| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2018/0161/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/173 |
| Огноо | 2018-11-27 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | М.О |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 2018/ШЦТ/173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Д даргалж,
улсын яллагч, хяналтын прокурор М.О,
нарийн бичгийн дарга К.Е
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б,
шүүгдэгчийн өмгөөлөгч К.Е, Ц.Б,
шүүгдэгч Б.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Од холбогдох 1813002570177 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Б.О: Монгол Улсын иргэн, яс үндэс урианхай, О овогт Бы О, 1992 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ус хангалтын сопёрчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, тэсэлгээчин мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 340 дүгээр ангид тасгийн захирагч механик жолооч ажилтай, урд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД:БА*************
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.О нь зам тээврийн осол гаргаж И.Тийн амь насыг хохироосон, 4 хүний биед хөнгөн зэргийн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.О Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а, 9.1, 9.2-т заасныг тус тус зөрчиж “Тоёта харер” маркийн 3575 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 23 цагийн үед Буянт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт болох “Шар шаврын толгой” гэх газарт зам тээврийн осол гаргаж И.Тийн амь насыг хохироосон, 4 хүний биед хөнгөн зэргийн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Зам тээврийн осол гарсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-17 дугаар хуудас/,
- И.Тийн цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 19 дүгээр хуудас/,
- Жолооч Б.Огийн согтуурлын хэмжээг шалгахад 1.34 промилль зааж байсан талаарх тэмдэглэл /хх-ийн 26 дугаар хуудас/,
- “Тоёото харер” маркийн 3575 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, үзлэгийн явцал бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
- Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Миний дүү Б.О зам тээврийн осол гаргаж, ээж И.Т нас барсан хэргийн талаар тодорхой мэдээлэлтэй байгаа. Зам тээврийн осол гарсан өдөр Ховд аймгаас ирж хэргийн ерөнхий байдалтай танилцаж учир байдлыг мэдсэн. Бид ах дүү нар ярилцаж байгаад миний бие уг хэрэгт хохирогчоор оролцохоор шийдсэн. Дүүгийн гаргасан зам тээрийн ослын талаар хэлэхэд төрсөн дүү болох Б.Од ямар нэгэн гомдолгүй. Түүний болгоомжгүй үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсныг ойлгож байгаа. Хэдийгээр төрсөн ээж нас барж харамсалтай асуудал болсон ч төрсөн дүү Б.Од холбогдох хэргийг хөнгөн шийдвэрлэж өгөхийг хүсье. Бид нарт нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
- Хохирогч Ө.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Буянт сумын нутаг дэвсгэрт явж байхад араас “Тоуоta hаriег” маркийн цагийн өнгийн машин гүйцэж ирээд эсрэг урсгал руу ороод гүйцэж түрүүлэх гэж байсныг толинд харж анзаарсан. Нэг мэдэхэд нөгөө машиныг зүүн хойд дугуйны хэсгээр мөргөөд явчихсан. Тэр үед миний машин замаас гарч эргэж араас мөргөж ирсэн машин нүүр лүү эсрэг харчихсан байсан ба миний машиныг мөргөсөн “Тоуоta hаriег” маркийн цагаан өнгийн машин дахиж миний машины урьд талаас нь мөргөсөн. Тэр үед миний машин засмал замын далангаас буучихсан, нэг мэдэхэд ухраад явж байгаад зогссон. Би машин ухраад явж байсныг мэдэрч байсан ба тормос дарж зогсоох үйлдэл хийгээгүй. Учир нь би машинаа зогсоох юм бол дахиж миний машиныг мөргөх байсан Тэр “Тоуоta hаriег” маркийн цагаан өнгийн машин ухарч явж байсан, миний машины өмнө өнхрөөд ирж байгаад 4 хөл дээрээ зогсчихсон. Би машинд байгаа хүмүүст та нар зүгээр үү гэж асуухад тэд бүгд зүгээр гэсэн. Би машинаас бууж миний машиныг араас урдаас мөргөж онхолдоод зогссон машин руу очиход машины жолооч манай ангид тасгийн дарга, механик жолооч ажилтай Б.О байсан. Онхолдсон машины хажууд газарт нас барсан эмэгтэй болох Б.Огийн ээж ухаангүй байдалтай, бас нэг хүүхэд нүүр нь цус болсон байдалтай хэвтэж байсан. Б.О нь ээж хаана байна гэж орилоод гүйгээд явж байхад ээж чинь энд байна гэж дуудсан. Машинд М ухаан алдсан байдалтай байсан ба би түүнийг машины цонхоор нь гаргаж ирэхэд ухаан орсон. Б-Эгэгч залуу одоо яах вэ гэж сандраад гүйж явж байсан. Бас хоёр жоохон хүүхэдтэй эрэгтэй, эмэгтэй казах хүмүүс байсан ба тэд нарт та нар зүгээр үү гэж асуухад бид зүгээр, чи түргэн дуудаарай хашхирсан. Би нэгдсэн эмнэлгийн 7042103 дугаарт залгаж түргэн дуудсан. Тэгээд цагдаагийн газрын 7042102 дугаарын жижүүрийн утас руу залгаж дуудлага өгсөн. ... цагдаа нар Ог архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан гэж цагдаагийн газарт авч ирж эрүүлжүүлэхэд хийсэн. ...Миний бие 90 милийн хурдтай явж байсан ба араас ирсэн тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх гэж эсрэг урсгал руу орсныг анзаарч хурдаа хасаж 80 милийн хурдтай болгосон. ...Б.О миний тээврийн хэрэгслийг засварт оруулж хагарсан хугарсан дахиж ашиглах боломжгүй болсон сэлбэг хэрэгслийг авах үед гарсан бүх зардлыг төлж өгсөн. Миний биед учирсан гэмтэл байхгүй. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Урд том гэрлийг 170.000 төгрөг, хойд тэнхлэгийг 120.000 төгрөг, урьд хажуу талын гуперийг 30.000 төгрөгөөр, зүүн хойд гэрлийг 150.000 төгрөгөөр авсан. Тэгээд машины махийсан хэсгийг янзалж буудахад нийт 600.000 төгрөгийн зардал гарсан. Нийт 1.170.000 төгрөгийн зардал гарсныг төлж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39, 71-72 дугаар хуудас/,
- Хохирогч Б.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Миний бие 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр авга ах Болор-Эрдэнийн мотоциклыг сонирхож унаж байгаад баруун гараа хугалж, нүүр хамрын хэсгийг зүсэж гэмтээсэн. Тэгээд аав ээж эмнэлэгт хүргэнэ гэж аймгаас түргэн дуудсан боловч ирээгүй. Тэгээд эмээ Т аймагт цэргийн ангид ажилтай хүү нь болох Ог дуудсан. О ах өөрийн “Тоуоta harrieг” маркийн тээврийн хэрэгслээр ирж биднийг Алтай сумаас авч явсан. Тэгээд замд машин онхолдож осолд орсон. ...Би осолд ороод ухаангүй байж байгаад эмнэлэгт байснаа санаж байна. Миний хугарсан гар өвдсөн. Духны шалбарсан шарх цус гарч өвдсөн. Би зам тээврийн осолд орох үед биедээ нэмж гэмтэл аваагүй. Мотоциклоос унах үед авсан гэмтэлтэй хэсэг өвдсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,
- Хохирогч Б.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “надад миний хоёр хүүхдийн эмчилгээний зардалд нийт 700.000 төгрөгийн хохирол учирсан. Уг хохирлыг О бүрэн төлж өгсөн. ..надад гомдол санал байхгүй болно... Миний бие нөхөр хоёр хүүхдийн хамт Алтай сумаас Өлгийд ирэхээр 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 21 цагийн үед Тийн хүүхэд болох Огийн “Тоуоta hаriег” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэлд сууж ирж байгаад осолд орж гэмтсэн. Б.О засмал замд тээврийн хэрэгслийн хөгжмийг чанга тавьж ирж байсан. Отай хамт ирсэн хоёр залуу машины хойно суудалд унтаж ирж байсан ба бид бага насны хүүхэдтэй болохоор хоёр хүүхдээ тэврээд унтаагүй ирж байсан. Б.Огийн ээж урд суудалд гэмтсэн хүүхдийг хэвтүүлсэн байдалтай, өөрөө зай тавьж сууж ирж байсан. ...Би хянах самбарыг харахад хурдны заалт нь 110-аас өгсөж 120-руу дээшилж байхаар нь би санаа зовж ямар их хурдтай явдаг юм вэ гэж бодсон. Нөхөр А.Т хурдаа багасга, ямар их хурдтай явдаг юм вэ гэж хэлсэн боловч Б.О сонсоогүй. Учир нь тэр машины хөгжмийг маш их чангалсан байсан. Тэгээд урд явж байсан машины араас гүйцэж очиж хажуугаар нь гүйцэх гэж зэрэгцэх үед тээврийн хэрэгслийн тэнцвэр алдагдаж хоёр тал руу дайвах шиг болж хурд нь бага зэрэг саарч байгаад урьд нь явж байсан хөх ягаан өнгийн Pruis-20 маркийн тээврийн хэрэгслийн хажуу талаас урьд хэсгээр мөргөсөн. Тэгээд манай машин замаас гарч хэд хэдэн удаа өнхөрч яваад унасан. Би машинд ухаан ороод харахад машинд байгаа бүх хүмүүс байхгүй, миний хажууд нэг л залуу үлдсэн. Бусад нь машинаас цацагдаж шидэгдсэн байсан. Би машин дотор хөлөө хавчуулж гарч чадахгүй байсан. Б.О машины гадаа ээж хаана байна гэж орилж хашхирч байсан. Тэгээд би машины цонхоор гарсан. Тэр үед миний нөхөр хоёр хүүхдийг тэврээд над руу гүйж ирж байсан. Машин хажуу талаараа унасан байдалтай байсан. Би хоёр хүүхдээ гэмтэл авсан эсэхийг үзэхэд охины дух нь бага зэрэг шалбарсан, ямар нэгэн ноцтой гэмтэлгүй байсан болохоор нөхөрт өгөөд хүүгээ харахад хамар, духанд зүсэгдсэн шархтай цус болчихсон байсан. Би цүнхээ олж аваад алчуур гаргаж цусыг нь цэвэрлэсэн. Нөхөр утас олж авч миний ээж Бишан руу залгаж дуудсан. Ээж нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламжийн тасагт ахлах сувилагчаар ажилладаг болохоор Б.Е эмчийг дагуулаад Жын машинаар аавтай хамт хүрч ирсэн. Биднийг үзэж байгаад та нар зүгээр байна гэж хэлээд Б.Огийн ээжийг үзээд эм тариа хийж анхан шатны тусламж үзүүлсэн. Тэр үед миний хамраас цус гарч цээжээрээ амьсгалж чадахгүй байсан. Ээж та нарыг эмнэлэгт авч очиж үзүүлэх хэрэгтэй дотор гэмтэлтэй байж магадгүй гэж хэлээд Жын машинаар Нэгдсэн эмнэлэгт авч ирсэн. Биднийг эмнэлэгт авч ирээд миний хүү бид хоёрыг компьютер томографт үзүүлэхэд хүүд ямар нэгэн ясны гэмтэлгүй байсан ба миний зүүн нүүрний яс цуурч гэмтсэн байж болзошгүй байна гэж хэлсэн. Мөн миний доод эрүү бага зэрэг мултарсан байсан. Эмч нар яваандаа өөрөө зүгээр болно гэж хэлсэн. Тэгээд намайг эмнэлэгт хэвтүүлсэн. Машинд нийт жолоочоос гадна 8 хүн зорчиж байсан. Тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлж тэнцвэр алдуулж, урд явж байсан тээврийн хэрэгслийг мөргөсөн болсон. Гол нь тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлснээс болсон. Тэгээд машины тэнцвэрийг алдагдуулсан. Машины дугуй буудсан, хагарсан гэх асуудал болоогүй. Машины дугуй хагарсан дуу чимээ сонсогдоогүй. Осол машины дугуй хагарснаас болсон гэдэг нь худлаа. О урд явж байсан машиныг гүйцэж түрүүлэх гэж явж байх үед хоёр тал руу дайвуулж машины тэнцвэрийг алдагдуулсан. Машины цонх бага зэрэг онгорхой явж байсан ба машины дугуй буудсан чимээ огт сонсогдоогүй” гэх мэдүүлэг /ххийн 53-54, 79-80 дугаар хуудас/.
- Хохирогч Д.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...айхтар ноцтой гэмтэл аваагүй учраас нэхэмжлэх зүйл байхгүй. ...Замд нэг гүүр гараад зогссон. Жолооч Б.О шилтэй архийг задалсан. Бид машины хойно гадаа зогсож байгаад уусан. Архинаас Б.О Б-Э бид гурав ундааны саваар хийсэн стаканд гурав гурван удаа хийж ээлжилж уусан. Үлдсэн архийг Б-Э бид хоёр машины хойд суудалд сууж байгаад уусан. Тэгээд Буянт сумын нутаг дэвсгэр явж байхад би машинд унтчихсан. Нэг сэрэхэд машин эргэж байх шиг болсон. Миний ухаан алдсан байсан. Нэг мэдэхэд би машинд ганцаараа сууж байсан. Тэгээд би машины цонхоор гарч байсан. Миний ухаан санаа самуурч орон гаран болсон байсан. Миний ухаан санаа сэргэх үед гадаа хэвтэж байсан. О газарт хэвтэж байсан ээжийгээ тэврээд сууж байсан. Эмнэлэгт үзүүлэхэд эмч нар миний зүүн гарын тохойны доод талын мах нь шалбарч урагдсан байна гэж оёдол тавьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57, 73-74 дүгээр хуудас/,
-Гэрч А.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...засмал замаар ирж байхад “Шар шаврын тохой” гэх газарт уруу замаар явж байхад бид арын хажуугаас хар хөх өнгийн ЗАА үсэгтэй приус-20 маркийн тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлж явсан. Тэр үед тээврийн хэрэгсэл жолоодож байсан О өө пиздаа манай залуу байна гэж хэлээд машины хурдыг нэмж гэрлээ анивчуулж араас нь дохио өгч байсан. Тэгээд урд явж байсан тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхээр зүүн талд нь гарч явж байхад урд явж байсан приус-20 маркийн машин зүүн тал руу машины руулийг дарах шиг болсон. Тэр үед О машинаа зайлуулах гэсэн үү машины руулийг хоёр тал руу ээлжлэн дарж тээврийн хэрэгслийг дайвуулж тээврийн хэрэгслийн тэнцвэрийг алдагдуулсан. Тэгж байгаад урьд явж байсан приус-20 маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд талын дугуйны хэсгээс өөрийн машины баруун урд талаар баруун тийшээ руулээ дарж мөргөсөн. Тэгээд замаас баруун гар тийшээ гарч машин өнхөрч онхолдсон” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар хуудас/.
- Гэрч Ч.Ганбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ...бид манай урьд явж байсан цагаан өнгийн “Харер” маркийн тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлж өнгөрсний дараа тэр тээврийн хэрэгсэл бидний араас хурдаа нэмж ирээд гүйцэж ирээд манай машины зүүн талын хойд дугуйны орчим мөргөх үед манай машин эргэж хөндөлсөх үед нөгөө машин дахин манай машины урдаас мөргөсөн. Нэг мэдэхэд манай машин замын далангаас бууж ирж байсан чиглэлд ухраад явчихсан. Манай машин ухарч байгаад зогссон. Манай машиныг мөргөсөн машин манай машиныг ухраад явж байхад бидний урдаас 3 удаа өнхөрч онхолдож байгаад зүүн хажуу талаараа зогссон. ...Зам тээврийн осол манай машины араас гүйцэж түрүүлэх оролдлого хийх гэж ирээд мөргөснөөс болж гарсан. Би уг тээврийн хэрэгсэл манай машины зүүн хойд талын дугуйны хэсгээс мөргөснийг толинд анзаарч харсан” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 дугаар хуудас/,
- Гэрч С.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Засмал замд явж байхад миний нойр хүрээд унтах шинжтэй зүүрмэглээд явж байхад машин хойд тал сонин болоод хоёр тал руугаа дайвсан. Би өндийгөөд цочоод харахад урд явж байсан тээврийн хэрэгслийн хажуу талаас бөгсний хэсэгт мөргөсөн. Тэгээд машин өнхөрөөд явчихсан. Машин 4-5 удаа өнхөрч яваад нэг тал руугаа хажуулдаж зогсчихсон. Машинаас зарим хүмүүс гадагшаа шидэгдсэн байсан. Машин дотор Тилеухабылын эхнэр, М бид гурав үлдчихсэн байсан. ...Огийн ээж Т ухаангүй байдалтай газарт доошоо хараад хэвтэж байсан.....Огийн ээж эмнэлэгт ирээд нас барсан” /хх-ийн 83-84 дүгээр хуудас/,
- Талийгаач И.Тийн цогцост нас барсан шалтгааныг тогтоох зорилгоор Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Бы гаргасан 2018 оны 08 сарын 20-ны өдрийн 32 дугаартай шүүх эмнэлгийн задлан шинжилгээний “Талийгаач И.Тгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гадны хүчин зүйлийн нөлөөллөөр гэмтэл учирсан байна. Талийгаач И.Тгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тархины хатуу хальсан доорх болон тархины эд дэх цус хуралт, өвчүү болон зүүн талын 3,4,5,6,7 дугаар хавирга, баруун талын 4,5-р хавиргануудын хугарал, дотор цус алдалт. Зүүн талын чих шанааны хэсэгт урагдсан шарх, зүүн талын чихний дэлбэнгийн 3/2 тасрал. Дух, цээж, зүүн талын өвдөг гуяны хэсгийг хамарсан хөх ягаан өнгийн цус хуралтууд. Доод эрүү, цээж, баруун талын хөлийн тавхайн дээд хэсэгт байгаа бор өнгийн тав тогтсон зулгарсан зулгаралт зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Талийгаач И.Тгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тархины хатуу хальсан доорх болон тархины эд дэх цус хуралт, өвчүү болон зүүн талын 3,4,5,6,7 дугаар хавирга, баруун талын 4,5-р хавиргануудын хугарал, дотор цус алдалт. Зүүн талын чих шанааны хэсэгт урагдсан шарх, зүүн талын чихний дэлбэнгийн 3/2 тасрал зэрэг хавсарсан хүнд гэмтлүүдээс болж амьсгал, зүрх судасны төв дарангуйлагдаж нас баржээ. тархины хатуу хальсан доорх болон тархины эд дэх цус хуралт, өвчүү болон цээжний хоёр талын олон хавиргануудын хугарал, дотор цус алдалт зэрэг хавсарсан хүнд гэмтлүүдээс болж амьсгал, зүрх судасны төв дарангуйлагдаж нас баржээ” гэх дүгнэлт /хх-ийн 89-90 дүгээр хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Б гаргасан 2018 оны 08 сарын 07-ны өдрийн 68 дугаартай Б.Огийн цусанд этилийн спирт тодорхойлсон “Иргэн Б.Огийн биенээс авсан гэх 2 ш хуруу шилтэй Б.О гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэнэ. Б.Огийн цусанд 2,1% промилль этилийн спирт илэрч байна. Иргэн Б.О нь тухайн үед дунд зэргийн согтолттой байсан байна” гэх дүгнэлт /хх-ийн 98 дугаар хуудас/,
- Зам тээврийн осол гарсан хэргийн шалтгаан нөхцлийг тогтоосон шинжээчийн А.Мырзабекийн гаргасан 2018 оны 09 сарын 07-ны өдрийн №14 дүгнэлт “Жолооч Б.О нь “тоёото харер” маркийн 3775 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн доорх зүйл заалтыг зөрчсөн байна. Үүнд: Монгол Улсын Замын хөдөлгөөний дурмийн 2.7-ийн “а” хэсэгт заасан жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх гэсэн заалтыг зөрчиж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийг жолоодсон. Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчиж зогсоох арга хэмжээ аваагүй. Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 -д заасан жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй сонгож явна гэсэн заалтыг зөрчиж хурд хэтрүүлсэн” гэх дүгнэлт /хх-ийн 171-172 дугаар хуудас/,
- Зам тээврийн осолд орсон тээврийн хэрэгслүүдийн техникийн байдал нь осол гарахад нөлөөлөөгүй талаарх Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн мэргэшсэн инженер, техникийн шинжзэч Е.Жанатханы 2018 оны 08 сарын 15-ны өдөр гаргасан №21 техникийн шинжилгээний дүгнэлт /хх-ийн 180-181 дүгээр хуудас/,
- Мөр судлалын адилтгалын шинжилгээний дүгнэлт /хх-ийн 189-192 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Б.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ээж маань Алтай сумаас залгасан. Хөдөө ахын хүүхэд мотоциклоос унаад нүүр хэсэг болон гараа хугалсан байсан. Над руу залгаад түргэн дуудсан чинь ирэхгүй байна. Ирээд аваад яваач гэж хэлсэн. Тухайн үед ганцаараа явах гэж байсан боловч хоёр найзтайгаа тааралдаж, би Алтай сум явах гэж байна. Бүгдээрээ цугтаа яваад ирье гэж хэлсэн. Тэгээд 2 найзтайгаа хамт 0.5 граммын “Ерөөл” нэртэй архи авч гарсан. Алтай сум ороод ээж, дүүгээ авч гарсны дараа Буянт сумын Ёлтын гүүр гэдэг газар ирж зогсож, авч гарсан архийг ундааны саванд хийж, тойруулж 3 хундага архи уусан. Тэгээд зогсохгүй явж байгаад засмал зам дээр гарсан. Тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлж, санамсаргүй байдлаар осол гаргасан. Тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсний улмаас осолд орж ээжийнхээ амь насыг хохироосонд гүнээ харамсаж байна. Гаргасан үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 209-210 дугаар хуудас/ болон бусад нотлох баримтуудаар үйлдэл нь нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тэдгээрийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэхүү гэмт хэргийг үйлдэхдээ замын хөдөлгөөний дүрмийг биелүүлээгүй, тохиромжит хурдыг сонгож яваагүйд санаатай, харин тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авалгүй, машиныг дайрч осол гаргахдаа гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байх тул Эрүүгийн хуульд заасанчлан гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.
Гэмт хэрэг гарахад Замын хөдөлгөөний тухай хууль дүрмийг үл биелүүлсэн шүүгдэгчийн буруутай үйл ажиллагаа, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг шалгах, уг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиг үүрэг бүхий цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хохирогч Б.Аын мэдүүлэг, өвчний түүх, шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 355 дугаартай дүгнэлт зэргийг үндэслэн хохирогч Б.Аын биед үүссэн тархи доргилт, нүүрний зүүн талын хэсэгт хүрэн өнгийн тав тогтсон, ялзарсан шарх, баруун талын өвдөгний хэсэгт захаараа шаргал туяа орж шимэгдэж буй цус хуралт, дээд эрүүний баруун талын 1-р шүд суларсан зэрэг гэмтлүүд нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-т зааснаар “хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй” зэргээр, иргэн Т.Иын мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 353 дугаартай дүгнэлт зэргийг үндэслэн иргэн Т.Иын биед үүссэн тархи доргилт, хамрын нурууны, духны хэсэгт бор өнгийн тав тогтсон, зүсэгдсэн шархтай, баруун талын чихний дэлбэнгийн ар хэсэгт, баруун гарын тохойн хэсэгт, баруун зүүн талын өвдөгний хэсэгт хөх өнгийн цус хуралт зэрэг гэмтлүүд нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-т зааснаар “хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй” зэргээр, иргэн Т.Агийн мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 352 дугаартай дүгнэлт зэргийг үндэслэн иргэн Т.Агийн биед үүссэн толгойн оройн хэсэгт бор өнгийн тав тогтсон, зулгарсан шарх, баруун талын хацар, баруун гарын тохой, баруун талын өвдөгний хэсгүүдэд захаараа шаргал туяа орж шимэгдэж буй цус хуралт зэрэг гэмтлүүд нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-т зааснаар “хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй” зэргээр, хохирогч Д.Мын мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 347 дугаартай дүгнэлт зэргийг үндэслэн хохирогч Д.Мын биед үүссэн тархи доргилт, зүүн талын гарын шууны гадна хэсэгт мэс заслын оёдол тавьсан зүсэгдсэн шарх, баруун зүүн талын хацрын төвгөрийн хэсэгт бор өнгийн тав тогтсон зулгарсан зулгаралт зэрэг гэмтлүүд нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-т зааснаар “хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй” зэргээр тус тус хөнгөн зэргийн гэмтлийн шалгуур шинжүүдэд хамаарч байх тул тэдний биед хөнгөн хор уршиг учирсан гэж үзлээ.
Харин хохирогч Б.Эийн мэдүүлэг, эмчийн тодорхойлолт /хх-ийн 139 дүгээр хуудас, өвчний түүх, эмнэлгээс гарах, шилжих үеийн эпикриз, гэмтлийн эмчийн үзлэг /хх-ийн 140-145 дугаар хуудас, шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 365 дугаартай “Б.Эийн биед 2018 оны 08 дугаар сарны 06-ны өдрийн зам тээврийн ослоо авсан гэмтэл тогтоогдоогүй” гэх дүгнэлт, иргэн Т.Тилеухабылын мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 354 дугаартай “....гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт, иргэн С.Бийн мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 362 дугаартай “иргэн С.Бийн биед баруун талын хөлийн тавхайн дээд хэсэгт 4х0,5 см-ийн хүрэн өнгийн тав тогтсон, зулгарсан зулгаралт гэмтэл тогтоогдлоо...гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт зэргийг тус тус үндэслэн тэдний биед хор уршиг учраагүй байна гэж үзлээ.
Мөн энэхүү гэмт хэргийн улмаас иргэн Ө.Болд-Эрдэнийн эзэмшлийн Toyota pruis DAA-NHW20 маркийн 2557 ЗАА улсын дугаартай, NHW207566654 аралын дугаартай, 2006 онд үйлдвэрлэгдсэн, Монголд 2013 онд орж ирсэн машинд их хэмжээний эвдрэл учирсан болох нь шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 21 дугаартай дүгнэлт, гэрэл зургаар тогтоогдож байна.
Иймд Шүүгдэгч Б.Огийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж “Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний амь нас хохирсон, 4 хүний биед хөнгөн зэргийн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг гэмтээсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Болд-Эрдэнэд гэмт хэргийн улмаас 1.175.000 төгрөгийн, мөн хохирогч Б.А, Х.И, Х.А нарт 700.000 төгрөгийн бодит хор уршиг учирсан байна. Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч нарт уг хохирлыг төлж барагдуулсан /хх-1236 дугаар хуудас/ байна. Тиймээс шүүгдэгч Б.Ог өнөөдрийн байдлаар бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Огийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн буюу урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд түүний согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаа нь санаатай үйлдэл хэдий ч урьдаас төлөвлөж хүнийг тээврийн хэрэгслээр дайрч алах, эрүүл мэндэд нь хохирол учруулах зэрэг санаа зорилго байхгүй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн учруулсан аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, ял хүндрүүлэх нөхцөл байдалгүй байгаа, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг төлж барагдуулсан зэргийг болон шүүх хуралдаанд талуудын гаргасан саналууд зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна.” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, ...үеэс хугацааг тоолно” гэж тус тус зааснаар шүүгдэгч Б.Огийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, уг хугацааг шүүхээс оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.
Шүүгдэгч Б.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн түүний иргэний цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, 959614 дугаартай “ВС” ангиллын жолооны үнэмлэхийг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.Д