гэж хэлсэн. Тэгээд мал хариулж яваад ийм зүйл болсон. Алдаггүй амьтан алсан гэж мэдээгүй. Би зээр явж байхаар нь гэрт очиж зээрийн буугаа аваад тэгэхэд нэг сумтай байсан. Буугаараа буудсан тэгэхэд нохой нэг юм бариад ирэхээр нь миний буудсан оносон юм байлгүй гэж бодоод хоёр хөлийг нь аваад ирсэн... Хэдэн зээр хэвтэж байсан... Би буудсан гэхдээ миний оносон эсэхийг мэдэхгүй байна. Бууны шархтай байсан... Хохирол 3.400.000 төгрөг төлсөн... гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... Хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг,
Хохирогч байгууллагын төлөөлөгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Энэ нь хар сүүлт зээр байгаа. Монгол оронд 2 төрлийн зээр байдаг. Монгол орны 11 аймгийн 33 сумд одоогийн байдлаар 2010 онд хийгдсэн тооллогоор 60 мянга орчим хар сүүлт байна гэсэн судалгаа байдаг. Сүүлийн жилүүдэд агнуурын бүс нутагт цөөхөн тоогоор тоологдсон тусгай зориулалтаар агнагдаж байгаа. Манай аймгийн ихэнх сумуудад хар сүүлт зээр нутагшин идээшдэг. Монгол орны хөх нууруудын хотгор, Шарга Хүйсийн говь, Бигэрийн хоолой, Зүүн гарын говиуд манай аймгийн хэмжээнд 7-8 мянган орчим хар сүүлт зээр байдаг судалгаа байна. Ховордсон шалтгаан нь хууль бус агнуур, бэлчээр усны хомсдол зэрэг хүчин зүйлүүдээс бол хомсдож байгаа. Иймээс 1960 оноос Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хуулиар агнахыг хориглож дархан цаазат амьтанд оруулан улаан номд бүртгэсэн. Ховор амьтны тоонд оруулан бүртгэж экологи эдийн засгийн үнэлгээг тогоосон. Экологи эдийн засгийн үнэлгээ нь 1.700.000 төгрөг байдаг. Хууль бусаар агнасан тохиолдолд 1.700.000 төгрөгийг 2 дахин нөхөн төлүүлнэ гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Үүний дагуу шүүгдэгч хохирлыг төлж барагдуулсан байгаа... 11 дүгээр сарын 21-нд дансанд орсон байгаа... Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...”гэх мэдүүлэг,
Хохирогч байгууллагын төлөөлөгч Г.Б-ны мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Монгол оронд байгаа амьтдыг 3 ангилдаг бөгөөд хар сүүлт зээр нь Амьтны тухай хуулийн 7-р бүлгийн 7.5-д зааснаар ховор ангилалд ордог. Ховор амьтны жагсаалтыг Монгол Улсын Засгийн газар баталдаг бөгөөд Засгийн газрын 2011 оны 23-р тогтоолоор хар сүүлт зээрийг ховор ангилалд оруулж өгсөн...Ховор амьтан болох хар сүүлт зээрийн махыг хүнсэнд хэрэглэж, хадгалж байсан этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэж, байгаль экологид учирсан 3.400.000 төгрөгийн хохирлыг хуулийн дагуу барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг/хх 25-27-рт/,
Гэрч Б.Э-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...би тус махаар 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хоол хийж идэх гэж байтал манай нөхөр согтуу ирчихээд агсам тавиад байхаар нь цагдаа дуудтал тус махыг ангийн мах байна гэж хэлээд аваад яваад өгсөн...” гэх мэдүүлэг/хх 28-29-рт/,
Гэрч Л.О-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...нөхөр бид 2 Бигэр сум ороод шөнө нь иртэл Т ах танай 2 нохой ёстой сайн хийдэг юм байна шүү. Өнөөдөр зээрийн ооно барьсан байна тэгэхээр нь би ангийн юмыг яаж хаях вэ гэж бодоод 2 хөлийг нь авчихлаа гэж хэлээд 1 хөлийг нь нөхөр, Түмэнбаатар бид 3 чанаж идсэн. Т ах маргааш өглөө нь үлдсэн хөлийг аваад аймаг руу гэрлүүгээ явсан...” гэх мэдүүлэг/хх 32-33-рт/,
Гэрч Л.А-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...тус айлын үүдний хаалганы ертөнцийн зүгээр зүүн талд нь байсан тавиур дээр гялгар ууттай бор өнгийн мах байсан. Би тус махыг ангийн мах байх гэж бодоод юуны мах болохыг нь мэдэхээр уутнаас нь гаргаж үзтэл Т-ын эхнэр Э гэх эмэгтэй тус махыг булааж аваад гэрийн зүүн талд байсан хөлдөөгчиндөө хийчихсэн. Тэгэхээр нь би цагдаагийн газар дээр Т-ыг хүргэж ирж саатуулах байранд хүлээлгэж өгчихөөд цагдаагийн газрын шуурхай зохицуулагчид мэдэгдэж жижүүрийн бүрэлдэхүүнээр шалгуулсан...” гэх мэдүүлэг/хх 34-35-рт/,
Гэрч Ч.Б-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...эхнэр бид 2 тус өдрийнхөө орой 18 цагийн орчимд гэртээ иртэл Д.Т нь танай 2 нохой нэг хар сүүлт зээр барьж алсан. Тэгэхээр нь би 2 хөлийг нь авчихлаа 1-ийг нь одоо чанаж идэх үү гэж хэлсэн. Тэгэхээр нь эхнэр бид 3 тус 2 хөлний 1-ийг нь чанаж идсэн. Маргааш өглөө нь Д.Т нь мотоциклоо машин дээрээ ачаад үлдсэн нэг хөлөө аваад аймаг явсан...” гэх мэдүүлэг/хх 36-38-рт/,
Гэрч Л.Г-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...би 2018 оны 09 сарын сүүлээр нэг өдөр малаа хариулж байгаад гэртээ иртэл гэрт миний буу байхгүй байсан. Тэгээд би эхнэр С-ээс буугаа асуутал Д.Т нь ирээд аваад явсан. Т нь Б-ийн малыг өнөөдөх хариулж байгаа гээд явж байна лээ гэж хэлсэн... нэг сум байсан бөгөөд Т нь тус сумыг хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг/хх 39-41-рт/,
Шинжлэх ухааны академи Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээч Г.Цогтжаргалын 2018 оны 11 сарын 12-ны өдрийн 25 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн арьсыг хуулж бэлтгэсэн ял бүхий хөлдүү махыг гэсгээж үзлэг хийхэд 1 ширхэг зүүн хаа, 1 ширхэг сээр байсан бөгөөд тус эд зүйл нь Тугалмайтны овгийн Зээрийн төрөлд хамаарах Хар сүүлтийн/Gazellа subgutturosa/ зүүн хаа, сээр мөн болно. Шинжилгээнд дээж материал ирүүлсэн хар сүүлтийн зүүн хаа, сээр зэрэгт үзлэг хийхэд зүүн хаа, сээр зэргээс агнагдсан хугацааг тогтоох боломжгүй болно. Шинжилгээнд дээж материал ирүүлсэн хар сүүлтийн зүүн хаа, сээр зэрэгт үзлэг хийхэд зүүн хааны гэдсэн талаас 5 дахь хавирганы ирмэг хэсгийг шүргэсэн сумын ул мөр байна. Эдгээрээс харахад тус амьтаныг буугаар буудан агнасан байна. Хар сүүлтий нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7-р тогтоолын 1 дүгээр хавсралтанд ховор зэрэглэлээр бүртгэгдсэн болно. Хар сүүлтийн экологи-эдийн засгийн үнэлгээ нь эр бодьгаль 1.700.000 төгрөг, эм бодьгаль 2.000.000 төгрөг байдаг байна...” гэх шинжээчийн дүгнэлт/хх 53-54-рт/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, дэслэгч Т. Назарбекийн 2018 оны 11 сарын 30-ны өдрийн 37 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэгт эвдрэл, гэмтэл байхгүй, буудлага үйлдэгдэх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг гох дарахгүйгээр цохилт болон доргилтоор буудлага үйлдэгдэх боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгийн үйлдвэрийн хийц зориулалт өөрлөгдөөгүй байна. Шинжилгээнд хүргүүлсэн галт зэвсгийн гол төмөр, замаг болон бусад эд анги дээр байсан үйлдвэрийн тэмдэг, дугаарыг арилгаж засварласан зүйл байхгүй...” гэх дүгнэлт/хх 60-61-рт/,
Шүүгдэгч Д.Т-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн: “...2018 оны 09 сарын эхээр Бигэр суманд байдаг Б-тэй машины наймаа хийхээр Бигэр сумын Олонбулаг гэдэг газар очиход Б та манай мал хараад байж бай гээд Б Бигэр сумруу явсан. Тэгээд би Олонбулаг гэх газар Б-ийн хонийг хариулаад явж байтал хэдэн хар сүүлт зээр харагдахаар нь би буцаж Бигэр сумын 4-р багийн малчин Г гэдэг дүүгийнхээ гэрт очиход эхнэр Г нь байхаар нь би буугаа өгч бай гэхэд Г гэрт байгаа гэхээр нь би хананд өлгөөтэй бууг нь аваад үзэхэд дайзанд нь нэг ширхэг сум байхаар нь би авч яваад хар сүүлт зээр байгаа газар ирэхэд нөгөө зээрнүүд идээшилж байхаар нь би хамгийн захын хар сүүлтийн цээж орчимд нь буудахад нөгөө хар сүүлт зээр газар унахаар нь би очоод хар сүүлт зээрээ өвчөөд хоёр хөлийг нь аваад гэртээ авч ирээд махаа тавиад Г-ын бууг хүргэж өгөөд Б-ийн гэрт нэг хөлөөр нь хоол хийж идээд маргааш нь Б хоёр хөлийг нь авлаа нэгийг нь чанаад идсэн гэж хэлээд үлдсэн нэг хаа хөлөө аваад гэртээ ирээд хөргөгчиндөө хийсэн юм...” гэх мэдүүлэг/хх 76-77-рт/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх 3-7-рт/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл/хх 11-12, 15-16-рт/,
Говь-Алтай аймгийн Бигэр сумын Их булаг багийн Засаг даргын тодорхойлолт/хх 79-рт/,
Говь-Алтай аймгийн Бигэр сум дахь сум дундын эмнэлгийн тодорхойлолт/хх 80-рт/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хх 85-рт/,
Хохирол төлсөн баримт/хх 96-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл хх11-12-рт, хохирогчийн мэдүүлэг хх25-27-рт, гэрч Э-ийн мэдүүлэг хх27-28-рт, гэрч О-гийн мэдүүлэг хх32-33-рт, гэрч А-гийн мэдүүлэг хх34-35-рт, гэрч Б-ийн мэдүүлэг хх36-38-рт, гэрч С-ийн мэдүүлэг хх42-44-рт, шинжлэн ухааны академийн шинжээч Цогжаргалын дүгнэлт, яллагдагч Д.Т-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр: Д.Түмэнбаатарыг яллагдагчаар татсан тогтоол хх71-рт, Д.Т-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг хх76-77-рт, Говь-Алтай аймгийн Бигэр сумын Ихбулаг багийн Засаг даргын тодорхойлолт хх79-рт, Говь-Алтай аймгийн Бигэр сумын сум дундын эмнэлгийн тодорхойлолт хх80-рт, ял шийтгүүлж байсан эсэх лавлагаа хх85-рт, хохирол төлсөн баримт хх96-рт, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалж,
Хэрэгт эд мөрийн баримтаар “...ТОЗ-8 маркийн буу 1 ширхэг, 1 ширхэг зээрийн сээр хаа зэрэгт үзлэг хийв.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Д.Т-ыг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Монгол Улсын Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэгт “...Төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлөөр буюу
1. Судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, эмчилгээний зориулалтаар,
2. Монгол Улсын болон гадаадын иргэн тусгай төлбөр төлсөн,
3. Тодорхой нутаг дэвсгэрт амьтны сүргийн бүтцийг зохицуулах болон халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор ховор амьтныг агнаж, барьж болно гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 7.6 дахь хэсэгт Ховор амьтны жагсаалт, ховор амьтныг агнах, барих зөвшөөрөл олгох журмыг Засгийн газар батална...” гэж тус тус заасан байна.
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт Нэг: Хөхтөн амьтны 10 дугаарт Хар сүүлтий/Gazella subgutturosa/-г ховор амьтны жагсаалтад орсон, Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “ Ан амьтны экологи- эдийн засгийн үнэлгээ “-г тогтоож хар сүүлтийг эрийг нь 1.700.000 төгрөгний үнэлгээтэй байна гэх баримтаар тогтоогдож байна.
Харин шүүгдэгч Д.Т нь төрийн захиргааны төв байгууллагаас ховор амьтныг агнах тусгай зөвшөөрлийг авсан эсэх талаарх нотлох баримт байхгүй байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... Хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрөө сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтыг үнэлж, дүгнэхэд: Шүүгдэгч Олхонуд овогт Д-ын Т нь 2018 оны 09 дүгээр сарын эхээр Говь-Алтай аймгийн Бигэр сумын Олонбулаг гэх газарт ховор амьтан болох хар сүүлт зээрийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан үйл баримт хэргийн нөхцөл байдал тогтоогдсон гэж шүүх үзлээ.
Иймд Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхбатын зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнээд шүүхээс шүүгдэгч Д.Т-ыг ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Т-ын хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.
Хохирогч байгууллагын төлөөлөгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэг өгсөн мэдүүлэгтээ: “...шүүгдэгч хохирлыг төлж барагдуулсан байгаа... 11 дүгээр сарын 21-нд дансанд орсон байгаа... Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байх бөгөөд хавтаст хэргийн 96 дугаарт Төрийн сангийн 100050000954 тоот дансанд хохирлын 3.400.000 төгрөгийг тушаасан байх тул шүүгдэгч Д.Түмэнбаатарыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч Д.Т нь ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдэд таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байх бөгөөд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Д.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шалгах хуудас/хх 85-рт/-аар тогтоогдож байх бөгөөд хохирогч нь гомдол, саналгүй гэснийг учруулсан хохирлыг төлсөн гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял шийтгэл оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч нь шүүх хуралдаанд “...Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон яллах дүгнэлтэд дурдагдсан нотлох баримтууд, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, Д.Т-ын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Мөн шүүгдэгч Д.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Иймээс шүүгдэгч Д.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоод Д.Т-ыг 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, эд мөрийн баримтаар хураагдсан бууг Цагдаагийн газар шилжүүлээд, махыг устгах, шүүгдэгчийг цагдан хорих саналыг улсын яллагчийн зүгээс гаргаж байна...” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд “...Д.Т нь Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа яллагдагчаар татагдахаас өмнө хохирол буюу хар сүүлтийн нөхөн төлбөр 3.400.000 төгрөгийг нөхөн төлсөн. Д.Т-ын тухайд бага насны 3 хүүхдийн хамт амьдардаг. Өндөр настай ээжийгээ асран хамгаалдаг. Ам бүлдээ ганцаараа ажил хийдэг. Малгүй болсоноос хойш Говь-Алтай аймгийн төв дээр амьдарч хувиараа барилга дээр ажилладаг. Д.Т-ын тухайд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой зүйл анги байгаа учир шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү..” гэж тус тус дүгнэлтээ гаргасан байна.
Шүүхээс шүүгдэгч Д.Т-ыг ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт, тайлбар, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Т-т хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зээрийн хаа, сээрийг устгаж, ТОЗ-8 маркын калибр буу 1 ширхэгийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн хэлтэст шилжүүлж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 3.400.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Олхонуд овогт Д-ын Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Олхонуд овогт Д-ын Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч санаатай болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг шүүгдэгч Д.Т-т сануулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 3.400.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зээрийн хаа, сээрийг устгаж, ТОЗ-8 маркын калибр буу 1 ширхэгийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн хэлтэст шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА