Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2019/ШЦТ/03

 

 

 

 

 


 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагч Х.Гүнжидмаа,

Шүүгдэгч Б.Н  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Норовтойн овогт Б-ны Н-д холбогдох 1816002240141 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, халх, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат, Говь-Алтай аймгийн .......сумын ...... багт оршин суух, 1995 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ......... регистрийн дугаартай, Норовтойн овогт Б-ны Н .

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Н  2018 оны 09 дүгээр сарын эхээр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэн Ц.Р-ын 68 тооны алдуул малыг завшиж, улмаар 67 тооны ямааг зарж борлуулан 2.160.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Б.Н  2018 оны 09 дүгээр сарын эхээр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэн Ц.Р-ын 68 тооны алдуул малыг завшиж, улмаар 67 тооны ямааг зарж борлуулан 2.160.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч Б.Н-ний шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...9 сарын эхээр 68 тооны ямаа орж ирсэн. Тэгээд Хонхор гэдэг газраас ус уугаад тэндээ хэд хоносон. Нэг өдөр очиж эргүүлэнгээ тоолоход 68 тооны ямаа байсан. Сум орж ирээд зарлал харахад эм зусаг ямаа авна гэсэн зарлал байсан. Тэр үед ирээд нөгөө хүн рүү яриад ямаа авах уу? гэхэд авна гэж хэлсэн. Хаанаас  ирсэн юм гэхэд Гурван булгаас ирсэн гэж хэлсэн. Явахаараа ярина гэж хэлсэн. Тэгээд явж байна гэхээр нь Эхэн мөрөнгийн адуун чулуу гэдэг газар ирсэн байна гэхээр нь аваачиж өгсөн. Өөрийн машинтай дүүгээ хүнд ямаа өгнө гэж хэлээд авч яваад Хонхор гэдэг газраас хоёр машин дээр хувааж ачаад аваад явсан. 68 тооны өгөөд тэр хүнээс 3.300.000 төгрөг авсан... Хэд хонохоор нь эзэнгүй юм байна гэж бодоод өгсөн... Хохирол байхгүй. Тоогоор нь өгсөн... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Бүл зав муутай байгаа учир торгуулийн арга хэмжээ авч өгнө үү... Торгуулийн арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.Р-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2018 оны 08 дугаар сарын 27-ны өглөө сааж явуулаад буцаж ирээгүй. Ингээд би эхлээд цагдаад тэмдэглүүлэхээсээ өмнө өөрөө баахан хайсан. Завхан аймгийн Шилүүстэй, Цагаан чулуут, Отгон сумуудаар хайсан. Тэгтэл Баянхонгор аймгийн Гурван булаг сумд миний ямаанууд зарагдсан байсаныг олж тогтоон буцааж тоо ширхэгээр нь авсан...” гэх мэдүүлэг/хх 06-07-рт/,

Иргэний нэхэмжлэгч Г.У-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Ярьснаас хойш 2 цаг гаруйн дараа ямаа ачсан хоёр машин ирээд Н  гэдэг залуутай наймаа хийгээд нийт 67 тооны ямааг 3.300.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг/хх 12-рт/,

Гэрч Б.Ю-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2018 оны 09 сарын эхээр байх Н  ах ирээд хоёулаа хэдэн ямаа хүнд хүргэж өгчихөөд ирье гэхээр нь би өөрийн 5055 УНБ ачааны машиныг асаагаад бид хоёр Баянхонгор багийн Хонхор гэдэг газар очоод тэнд байсан ямаанаас хоёр машиндаа хувааж ачсан. Тухайн үед би энэ хэний ямаа юм танай ямаа юм уу гэж асуухад ах өөрийн ямаануудыг зарж байна гэхээр нь нэг их анзаараагүй. Н  манай сумын С  ахаас худалдаж авсан 98-08 ГАА  улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркын машинтай ирсэн...” гэх мэдүүлэг/хх 18-19-рт/,

Гэрч Д.С-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би уг машиныг 2018 оны 08 сарын 20-ны өөр аймгийн төвийн Б  гэдэг хүнтэй автомашинаар тулж авч байсан. Уг нь тэр хүнээс жип машин авсан  чинь нөгөө машин нь явахгй байхаар нь буцааж өгөөд энэ 98-08 ГАА улсын дугаартай машиныг аваад удалгүй Н-нд зарсан...” гэх мэдүүлэг/хх 22-рт/,

Эд зүйлийн үнэлгээ/хх 29-рт/,

Мал тооллогын тодорхойлолт/хх 45-рт/, шүүх хуралдаанд улсын яллагчийн шинээр гаргаж өгсөн мал тооллогын тодорхойлолт зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах тал болон шүүгдэгчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр хохирогч Р-ын мэдүүлэг/хх 6-7-рт/, иргэний нэхэмжлэгч У-ын мэдүүлэг/хх 12-рт/, гэрч Ю-ийн мэдүүлэг/хх 18-19рт/, гэрч Сүхийн мэдүүлэг/хх 22-рт/, эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт/хх 29-рт/, шинээр гаргаж өгсөн баримт болох хохирогч Р  210 тооны малтай адуу 3, хонь 47, ямаа 160 нийт 210 тооны малтай гэсэн төрийн сангийн мэргэжилтэн Цэдэвхоролын тодорхойлолт зэргийг,

 

Шүүгдэгчийн хүсэлтээр Н-ийн жилийн эцэст бүгд 320 толгой мал тоолуулсан. Тэмээ 5, адуу 6, үхэр 3, хонь 50 ямаа 260 төрийн сангийн мэргэжилтэн Ц гэсэн Мал тооллогын тодорхойлолт/хх 45-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Н  нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцоно гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасныг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Б.Н-ийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Говь-Алтай аймгийн прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Б.Н  нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Хэд хонохоор нь эзэнгүй юм байна гэж бодоод өгсөн ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Бүл зав муутай байгаа учир торгуулийн арга хэмжээ авч өгнө үү...” гэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрийн сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.

 

Алдуул мал гэдэг нь хэн нэг этгээдийн ямар нэг оролцоогүйгээр ижил сүргээсээ тасарсан, байнга бэлчээрлэх нутаг газраасаа холдож, өөр нутаг бэлчээрт шилжин байрласан, өмчлөгч, эзэмшигч нь хэн болох нь тодорхойгүй, мэдэгдэхгүй байгаа малыг ойлгох бөгөөд бэлчээрт байсан 68 тооны ямааг өөрийнх нь биш, бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж цагдаагийн болон орон нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэхгүйгээр, өөрөө хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор зарж борлуулсан нь завшиж буй үйлдэл бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт “ бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор заасан ба Эрүүгийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ ...алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол алдуул мал завших гэмт хэрэгт тооцох”-оор хуульчилсан тул шүүгдэгч Б.Н  нь 2018 оны 09 дүгээр сарын эхээр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэн Ц.Р-ын 68 тооны алдуул малыг завшиж, улмаар 67 тооны ямааг зарж борлуулан 2.160.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь уг гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байх тул алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээний буюу 2.160.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаагийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнээд шүүхээс шүүгдэгч Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээний буюу 2.160.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Н-ий хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

 

Хохирогч Ц.Р  нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “... Би 68 тооны ямаагаа зүс тоо ёсоор нь бүрэн буцааж авсан болохоор надад одоо ямар ч гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж, иргэний нэхэмжлэгч Б.У  нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Н  нь миний 3.300.000 төгрөгийг бэлнээр төлөөд надад зарсан ямаагаа буцаагаад аваад явсан болохоор надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Н-ийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч Б.Н  нь алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээний буюу 2.160.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Н  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн байцаалтад мэдүүлсэн, прокурор 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, шүүгдэгч Б.Н-нийг яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдэд дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан байх бөгөөд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Прокурорын санал болгосон хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг шүүгдэгч Б.Н  нь хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан/хх 71-рт/ байх бөгөөд шүүхээс прокурорын болон шүүгдэгч Б.Н-ний шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...Улсын яллагчийн санал оруулсан 900.000 төгрөгийг зөвшөөрч байна...” гэх саналын хүрээнд Эрүүгийн хэрэг тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул учруулсан хохирлыг төлсөн гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял шийтгэл оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй зэргийг тус тус дурдсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Норовтойн овогт Б-ны Н-нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээний буюу 2.160.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ийг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Н  нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийвэл торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, ялтан нь бусдад төлөх төлбөргүй, ялтнаас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ялтан нь цагдан хоригдоогүй зэргийг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогч ялтны иргэний цахим үнэмлэхийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Н-нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Б.Н-нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА