| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2018/0357/Э/ |
| Дугаар | 2019/ШЦТ/06 |
| Огноо | 2018-12-27 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2019/ШЦТ/06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,
Улсын яллагч П.Итгэл,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Амаржаргал, Н.Бүрэнчимэг,
Шүүгдэгч Д.Б, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Д.Б нарт холбогдох эрүүгийн 1838004640400 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Д.Б, Б.Б нар нь бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 12-ноос 2018 оны 06 дугаар сарын 13-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Бөөрөлж” гэх газраас иргэн Г.Б2 тооны адуу, П.Н10 тооны үхэр хулгайлж нийт 6.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б, Б.Б нар нь бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 12-ноос 2018 оны 06 дугаар сарын 13-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Бөөрөлж” гэх газраас иргэн Г.Б2 тооны адуу, П.Н10 тооны үхэр хулгайлж нийт 6.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…айлын аргамжаатай байсан 2 хээр зүсмийн морь хулгайлж аваад цаашаа 10 км шахуу явж байсан. Айлын бэлчээрийн үхэртэй таарсан. Тэгэхээр Б.Б бид хоёр 10 үхэр тасдаад хөөгөөд Чандмань-Өндөр сумын Ёлгосын даваа гэх газарлуу яваад Ёлгос дээр уулын модонд хоноод Маргааш бас тэр газраа өнжсөн. Шөнө харанхуй болохоор үхрээ туугаад Чандмань-Өндөр сумын “Цэгэрын эх” гэх газар тууж очоод тэндээ өнжөөд харанхуй болохоор нь туугаад Хатгал тосгоны “Улаан мод” гэх газарт тууж очоод 1 үхэрийг нь нядлаад байж байтал цагдаа, хохирогч нар бид хоёр дээр шууд ирсэн...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна…” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…орой нь айлын хажуугаар харж байгаад Бүрэнжаргал гэх хүний 2 хээр морийг хулгайлсан юм. Бид хоёр хулгайлсан хоёр морио эмээлгүй зайдан унаад Бөөрөлжөө өгсөөд Наранхүү гэгчийн 10 тооны сарлагийн үхрийг туугаад Ёлгосын эхэнд гарч ирээд өглөө болохоор нь үхэрнүүдээ модруу оруулж хариулж байгаад орой болоод Цэгэрийн эхэнд ирээд Д.Б Цагаачийнхаас очиж эмээлээ авсан. Цааш нь үхрээ туугаад Алагцард ирээд Өвгөлжий гэдэг залууд 4 сарлагийн бярууг харж байгаарай гэж орхиод 6 сарлагийг Хатгал тосгоны ард Улаан мод гэх газарт авчираад айлын мал руу оруулаад би хар сарлагийн соёолон шарыг мах авдаг хүнд 500,000 төгрөг болгож өгөөрэй гээд 2018 оны 06 дугаар сарын 19-ний өглөө хашаанд нь нядалж байгаад цагдаад болон хохирогч нарт баригдсан...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна…” гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /ХХ-ийн 8-9 дүгээр хуудас/,
Хохирогч Г.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...аргамжаан дээрээс өөрийн 2 хээр морио хулгайд алдсан юм. Мөн тэр шөнө нутгийн Наранхүү гэдэг айлын 10 сарлаг үхэр хулгайд алдагдсан байсан юм. Би Наранхүүгийн хамт 2 морь 10 үхэрнийхээ араас эрэл болж 7 хоног хайсны эцэст 2018 оны 06 дугаар сарын 19-ний өглөө 11 цагийн үед миний хоёр морийг айлын хашаан дотор уяатай байхад нь олж авлаа. Мөн Наранхүүгийн 6 үхрийг айлын хашаанд 1 сарлагийн хязаалан гунан үхрийг нядалж байхад нь олж авлаа. Миний 2 морь болон Наранхүүгийн 10 үхрийг Чандмань-Өндөр сумын 5 дугаар багийн иргэн Б.Б, Д.Б гэх хоёр залуу хулгайлаад нядалсан байна...Би хохирлоо барагдуулж авсан. Би зардлын мөнгөнийхөө оронд сур авчихсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл алга...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-17 дугаар хуудас/,
Хохирогч П.Нмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Бөөрөлж гэх газар зуслангаасаа 10 тооны сарлагийн үхэр алдсан юм. Миний алдсан үхэрнүүд 3 нь тугалын эх, 4 сарлагын бяруу, 1 сарлагийн соёолон гунан шар, 1 сарлагийн хязаалан гунан шар, 1 шүдлэн гунжин үхэр зэрэг үхэрнүүд алдсан юм. Тэр манай үхэр алдагддаг шөнө нутгын ах Бүрэнжаргалын гэдэг айлын 2 хээр морь аргамжаан дээрээсээ хулгайд алдагдсан байсан юм. Би Бүрэнжаргалын хамт 2 морь, 10 үхэрнийхээ араас эрэл болж 7 хоног хайсны эцэст 2018 оны 06 дугаар сарын 19-ний өглөө 11 цагийн үед миний 6 үхрийг Хатгал тосгоны төвд айлын хашаан дотор хашаад 1 сарлагийн хар соёолон шарыг нядалсан байсан...Би хулгайд алдсан 10 үхрийн 9 үхрийг нь амьдаар нь олж авлаа. Би Д.Б, Б.Б нараас соёолон насны сарлагийн шарны үнэ болон үхэр хайхад гарсан зардал 200.000 төгрөг, үхсэн 1 бярууны өлтгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 21-26 дугаар хуудас/,
Гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…Зүс таних залуу миний ажил дээр ирээд та үхэр авах уу гэхээр нь үхэр авна гэж хэлсэн юм. Тэр залуу би хөдөө цохиод аваад ирье гэхээр нь би цохисон мал авахгүй. Чи хөлөөр нь оруулж ирээд цохиж өг гэж хэлээд явуулсан. Тэгээд 2018 оны 06 дугаар сарын 19-ний өглөө 07 цаг өнгөрч байхад Хар зүстэй сарлагийн эр үхрийг 2 хээр морьтой хулгай хийсэн гэх Б.Б, Д.Б гэх хоёр залуу тууж ирээд манай хашаанд оруулж ирээд нядлаад байж байхад цагдаагийн хүмүүс ирээд энэ үхрийг хулгайлсан тухай хэлээд Б.Б, Д.Б хоёрыг аваад явсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 32-33 дугаар хуудас/,
Гэрч Т.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…Хатгал тосгоны ар модноос 2 хээр морьтой хүн нэг үхэр хөөгөөд орж ирсэн. Тухайн үед Наранхүү, Бүрэнжаргал хоёр үхэр болон морио танисан. Бид нар араас нь хөөгөөд олоогүй ба Хатгалын гудамжаар хайж байтал Хатгал тосгоны 3-18-12 тоот хашаан дотор Бүрэнжаргалын 2 хээр морь уяатай байсан. Мөн Наранхүүгийн сарлагийн хар шарыг айлын гэрийн ард алаад гэдэс дотрыг нь гаргасан байсан. Би тэр хоёр залууд өөрийгөө танилцуулж нэрийг нь асуухад Б.Б, Д.Б гэж хэлсэн. Бусдыг нь хойд модонд байгаа гэж хэлэхээр нь Отгондаваа, Наранхүү бид гурав Хатгал тосгоны нисэхийн ард айлын үхэр дотроос 5 сарлагийн үхэр аваад Наранхүүд хүлээлгэж өгсөн. Мөн хоёр бор хээр морийг хохирогч болох Бүрэнжаргалд хүлээлгэж өгсөн юм. Бид нарыг хэрэг гарсан гэх хашаан дотор байж байхад Хатгал тосгоны цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Батсайхан, цагдаа Отгондаваа нар ирсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 34-36 дугаар хуудас/,
Хөрөнгө үнэлсэн тайлан /ХХ-ийн 38 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Б, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1838004640400 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Б.Б нь урьд 2008 онд Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, 2011 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 6 сарын баривчлах ялаар, 2015 онд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж 2015 онд Өршөөлийн хуулиар суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 72, 89-90 хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 68 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд шүүгдэгч нар нь хохирогч Г.Бд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Хохирогч Д.Наранхүүд учруулсан хохирлоос үлдсэн 1.300.000 төгрөгний хохирлын тал хувь болох 650.000 төгрөгний хохирлыг шүүгдэгч Д.Б нь төлж барагдуулсан. Шүүгдэгч Б.Б нь 650.000 төгрөгний хохирлоо нөхөн төлөхөөр хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулсан байх хэдийч хохирлыг бүрэн барагдуулаагүй байна.
Иймд шүүгдэгч Б.Баас 650.000 төгрөг гаргуулж хохирогч П.Нд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч нар нь бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тооцлоо.
Шүүгдэгч Б.Бид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Д.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, шүүгдэгч Б.Б, Д.Б нарын хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Бийн цагдан хоригдсон 45 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Б, Б.Б нарыг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийн 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг, Д.Бөд оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийн цагдан хоригдсон 45 /дөчин тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Баас 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт оршин суух П.Н/РВ76061417/-д олгосугай.
6. Эрүүгийн 1838004640400 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бөд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Бид урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР