Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2020/0534/З |
Дугаар | 001/ХТ2021/0046 |
Огноо | 2021-02-24 |
Маргааны төрөл | Тендер, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 001/ХТ2021/0046
2021 оны 02 сарын 24 өдөр | Дугаар 001/ХТ2021/0046 | Улаанбаатар хот |
"Э" ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Сангийн яаманд холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг
Шүүгчид: М.Батсуурь
П.Соёл-Эрдэнэ
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: Сангийн яамны 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 6-1/3420 албан тоотоор Хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэгчийг сонгон шалгаргуулах ЭҮХХК/202012237 дугаартай багц 1 тендерийн үнэлгээг дахин хийхийг захиалагчид үүрэг болгосон шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2020/0579 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 597 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ч, Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, Б.Т нарыг /онлайн/-аар оролцуулж,
Нэхэмжлэгч Эдем ХХК-ийн захирал Б.Г-ын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2020/0579 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 16 дугаар зүйлийн 16.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.4, 40 дүгээр зүйлийн 40.4-д заасныг тус тус баримтлан "Э" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Гомдол хянасан тухай №6-1/3420 тоот албан албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 597 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 579 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 55 дугаар зүйлийн 55.3, 55.3.3-д тус тус заасныг баримтлан "Э" ХХК-ийн Сангийн яамны 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 6-1/3420 тоот албан бичгээр Хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэхийг сонгон шалгаруулах ЭҮХХК/202012237 дугаартай багц 1 тендерийн үнэлгээг дахин хийхийг захиалагчид үүрэг болгосон шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.
Хяналтын гомдлын үндэслэл:
3. Нэхэмжлэгч "Э" ХХК-ийн захирал Б.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн 597 дугаар магадлалаар хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.
4. Хууль буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тухайд: магадлалын Хянавал хэсгийн 6 дугаар талд Иймд, "Э" ХХК-ийг тендерт шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 101 дүгээр 101.1-д Чанар, стандартын шаардлага хангасан барааг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой тохиолдолд тендер шалгаруулалтанд гадаадын бараа нийлүүлэгчийг оролцуулахыг хориглоно гэснийг зөрчсөн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын ... Сангийн яам гомдол хүлээн авч хянан шийдвэрлэхдээ захиргааны байгууллагыг Хууль зөрчсөн эсэхийг хянах үүрэгтэй, ... Хууль ёсны итгэлийг хамгаалах гэсэн үндэслэлээр хууль зөрчсөн тендер шалгаруулалтыг зөвтгөх боломжгүй ... гэх гомдол үндэслэлтэй гэж үзэж улмаар ... тендерийн бичиг баримтыг бэлтгэх, боловсруулах нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т зааснааар захиалагчийн үүрэг байх тул мөн хуулийн 101 дугаар зүйлийн 101.1-д заасантай нийцүүлж, зөрчлөө хэрхэн засаж залруулах нь захиалагчийн үүрэг юм гэж дүгнэсэн нь шүүх хууль хэрэглээний хувьд алдаа гаргасан гэж үзэж байна.
5. Тодруулбал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нарын зүгээс анхнаасаа энэ хэргийг шийдвэрлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 101 дугаар зүйлийн 101.1 дэх заалтыг хэрэглэх ёсгүй байсан. Гэтэл шүүхийн зүгээс уг хуулийн зохицуулалтыг маргаан бүхий үйл явцад буруу тайлбарлан хэрэглэж, улмаар хэргийг буруу шийдвэрлэсэнд нэхэмжлэгчийн зүгээс гомдолтой байна.
6. Учир нь, Тендер захиалагч буюу "Э ү" ТӨҮГ-аас 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр уг тендерт "Э" ХХК-ийг шалгаргуулж, мэдэгдэл хүргүүлсэн. Гэтэл "М" ХХК-ийн зүгээс Сангийн яаманд Тендерийн үнэлгээ буруу хийгдсэн асуудлаар гомдол гаргахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 101 дугаар зүйлийн 101.1 дэх заалтыг баримталж Импортын бараа нийлүүлэгчид гэрээ байгуулах эрх олгосон нь уг хуулийн заалтанд нийцэхгүй байна гэжээ. Үүнийг Сангийн яамны зүгээс хүлээн авч гомдлыг хангахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 101 дугаар зүйлийн 101.1 дэх заалтыг баримталж Тендерийн үнэлгээг хүчингүй болгож, үнэлгээг дахин явуулах тухай маргаан бүхий актыг гаргаж тендерийн захиалагчид үүрэг болгосон.
7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 101 дугаар зүйлийн 101.1-д Чанар, стандартын шаардлага хангасан барааг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой тохиолдолд тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг оролцуулахыг хориглоно гэх заалт нь тендерийн үнэлгээг хүчингүй болгох хуулийн заалт биш бөгөөд харин уг тендерт анхнаасаа хэн оролцож болох, болохгүй-г Тендерийн баримт бичиг-т тусгахад зориулагдсан хуулийн зохицуулалт юм. Мөн "М х" ХК-ийн зүгээс Тендер-ийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар гомдол гаргаагүй. Гагцхүү 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Тендерийн үнэлгээ-нд гомдол гаргасан.
8. Гэтэл Сангийн яамны зүгээс ч тэр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн зүгээс ч тэр аль аль нь хууль хэрэглээний алдаа гаргаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж Тендерийн үнэлгээ-г бус Тендерийг бүхэлд нь хүчингүй болгох хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу байна.
9. Магадлалын Хянавал хэсэгт ...Техникийн тодорхойлолтод тендерийн багцын хувьд 200мл-ээс багагүй төрөл бүрийн сармис түүний ханд, хүрэн манжин, цагаан лууван, байцаа, ногоон ногооны шүүс гэх мэт, түүнтэй дүйцэхүйц байна гэж заасныг Засгийн газрын 2015 оны 336 дугаар тогтоолоор баталсан Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар стандартын шаардлага хангасан тохирлын баталгаатай барааны жагсаалт-ын 6.8-д Ундаа, шүүс, өтгөрүүлсэн шүүс, жимсний охь ханд гэдэгт хамаарахгүй гэж үзэх боломжгүй. ... гэж үзсэн байна.
10. Техникийн тодорхойлолтын зөвхөн нэг хэсэг, нэг үгийг харгалзан ийнхүү дүгнэж байгаа нь буруу байна. Үүнд: Багц 1 тендерийн техникийн тодорхойлолтод Антиоксидант, амин дэм, эрдэс бодисын агууламжтай, нэмэлт витаминжуулалт хийгдээгүй, тухайн түүхий эдийн өөрийн шүүс бөгөөд техникийн даалгаврын 6, 7-р хэсэгт заасан шаардлагыг хангасан байна ... гэсэн бөгөөд 6-р хэсэгт бүтээгдэхүүн нь А, В, В2, С, D, Е зэрэг амин дэмүүд, Кальци, Селен, Магни, Цайр, Төмөр, Фосфор, Кали, Манган, Хром зэрэг эрдэс бодисуудыг аль алиныг нь тодорхой хэмжээгээр агуулсан байна. 7-р хэсэгт ... антиоксидант үйлчилгээтэй хор саармагжуулах бүтээгдэхүүн байна гэсэн байгааг харгалзан үзэх шаардлагатай юм.
11. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 тухайн бараа, ажил, үйлчилгээг гадаад шинж чанарын үзүүлэлтээр бус, зориулалт, эрчим хүч, байгалийн нөөцийн хэмнэлттэй, эдийн засгийн үр ашигтай хэрэглээ, ашиглалт, чанарын түвшин, техникийн болон тухайн бараа, ажил үйлчилгээ нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай, ногоон орчныг бүрдүүлэхэд чиглэсэн шалгуур үзүүлэлтээр тодорхойлох гэж заасны дагуу хор саармагжуулах бүтээгдэхүүнийг зөвхөн гадаад шинж чанараар нь үнэлж шүүс, ханд гэсэн ангилалд хамааруулан ойлгож болохгүй юм.
12. Мөн хуульд заасны дагуу тендерийн зориулалтыг харгалзан үзэж Техникийн тодорхойлолтод заасан Хөдөлмөрийн хортой, аюултай буюу хэвийн бус нөхцөлд үүргээ гүйцэтгэдэг 3700 ажилтнуудад хор саармагжуулах бүтээгдэхүүн нийлүүлнэ ... гэсэн зорилгод нийцэх антиоксидант үйлчилгээтэй, хор саармагжуулах бүтээгдэхүүн байх шаардлагатай.
13. Гэтэл эдгээр хуулийн заалт, Тендерийн баримт бичгийн заалтуудыг үл харгалзан зөвхөн нэг хэсэгт тайлбар өгч Засгийн газрын 2015 оны 336 дугаар тогтоолоор баталсан Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар стандартын шаардлага хангасан тохирлын баталгаатай барааны жагсаалт-ын 6.8-д Ундаа, шүүс, өтгөрүүлсэн шүүс, жимсний охь ханд гэдэгт хамааруулан үзэж байгаа нь нотлох баримтыг дутуу үнэлсэн, хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй гэж үзэж байна.
14. Магадлалын Хянавал хэсэгт ...Иймд "Э" ХХК-ийг тендерт шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Чанар стандартын шаардлага хангасан барааг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой тохиолдолд тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг оролцуулахыг хориглоно. гэснийг зөрчсөн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын ...Сангийн яам гомдол хүлээн авч хянан шийдвэрлэхдээ захиргааны байгууллагыг хууль зөрчсөн эсэхийг хянах үүрэгтэй, ...хууль зөрчсөн тендер шалгаруулалтыг зөвтгөх боломжгүй гэх гомдол үндэслэлтэй. гэжээ.
15. Сангийн яам гуравдагч этгээд болох "М х" ХК-ийн гомдлыг хүлээн авч захиргааны байгууллага хууль зөрчсөн эсэхийг хуульд заасан үүргийн хүрээнд хянан үзсэн. Сангийн яам Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 101 дүгээр зүйлд заасныг хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэсэн бол тендерт оролцогч гэх хэсгээс гадаадын байгууллагыг хасаж оролцуулах ёстой. Гэтэл оролцуулж байгаад үнэлгээ өгнө үү гэх утгатай хариу өгч байгаа анхнаасаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 101 дүгээр зүйл хамааралгүй тайлбар өгч хууль зөрчиж байгаа юм. Түүнчлэн анхан шатны шүүх хор саармагжуулах бүтээгдэхүүнийг үндэсний буюу дотоод үйлдвэрлэлээс хангах боломжтой гэж үзсэн үндэслэлээ сангийн яам заагаагүй гэж зөв дүгнэснийг давж заалдах шатны шүүх буруу дүгнэж, хууль буруу тайлбарлаж байна.
16. Магадлалын Хянавал хэсэгт Хэдийгээр Монгол Улсын стандарт, техникийн зохицуулалтын улсын санд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж буй ажилтанд зориулсан хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүний стандарт одоогоор байхгүй болох нь Стандарт, хэмжилзүйн газрын албан бичгээр нотлогдож байх боловч Засгийн газрын 2015 оны 336 дугаар тогтоолын хавсралтаар Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай барааны жагсаалт Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын Сайдын 2000 оны 171 дүгээр тушаалаар Химийн бодистой харьцаж ажилладаг ажилтанд олгох хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүний жагсаалт -ыг тус тус баталсан гэсэн байна.
17. Хариуцагч Сангийн яамны 6-1/3420 албан тоот болон магадлалын тогтоох хэсэгт шийдвэрт голлох үндэслэл болсон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 101 дүгээр зүйл, 101.1 дэх заалт нь Чанар, стандартын шаардлага хангасан дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүн байгаа тохиолдолд... гэсэн бөгөөд Стандарт байхгүй нөхцөлд энэхүү хуулийг хэрэглэх нь үндэслэлгүй.
18. Ногооны шүүс, охь ханд нь Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын Сайдын 2000 оны 171 дүгээр тушаалаар Химийн бодистой харьцаж ажилладаг ажилтанд олгох хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүний жагсаалтад заагаагүй бүтээгдэхүүн юм.
19. Мөн энэхүү тушаалын дагуу Тендерийн техникийн тодорхойлолтын Хүснэгт 1-д заасан Багц 1-ийн Хортой зүйлийн үйлчлэл хэсэгт Цахиурын исэл агуулсан, уушигны цулцанд нэвтрэх нарийн ширхэгт тоосжилт, гагнуурын утаа, хүнд металлын ууршилт бүхий орчинд ажилладаг ажилтанд Пектинээр баяжуулсан бүтээгдэхүүн олгоно гэсэн байдаг.
20. Мөн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын Сайдын 2000 оны 171 дүгээр тушаалаар Химийн бодистой харьцаж ажилладаг ажилтанд олгох хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүний жагсаалтад зааснаар хор саармагжуулах бүтээгдэхүүнийг ажилчдад ажлын байранд нь өдөр бүр хэрэгжүүлнэ... гэж заасан хор саармагжуулах бүтээгдэхүүний хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг бол өдөр бүр байнгын давтамжтай хэрэглэхэд ажилтаны эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх ёстой.
21. Гэтэл зарим төрлийн ногооны шүүсэнд харшилтай ажилтан байж болно. Иймээс ногооны шүүстэй харьцуулах боломжгүй. Адилтган үзэх үндэсгүй юм. Жишээ нь: "М х" ХК-ийн санал болгосон Хар сармисны хандын тухайд авч үзвэл: Техникийн тодорхойлолтод заасан уушигны цулцанд тоосжилт үүсэх ажлын орчинд нөлөө үзүүлэхгүй. Мөн сармисны харшилтай ажилтан өдөр бүр хэрэглэх боломжгүй. Ходоодны шарх, хоол боловсруулах эрхтэний тогтолцоонд шарх улайлттай бол хэрэглэхийг хориглоно. Хэрэв ийм бүтээгдэхүүнийг хор саармагжуулах бүтээгдэхүүнтэй адилтган ажилтанд олговол Тендер шалгаруулалтын зорилго алдагдах юм.
22. Магадлалын Хянавал хэсэгт Нэхэмжлэгч хэрэгжсэн захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага гаргасан тохиолдолд нэхэмжлэгчид онцгой ашиг сонирхол байх ёстой бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тохиолдолд "Э" ХХК-д тухайн шүүхийн шийдвэр нь тодорхой эрхийн хамгаалалт үзүүлэхээр байх ёстой. Тухайлбал хариуцагч Сангийн яамны зүгээс дахин алдаатай акт гаргахаас урьдчилан сэргийлэх гэх мэт... гэжээ.
23. Энэхүү шүүхийн шийдвэрээр хариуцагчийн гаргасан захиргааны акт хууль бус болохыг тогтоолгосноор "Э" ХХК-д болон МУ-ын хөдөлмөрийн хүнд хортой нөхцөлд ажилладаг нийт ажиллагсдад улмаар МУ-ын эдийн засагт ч дараах ашиг сонирхол байгаа тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан болно.
24. "Э" ХХК нь захиалагчаас гаргасан Тендерийн баримт бичгийн дагуу Тендер шалгаруулалтаар шударгаар өрсөлдөж гэрээ байгуулах эрхээ авсан бөгөөд шалгарсан тендерийн материалыг нийтэд ил болгох журмын дагуу манай илгээсэн тендерийн материал, санал болгосон үнэ, бүтээгдэхүүн нь ил болсон. Шүүхийн магадлалд дурдсанчлан дахин тендерт оролцох эрх нээлттэй байгаа хэдий ч бид давуу байдлаа алдсан гэж үзэж байна.
25. Манай компани нь мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн хортой нөхцөлд ажиллагсдад тусгайлан зориулсан хор саармагжуулах бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр импортолдог бөгөөд энэхүү бүтээгдэхүүн нь ОХУ-ын Хөдөлмөрийн эрүүл мэндийн шинжлэх ухааны хүрээлэнгээс гаргасан, клиник туршилтаар баталгаажсан бүтээгдэхүүн юм.
26. Мөн шүүхээс хариуцагчийн 6-1/3420 тоот албан бичгийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй бөгөөд 101.1 дэх заалтыг хэрэглэх нь зүйтэй гэж тогтоовол хариуцагч дахин ийм шийдвэр гаргасаар байх болно. Тэгвэл бид ямар ч Тендерт оролцох эрхгүй болж байгаатай адил юм.
27. Энэ мэт хор саармагжуулах бүтээгдэхүүн гэсэн тендер зарлаад ундаа шүүс авсаар байвал хөдөлмөрийн хортой нөхцөлд ажиллаж байгаа нийт ажиллагсдын эрүүл мэнд хохирсоор байх билээ.
28. Баялаг бүтээгч салбарын нийт ажиллагсдаа эрүүл мэндээр хохироосноор улсын эдийн засагт ч сөрөг нөлөөтэй. Тэтгэмж нэрээр улсын төсвөөс зардал гарсаар байна.
29. Иймээс ашиг сонирхол байхгүй гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэсэн нь алдаатай шийдвэр гэж үзэж байна.
30. Иймд дээрх нөхцөл байдлыг хянан үзэж, гомдлыг хангаж шийдлэрлэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 597 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2020/0579 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
31. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
32. "Э ү" ТӨҮГ-аас Хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮХХК/202012237 дугаартай нээлттэй тендер зарласан, уг тендерийн Багц 1-т 181500 ширхэг хор саармагжуулах бүтээгдэхүүн-ийг 381,150,000 төгрөгийн төсөвт өртгөөр худалдан авахаар заасан, нэхэмжлэгч "Э" ХХК уг тендер шалгаруулалт оролцож, хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарсан, тендерт оролцогч "М х" ХК-иас ...захиалагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг зөрчсөн гэх үндэслэлээр Сангийн яаманд гомдол гаргасныг Сангийн яам хянаад 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн маргаан бүхий 6-1/3420 дугаар албан бичгээр ...захиалагч ... импортын бараа нийлүүлэхээр санал болгосон компанид гэрээ байгуулах эрх олгосон нь хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт ... заасантай нийцэхгүй байх тул тендер шалгаруулалтын 1 дүгээр багцын үнэлгээг хууль, журмын дагуу дахин хийх-ийг захиалагчид мэдэгдсэн, нэхэмжлэгч "Э" ХХК-иас уг шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан, үндэслэлээ ... тендерийн урилгадаа ... сонирхсон этгээд бүрт нээлттэй гэж зарласан, ... тендерт шалгарч үнийн санал ил болсны дараа ... анхнаасаа оролцож болохгүй байсан гэх үндэслэлээр тендерийн үнэлгээг /хүчингүй болгож/, дахин үнэлгээг хийхийг шаардсан нь ... хууль бус, ...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг буруу хэрэгжүүлсэн гэж маргажээ.
33. Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар үндэслэлтэй, зөв дүгнэлт хийсэн, давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад холбогдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 101.1 дүгээр зүйлийн 101.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
34. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 101.1 дүгээр зүйлийн 101.1-д чанар, стандартын шаардлага хангасан барааг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой тохиолдолд тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг оролцуулахыг хориглоно, 101.2-т энэ хуулийн 101.1-д заасан дотоодын үйлдвэрээс худалдан авах барааны жагсаалтыг үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн газар батална гэж тус тус заасан, уг хуулийн зохицуулалтаар Засгийн газраас дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж нэрлэн заасан барааг тендер шалгаруулалтаар худалдан авах бол гадаадын бараа нийлүүлэгчийг уг тендер шалгаруулалтад оролцуулахгүй байх шаардлагыг тогтоосон, тухайн тохиолдолд, "Э ү" ТӨҮГ-аас зарласан Хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮХХК/202012237 дугаартай нээлттэй тендерээр худалдан авахаар зарласан хор саармагжуулах бүтээгдэхүүн гэх барааг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж үзсэн хариуцагчийн шийдвэрийн үндэслэл нь тодорхойгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
35. Тодруулбал, Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны /ТОӨЗ/ 4.1-д тендерийн урилга нь сонирхсон этгээд бүрт нээлттэй, 5.1-д гэрээгээр нийлүүлэх бараа нь аль ч улсын гарал үүсэлтэй байж болно гэж заасан, түүнчлэн тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод зааснаар худалдан авах бараа нь ... А, В1, В2, С, D, Е зэрэг амин дэмүүд, Кальци, Селен, Магни, Цайр, Төмөр, Фосфор, Кали, Манган, Хром зэрэг эрдэс бодисуудын аль алиныг нь тодорхой хэмжээгээр агуулсан, амин дэм, эрдэс бодисын агуулга нь Эрүүл мэндийн сайдын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/74 тоот тушаалын хавсралтад заагдсаны дагуу хүний хоногт хоол хүнсээр авбал зохих хэмжээнээс хэтрээгүй ... антиоксидант үйлчилгээтэй хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүн байх, импортын бүтээгдэхүүн бол дистербьютер байгууллагын гэрчилгээг баталгаажуулсан байх зэрэг шаардлагыг хангасан төрөл бүрийн сармис, түүний ханд, хүрэн манжин, цагаан лууван, байцаа, ногоон ногооны шүүс гэх мэт, түүнтэй дүйцэхүйц бүтээгдэхүүн байхаар тодорхойлсон, уг тодорхойлолтоос үзвэл, антиоксидант үйлчилгээтэй хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүн нь амин дэм, эрдэс бодисын агууламжтай, нэмэлт витаминжуулалт хийгдээгүй, нэр дурдсан сармис, хүрэн манжин, цагаан лууван, байцаа, ногоон ногооны шүүс гэх зэрэг янз бүрийн бүтээгдэхүүн байж болохоор заасан байх тул Засгийн газрын 2015 оны 336 дугаар тогтоолоор баталсан Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар стандартын шаардлага хангасан тохирлын баталгаатай барааны жагсаалт-ын 6.8-д заасан ундаа, шүүс, өтгөрүүлсэн шүүс, жимсний охь, ханд гэдэгт шууд хамааруулах үндэслэлгүй.
36. Өөрөөр хэлбэл, захиалагчаас тендер шалгаруулалтаар худалдан авахаар зарласан антиоксидант үйлчилгээтэй хор саармагжуулах бүтээгдэхүүн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 101.1 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар чанар, стандартын шаардлага хангасан бөгөөд дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газраас нэрлэн заасан бүтээгдэхүүн биш байхад уг бүтээгдэхүүнийг ундаа, шүүс, өтгөрүүлсэн шүүс, жимсний охь, ханд гэж шүүх шууд тодорхойлсон нь буруу, хариуцагчаас маргаан бүхий тендер шалгаруулалтыг ... хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт ... заасантай нийцэхгүй гэж ямар үндэслэлээр үзсэн нь тодорхойгүй, давж заалдах шатны шүүх Монгол Улсын стандарт, техникийн зохицуулалтын улсын мэдээллийн санд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж буй ажилтанд зориулсан хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүний стандарт одоогоор байхгүй ... боловч ... /уг бүтээгдэхүүн нь/ Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар стандартын шаардлага хангасан тохирлын баталгаатай барааны жагсаалт-ын 6.8-д хамаарна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ... давж заалдах шатны шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 101 дугаар зүйлийн 101.1 дэх заалтыг ... буруу тайлбарлан хэрэглэж, улмаар хэргийг буруу шийдвэрлэсэн, ... хуулинд чанар, стандартын шаардлага хангасан дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүн байгаа тохиолдолд... гэсэн бөгөөд стандарт байхгүй нөхцөлд энэхүү хуулийг хэрэглэх нь үндэслэлгүй, ... ногооны шүүс, охь ханд нь Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын Сайдын 2000 оны 171 дүгээр тушаалаар Химийн бодистой харьцаж ажилладаг ажилтанд олгох хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүний жагсаалтад заагаагүй бүтээгдэхүүн... байхад давж заалдах шатны шүүх буруу дүгнэлт хийсэн гэх гомдол үндэслэлтэй гэж үзлээ.
37. Түүнчлэн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана гэж заасан, тухайн тохиолдолд, уг зохицуулалтын дагуу тендерт оролцогч гуравдагч этгээдийн зүгээс захиалагч техникийн тодорхойлолтыг гаргахдаа хуулийн шаардлага зөрчсөн, чанар, стандартын шаардлага хангасан барааг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой байхад тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг оролцуулахаар техникийн тодорхойлолтод заасан гэх зэрэг асуудлаар тендерийн нээлт хийхээс өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргаагүй атлаа тендер шалгаруулалтын үнэлгээ хийгдэж дууссаны дараа буюу хамгийн сайн үнэлэгдсэн тендерт гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гарсны дараа тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг оролцуулсан гэх гомдлыг гаргасан нь техникийн тодорхойлолт, тендерийн бичиг баримттай холбоотой гомдлыг тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө гаргах дээрх хуулийн зохицуулалтад нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байхад хариуцагч уг гомдлоор тендерийн үнэлгээг дахин хийх шийдвэр гаргасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасантай нийцээгүй байна.
38. Энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 101 дугаар зүйлийн 101.1 дэх заалт нь тендерийн үнэлгээг хүчингүй болгох хуулийн заалт биш бөгөөд харин уг тендерт анхнаасаа хэн оролцож болох, болохгүй-г тендерийн баримт бичигт тусгахад зориулагдсан хуулийн зохицуулалт байхад... хууль хэрэглээний алдаа гаргаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж гомдол мөн үндэслэлтэй.
39. Нэхэмжлэгч "Э" ХХК-иас анх Сангийн яамны 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 6-1/3420 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, маргаан бүхий шийдвэрийн дараа Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/4020 дугаартай албан бичгээр ... тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр дуусаж, уг тендер шалгаруулалт бүхэлдээ хүчингүй болсон /тул/ ... "Э" ХХК-ийн гомдолд дурдсан асуудлаар тендерийн үнэлгээг хянах боломжгүй гэж мэдэгдсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.
40. Үүнээс үзвэл, маргаан бүхий тендерийн үнэлгээг дахин хийх шийдвэр нь тендер шалгаруулалтын хүчинтэй хугацаа дууссаны улмаас эрх зүйн үйлчлэлгүй болсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж маргаан бүхий актыг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага гаргасан, энэ тохиолдолд, маргаан бүхий Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 6-1/3420 дугаар шийдвэр нь дээрх байдлаар хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болох нь тогтоогдсон, нэхэмжлэгчээс ... хариуцагчийн гаргасан захиргааны акт хууль бус байсан болохыг тогтоолгох... ашиг сонирхол "Э" ХХК-д байгаа, ... хариуцагч дахин ийм шийдвэр гаргасаар байвал ... бид ямар ч тендерт оролцох эрхгүй болж байгаатай адил тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан гэж маргаж байгааг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүлийн 106.3.3-т захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох-оор заасантай нийцсэн гэж үзлээ.
41. Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэгч "Э" ХХК-ийн захирал Б.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй, давж зааалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 597 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2020/0579 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч "Э" ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА