Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 1328

 

 

Б.Бадралын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,    

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/04192 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Бадралын нэхэмжлэлтэй

Хариуцагч М.Батболдод холбогдох

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдоржийн гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цацрал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цацрал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Бадрал 2013 оны 03 дугаар сарын 24-ний өдөр н.Намнандорж гэгчтэй 65 000 ам.долларыг 3 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа дуусаад н.Намнандорж зээлийн гэрээний үндсэн төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо 93 дугаар байрны 02-22 тоот байрнуудыг шилжүүлж худалдах худалдан авах гэрээ хийгээд нотариатаар баталгаажуулж, татвар төлж үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээ гаргуулж авсан. Гэтэл 2016 оны 02 дугаар сараас эхлээд хариуцагч М.Батболд нь 93 дугаар байрны 02 тоот байранд яаж орсон нь тодорхойгүй, байрны цоожийг сольсон байна. Иймд 93 дугаар байрны 02 тоот орон сууцнаас М.Батболдыг албадан нүүлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Батболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Бадрал 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 65 000 ам.долларын хүү, алдангид энэ байрыг авсан байгаа одоо байраа суллаж өг гэсэн. Манай захирал хөрөнгө оруулалтын гэрээ хийгээд энэ байрыг авсан, захиралтай гэрээ хийгээд энэ байранд орсон гарах боломжгүй гэдгээ хэлсэн. Байранд яаж орсон нь тодорхойгүй гээд байгаа нь Б.Бадрал бид хоёрт нэг, нэг түлхүүр байгаа. н.Намнандорж манай захиралд энэ байрны ордер нь гараагүй гэсээр байгаад 2015 оны 10 дугаар сард н.Намнандорж нь энэхүү байруудын ордерыг ББСБ-д тавьсан байгаа 300 000 000 төгрөг төлөөд энэ байрнуудын гэрчилгээг авчих гэсэн. Гэтэл Б.Бадрал 03 дугаар сарын 23-ны өдөр гэрээ хийсэн байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж 93 дугаар байрны 2 тоот сууцнаас М.Батболдыг албадан нүүлгэж, орон сууцыг чөлөөлүүлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Батболдоос 70 200 төгрөг гаргуулж Б.Бадралд олгож, нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдорж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж 93 дугаар байрны 2 тоот байрнаас М.Батболдыг албадан нүүлгэх нэхэмжлэлийн хариуцагч нь М.Батболд биш юм. Энэ хэргийн хариуцагчаар А.Даваадоржийг гэр бүлийн хамт татах ёстой байсан. Учир нь А.Даваадорж нь 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 14/138 тоот гэрээг О.Намнандоржтой 700 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтын гэрээ хийж хамтран ажилласан байна. Энэ хугацаанд А.Даваадорж нь Ц.Гантулга гэх хүнд төлбөр тооцоотой байсан тул О.Намнандоржид хөрөнгө оруулалт хийсэн 700 000 000 төгрөгөндөө түүний барьсан барилгаас 2, 10, 16, 27 тоот 4 өрөө сууцыг авахаар тохиролцон байрнаасаа Ц.Гантулгад 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 2 тоотын байрыг төлбөр тооцоонд авахаар орон сууц захиалан бариулах гэрээг 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр О.Намнандоржтой байгуулж өгсөн байна. О.Намнандоржоос удаа дараа үл хөдлөхийн гэрчилгээг Ц.Гантулга, Ц.Даваадорж нар нь шаардахад өгөхгүй болохоор нь А.Даваадорж нь Ц.Гантулгад зээлсэн мөнгөө өгч, Ц.Гантулгаар орон сууц захиалгаар бариулах гэрээг өөрийн нэр рүү шилжүүлэхээр тохиролцож, хүсэлт гаргуулан 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нотариатаар баталгаажуулжээ. О.Намнандоржоос үл хөдлөхийн гэрчилгээг шаардаад өгөхгүй болохоор нь А.Даваадорж нь гэр бүлийн хамт тус орон сууцанд нүүж орон 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр О.Намнандоржийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гарган түүнд эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулж байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ. 

Нэхэмжлэгч Б.Бадралын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цацрал нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны 2 тоот 127.89 м.кв талбай бүхий дөрвөн өрөө орон сууцыг хариуцагч М.Батболдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “…Б.Бадрал уг орон сууцны жинхэнэ өмчлөгч биш, “Үүр Тээл” ХХК-ийн захирал О.Намнандоржид орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн байхад давхардуулан зарж онц их хэмжээний мөнгө залилсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүссэн” гэж татгалзжээ.

Б.Бадрал, О.Намнандорж нарын хооронд 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, Б.Бадрал нь 65 000 ам.долларыг 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн боловч зээлдэгч О.Намнандорж нь зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй тул 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баталгаа өгөх тухай баримт үйлдэж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж 93 байр, 2 тоот хаягт байршилтай 127.89 м.кв талбайтай 4 өрөө байрыг Б.Бадралын нэр дээр шилжүүлсэн байна. /хх-ийн-23/

Нэхэмжлэгч Б.Бадрал нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж 93 байр, 2 тоот хаягт байршилтай 127.89 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсоор өмчлөх эрхтэй болох нь үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2206039071 дугаарт бүртгэлтэй, 000371572 дугаартай  өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдсон, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт нийцнэ. /х.х-ийн-3/

Иймд түүнийг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч гэж үзэх бөгөөд өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй юм. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч Б.Бадрал нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж 93 байр, 2 тоот хаягт байршилтай 127.89 м.кв талбайтай бүхий 4 өрөө орон сууцыг М.Батболдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй юм.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Даваажав нь О.Намнандоржийн бусдыг залилан мэхэлж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн тул иргэний хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай хүсэлт гаргасныг шүүх нэхэмжлэгч Б.Бадрал, хариуцагч М.Батболд нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй, гэрээгээр болон хуульд зааснаар орон сууцыг эзэмших, ашиглах эрх М.Батболдод үүсээгүй, уг сууцанд түр амьдарч буйгаа хүлээн зөвшөөрсөн гэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д нийцсэн, зөв болжээ.

Мөн энэ хэргийн оролцогч биш этгээд О.Намнандоржид холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн сууцад хууль болон гэрээнд заасан ямар үндэслэлээр оршин сууж байгаагаа баримтаар нотлож, нэхэмжлэлийн шаардлагыг няцааж чадаагүй байна.

Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдоржийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/04192 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдоржийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдоржийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

                              ШҮҮГЧИД                               Д.БАЙГАЛМАА

                                                                               Ш.ОЮУНХАНД